Monday, May 28, 2012

/Жендерийн Үндэсний хорооны захиалгаар нэг баримтат киноны зохиол бичсэнээ орууллаа. Монголын улс төрд эмэгтэйчүүд яагаад хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг харуулахыг зорьсон юм.Энэ зохиол тун удахгүй дэлгэцэнд гарах юм. Баримтат киноны найруулагчаад Жигжидсүрэн гуай ажиллаж байгаа сурагтай байна. Миний хувьд зохиол бичих л үүрэгтэй байлаа./ Энэхүү баримтат киноны зохиолыг 2012 оны УИХ нэр дэвшиж буй бүх эмэгтэйчүүддээ зориуллаа. Та нарын дуу хоолой яагаад өнөөдөр Монголын төрд хэрэгтэй байгааг чадан ядан гаргалаа.

Дүрс: Тэнгэрт үүлс нүүгэлтэнэ. Тэнгэрийн  хаяа газартай нийлэн үргэлжлэх ээрэм тал зах хязгааргүй мэт үргэлжлэх ажээ. Тэртээд бороо орох гэж буй мэт бүүдийж, тэнгэрт цахилгаан цахина. Талын дунд нэг хүн цааш харан зогссон байх агаад өгүүлэгч байна. Тэрбээр камер ойртон ирэхэд нааш эргэж харна.
 Өгүүлэгч: Бид эцэг тэнгэр, эх газар хэмээн нэрлэдэг. Бид амьдарч байгаа энэ дэлхийгээ ч мөн эх дэлхий гэж нэрлэдэг. Эцэг тэнгэр бидний дээр мэлтийн тольдож, аврал энэрлээ илгээж байдаг бол эх газар бидэнд үржил шим өгөөж бүхнээ өгч байдаг. Бид эхийнхээ сүүг хөхөж өссөний адил эх газар, эх дэлхийнхээ үржил шимээр амьдарч байдаг. Тиймдээ ч дэлхий ээж таньдаа би хайртай гэж дуулдаг. Эцэг тэнгэр эх газар хоёр зэрэгцэн оршдог шиг амьдрал дээр аливаа бүхэн зэрэгцэн оршдог. Хамгийн энгийнээс эхэлье. 

Дүрс: Нэгэн цэцэрлэгийн хаалга онгойж дотогш орвол тоглож байгаа хүүхдүүдийн шуугиан сонсогдоно. Хөвгүүдийн зарим нь хоорондоо ноцолдон, зарим хэсэг нь буудалцаж, нөгөө хэсэг нь сэлэм жад барин байлдаж байгаа дүр зураг. Тэдний цаахантай хэсэг охид хоорондоо тоглож байна. Охидын зарим нь хүүхэлдэй өлгийдөн, угж хөхүүлж, зарим хэсэг нь айл гэр болон тоглож байгаа бололтой гэрээ цэвэрлэж, ганц нэг охин ноцолдон тоглож байгаа хөвгүүдийг арга барсан нүдээр харж сууна. Хүүхдүүдийн тоглож байгааг харж зогссон өгүүлэгч нааш эргэж камерт ойртон ирнэ. 
 Өгүүлэгч: Энэ хүүхдүүдийн тоглохыг хараад л баймаар. Чимээ шуугиан дундаас ч тайвшралыг олж болох санагдана. Учир нь тэднээс ялгарч байгаа сайн сайхан, хиргүй тунгалаг бүхэн томчууд бидний бохирдсон сэтгэлийг угаах шиг болдог. Бид хүүхдүүдийг харахаараа инээмсэглэдэг. Учир нь тэдний нүд, сэтгэл хиргүй тунгалаг. Тэдний тоглож байгаа нь ямар ч санаа агуулаагүй өөрсдийнх нь байгалийн мэдрэмж, унаган араншин нь байдаг. Өгүүлэгч камераас гарч, камер алгуур явсаар тоглож байгаа хүүхдүүд рүү чиглэнэ. Хүүхдүүд тоглосон хэвээр. 
Текст: Хөвгүүд яагаад байлдаж тоглодог вэ. Тэдний наадаж байгаа тоглоомыг тоочвол сэлэм жад, буу шийдэм, машин, унадаг дугуй гэх мэт жагсаалт үргэлжилж эвдэн сүйтгэх, олж авах, эзэгнэх цаашлаад эзэгнэлээ хамгаалах зорилго үргэлжилнэ. Харин охидын хувьд ондоо. Тэд мэдээ орсон цагаасаа л хүүхэлдэйгээ өлгийдөж эхлэнэ. Жаахан байхаасаа л өсгөх, өрөвдөх, хайрлах, эмхэлж цэгцлэх, нарийн ширийн аливаа зүйлийг гээлгүй анхаарлаа хандуулах мэдрэмж нь бий болж эхэлдэг. Энэ мэдрэмжүүд цааш үргэлжилж насан туршид нь тэдэнтэй хамт явах болно. Ирээдүйд тэд айл гэр болж, эхнэр нөхөр болж, эцэг эх , эмээ өвөө болцгооно. Тэдний энэ унаган мэдрэмж цааш үргэлжлэн бие биеийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж, унтсаныг сэрээж, мартсаныг сануулна. 

