Sunday, April 10, 2011

Шөнийн цагаар хотынхон ихэнхдээ унтаж байдаг. Амгалан тайван байдлыг саринуулан хаа нэг согтуу хүн хашиграх, машины сигналдах чимээ л орчны аниргүйг эвдэнэ. Гудамжны буланд өнгө өнгийн гэрлээр солонгорох нэгэн газар харагдах нь хотынхныг гүйцэд унтаагүй байгааг илтгэх мэт. Энд хэдий шөнө болсон ч хүн олонтой. Уушын газрын ширээ бүр хүнтэй байх бөгөөд цөөн хэдэн үйлчлэгч бүсгүйчүүд ийш тийш гүйж олон янзын зан авиртай үйлчлүүлэгчдийн ая тавыг олох гэж хирдээ л сандарна. Энэ үеээр гадаах хаалга хүчтэй савагдан хаалганы хажуугийн ширээнд сууж байсан залуу тэр зүг гүйхээрээ гараад явчихлаа. Зэрэглдээх ширээнд сууж байсан намхан туранхай залуу хажуудаа сууж байгаа хүний мөрөн дээгүүр өнгийн араас нь харсаар хоцорлоо. Хэсэг хугацааны дараа ширээ хүнгүй болсоныг мэдсэн үйлчлэгч бүсгүй сандран
- Энд байсан хүнийг харсан уу?
Хэн ч хариу хэлсэнгүй. Зэргэлдээх ширээний залуу босон хаалгаар гадагш гарч хэсэг удсанаа буцан орж ирээд....

