Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Нэрний чинь ард олон цэг тавилаа
Нэгийг ч орхилгүй асуултын тэмдэг болголоо
Өө миний амтат солиорол
Өндөр дэрэн дээр хөшсөн хүзүү минь
Өөрт чинь мөргө гэж галзуугийн эгнээ рүү илгээлээ
Энд дандаа нүд нүдээ харж ярьдаг
Эрүүгүй хүмүүс цугладаг юмаа
Ядаж ярихгүй,ярихгүй болохоор сонсохгүй
Яахав галзуу хүмүүс ингэж амьдардаг юм
Хүсэл минь надад чамайг авч ирдэг
Хүүхэд шиг гэнэхнээр нүдний өмнө зурдаг
Эрүүл амьдралаас чирч ирсэн цэг таслалуудаа
Энд тэнд нь өрсөөр байшин босгодог
Дандаа цоожтой үүдийг балбалаа ч
Дотор нь хэн ч байхгүйг мэддэг
Дахиад л галзуу хүн байшингаа нураадаг
Бөөн тоос шороо цэг таслал
Бүгдийг нь хамлаа ганцхан том цэг
чамруу өнхөрч явна тосч аваарай
Labels: Сансрын салхины шүлэгүүд