 Дүрс: Тулганд гал бадамлан асна. Камер задарч Монгол гэрийн доторхийг харуулна. Тавилга сэлт бүхий Монгол гэрийн хойморт өгүүлэгч суусан байна. 
 Өгүүлэгч: Монгол гэрийг тулж байдаг хоёр багана бий. Нэг нь үгүй бол нөгөө нь тэнцвэрээ алдаж гэр нурна. Айл гэрт эхнэр нөхөр хоёр хамт амьдарч өөр өөрийн үүргийг хүлээж өрх гэрийн хэргийг засч, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэж манайхан ярьдаг. 
 Текст: Эцэг тэнгэр бидний дээрээс аврал энэрлээ илгээж, мэлтийн тольдож байдгийн адилаар өрхийн тэргүүн өөрийн гэр бүлээ өмгөөлөн хамгаалж байдаг. Эх газар бидэнд үржил шим бүхнээ өгч байдгийн адилаар эх хүн өөрт байгаа бүхнээ гэр бүл үр хүүхдэдээ зориулж байдаг. Өрх гэрийн нарийн ширийн бүхий л хэргийг эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрдэг. Энэ үүргээ тэд тун сайн ухамсарлана. Тиймээс ч хүүхдээ хаяж явсан эцэг олон байдаг бол хүүхдээ хаясан эх үнэндээ цөөхөн. Энэ бол эмэгтэй хүн хариуцлагаа маш сайн ухаардагийн илрэл. Монголчууд эмэгтэй хүний хариуцлагаа ухаарах, аливаа нарийн зүйлийн үнэн мөнийг олж харах ухааныг хэзээнээсээ мэддэг байжээ.

 Дүрс: График. Монголын эзэнт гүрний тэлэлт. Газрын зураг дээр үзүүлнэ. Эртний дүр зураг тодорч хаад хатдын хувцастай хүмүүс харагдана. Хаан мориндоо мордож замд гарахад бэлэн болно. Богтого малгайтай хатан гартаа модон хувин угласан байх агаад ойртон ирж морины дөрөөнд нь сүү дусаан үдэж мордуулна. Морьтой хүмүүсийн тоос далд ортол араас нь сүү өргөн зогсох эмэгтэй саравчлан харсаар. Замхраагүй байгаа тоосны наана өгүүлэгч тэдний араас харж зогсоно. 
Өгүүлэгч: Алсад одсон тэднийг дайны тэнгэр ивээх болтугай. 13-р зуунд Монголчууд хэрхэн дэлхийн талыг эзэлсэн бэ? Зэвсэг барин дайтаж явсан их хаадын чөлөөнд өрх гэрээ төдийгүй улс орноо засч явсан ухаант хатад тэдний оюун санааны хүч энэ амжилтанд нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ үеийн эх сурвалжуудыг сөхвөл эзэнт гүрний хаадыг төр баригч хэмээн нэрлэж, хаадын чөлөөнд улсаа удирдаж байсан хатдыг засаг баригч гэж тэмдэглэсэн байдаг. 
Текст: Чингис хаан эзлэн авсан улс орныхоо төрийн хэргийг шийдэж дуусгаад засаг барих эрх мэдлийг охидууддаа үлдээж, тухайн улс орны удирдагчаар томилсон байдаг. Монголын төрд их хаадыг аян дайнд явсан цаг хугацаанд, их хаад мөнх тэнгэртээ одож дараагийн хаан тодроогүй он жилүүдэд төр улсын хэргийг явуулж засаг барьж байсан хатад олон. Чингис хаан мөнх тэнгэрт буцсны дараа Бөртэ хатан засгийн хэргийг явуулж байсан бол, Өгөөдэй хааны дараа түүний хатан Дөргөнө таван жилийн туршид Их Монголыг удирдаж байсан. Гүюг хааны дараа их Хатан Огул Хаймиш гурван жил орчим засаг захирч, хожим Хайду хааны охин Самар гүнж өөрийн ач Баянмөнх жононг өлгийтэй байхад нь алтан урагт дайсагнасан өвөг эцгийнх нь гараас аварч, Монгол төрийн тасрах гэж байсан гэж байсан гинжин хэлхээг залгамжуулан нууцаар өсгөсөн бол түүний хүү Батмөнх даян хааныг 13 настай байхад нь Мандухай хатан олж хаан ширээнд залан өөрөө хатан нь болж, эм хүний жаргалаа умартан энэ биеэ төрийн төлөө зориулж байсан түүхийг бид мэднэ. 

 Дүрс: Богд хааны гэр музейн байшингийн хаалгаар камер явж орно. Музейн доторх үзмэрүүдийг харуулна. Өгүүлэгч хаан хатны сэнтийн өмнө зогсож байна. 
Өгүүлэгч: Хаан төр, хатан ухаан гэж бид ярьдаг. Хаан төрийг хатан ухаанаар жолоодохын үнэнийг бидний өвөг дээдэс мэддэг байж. Энэ нь бидний мэдэх арга билгийн нэгдэл юм. Аливаа зүйл хослон оршиж байж үндэс суурь нь бат бөх, үзэл санаа нь тогтвортой болдог. Бидний өгүүлэх түүх цааш хөвөрсөөр олон хатад эмэгтэйчүүдийн тухай ярьж болно. Харин түүхийг нааш татаж, одоогоос зуу гаруйхан жилийн өмнөх цаг үед очъё. Энэ сэнтийд Богд гэгээний хатан Дондогдулам заларч байсан. 
 Дүрс: 1911 оны үеийн хроник дүрснүүд. 
 Текст: 1902 оны зун Богд гэгээн өөрийн хатан Дондогдуламыг “Эх дагина”-д өргөмжлөн ёслол үйлдэж “Ачлалт, ялгуун дагина, эрх цагаан дарь эх” цол олгон, шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагинын тамгыг бариулан жасын хөрөнгийг шийдүүлж байжээ. Түүхийн хуудас эргэсээр. Социализмийн үед ардын их хурлын депутатуудын 23 хувь нь эмэгтэйчүүд байсан. Монголын төрд эмэгтэй хүний ухаан, дуу хоолой хэрэгтэй гэдгийг бид саяхныг хүртэл мэддэг байж. Учир нь төр бол нэгэн том өрх гэр юм. 