Tuesday, April 13, 2010

Аавын охин
Тэд яг бие биенийхээ өөдөөс харж зогсоно. Хоорондоо усны дусал шиг адилхан эрэгтэй эмэгтэй энэ хоёр хүнийг ямархан хувь тавилангийн салхин тусгаарлан байгаад энд уулзуулсан юм болоо. Хажуугаар өнгөрөх автобусны сигнал үглэн гинших мэт тэсэхүйяа бэрхийг авч ирэн цаашлана. Хөл хөдөлгөөн ихтэй явган хүний замаар яарсан, сандарсан, аль эсвэл хийх зүйлээ олж ядсан гээд олон хүмүүс хөлхөн өнгөрдөг. Зөрж өнгөрч байгаа хүмүүсийг хэн болохыг мэдэхгүй шиг тэд бас бие биенээ сайн мэдэхгүй. Гагцхүү нэг нь л энэ хүн миний аав гэдгийг яг таг мэдэж байлаа.
-Би тантай уулзах гэсэн юм
-Чи чинь хэний хүүхэд билээ?
-Та танихгүй байна уу? Би таны охин чинь байна. Гэрлээ ингэж хэлэхдээ хоолой нь үл ялиг чичигч, зүрх нь хүчтэй булгилж байлаа. Хорин хоёр жилийн хүлээлт, хорин хоёр жилийн аав гэж дуудах хүсэл нь түүнийг энд авч ирсэн юм. Яагаад ч юм аавынхаа тухай ээжээсээ асуусаар байгаад залхааж гүйцсэн, уулзах гэж яарч хүсч байсан хүн нь өөдөөс нь хараад зогсож байгаа нь худлаа ч юм шиг, тэгээд ч уулзах газраа олсон юм шиг олон шуугисан автобусны буудал дээр байхдаа яахав дээ. Тэрээр аавтайгаа уулзах тэр мөчийг сэтгэлдээ төсөөлөх болсоор удсан билээ. Яг үнэндээ ааваа гэж дуудаж байсан өдөр хоногууд түүний амьдралд бараг байхгүй. Бага насны бүдэгхэн дурсамжинд нь амилан ирсэн аав гэдэг тэр хүний тухай бүүр түүрхэн санагддаг ч яг тийм ийм гээд оноогоод хэлчих дүр төрх үлдээгүй юм. Харин тэрээр өөрийн аавийг энэ хүн мөөн гэж яг таг мэдэх болсны учир нь нэгэн явдалаас улбаатай.
Сургуулийн цайны газарт найзуудтайгаа дугаарлан зогсож байсан үед ард нь нэг хүн ирж зогссон юм. Араас халуу төөнөн яг л халуун зуух шарж байгаа мэт мэдрэмж түүнд төрж амьсгал нь мэдрэгдэх шиг болсон. Эхэндээ ямар ойрхон зогсдог юм бэ хэмээн дургүйцэн бухимдангуйгаар эргэж харахдаа цочиод хэсэгтээ л таг болчихсон юм. Яг өөртэй нь адилхан, өөрийгөө тэр мэднэ. Өглөө болгон толинд хардаг өөрийнхөө дүр төрхийг, өнгө оруулан засч гооддог царай зүсээ эмэгтэй хүн сайн мэднэ. Өөрийнх нь толинд хардаг тэр дүр төрх яг ард нь өөдөөс нь хараад зогсож байлаа. Гэрлээ ургаш хараад хэсэг учраа олохгүй мэнэрэн байснаа дугаарлахаа больж өмнөө зогсож байсан найз охиндоо миний толгой эргээд байна найз нь сууж байя гэж хэлээд зоогийн газрын ширээний ард сандал дээр очиж суулаа. Нөгөө хүнийг харц салгахгүй араас нь харсаар. Өндөр янхигар биетэй, царай зүс дотно сайхан, яг өөр шиг нь жижигхэн хирнээ цанаа л сайхан нүдтэй, эмэгтэй хүнд л баймаар жирэвгэр хөмсөгтэй, сахлаа үл ялиг ургуулсан, жигд цэвэрхэн хувцасласан, үнэртэй усны ч юм уу нэг л сайхан дотно үнэр сэнгэнүүлсэн тэр хүнээс харцаа салгаж чадахгүй байлаа. Хэлж ярихыг нь үйл хөдлөлийг нь тэр нэг нэгэнгүй харсаар. Тэр ямар ч гэсэн аавтай гэдгээ мэднэ. Нэрийг нь мэднэ. Хөдөлж ярьж байгаа нь. Баруун хөлөн дээрээ тулж зогсон зүүн хөлөө сэгсэрч байгаа нь яг мөн. Гэрлээ бас баруун хөлөөрөө тулаад зогсохдоо зүүн хөлөө сэгсэрдэг зуршилтай. Найзууд нь ч энэ занг нь мэдэх тул түүнийг шоолдог байлаа. Харин тэр мөчид хамт явсан уу нэгэн хүн аавынх нь араас Дорждэрэм гуай хэмээн дуудсаныг сонсоод тэр мөн гэж өөртөө чангаар хэлсэн юм. Тэр үед яагаад ч юм уулзаж чадаагүй өнгөрсөн нь балмагдсан, ичсэн, за тэгээд гомдсон гээд өөр ямар ч шалтгаан байж болох.
Гэрлээгийн аавын тухай дурсамж тун бага. Ямартаа л өөрт нь сайхан загнасан хүнийг ааваа гэж дуудахад тэр бэлэн байдаг байлаа. Харин дараа нь тэр хүний араас дагаж явсаар асууж сурагласаар сургуулийнх нь ойрхон байдаг нэгэн сургуульд багшилдаг болохыг нь мэдэж авсан билээ. Тэгээд ч зогсохгүй ээжээс нь хойш олон эхнэр авсан ч дандаа бүтэлгүйтэж салж сарнисан, олон өнчин хүүхдийг үлдээсэн гээд аавынхаа тухай олж мэдсэн бүхнээ тэр ээжээсээ тас нууж байсан юм. Ээж нь яагаад ч юм аавынх нь тухай дурсан ярих дургүй байсан.
Гэрлээ аавынхаа дандаа явдаг замыг сайн мэднэ. Завсарлагаанаар сургуулийн цайны газарт аав нь орж ирэн халуун хоол оочлон хөлсөө гарган сууж байхыг нь тэр далдаас хардаг.
-Хөөрхий дөө аав минь ядарч яваа юм болов уу даа дэргэд нь байж аяга шөл ч болов хийж өгөх боломж байхгүй хэцүү юм даа, хувцас нь жаахан үрчийчхээ юу даа индүүдэж өгөх хүүхэдгүй л яваа юм байх даа гэж таарах болгондоо л аавыгаа харан ямар нэгэн зүйлийг бодон баярлах, өрөвдөх сэтгэл зэрэг төрдөг байсныг нуух юун. Харин тэр аавтайгаа уулзах зоригоор л ямагт дутуу бас бэлтгэлгүй явдаг байлаа.
Харин удаан бодсоны эцэст нэгэн өдөр зориг гарган аавтайгаа уулзахаар шийсэн нь түүнийг энд авч ирсэн юм.
-Чи чинь хэний хүүхэд билээ?
-Танихгүй байна уу? Би таны охин байна. Гэрлээгийн хоолой үл ялиг чичирч байсан ч удаан бэлдсэн болхоор өөртөө итгэлтэйгээр энэ үгийг хэлсэн юм.
Дорждэрэм үл ялиг гайхсан янзтай Гэрлээг ширтэн байснаа гайхсан, ичсэн өнгөөр дахин лавлах нь:
-Хэний хүүхэд гэнээ?
-Би таны хүүхэд. Таны охин байна аав аа. Тантай уулзах гэж би яасан их хүлээв ээ... хэмээгээд цааш дуржигнуулах гэтэл:
Чи хэнийх нь хүүхэд вэ?
-?
Ээжийнхээ нэрийг хэл дээ, хэнийх нь хүүхэд вэ. Тийм ээ тэр олон хүүхэдтэй. Олон ч эхнэрт хүүхдээ үдээж олон ч хүүхдийг өнчрүүлэн орхисон нэгэн байлаа.
-Ээж чинь хэн бэ? Ээжийнхээ нэрийг хэл дээ. Гэрлээд үнэхээр утгагүй санагдлаа. Тэр аавдаа хэлэх гэж энэ үгсийг сэтгэл догдлон бэлдэж байхдаа хариу юу гэж хэлэх бол гэж олон хоног догдлон бодсон.
–Өө миний охин чи юу? Аав нь чамтай уулзахыг хичнээн их хүлээв ээ хэмээгээд цээжиндээ нааж үнсэх байх, аль эсвэл харж харж байснаа надтай ямар адилхан юм бэ гээд нэгийг бодон нүдэнд нь нулимс цийлэгнэх байх гэж олон янзаар төсөөлөн бодохдоо жаргалтай байсан юм. Харин саяын асуултанд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Балмагдсандаа ээжийнхээ нэрийг хэллээ. Тэр ээжийнхээ нэрийг хэлчихээд ичсэндээ, гомдсондоо буцаад гүйчихмээр л байлаа. Гэвч тэр зогсож байгаа газраа бөх бат, чанга зогсож үлдэхийг хүсч байлаа. Ингээд л явчих юм бол аавтайгаа дахин хэзээ ч уулзаж чадахгүй шүү дээ гэж тэр айж байсан юм.
- Аа чи тэрний хүүхэд байсан юм уу? Өвөө чинь үхээгүй юу? Гэж асуулаа. Гэрлээ юу гэж хариулахаа мэдэхгүй зөвхөн шанааных нь судас гүрэлзэж байлаа. Тэрээр үргэлжлүүлэн өвөө чинь үхсэн бол надад ямар сайхан мэдээ байх вэ? Тэр хөгшинийг нас барахыг би үзэхгүй нь л дээ гэж хэлээд алсыг ширтэх нь тэр. Гэрлээд буцаад гүйх сэтгэл үгүй болчихсон байлаа. Одоо түүний эргэлзээ арилж, тэр аавыгаа хүсэх биш харин хэн байсныг нь мэдэх шиг боллоо. Гэрлээ өвөөдөө хамгаас их хайртай. Аавгүй өссөн тэрээр өвөөгөөрөө овоглож өнөөдрийг хүртэл бүтэн нэртэй дуудуулж яваа. Өвөөгийн хайр халамж аавыг нь орлох болсоор энэ олон жилийг үдсэн билээ. Тэрээр сэтгэлдээ аавыгаа уучлахыг хүсч байлаа. За яахав хадам хүргэний асуудал байсан биз дээ би л аавыгаа олсон бол болоо гэж...
- Чиний эх чинь ямар сайндаа л надад хаягдах вэ дээ. Хормойгоо чирсэн юм. Чи эх шигээ хүүхэд цувуулсан л амьтан болох биз хэмээхэд Гэрлээгийн эргэлзээ бүрмөсөн арилж аавыгаа үзэн ядаж эхэллээ. Тэр жаахан охин шиг нүүрээ дараад гүйгээд явчихсангүй. Харинчиг нэр төрөө хамгаалах, ээж өвөөгөө хамгаалах хатуугаас хатуу шийдвэр, шийдэмгүй үгс түүний тархи толгойруу урсаж байлаа. Одоо энэ хүнийг хайрлахгүй байж болно. Энэ бол олон эмэгтэйн зүрхийг шархлуулж олон хүүхдийн элэгийг харлуулсан өөдгүй амьтан гэж тэр бодлоо.
-Чи юу гэнээ. Миний өвөөг бас ээжийг минь доромжилдог чи хэн юм бэ. Чам шиг эцэгийг би мэдэхгүй. Энэ олон жил зөвхөн чамтай уулзахыг тэсэн ядан хүлээж байсандаа гутарч байна. Гэрлээ хамаг байдаг чадлаараа хашигч байлаа. Хажуугаар өнгөрсөн хүмүүс эргэж харан байсныг ч, автобусны чихэнд чийртэй сигналыг ч, энэ орчлонгийн өөр ямар нэгэн чимээ шуугианыг тэр анзаарах тэнхэлгүй байлаа. Нүүр нь минчийтлээ улайж нулимс нь сад тавьж байлаа.
-Чи бол миний аав биш. Чи бол хэн ч биш, чи өөдгүй адгийн шаар, чи өөрөө хурдан үхэхгүй яасан юм бэ....тэрээр энэ үгсийг урд нь хэнд ч хэлж байгаагүй, тэр бүү хэл төрсөн аавдаа ийм үг хэлнэ гэж төсөөлж ч байсангүй. Гэрлээ ийн хашгирсаар цааш гүйхдээ ганцаар үлдсэн аавыгаа эргэж ч харахыг хүссэнгүй. Тэр хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй гүйсээр л байлаа. Түүний гутлын өсгий хугарч өвдөгөөрөө зогтуссан боловч гутлаа тайлж шидчихээд цааш гүйлээ.
Энэ явдлаас хойш тэр аавынхаа тухай ахин бодоогүй юм. Гэрлээгийн насан дээр эр хүнд дурлаад л ингэж шаналж бэтгэрч уулзахыг хүсдэг бол тэр аавтайгаа л уулзахыг мөрөөдөн өөрийг нь шохоорхож байсан залуусыг ч анзаарахгүй өнгөрч байсым. Түүний сэтгэлийн шарх бүрэн аниагүй л байлаа. Гэрлээгийн бүүр түүрхэн ой тойнд нь аавынх нь тухай бага насных нь тухай эвгүйхэн дурсамжууд байдаг ч тэр хүний л үр юм хйоно уучлан байсан юм. Тэр дурсамжуудаа эргээд бодохнээ аавыгаа зөвтгөх зүйл үгүй мэт. Бага насных нь мэдээ орсон цаг, хүндхэн өдрүүдийн дурсамж дэндүү гунигтай. Аав нь согтуу ирж ээжид нь агсан тавина. Галзуу бар шиг агсарч гарах аавынх нь гар хөлийн дороос ээж нь хутга шөвөг гээд л хамаг юмаа нууж далд хийдэг байлаа. Нэгэн удаа дөнгөж төрсөн жаахан дүүг нь ханаруу савахад Гэрлээ байдаг хурдаараа өмнүүр нь орж дүүгээр шүүрэн авч байсан удаатай. Харанхуй шөнөөр ээжтэйгээ хамт жаахан дүүгээ тэврэн ааваасаа зугтан байхдаа хөл нь өвдөж байсан ч ёо гэж хэлж ээжийгээ зовоохгүй юм сан гэж болож гүйхээрээ алхаж байсан удаа олон билээ. Гэлээ ч Гэрлээ бүхнийг уучилсан байсан юм. Олон шуугисан автобусны буудал дээр аавынхаа өөдөөс зориг гарган очих хүртэл тэр аавыгаа уучилсан, уучлахаар барах уу бүр хамгаас сайн хүн гэж зүрхэн дотроо зөвтгөн бодсон байсан юм.
Одоо тэр бүхэн утга учиргүй мэт... тэр явдалаас хойш хэдэн жилийн дараа Гэрлээ аавынхаа нас барсан тухай олж мэдсэн билээ. Энэ тухай ээждээ хэлтэл ээж нь тэр хүний тухай ахиж ярихгүй байхыг хүссэн юм. Аав нь хэд хэдэн хүнтэй амьдарч байгаад салсан. Үр хүүхэд байгаа ч өөрийн буруугаас холдсон. Эцсийн эцэст гэр орон ч үгүй байсаар сургуулийнхаа хонгилд нэгэн өрөөнд хөөгдөн барин амьдарч байгаад нас барсан байлаа. Насныхаа эцэст ганцаар үлдэхээс айсан уу нэгэн хүүг өргөж авсан гэх боловч одоо тэр хүү хаана явдагийг хэн ч мэдэхгүй.
Гэрлээ хүнтэй гэрлэж сайхан охинтой болсон. Амьдрал нь аз жаргалтай ч хааяахан тэр явдалыг дурсан санаа алдах нь бий. Өглөө болгон толинд харахдаа өөртэйгээ адил тэр хүн өөдөөс нь хараад байхаар нь өөрийгөө өөрчлөх гэж нүдэндээ хүртэл давхраа хийлгэсэн. Гэлээ ч аавыгаа санах үе бий. Гэрлээтэй уулзах тэр мөчид аав нь өөрийн тогтсон гэр орон ч үгүй мөнөөх л сургуулийнхаа хонгилын умгархан өрөөнд амьдарч байсныг тэр олж мэдсэн. Яагаад өөрийг нь тэгтэл түлхэж охиноо гээгүй юм бол. Гэрлээ энэ л асуултын хариуг олох гэж олон жил өвчүүн цаанаа хөндүүртэй явсан билээ. Магадгүй аав нь өөрийн буруугаас олсон эмгэнэлт амьдралаа охиндоо харуулахгүй гэсэндээ юу, аль эсвэл энэ хүүхдийг өөрийн зовлогоор ахин зовоогоод яах вэ гэсэндээ юу, амьдарч байгаа тэр л амьдралаасаа ичсэндээ юу. Аавынхаа тухай уучлан бодох агшин зуурын ийм бодлууд л Гэрлээд аавыг нь цагаатгасаар ирсэн билээ.
Тэр бурханд сүсэгтэй. Зөв явдалтай, сайхан сэтгэлтэй, дорой нэгнийг өрөвдөн хайрлах дуртай. Нас барсан хүний араас буян үйлдэх нь хойдын амьдралд нь хэрэгтэй хэмээн боддогоос тэр хүний араас хааяахан сайныг хүсч зул өргөх нь бий.
Тэр нэгэн өдөр аав нь сайн уу, миний охин гээд тэвэрсэн бол, тэр нэгэн өдөр л аав нь охин минь аавдаа ир гээд хэлчихсэн бол, үгүй ядахдаа л өдөөс нь инээчихсэн бол Гэрлээ аавынхаа тухай өнгөрсөн бүхий л дурсамжуудаа мартаж сайнаар сайхнаар төсөөлөх байлаа. Дахин уулзахгүй байсан ч хамаагүй. Хүний өнгөрсөн амьдралын үйл олон алдаатай зүйлийг ганцхан зүйлээр л цайруулж засарлаж, бүр байгаагүй юм шигээр өөрчилж болдог билээ. Тэр үе бол Гэрлээгийн аавтайгаа эхний бөгөөд эцсийн удаа уулзсан уулзалт байсан юм. Тэр үед л ганцхан тэр үед л аав нь охиноо гэсэнсэн бол өнчин өссөн хөөрхий охин элэг бүтэн үлдэх байсан юм. Амьдралын өдөр хоногийн эргүүлгэнд алдаж онох олон тавилангийн дунд аав охин хоёр ахин уулзаагүй юм.