Дүрс: Хуримын ордон. Хуримлаж байгаа хосууд орндоос гаран явж, араас нь олон хүмүүс дагалдан гарч ирж гадаа дуу шуутай байна. Аз жаргалаар дүүрэн хүмүүсийг өгүүлэгч харж зогсоно.
 Өгүүлэгч: Социализм бол бидний далан жилийн туршид туулж ирсэн түүх. Түүний алдаа онооны тухай өнөө хүртэл хүмүүс маргасаар байдаг. Харин бид энэ удаа түүнийг дүгнэж цэгнэх гэсэнгүй. Зүгээр л бодит байдлыг харах гэсэн юм. Цэдэнбал даргын гэргий Филатова гэх орос эмэгтэй тэр нэгэн цагт бидний дунд байгаагүй бол энэ хосууд аз жаргалаар дүүрэн энэ ордноос гарахгүй байсан. Олон улсын хүүхдүүд амарч зугаацах Найрамдал зуслан баригдахгүй байсан. Улаанбаатар хотод сүндэрлэн боссон олон олон барилга байгууламжуудад энэ эмэгтэйн хүч оролцоо бий. 

Дүрс: Өгүүүлэгч Сүхбаатарын талбай дээр зогссон байна. Өгүүлэгч: Гэрээ засаад төрөө зас гэж үг бий. Гэрээ засч байсан эмэгтэйчүүд төрөө чадварлагаар засч явсан жишээ олныг өгүүлж болно. Яг одоогоос хорь хүрэхгүй жилийн өмнөх хүртэл Монголын төр нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо байсаар ирсэн. Арга билгийн билэгдэл мэт бат нэгдэлтэй, загасан нүд мэт анивчих завсаргүйгээр хаан төр хатан ухаан Монголын төрд зэрэгцэн оршиж иржээ. Дүрс: Монгол гэрт нэгэн эмэгтэй өвөр дээрээ дүрэмт хувцас тавин товчийг нь хадаж дуусаад хүүгээ дуудахад цайгаа ууж суусан хүү гүйн ирж дүрэмт хувцсаа өмсөөд цүнхээр үүрч ээждээ үнсүүлэн гэрээс гарч явна. 
 Текст: Өрх гэрийн бүхий л асуудалд эмэгтэй хүний оролцоо байж гэмээ нь тэр гэр бүл аз жаргалаар дүүрэн, үр хүүхдийн нь гэдэс цатгалан, ухаан тэнүүн, сэтгэл нь хиргүй тунгалаг байдаг. Өөрийн үр хүүхдийнхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж яваа эх хүн бусдын үр хүүхдийн төлөө ч энэ сэтгэлээ зориулсаар ирсэн жишээ олон. Учир нь бидний түүх яндашгүй арвин юм.  

Дүрс: Судрын хуудас эргүүлэн суугаа хатны хувцастай эмэгтэйн гэр дотор сууна. Гаднаас араб хувцастай хоёр хүн орж ирэхэд тэд хоорондоо ямар нэгэн зүйлийг ярилцан хатан ширээн дээрх уут дүүрэн мөнгөн зоосыг заахад мөнөөх хоёр хүн хатны өмнө газар шүргэн сөгдөөд зоосыг дамжлан гадагш гарна. Тэднийг гэрээс гарч явахыг харсан өгүүлэгч нааш алхана. 
 Өгүүлэгч: Чингис хааны бэр, Тулуйн хатан Сорхугтани бэхийн дөрвөн хүү дөрвүүл цагийг эзэлсэн их хаад явсан. Тэдний эрдэм ном, ухаан билгийг хатан эх нь багаас нь төлөвшүүлж, багшийг чухалчилж эрдэм ном заалгаж өсгөсөн байдаг. Сорхугтани хатан өөрийн хүүхдүүдийнхээ эрдэм боловсролд ингэж анхаараад зогссонгүй. Одоогоос найман зуун жилийн өмнө Бухар хотод дэлхийн анхны сургуулийг бариулж, багш ажилчдын байрыг хамтад нь шийдүүлэхээр өөрийн хөрөнгөнөөс мянган мөнгөн балин өгсөн байдаг. Энэ сургууль өнөөг хүртэл “Хатны сургууль” хэмээн нэрлэгдэж ардын хүүхдэд эрдэм боловсрол зааж сургасаар байна. 

 Дүрс: Эртний түүх, хаад хатдын амьдралыг харуулсан киноны дүрснүүд. 
 Текст: Монголын түүхэнд эмэгтэйчүүд өрх гэртээ өөрийн хүүхдэд анхаарлаа хандуулахаас гадна улс орны хэмжээнд хүүхдийн хүмүүжил, соён гэгээрүүлэх, оюун санааны хувьд хүнийг төлөвшүүлэх тал дээр ихээхэн анхаарсаар ирсэн түүх олон бий. Монголын түүхэнд үлдсэн гайхамшигт хатад байгаагүй бол тухайн үеийн хаад төрөхгүй байх сан. Алдар суугаа дуурсгаж агуу ялалтаараа дэлхийг донсолгохгүй байх сан. Өгөөдэй хааны хатан Дөргөнө тухайн үед Даогийн суртлыг дагаж энэ үзэл баримтлалаар үр хүүхдээ хүмүүжүүлж байсан бол, хожим халхын Цогт хунтайжийн эх Чин бишрэлт Тайхал хатан Монголын төрд зүтгэсэн бичгийн их хүн, яруу найрагч, орчуулагч байсан гэдэг. Тэрбээр хүүгээ бичгийн эрдэмд боловсруулж, нэгэн цагийн их соён гэгээрүүлэгч, тэмцэгч, эх оронч болгон хүмүүжүүлж өөрөө ч ардын хүүхдүүдэд бичиг үсэг зааж байсан түүх бий. 