Б. Сарантуяа

Tuesday, March 16, 2010


Дэлхий цав цагаан өнгөнд сүлэгдэж цасан бүрхүүлээ нөмөрсөн байдаг өвөл цагийн цаанаа л жиндүүхэн хирнээ салхи шуургагүй тогтуун өдөр. Нэгэн кафен нэвт гэрэлтэх цонхоор доторх юм бүхэн тодхон харагдана. Цонхны харалдаа бага зэрэг өндөрлөж зассан тайзан дээр цав цагаан төгөлдөр хуурын дарвуул дороос гайхам аялгуу өндийн байх агаад энэ аялгууг тоглон буй эрхэм дөч гаран насны том хүнхэр нүдтэй, халзан духтай, их л царайлаг эр байжээ гэж дүгнэж болохоор нэгэн харагдана. Тэрээр энд үдэш бүр тоголдог чадварлаг нэгэн төгөлдөр хуурч билээ. Эрт цагийн дурсамж, бүтэлгүй дурлал, хайрын гурвалжин, өчигдөрхөн танилцсан романтик нэгний тухай гээд олон бодол хэсүүчлэн байдаг энэ газар төгөлдөр хуурын аялгуун дороос өндийн байх эгшиг бүхэн юутай танил юутай гайхалтай. Гэрээ мартан гэгэлзсэн хэнбгуай ч энд ирж намуун аялгуунд бүүвэйлэгдэн алс тэртэйрүү очих дуртай тийм л нэгэн газар энд байдаг юм. Яарсан, зорьсон, дайраад өнгөрсөн гээд олон зочдын хэсүүл яриагаар дүүрэх энэ газраар нэг орсон хүн ахин ормоор санагдахын гол учир нь тайзны голоос уянгалах хуурын эгшигэнд ч байдаг байж болох талтай. Төгөлдөр хуурч эргэн тойрныхоо хүмүүсийг ихэнхийг танина. Зарим нь байнга орж ирдэг байхад зарим нь хааяа л орж ирж байгаа нь харагддаг бол заримыг нь анх удаагаа орж ирээд ахин дахин орж ирсээр хэзээний танил хүн шиг толгой дохиод л өнгөрөхийг төд удалгүй харж болно. Тэдний байгаа байдлаас цаад амьдрал, гэр бүлтэй эсэх, тэр ч бүү хэл өнөөдөр ямархан сэтгэлийн баяр гунигтай явж байгааг нэвт шувт харж чадна. Гадаах орчин тэр аяараа нэвт харагдах цонхны хажууд үл ялиг өндөрлөж зассан ширээний ард суух хосыг тэр энд харах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тэдний уулзалт их л романтик байдаг, гал халуун хайрын болзоот хосууд залуу насыг нь дурсган санаашруулдаг болоод ч тэр үү аль эсвэл хосууд хэн хэндээ таарсан үнэхээр сайхан харагддагаас ч тэр үү тэднийг орж ирэхээр танхим тэр аяараа гайхалтай уур амьсгалтай болчих шиг санагддагийг төгөлдөр хуурч мэднэ. Бүсгүй нь танхимыг тойруулан харж болохоор суудал олж суудаг байхад залуу зөвхөн бүсгүйг хархаар хана руу харан суудаг. Бүсгүйн харц цаанаа л эелдэг зөөлөн тийм гээд хэлэхийн аргагүй ч урсгал ус намуухан урсаж байгаа ч юм шиг нэг л аядуу зөөлөн. Төгөлдөр хуурчийн харц бүсгүйтэй мөргөлдөх тоолон бүсгүй дальдран залуугаа мэдэх вий гэхээс эмээх аятай үргэдэгийг эс тооцвол бүсгүй ихэнх тохиолдолд төгөлдөр хуурчийг л харан суудаг байлаа.

Хайрын романс гадаах цастай холилдон буусан өвлийн үдэш хосууд удаахан суусны эцэст маргалдсан шинжтэй тар түр гэж байгаа нь ажиглагдаж төд удалгүй залуу хувцсаа өмсөн гараад явчихлаа. Төгөлдөр хуурийн аялгуу танхимд сонсогдсоор...

Нэг л мэдэхэд бүсгүй төгөлдөр хуурчийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Төргөлдөр хуурчийг тоглож дуусан дуустал тэр хундагтай дарсаа гартаа атгасаар зогсох агаад сая хөгжим дуусахад тэрээр

- Энэ хундгыг таны төлөө өргөе... хэмээгээд харцанд нь нөгөөх залуугаас үлдсэн гуниг огт байхгүйгээр төгөлдөр хуурчийг зүг харж байлаа

- Баярлалаа.

- Таныг би ширээндээ урьж болох уу?

- Би ширээнд суудаггүй юм аа

- Тэгвэл би урьж байна шүү дээ. Эмэгтэй хүн таныг урьж байна

- За тэгье дээ. Гэхдээ нэг их удаан сууж чадахгүй байх

Тэд ширээнд суулаа.

- Та энд удаан ажиллаж байна уу?

- Тийм ээ хоёр жил болж байна. Оройн цагаар ирдэг гэх үү дээ. Өдрөөр бол ажлаа хийнэ

- Ямар ажил хийдэг юм бэ

- Төгөлдөр хуурын сургууль ажиллуулдаг гэх үү дээ. Харин өөрөө?

- Би зураач. Зураг зурдаг юм аа. Таны хөгжим тоглож байгааг зурмаар санагдаад. Би таны тоглохыг байнга л хардаг. Яагаад ч юм таньдаг хүн шиг санагдаад эхэндээ нэр өгч оноож чаддаггүй байлаа. Харин дараа нь таньдаг хүн биш байна гэж мэдсэн л дээ. Их дотно санагдаад байдаг байсан юм.

- Тэгвэл зураарай л даа. Би бэлэн....Та чинь энд хоёулаа ирдэг байхаа

- Тийм ээ бид салчихлаа...

- Тийм үү....харамсалтай хэрэг

- Бидний зам энэ хүрээд төгсөх ёстой байсан юм байлгүй дээ. Гэхдээ чухам юунаас гэдгийг нь асуухгүй юм уу

- Би хүний хувийн амьдралд оролцож болохгүй шүү дээ

- Яагаад үгүй гэж...танаас болоод бид салчихлаа

- Юу... надаас уу

- Тийм ээ. Танаас ч гэж дээ таны аялгуунаас гэх үү дээ

- ?

- Таны хөгжмийг сонсох надад гайхалтай байдаг гэх үү дээ...тэндээс би өөрийгөө олж хардаг... харин тэр бол өөр. Хөгжим сонсдоггүй шигээ намайг ч сонсдоггүй зөвхөн өөрөө л ярьдаг. Би энэ шийдвэрийг гаргасан юм аа

- Харамсалтай хэрэг. Би та хоёрыг эндэхийн хамгийн сайхан хосууд гэж хардаг байлаа.

Тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжилж явуулын такси оройтсон нэгнийг гэрт нь хүргэх цагаар төгөлдөр хуурч бүсгүйг таксинд суулгаж өгөн гэрийн зүг буцсан юм.

Энэ уулзалтаас хойш хэд хэдэн өдөр өнгөрч бүсгүй цонхны хажуугийн нөгөө л суудалдаа сууж төгөлдөр хуурчийн тоглохыг харж тэндий харц мөргөлдөх агшинд бие биедээ инээд бэлэглэн, орой мөнөөх л зангаараа хамтдаа гаран оддог боллоо.

Нэг л мэдэхэд төгөлдөр хуурч бүсгүй хоёрын хооронд хайрын холбоо үүсч тэдний энэ холбоо улам бүр гүнзгийрэн байлаа. Хэлсэн үг, харсан харц, хүссэн бүхэн адилхан таарч тохирох хос хоёрын ганц л юм өөр байсан нь тэдний насны зөрүү. Төгөлдөр хуурч 40 гаран насны өмнө нь амьдрал үзсэн нэгэн хийгээд өнөө ганц биеээрээ амьдарч байгаа. Харин бүсгүй хорь дөнгөж гарч яваа үзэсгэлэн төгс эмэгтэй. Хажуугаар өнгөрсөн эрэгтэй битгий хэл эмэгтэй хүн ч эргэж харахаар энэ гоо үзэсгэлэнгийн хажууд дөч гаран насны халзарч яваа духтай, том хүнхэр нүдтэй төгөлдөр хуурч үнэхээрийн гологдом харагдах ч тэдний хамт байхын аз жаргалыг хэн ч үл тааварлана. Өнгөцхөн харвал аав охин хоёр хамтдаа явж байгаа мэт байх ч анзааран лавшруулж харвал хайртай хоёрын харц өөд өөдөөсөө байхыг харж болно.

Мөнөөх л кафед үдэш бүр хаан хөгжим эгшиглэсээр байх агаад бүсгүй урлан дахь ажлаа дуусч зурагнуудаа цэгцлээд энд ирж өөрийн суудалдаа суун хайртай хөгжимчнөө хүлээдэг байлаа. Нэгэн цагт зурахыг маш ихээр хүсч байсан өнөөх төгөлдөр хуурч өөрт нь дэндүү ойрхон байдаг болсноос ч тэр үү бүсгүй төгөлдөр хуурчийн зургийг зурна гэж өнөөдрийг хүртэл бийрээ шүүрч аваагүй л билээ. Тэд өдөр бүр л өөд өөдөөсөө харан яриа дэлгэх авч тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжлэх нь ч бий. Яагаад ч ярих зүйл нь дуусахгүй ундарсаар байх нь гайхалтай. Бие биетэйгээ ярьж дотор байгаа буй бүхнээ уудлан байх авч дахиад л ундарсаар байх тэр үгсийг яалтай.

Шувууд нь хүртэл залхууран хэцэн дээр зэллэн суугаад халуун наранд зүүдлэн ганц нэг нь газарт унан алдахдаа цочин нисэх налгар зуны халуун өдөр. Төгөлдөр хуурч хөгжмийн хичээлээ дуусгаад буцах замаараа бүсгүйн урлангаар дайран орсон юм. Том шилэн цонхтой урлангийн өрөөндөө бүсгүй цонхруу харан зураг зурдаг зуршилтай. Энэ үед тэрээр ид ажилтай байх агаад ямар нэгэн зүйлийг дүрслэн будаг шунхтай зууралдсан байдаг агаад түүнийг харсан хүнд үнэхээрийн өхөөрдөм нэгэн харагддаг гэж хэлж болно. Нээлттэй цонхоор салхи сэвэлзэн торон хөшигийг хөдөлгөн байх. Наахна талд нь цээж нүцгэн нэгэн залуу бүсгүйрүү харан хажуулдан суужээ. Бүсгүй мөнөөх залуугийн зургийг зурж байлаа. Яахав дээ зураачдын хувьд иймэрхүү ажил өдөр тутмын л ажил байдаг болхоор тэдэнтэй ойр байдаг хэн ч болов энэ бүхнийг сайн мэднэ. Төгөлдөр хуурч бүсгүйгээ дуудах гэснээ ажилд нь саад болох вий хэмээн эмээгээд түр хүлээх зуур өмнө нь суусан залууг анзааран сайн харвал нэг л харсан царай. Яах аргагүй таньдаг хүн болж таарлаа. Харин эцэст нь өөрийнх нь үдэш бүр тоглодог кафед бүсгүйтэй анх ирдэг байсан залуу мөн байлаа. Зураачийн амьдралыг ойлгож болох хэдий ч аль эрт салчихсан залуугийнхаа зургийг зураад баяр хөөртэй сууж байна гэдэг даанч санаанд оромгүй бас гомдолтой мэт. Төгөлдөр хуурч тэдэнд өөрийн ирснийг мэдэгдээгүйгээр барахгүй урлан орхин гарч явсан юм. Харин үдэш нь бүсгүй сурсан зангаараа ажлаа дуусгаж урлан дахь юмаа цэгцлээд төгөлдөр хуурчийг хүлээхээр кафед иртэл тэр алга байлаа. Түүний ирэхийг хүлээхээр шийдэж өөрийн суудалдаа суун халуу кофе захиалаад хүлээлээ. Нэг цаг, хоёр цаг, гурван цаг хүлээсэн авч тэр ирсэнгүй. Гадагш гарч байж болох бүхий л газраар нь хайсан боловч сураг ажиг байхгүй. Дахин кафед ирж хүлээхээр шийдлээ. Энэ л газар яарсан зорьсон, дайраад өнгөрсөн хэн хүнийг өөртөө татах шидтэй мөнөөх урьд өмнөх газар биш болсныг бүсгүй анзаарлаа. Нэг л эль хуль. Эль хуль ч гэж дээ суудал байхгүй шахам үйлчлүүлэгтэй байдгаараа л байх авч нэг л юм дутуу. Энэ бол байнга энд уулздаг хайртай хүн нь биш харин танхимын голоос уянгалах төгөлдөр хуурын гайхам аялгуу юм. Бүсгүй төгөлдөр хуурын дэргэд очлоо. Яагаад түүнийг хүлээж байхдаа энэ хөгжмийн хажууд ирсэнгүй вэ. Хайртай хүнийг нь орлон үлдсэн цорын ганц зүйл. Тайзны голд амар тайвныг, алс тэртээрүү одох гэсэн, за тэгээд энд ирдэг бүхий л хүнийг хүлээлтийг мэдрэх хирнээ өөрөө эгшиглэж чадахгүй бас л бүсгүйн адил хөгжимчнөө хүлээх мэт. Дарвуул нь таглаатай төгөлдөр хуурийн дээр нэгэн сарнай тавьсан байлаа. Бүсгүй сарнайг авч төгөлдөр хуурийн тагийг онгойлголоо. Хар цагаанаар ээлжлэх хөгжмийн даруул дээр дугтуйтай захидал байна. Задлан үзвэл “Өнөөдрийн зурганд чинь онц дүн тавьлаа” гэсэн хэдхэн үг бичээстэй байлаа. Бүсгүй төгөлдөр хуурчийг хайгаад олохгүйгээ мэднэ. Алга болж байгаагүй хүн алга болохоороо холд оддогийг тэр мэднэ. Энэ кафе, энэ хот, тэр ч бүү хэл улсыг ч орхиод тэр холд явчихсан байж мэднэ. Яах гэж, яах гэж...Зурах юм сан гэж анх харсан тэр л хүний зургийг өнөө хүртэл зураагүй яваагаа саналаа. Гэлээ ч төгөлдөр хуурчийн зургийг бүсгүй аль хэдийнэ зурчихсан юм. Бороонд норж, шороо тоосонд дарагдахгүйгээр, элэгдэж арилахгүйгээр, салхинд урагдаж наранд гандахгүйгээр сэтгэл дотрох тэр л урландаа анх харахдаа л зурчихсан байсан
юм.