Дүрс: Сургуулийн гадаа олон хүүхэд шуугилдан хөгжилдөх дуу сонсогдоно. Хичээл тарж байгаа бололтой. Тоглон хөгжилдөж байгаа хүүхдүүдийг өгүүлэгч харж зогсоно. 
Өгүүлэгч: Бид холын түүхийг өгүүлэхээ азнаад бодит байдлыг өнөөдрөөсөө хайя. Төрөөс ард түмний хүүхдийг сургаж эхлээд олон жил өнгөрчээ. Энэ сургууль ч мөн олон жилийн түүхтэй. Гэвч бусдаас ялгаатай ганцхан зүйл энд бий. Сургууль байгуулагдсан цагаасаа эмэгтэй захиралтай байсан. 
Дүрс: Сургуулийн доторхи цэвэр цэмцгэр байдал, сурагчдын өнгөлөг хувцаслалт, бага ангийн хүүхдүүдийн үдийн цай зэрэг дүрс. 
Текст: Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Шил толь болон гялалзахгүй ч энд эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал, халуун дулаан орчин, амттай сайхан үдийн цай бүгд байна. Ажилсаг эзэгтэйтэй айлын үүдээр ороход л гэр нь мэлтийн гийдэг шиг сэтгэгдэл энэ сургуулийн үүдээр ороход төрж байна. Харин одоо асуудлыг арай томруулах гээд үзье. Боловсролын салбарт шийдвэр гаргагч нь эмэгтэй хүн байсан бол өнөөдөр бүх сургуулийн хүүхдүүд ийм орчинд цэвэр цэмцгэр, халуун дулаан, эх хүний сэтгэл дүүрэн орчинд эрдэм номд шамдаж суухсан.

 Дүрс: Оюутны дотуур байр. Өрөөний доторх байдал. Оюутны тарчигхан амьдралыг харуулна. Орон дээр өгүүлэгч суун, гартаа захидал барьсан байна.
 Өгүүлэгч: “Миний хүү хичээл ном гэж гүйгээд хоол ундаа сайн идэж уухаа мартав. Ээж нь хүүдээ хэдэн төгрөг явууллаа. Тэр мөнгөөр гутал авч үлдсэнийг нь дараа сар болтол хэрэглэж байгаарай. Тэтгэврийн мөнгө буухаар дахиад хэдэн төгрөг явуулна. Мөнгөө гамтай хэрэглээрэй” хэмээн уншиж дуусна. 
 Өгүүлэгч: Сонин юм шүү ээжүүд дандаа мөнгөтэй байдаг. Хүүхэд байхад, дараа н ь оюутан болоход хамгийн найдвартай эргэн төлөгдөх нөхцөлгүй, мөнгө авч болох банк бол ямагт ээж байдаг. Хүн бүхний ээж ялгаагүй. Өөрөө ямар ч амьдралтай байсан үр хүүхдэдээ зориулах мөнгийг заавал хадагласан байдаг. Энэ захидлын эзний ээж ч мөн адил.

 Дүрс: Нэгэн гэр бүлийн аз жаргалтай агшин. 
 Текст: Гэрийн эзэн мөнгө олж ирэн эзэгтэйд өгнө. Эзэгтэй тухайн мөнгийг гэр бүлдээ зарцуулна. Орчин үед эзэгтэй нар ч өөрийн орлоготой болсон. Нэг хүний хэчнээн их зүйлийн жагсаалтыг хөврүүлэн бичиж болох шиг, нэг гэр бүлийн хэрэгцээнд түүнээс ч их жагсаалтыг урсгаж болно. Үнэндээ хүний хэрэгцээ дуусч дундаршгүй. Янз бүрийн орлоготой айлууд бий. Гэвч тэдний аль алиных нь орлого амьдралд нь хүрэлцсээр л ирсэн. Ингэж хүргэх ухаан эмэгтэйчүүдэд байдаг учраас тэр юм. Гэр бүлийн томоохон хэрэгцээнээс эхлээд, хамгийн энгийн жижиг зүйлийг хүртэл орхигдуулалгүйгээр тооцоолсон байдаг эзэгтэй хар өрх гэрийнхээ эдийн засгийг зохицуулагчид байдаг. Эмэгтэй хүний энэ нарийн ухааныг эцэг өвгөд минь эртнээс мэддэг байжээ. Тиймээс ч Монголын түүхэнд хаадыг төр баригч хэмээгээд хатдыг засаг баригч гэж бичиж үлдээсэн нь учиртай биз. 

 Өгүүлэгч: Харамсалтай нь Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж байсан эмэгтэйчүүдийн түүх маш бүдэгхэн үлдсэн байдаг. Монголын нууц товчооноос урж авсан хэсэг эмэгтэйчүүдийн гавьяаг онцгойлон дурдсан байсан болов уу хэмээн Монголын их хатдын нууц товчоог бичсэн Жак Утерфорд тэмдэглэсэн нь санаандгүй хэрэг биш юм. Үнэхээр Монголын нууц товчооноос эмэгтэйчүүдийн тухай бичсэн хэсгийг хэн нэгэн урж хаясан бол тэр нь эмэгтэй хүнийг эр хүнээс илүү ухаалаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй нэгэн байсан болов уу. Өнөөг хүртэл зарим хүмүүсийн дунд ийм үзэл байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн үс урт, ухаан богино гэж ярьдаг. 