Б. Сарантуяа

Saturday, February 20, 2010

Хаалганы чимээ

Хаалга ширүүхэн хаагдаж тэр гараад явчихлаа. Хашгирах дуу ч гарахгүй болтлоо нэг сайн бүтэлгүйтсэн эхнэрээ харан зогсох Балт үг дуугарсангүй нөгөө өрөө рүү яваад орчихлоо. Дэмий л гиюүрэн хоцорсон Заяа сая ухаан орж юу болоод өнгөрсөн тухай эргэцүүлэн бодох хооронд нээлттэй салхивчаар орцны хаалга хаагдаж байгаа нь сонсогдлоо. Энэ хаалгаар гарч яваа тэр нэгэн залуу амьдралыг нь дөнгөж сая хаасан хаалга шиг нугасаар нь салгах шахаад гарсныг бүүр түүр ухааран зогсохдоо бишгүй л юм үзэж нүд тайлсан бүсгүйн араншингаар биш, дөнгөж сая хууртсан жаахан охины гомдлоор асгаруулан уйлмаар болсон ч нулимс гарсангүй.
- Одоо нөхөртөө юу гэж хэлэх вэ. Эвийг нь олоод хуураад яваад байдаг Балтад хэлсэн үлгэрүүд худал болох нь мэдэгдсэн. Зүгээр л хэргээ хүлээх үү... Хорьхон настай хонгор зүстэй залууд ийн чадууллаа гэж үү хэмээхэд хоолой нь зангирна. Үнэндээ Зоригт гэдэг энэ залуутай таарсан тэр өдөр бол алт олсон мэт баярт өдөр байсан бол харин өнөөдөр тэр өдрийг чөтгөрт хорлогдсон аймшигт өдөр гэж хэлж болохоор байлаа. Өөрөөсөө арван насаар дүү энэ залуутай хамаатай дурсамжууд өөрт нь дэндүү олон болохоор л тэр юм.
-Ямар бүтэлгүй юм бэ? Ямар тэнэг юм бэ?.. хэмээн өөрийгөө зүхсэн үү, өрөвдсөн үү нэг тийм дуу хоолой ходоодны мухраас ундарсаар байлаа. Хичнээн удаан дороо суусныг ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд охин нь хажууд ирчихсэн
-Ээж ээ гадаа тоглож болох уу гэх дуунаар сая ухаан орлоо.
- Тэг дээ миний охин гэж хэлэнгээ...Үгүй гэртээ тогло. Гадаа орой болчихсон байна. Ганцаараа гарч болохгүй... гэж хэлээд үлдээх нь бас айхгүй ч гэсэн аягүй гэж нөхөртэйгээ ганцаараа үлдэхээс айсан хэрэг байлаа.
Балт бол Заяагийн нөхөр. Цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж явсан эр билээ. Ямар сайндаа л эхнэр охин хоёрт дөрлүүлэхээс өмнө хүүхний сайхныг шилж, хүрээний өнгөтэйг өмсөж эдэлж байсан наймаачин нэгэн билээ. Яагаад ч юм тэр ажлаа бүүр орхиж эхнэрээ тойлж цойлсоор өнөөг хүрсэн тэрээр гэр ажил хоёрын хооронд жороолдог нэгэн болчихсон байсан нь эхнэрийнх нь өнөөдрийн хэргийг тарихад хүргэсэн байж ч болох талтай. Сайхан дуу дуулдаг нэгэн бүсгүйтэй ханилсан түүний амьдрал “Урлагийн хүнтэй ханилсан хүн ойлгож амьдрахад л утга учир нь оршдог юм” хэмээн хуриманд дээр нь хэлсэн ээжийнх нь үгнээс улбаатай. Би л Заяагаа ойлгохгүй бол хардаж сэрдээд энээ тэрээ гээд байх юм бол энэ маань яаж алдартай дуучин болох билээ хэмээн итгэснийх юм. Тэр цагаас хойш арван жил өнгөрч эхнэр нь хүүхэд төрүүлэхгүй дөрвөн жил явсны эцэст ганц охинтой болсон нь энэ байлаа. Өдөр болгон л бичлэг сургуулилттай, тийм ч дууны хоолой бичүүлнэ, тэнд ч очиж тоглоно гээд явдаг эхнэрээ ажлаа амар тайван хийг дээ гээд ямар сайндаа л гэрийн эр хүн өөрийгөө эхнэр нөхрийн алин болохыг ялгахаа больтол хүүхдийн бантан, хогийн шүүртэй зууралдсаар өдий хүрэх вэ дээ.
Одоогоос яг нэг жилийн өмнө Заяа тоглолтоор хөдөө явж байхдаа сайхан дуулдаг, сайхан ч зүс царайтай, даанч өөрөөс нь арван насаар дүү оюутан Зоригттой таарч тэдний холбоо гүнзгийрсээр “Хайр сэтгэлийн халуун илчинд харихаа мартан жаргана” гэдэг шиг л эргээд арван наймтай болчихсон юм шиг л нисч явлаа. Хэдий хайр халамжтай ч ор дэрний ажил болохоор ядраад байна хэмээн буруу хараад унтаад өгөх нөхрийнхөө ар нурууг урамгүйхэн хараад унтдаг байсан Заяагийн хувьд диваажингийн жаргалд хөл алдана гэгч болж романтик учралууд ар араасаа хөврөн, шөнө дөлөөр орцон дотор нь хүртэл үргэлжилдэг байлаа. Яг л гал халуун цусыг амссан хүн ахин амсахгүй бол ангаж үхдэг байх гэмээр хүсэл шунал цээжинд нь буцлан байх өдөр хоногуудад гэртээ хэдэн удаа оройтож орсноо, охиноо хэдэн удаа ханиад хүрээд эдгэснийг, за тэгээд л нөхөртөө хэдэн удаа хоол хийж өгснөө гээд санах ёстой зүйлээ ч санахаа больтол сэнсэрсэн гэвэл үнэнд ойрхон. Хаалганы хонх дарахаас өмнөхөн л хананы цаана орж нуугдах Зоригтын халуун тэврээс мултран гэртээ мансуурсан хэвээр орох Заяад өдөр хоногуудын даль жигүүрийг зүүгээд өгчихсөн мэт жаргалтай байлаа. Үнэндээ энэ хугацаанд Заяа эр хүний халуун энгэр, ханийн халамж хоёрын аль нь өөрт хэрэгтэй болохыг эрэгцүүлэн бодох сөхөө ч үгүй байсан боловч сонголт нэг л өдөр өмнө нь ирэн юм.
Навчис ганц нэгээр хагдарч унан хуучин гутлын уланд гишгэгдэн байсан намрын тэр нэгэн тогтуун орой нар жаргахын алдад Зоригт нөгөө л сурсан зангаараа Заяаг тосон тоглолтыг нь дуустал хүлээж байгаад хамт хотоор алхангаа
-Хоёулаа гэрлэе..хэмээн эрс шийдэмгий хэлж хариу хэлж ч амжаагүй байхад
-Чи охиноо авчих.. Би өөрийнхөө хүүхэд шиг л харж хандах болно. Байшин савгүй байгаа ч чи дахиад нэг хүүхэд гаргачихвал аав ээж намайг гудамжинд байлгаад байхгүй, хоёулаа эхлээд түрээсийн байранд амьдарч байя. Тэгж байгаад учир нь олдоно гэж хэлэх нь тэр. Хорин настай халуун цустай, хэний ч нүдэнд торох өөгүй сайхан залуу ингэж хэлж байгаа нь гуч гараад гундаж яваа эмэгтэйн сэтгэлд таатай сонсогдсон ч арван жилийн дараахыг төсөөлөн бодохдоо тэрээр эрс татгалзсан юм. Дөнгөн данган амьдрал эхлэж байгаа энэ залуугаа дагаад өдий хүртэл босгосон амьдралаа орхиод явах зүрх Заяад байгаагүй юм. Харин тэрнээс хойш хамаагүй сүжирч болохгүй юм байна. Тэгж ингэж байгаад холдоно доо гэж бодох болсон. Гэхдээ яагаад ч холдож болохгүй ханхүү Зоригт нь эрх хав шиг л бөөрөнд нь наалдаастай хэвээр хэдэн сарыг үдлээ. Сүүлийн үед нөгөөх суух гэрлэх тухай яриа улам ч ихсэж Зоригт Ззаяаг аав ээжтэйгээ танилцуулна, хамт амьдрана гэж шалаад байхаар нь уулзахаа болихоор шийдэж утсаа ч авахаа болиод долоо найм хонолоо. Зоригтын хайрын үгтэй мессежүүд утсаа асаалттай байлгах боломжийг олгохгүй байсан учраас бие өвдөөд гэсэн шалтгаар гэрээсээ ч гарахгүй хэд хоног утсаа унтраан бүгэхээр шийдэж, тэр залуу хүүхэд аяндаа мартах байлгүй, ингэсгээд холдоё.. хэмээн шийдсэн нь тэр байлаа. Энэ хугацаанд Зоригт Заяад чухам юу тохиолдсоныг мэдэхийн тулд уйгагүй хөөцөлдөн байсан бөгөөд нэгэн удаа утсаа асаахад нь аргагүй залгаж таарсан нь энэ бүх хэргийг тарьж орхижээ.
-Байна уу Заяа, Заяа намайг сонсож байна уу... би танай хаалганы чинь гадаа байна гараад ир уулзъя.
-Хэрэггүй ээ би гармааргүй байна. Чи гэртээ харь
-Яасан юм бэ, Би чамайг гомдоогоогүй биз дээ
- Одоо чи бид хоёр хамаагүй хүмүүс болсон, би энэнээс цааш явж чадахгүй. Тэгээд ч би нөхөртэй хүн гэдгийг чи анхнаасаа мэдэж байсан ш дээ.
-Тэгээд...
-Тэгээ яахав дээ би чамаас уйдчихлаа.
-Юу гэсэн үг вэ. Би ямар чиний тоглодог тоглоом юм уу уйдчихлаа гэдэг чинь юу гэж байгаа юм бэ,
-Харин тийм ээ. Чамаар ийм удаан тоглоно гэж бодож ч байсангүй. Надад чамтай хамт амьдрах нь бүү хэл ахиад уулзах ч хүсэл алга. Чи гэртээ харь....уг нь чи хөөрхөн тоглоом байлаа. Одоо залхуу хүрээд байна. Өөр тоглоомтой болсон баяртай... гэж хэлээд утсаа салгачихсан юм. Энэ цагаас хойш Зоригт Заяагийн утас руу хайрын үгтэй мессежээ нисгэхээ больж нэг хэсэг амар жимэр сайхан болчих нь тэр.
-Хөөрхий гомдсон байх дээ. Жаахан хүүхэд тэр нь дээр биз дээ. Өөрийнхөө насны охин олоод жаргалтай амьдраасай... хэмээн хүсээд нөхрийнхөө өвөрт орж нөгөөх л ар нурууг нь харж хэвтэхдээ урьдынх шиг гунигтай хир нь цаанаа л тайвнаар унтсан юм.
Харин Зоригтын хувьд гансрал, ганцаардал, золгүй дурлалын гашуун дурсамж гээд нүднээ цийлэлзэх нулимсан хөшгөний хамт асгарах гээд байгаа тэр нэгэн зүйлийг унагаахгүй асгахгүй байх аргаа олсонгүй, зовхины хөнгөн хөдөлгөөнөөр хацар даган урссаар.
-Эр хүн уйлдаг гэж үү, ингэж суух нь ямар хэрэгтэй юм бэ ... Тэрээр суусаар. Заяагийн байрны гадаах цэцэрлэгийн энэ сандал дээр сууж байсан тэдний олон олон дурсамжууд бий. Заяаг хүлээж, гараад ирэхээр нь оруулахгүй гэж, гэрээсээ гарч яваа нөхрийг нь хараад айхдаа модны цаагуур орж нуугдан зүрхээ зогсоох шахаж байсан гээд олон олон дурсамжийг энэ сандал тэдэнтэй цуг хав даран хадгалсан билээ.
Зоригт энэ дурсамжуудыг сөхөн байхдаа л үнэхээр Заяатай зүрх сэтгэл, амь амьдралаараа холбогдсон хүмүүс гэдгээ ухаарах тусам харуусалтай, ямар ч аргаар болов Заяаг эргүүлэн авах тухай гашлан суух болсоор хэд хоногийг үдлээ.
-Гэрээс нь гаргаад оргуулах уу? Өөрөө хүсэхгүй байгаа юм чинь яаж оргох вэ дээ....Нөхрийг нь мөрдөх үү... ямар нэгэн сэжүүр гарах ч юм билүү, угаасаа гэмгүй эр хүн байх ч үгүй, Заяа бид хоёр тийм урт хугацаагаар хамт байж тийм олон хоног тэр хүнийг ганцааранг нь орхисон байхад нөхөр нь яав ч зүгээр байгаагүй. Ямар нэгэн эмэгтэй байж л байгаа гэж бодох авч Заяагийн нөхөр Балт угаас дуу шуу цөөнтэй, гэр орон эхнэр хүүхэд гэсэн хүн тул түүний мөрийг мөшгих нь бүү хэл шүүсийг нь шахаад ч юу ч гарахгүй гэдгийг Зоригт мэднэ.
Ийн олон хоног гашилсны эцэст Заяагийн тоглоод уйддаг тоглоом байснаа ойлгон ёроолд нь хүрсэн гомдолд автсан билээ. Эцэст нь нэгэн шийдвэрт хүрч, тэр ч итгэл үнэмшлээрээ тэдний хаалганы гадаа ирчихсэн хонхыг нь дарж зоссон юм.
\Хонх дуугарах чимээнээр жаахан охин гүйж ирэн\
- Хэн бэ?... гэж асуух нь Заяагийн охин
- Би байна аа. Ах нь аавтай нь уулзах гэсэн юм
- Аав таньтай хүн уулзья гэнэ ээ
- Миний охин цаанаа тоглож бай... гэх Балтын дуу гарч хаалга онгойлоо. Харваас хүдэр чийрэг биетэй энэ хүн өөрийг нь таниад уурандаа цохиод авах вий гэсэн айдас цухасхийн орж ирсэн ч
- Сайн байна уу?... өөртэй чинь уулзах гэсэн юм гэж хэлээд тавьчихлаа.