Дүрс: Хөдөө айлын гэр. Гадаа мал бэлчинэ. Гэрийн эзэн өвгөн нэгэн хүнтэй шатар тоглож буй бололтой. Өвгөн гаансаа нэрэн бодол болон сууна. Хажуудах хүн нь маасайтал инээх нь өөрийгөө хожсон гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Тэдний хажууд залуу эмэгтэй ирж суун хэсэг хараад:
 - Салхи шуурга болох гэж байхад аав та ажигч үгүй наадаад байвал, би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд харагч ингэндээ хоѐр хүүхдээ тэгнээд явчихна шүү!” гэж уцаарлан хэлнэ. Өвгөн хэсэг бодож сууснаа нүдэнд нь гэрэл гийв. Тэд төд удалгүй нэг нүүдэл хийхэд нөгөө хүний царай барайж бүсгүйг ууртайгаар харав. 
Текст: Ухаант бэрийнхээ заасан уран мадаар өвгөн сурмаг гэгч нь нүүжээ. Энэ цагаас хойш уран бэрийн мад гэсэн үг гарсан гэдэг. Энгийн нэг эмэгтэй хоёр өвгөний өмнөө тавьсан шатрын хөлгөн дээрх нүүдлийг бүхэлд нь олж хараад, бодож тунгаагаад, өөрийн дүгнэлтээ хийж, түүнийгээ уран аргаар илэрхийлэн хадам эцгээ хожигдлоос авран гарчээ. Яг үүн шиг эмэгтэйчүүд өрх гэрийн төдийгүй улс орныхоо үйл амьдралыг шатрын хөлгөн дээр байгаа мэт бүхлээр нь харж, бүсгүй хүний уран нарийн ухаанаар шийдвэрлэсэн түүх бидэнд олон бий.

 Дүрс: Нэгэн өргөөний хойморт хатан эх заларсан харагдана.Өргөөнд Ислам, Христ, Буддын шашны хувцастай хүмүүс байна. Тэдний нэг нь хатны өмнөх ширээн дээр өглөг сэлтийг дэлгээд буцаж байрандаа ирэн газар шүргэн мөргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэд ийн хүндэтгэл илэрхийлэхдээ өөр өөрийн шашны ёсоор залбирал үйлдэнэ.
 Өгүүлэгч: 13-р зуунд дэлхийн бүх шашин шүтлэгүүд анхны бөгөөд сүүлийн удаа Монголын тэнгэр дор нэгдсэн байдаг. Аливаа дайн тулаан үүсэх цөөн хэдэн шалтгаан бий. Тэдгээрийг дурьдвал газар нутаг, шашин түшлэг, эд хөрөнгө, эмэгтэйчүүдээс үүдэлтэй байдаг. Дэлхийн түүхэнд томоохон тулаанууд шашны үзэл суртлаас шалтгаалан гарч байсан жишээ олон бий.... Гэхдээ сонин юм шүү. Одоо ч хоорондоо тэмцэлтэй байдаг шашны урсгалууд тэр үед Монголын хөх тэнгэр дор нэгдэн чуулж байсан гэдэг нь... Аливаа зүйл оршин тогтнохын үндэс нь боломж нөхцөл бүрдэх байдаг. Энэ боломж нөхцлийг бүрдүүлэхэд тухайн үеийн хатдын оролцоо их байжээ. 

 Дүрс: Монголын эзэнт гүрний үеийн түүхийг харуулах киноны хэсгээс. 
Текст: Өгөөдэй хаан Хархорум хотыг босгож, газар газраас ирсэн хүмүүст арилжаа наймаа хийх таатай боломж нөхцлийг бүрдүүлж, тухайн үеийн Хархорум 13 –р зууны соёл иргэншил, арилжаа наймааны өлгий болж байсан тэр үед эзэнт гүрний баян тансаг хэт үрэлгэн байдлыг олж харсан Сорхугтани хатан наймаачдын амандаа орсон үнээрээ арилжаа наймаа хийж, дээрээс нь ингэж ирснийхээ шан хөлсөнд арван хувийн шан харамж авдаг байсан тогтолцоог үгүй хийж, хааны санг зузаатгаад, оронд нь арай ядан оршиж байгаа сүм хийдүүдээс авдаг байсан татварыг үгүй болгосон шийдвэр гаргасан байдаг. Шашны сүм хийдүүдээс авдаг байсан татварын хэмжээ үнэн хэрэг дээрээ наймаачдад өгдөг байсан шан харамжаас хамаагүй бага мөнгө байж. Сорхугтани хатны энэ ухаалаг шийдвэрийн ачаар хааны сан хөмрөг арвижаад зогсохгүй шашны сүм хийдүүд хаант төрд төлөх алба татварт санаа зовохгүйгээр буян номын ажлаа хийх боломж нээгдэж, тэдний алийг нь ч биш мөнх тэнгэрийг шүтдэг Монголчуудын нийслэлд нэгэн дээвэр дор санаа амар оршин суух үндэс суурийг тавьсан байдаг. Хожим Өгөөдэй хааныг өөд болсны дараа түүний хатан Дөргөнө засгийг хэргийг явуулж байхдаа эзэнт гүрний мөнгөн зоосыг цутгуулж, түүн дээрээ “Их Монгол улсын ханхүү” хэмээн бичүүлж арилжаанд оруулсан нь бий. Монголчуудын түүхийг сөхвөл айл гэрт, улс оронд эр хүн, эзэн хаан эзгүй цаг хугацааг хэдэн хоногоор бус хэдэн жилээр тоолж болно. Алсад одсон аян дайны чимээг амдан хүлээх эмэгтэйчүүд гэр бүл, улс орноо залж байсан цаг хугацаа хэдэн зуунаар тоологдоно. Эмэгтэйчүүдийг зөвхөн ухаанаар хэмжиж болохгүй юм. Хүч муутай, сул дорой гэгдэж ирсэн эмэгтэйчүүдийн түүхэнд хүчирхэг бүсгүйчүүд ч олон байсан. Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн гүнж Хутулан буюу Хотол цагаан гүнжийг бөх гүнж гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Монгол бөхөөр түүнийг дийлэх хүчтэн ховор байсан тул өөрийг нь унагасан бөхтэй гэрлэнэ гэж зар түгээн бооцоо тавьж, барилдаад ялагдсан бөхчүүдээс мал хөрөнгө авсаар сүүл сүүлдээ Хотол цагааны малын тоо эзэн хааныхтай эн тэнцэхээр их болсон гэдэг. Эрийн гурван наадамд барилдах бөхчүүдийн зодог шуудаг ч мөн нэгэн цагт битүү байсан тухай домог байдаг. Эрчүүдийн наадамд эмэгтэй хүн барилдаж түрүүлээд байхаар энгэрийг нь задгайлсан гэж ч ярьдаг. Хотол цагаан мэт хүчирхэг эмэгтэйчүүд олон байсны жишээ энэ биз ээ. Эмэгтэйчүүдийн хүч чадал хариагүй, бидний дунд одоо ч ийм жишээ байсаар байна. Хорин жилийн өмнөхийг санацгаая. 