- Ор ор... гэх дуунаар тэр гэрт орлоо. Урд нь энэ айлд орж ирж бүр хонож ч байсан юм. Балтыг эзгүй охинтойгоо зуслан гарсан хойгуур Заяа тэр хоёр жинхэнэ хайрын мананд умбаж байсан жаргалтай дурсамжуудаа мөнхөлсөн газар билээ. Гэсэн ч өнөөдөр ар нуруунаас нь хүйт даагаад нэг л айдастай. Учир нь Балт Зоригтыг таних билээ. Нэгэн удаагийн тоглолт тараад гэртээ найзуудтайгаа ирсэн Заяа Зоригтыг сайхан дуулдаг нутгийн залуу хэмээн нөхөртөө танилцуулж байсан удаатай.
Балт Зоригтыг яагаад ч юм шууд гал тогооныхоо өрөөнд оруулаад сандалд суухыг урьж өөрөө хажууд нь суулаа. Түүний юу хэлэхийг хүлээх зуураа цай аягалан өгч эхнэрээ дуудангаа
-Зоригт ирсэн байна. Чи ороод ирээч хө....гэх нь дууных нь өнгөнөөс тайван байдал ажиглагдана. Ямартаа ч эхнэрээ энэ хүнтэй харддаггүй бололтой. Заяа цочсон янзага шиг болчихсон амьтан харцаараа Зоригтыг бушуухан гараасай гэсэн өнгөтэй ээрч, яах гэж ийшээ орж ирж байгаа юм бэ гэж хэлж байгаа юм шиг хаалгаруу хялавхийн орж ирлээ.
Балт: За Зоригт хүү уран бүтээл өндөр үү. Ойрд нутаг явсан уу?
Зоригт: Тайван даа. Ганц нэг дуу хийж байгаа...би өөртэй чинь уулзахаар ирсэн юм.
Заяа: Аа чи нөгөө шүлгээ авах гэж ирэв үү?... би аваад ирье. Тэгээ маргаашнаас уулзаад Шарваа ахад хэлж байгаад хөгжим бичүүлье. За за тэгээд маргаашаас уулзья... чи ингэсгээд харь даа...
Зоригт: Үгүй дээ шүлэг хэрэггүй шүү. Би нөхөртэй чинь уулзах гэж ирсэн юм.
Зоригт өөртөө маш итгэлтэй харагдах тул түүнийг хэн ч энэ гэрээс одоохондоо гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой байлаа. Балт юу болоод байгаад сайн ойлгохгүй
-Надтай юу?... гээд хариулт хүлээх зуур эхнэрээ харангаа Заяа эгчтэйгээ уулзахаар ирээгүй юм уу. Надтай юу ярьдаг билээ. За ярь ярь...
Зоригт: Заяа эгч биш ээ. Заяа гээч... би энэ хүнд хайртай. .Юу ч болсон бай Заяа бид хоёр хамт амьдрахаар шийдсэн. Эр хүмүүс байна учраа ольё.. эхнэрээ надтай гэрлүүлээч...Энэ үгийг зориглон хэлэх гэж өөртэй чинь уулзахыг хүсч байсан үе олон бий. Би эхнэрт чинь хайртай.
аан...
- Харин одоо ингэж гуйхгүй ээ. Одоо би энэ хүнтэй гэрлэхгүй...
- Тэгээд чи яах гэж ирээв.
- Эхнэрийн чинь тухай ярьж өгөх гэж ирсэн юм
- Заяа хө наашаа суучих. Энэ чи бид хоёр хоёулаа сонсох ёстой юм шиг байна\ Заяагийн царай зэвхий даан хөшчихсөн мэт зогсоно.\
Заяа:
- Зоригт оо чи явсан нь дээр байх. Бид амарч байна
Балт:
- Заяа хүлээж бай. Ам нээвэл уушиг нээ гэдэг...
- Би танай эхнэртэй хайр сэтгэлийн холбоотой болоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Бидэнд үлдсэн сайхан дурсамж олон бий. Гэхдээ энэ бүхнийг ярих гэж ирээгүй юм. Өөрийн чинь тухай эхнэр чинь юу бодож явдгийг ярих гэж ирсэн юм...
- Миний тухай гэнээ...
- Тийм ээ таны тухай...Та ямар хүнтэй амьдарч байгаагаа мэдэх үү.. Та хоёр арван жил хамт амьдарсан ч таны эхнэр танд хайртай гэж хэдэн удаа хэлснийг санаж байна уу. Ер нь л таны хайрлан амьдарч байгаа эмэгтэй хэн болохыг хэлэх гэж ирсэн юм.
- Би хэнтэй амьдарч байгаа гэж...
- Таны эхнэр нэг л удаа танд хайртай гэж хэлсэн...Танаас хэзээ ч эмэгтэй хүний хувьд таашаал авч үзээгүй... таны хүйтэн нурууг харан хэвтэх тэсэхийн аргагүй гунигтай байна, хаашаа ч хамаагүй намайг аваад яваач гэж хэлж байсныг танд хэлэх гэсэн юм. Эхнэртэй чинь хамт өнгөрүүлсэн энэ нэг жилийн хугацаанд хичнээн хоног хамт байсныг тэр ч бүү хэл танай гэрт та хоёрын хамт унтдаг орон дээр чинь бид хоёр хичнээн жаргасныг мэдэх үү.
Балтын шанааных нь судас лугшиж нэг гараараа нөгөө гараа барьж суулаа.
Балт:
- Тэгээд чи юу хүсээв
Зоригт:
- Адилхан эр хүмүүс байж ийм эмэгтэйд итгэж амьдраад байгааг чинь л мэдүүлэх гэж ирсэн юм. Намайг уучлаарай. Эр хүн эр хүндээ хайртай байдаг учраас хэлэхгүй өнгөрч чадсангүй. Эхнэрээ харж хандаж яваарай. Надаар оролдоод яах вэ дээ. Заяа бид хоёрын жаргалтай дурсамжууд олон гэж би хэлсэн байхаа. Гэрэл зурагнаас эхлээд бичлэгүүд хүртэл байгаа. Танай эхнэр алдартай дуучин хүн нэр нь сэвтчихвий дээ... гэсээр хаалга зүглэн бослоо.
Нэг сайн чадуулж авсан Заяа юу гэхээ мэдэхгүй эргүү юм шиг зогсох авч ...хариугаа авч байна, хариугаа авч байна... хэмээн дотроо мэдэгдэх төдий үглэн зогсож байлаа. Онгорхой салхивчаар тодхон сонсогдох орцны хаалга хаагдах чимээ эрх дураар амьдралынх нь хаалгыг хаагаад явчих шиг уйтай санагдсаныг тэр мэдэрч байлаа.
Гадаа үдшийн бүрий болжээ. Их хот хөл хөдөлгөөнтэй хэвээр... Хүүхдүүдийн шуугилдах, булан тойрох машины сигналдах чимээ, ер нь л ямар ч чимээ анирыг мэдрэх баярлах сэтгэл Зоригтод алга болжээ. Тэр дөнгөж саяхан, хайр сэтгэл, хүн чанар, хүүхэд насныхаа хаалгыг хаагаад гарч явна.
- Явах уу гэх дуунаар эргэн харвал таксины цонхоор нэгэн саравчтай малгайтай залуу дохиж байгаа харагдана.
- Тэгье ээ
- Хаа хүрэх вэ?
- Хаашаа ч яахав....

Б. Сарантуяа

;;