Дүрс: Олон хөлхсөн галт тэрэгний буудал. Вагон хөдлөх гэж буйг анхааруулах дохио дуугаран хүмүүс нааш цааш ачаа бараагаа зөөн түргэн түргэн алхана. Өгүүлэгч тэднийг харан зогссон байна. Вагон хөдөлж үдэгсэд гаргаж өгөн гар даллан хоцорно. 
Өгүүлэгч: Энэ замаар Монголын амьдрал хөвөрсөөр хичнээн ч жил өнгөрөв дөө. Одоогоос хорин жилийн өмнө нийгэм задарч бид арчилал хэмээх далайд сэлүүргүй явж орсон тэр үед Монголчууд бид хөдөлдөг бүхэн нь ганзаганд гарч, гахай үүрэн амьдрал хөөн энэ замаар зорчиж, вагон задартал ачаа чихэн явах болсон. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Тэр их ачааны ихэнх нь эмэгтэй хүний турьхан нуруун дээр тогтож байсныг. 
 Дүрс: Галт тэрэгний буудал.
 Текст: Аливаа өөрчлөлтийг эмэгтэйчүүд эхэлж мэдэрдэг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан унаган мэдрэмж байж болох юм. Айл гэрт тохиолдох энгийн жишээ. Амьдралын янз бүрийн цаг үеүдэд, уналт босолтын дунд тухайн амьдрал, өрх бүл сүйддгийн даваан дээр ирж, гэр нь хүйтэн, хүүхдүүд нь хоолгүй зэвхий дааж эхлэхэд энэ өөрчлөлтийг эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ. Нийтлэг жишээ. Өөрчлөлт эрчүүдэд хүндээр тусдаг. Ихэнх нь сэтгэл санааны гутралд орж, зарим нь архинд живдэг. Ерэн оныг санацгаая. Хэд хичнээн сайн сайхан эрчүүд амьдралд нухлагдан, архинд живэв. Хэд хичнээн хүдэр чийрэг эрс энэ өөрчлөлтийг сөрөлгүй унав. Харин эмэгтэйчүүдийн ихэнх нь ингээгүй юм. Тэд нурж байгаа амьдралаа зүгээр хараад сууж чадаагүй, ийм тэнэглэл тэдний цусанд нь байхгүй. Өлсөж байгаа хүүхдүүдээ хооллохын тулд, унаж байгаа амьдралаа босгохын тулд тэд ханцуйгаа шамлан гэрээсээ гарсан. Хийж болох бүхнийг л хийсэн дээ. Өнөөдөр ч зарим гэр бүлд энэ байдал үргэлжилсээр л байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн шилжилт үргэлжилсээр л байгаа. Гэхдээ тэдний зүтгэл ямагт өөрийн төлөө бус бусдын төлөө байсаар ирсэн. Яг л дэлхий ээж үржил шимтэй бүхнээ бидэнд өгдөг шиг. 

Дүрс: Хотын гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Гудамжин дахь хөл хөдөлгөөнийг хурдлуулсан байна. Өгүүлэгч: 90 оноос хойш манайд олон ч компани байгуулагдаж зарим нь өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж үндэсний манлайлагчид болсон бол тэдний нэлээд хэсэг нь дампуурч хаалгаа хаасан. Зөвхөн компаниуд ч биш ард түмний итгэлийг хүлээж мөнгийг хадгалсан олон банк санхүүгийн байгууллагууд дампуурсан. Ард түмэн юу ч үгүй хоцорсон. 
 Текст: Энэ хүнд хэцүүхэн цагт дампуурсан байгууллагаа аврахын тулд хүний аминд хүрч байсан захирал бий. Энэ бол эрэгтэй хүн. Харин тэр компаниудын нэг нь эмэгтэй захиралтай байсан юм. Мөнөөх эмэгтэйн эзэмшдэг үйлчилгээний төв гэнэтийн аюулаас болж галд шатсан. Гэвч тэр бүх хүний хохирлыг төлнө гэж хэлсэн. Хэлсэндээ ч бага багаар хүрсэн. Эндээс ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг харж болно. Нэг нь байгууллагаа дампуурч байгааг мэдээд өөрийгөө сүйрлээ гэдгээ мэдэн хүний амь хөнөөж байхад, нөгөө нь бүхэл бүтэн байшингаа шатаалгасан хохирол амссан хэр нь түүн дотор лангуу эзэмшдэг бүх хүний хохирлыг барагдуулна гэж зүтгээд бусад бизнесээ зарж тэр хүмүүсийг хохиролгүй болгосон. Дараа нь тэр буурин дээр урьд урьдахаас илүү сайхан байшин сүндэрлэн боссон. Мөнөөх л эр зориг тэвчээр хатуужил эмэгтэй хүнээс л гарсан хэрэг. 

 Дүрс: Гадаа нарлаж байгаа өндөр настнууд, эмгэд хоорондоо энэ тэр ярилцан байгаа бололтой, эрчүүд дундаа шатар тавин тойрч зогссон харагдана. Хажуугаар нь хүүхдүүд гүйлдэн тоглож байна. Тэдний хажууханд цэцэрлэгийн модон сандал дээр өгүүлэгч суусан байна. 
Өгүүлэгч: Энэ хөгшчүүд амьдралынхаа төлөө, улс орныхоо төлөө залуу нас, амьдралаа зориулсан хүмүүс. Одоо тэд амарч байна. Энэ насанд хүмүүсийн олонх нь үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө залбирч суудаг. Тэдний хүүхдүүдийн ихэнх нь туурга тусгаарлан өрх гэрээ зассан. Гэвч үүрнээсээ ниссэн шувууд эргэж үүрэндээ хэр олон ирдэг бол. Эрчүүд эмэгтэйчүүд хоёрын ялгаа энд ч мөн харагддаг.
 Текст: Эрчүүд хэзээ нэгэн цагт их мөнгө олж, ижий аавыгаа баярлуулан сайхан байр орон, унаа тэрэг авч өгнө гэсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралаа өнгөрүүлдэг ч тэд ихэнхдээ өөрийн босгосон амьдрал эхнэр хүүхдийнхээ төлөө явсаар нэг мэдэхнээ нас нь хэвийчихсэн байдаг. Харин эмэгтэйчүүд ондоо. Айлын бэр болсон ч аав ээжийгээ эргэж тойрсоор л байдаг. Тэдний хайр халамж өчүүхэн жижиг зүйлээс эхэлдэг. Аяга халуун цайг нь чанаж өгөхөөс эхлээд, атга чихэр хүртэл өвөртлөөд ирнэ. Гэр нь дулаан хөргөгч нь хоолтой, хувцас нь хиртэй, сэтгэл нь гунигтай байна уу үгүй юу гэдгийг хараад л мэднэ. Тэр бүхэнд нь тус дэм болно. Үргэлж дэргэд нь байна. Эмэгтэйчүүдийн энэ байдлыг арай дэлгэрүүлээд харья. УИХ сонгогдсон эмэгтэй гишүүд цөөхөн ч тэдний талаар сонгосон тойргийнхон нь ам сайтай байдаг. Хөдөө орон нутагт хаана л ган зуд болж, малчдын амьдрал ахуй хэцүүдэж, өр зээлэнд баригдаж, өвс тэжээлгүй болж, мал хуйгаа алдахад хүрэхэд мөнөөх цөөн хэдэн эмэгтэй гишүүд л тэдний дунд торойгоод зогсож байдаг. Үнэндээ тэдний эрх мэдэл нь бага ч зүрх сэтгэл нь их байдаг. 

 Дүрс: Ширээн дээр цүнх байна. Өгүүлэгч цүнхийг онгойлгоход дотор нь дүүрэн мөнгө харагдана. Цүнхийг хаана. 
 Өгүүлэгч: Эмэгтэй хүний туяхан нуруун дээр өрх гэрийн төдийгүй, улс орны амьдрал явж ирсэн тухай бид өгүүллээ. Томоохон шийдвэрүүдийг цаг ямагт эрчүүд гаргасаар ирсэн байдгийг бид орхиж болохгүй. Эрчүүдийн гаргасан шийдвэр алсуураа зөв зүйтэй байдагтай ч маргах гэсэнгүй. Цаашлаад эрчүүдийг үгүйсгэх гэсэнгүй. Өнөөдөр Монголын нийгэмд яригдаж байгаа томоохон мөнгөний тоо эрчүүдийн дунд л яригддаг. Ухаантай нь бусдын төлөө ярьдаг бол ухаангүй зарим нь өөрийн төлөө ярьдаг. Харамсалтай нь өөрийнхөө төлөө ярьдаг хүмүүс маш олон болж. Эмэгтэйчүүд яагаад ч юм тэндээс хол байдаг. Улс төрийнхний дунд яригдах болсон авилгал хээл хахуулаас эмэгтэй хүн ямагт хол байсаар ирсэн... Яагаад...Яагаад гэвэл тэдний цээжинд эх хүний зүрх цохилж байдаг юм. Тэд өөрийнхөө төлөө хэзээ ч том мөнгө ярьдаггүй юм. Харин яривал бусдын төлөө байдаг.
 Текст: Өнөөдөр Монголын ихэнх амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр явж байна гэж хэлж ярьж байгаа хэдий ч шийдвэр гаргах бүхий л түвшинд эрэгтэйчүүд ажиллаж байна. Алдаа оноо аль алинд нь бий. Үүнийг шүүн тунгаах гэсэнгүй. Харин бидний мэдэх цөөн хэдэн бүсгүйчүүд тэдний дунд өдрийн од шиг харагдахтай үгүйтэй байдаг. Үнэндээ тэд дэндүү цөөхөн учир үг нь үг болж биеллээ олох нь ховор байдаг нь харамсалтай. Өнөөдөр бид төрүүлсэн эхээсээ эхлээд дэлхий ээжийгээ хүртэл магтан дуулдаг. Энэ бол эх үр хоёрын, хүн байгаль хоёрын хайр юм. Эх хүний хайрыг юугаар ч орлуулашгүй гэж бас ярьдаг. Яг одоо улс оронд маань ч эхийн сэтгэл дутаж байна. Эх хүн, эх орон, эх дэлхийгээ хайрлах хайр эхийн сэтгэлээс ундран гардаг. Өрх гэрт байдаг шиг эхийн сэтгэл улс оронд хэрвээ байдаг бол. Тийм ээ Монголын нийгэмд эхийн сэтгэл дутаж байна. Монгол улсын иргэн бүрт дөрвөн жилд нэг удаа эх орныхоо эзэн гэдгээ мэдрэх нэгэн боломж, сонголт нээгддэг. Харин бид хэнийг сонгодог вэ. Улс төрд эрчүүд олон байдаг. Тэдний юуг нь харж сонгох ёстой вэ. Үнэндээ сайхан ярьж байгаагаар нь уу, аль эсвэл үнэн худал нь мэдэгдэхгүй амлалт өгч байгаагаар нь уу. Бид энэ сонголтонд гэнэхнээр хандсаар иржээ. Тэднээс зүгээр л эхийн сэтгэл шиг ундрах, эх оронч сэтгэлийг л харж сонгох хэрэгтэй болов уу. Эхийгээ хайрладаг хүн, гэр бүлээ хайрладаг хүн эх орноо чин сэтгэлээсээ хайрлана. Гэвч тэд эхнэрээ хүртэл өмссөн хувцас шигээ сольсоор байдаг нь харамсалтай.

 Дүрс: Цэцэрлэгийн хүүхдүүд тоглож байна. Эрэгтэй эмэгтэйгээрээ тус тусдаа тоглож байсан хүүхдүүд одоо хамт тоглоно. Тэд айл гэр болж, эв найртай наадах ажээ. Өгүүлэгч тэднийг баяртайгаар харж зогсоно. 
 Өгүүлэгч: Энэ хүүхдүүд Монголын ирээдүй. Бидний хайр энхрийллээр, бидний сургааль хүмүүжлээр эх орныхоо ирээдүйг авч явна. Айл гэрт үр хүүхдүүд нь хэрхэн өсөх нь эх хүнтэй холбоотой байдаг шиг, улс орны ирээдүй хэрхэн бүрдэх нь эхийн сэтгэлээс хамааралтай. Монголын ирээдүйд ч эхийн хайр халамж, сэтгэл үгүйлэгдэж байна
Текст: Хэрвээ Улс оронд маань эхийн сэтгэл байсан бол өнөөдөр Монголын баялаг гадагшаа урсахгүйсэн, Хэрвээ эх оронд минь эхийн сэтгэл байсан бол газар шороо минь талхлагдахгүйсэн. Хэрвээ улс оронд минь эхийн сэтгэл байсан бол бид айх айдасгүй алхахсан. Амар тайван амьдрахсан. Их эзэн Чингис хаанаас эхлээд Монголын үе үеийн их бага хаад, эзэн удирдагчид саяхныг хүртэл эмэгтэй хүний үгийг сонсож хаан төрийн хатан ухааны үнэнийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Харин өнөөдөр усгүйгээр ургах гэж тэмүүлэх цэцэг шиг хагдрах аюул, ундаалах хураа асгахгүй гэж нүүгэлтэх үүлтэй тэнгэр мэт бараантах ирээдүй бидний дээрээс тонгойж байна. 

 Дүрс: Тэнгэр нүүгэлтэн харлаж хэзээ хэзээгүй бороо асгарах гэж буй мэт дүр зураг. Өгүүлэгч мөнөөх талын дунд зогсож байна. 
Өгүүлэгч: Эцэг тэнгэр, эх газар. Энэ хоёр зэрэгцэн оршиж байж дунд нь амьдрал үргэлжилдэг. Тэнгэр үгүй бол бид агаарт жингүйдэж, газар үгүй бол цөмрөн унана. Үргэлж бие биеэ харсаар оршсон энэ хоёр хүчийг холбодог цорын ганц зүйл бол ус юм. Тэнгэрийн үүлс усаа буулгаж газар дэлхийг тэтгээд, гол мөрөн усаа ууршуулж тэнгэрт дэгдээдэг. Энэ хэдий байгалийн үзэгдэл ч хүний амьдрал ч яг адилхан. Эр эм хоёр бие махбодиороо нэгдэж хүн төрөлхтний түүх үргэлжилдэг бол эр эм хүмүүс ухаанаараа нэгдэж хамгийн чухал зүйлээ бүтээдэг. Ингэж нэгдэж байж айл гэр төдийгүй улс орон хүчирхэг болдог жамтай. Бидний түүх, бидний өвөг дээдсийн түүх, бидний буурал дэлхийн түүх тийм билээ.



Sunday, April 22, 2012

“Гэрэлтэй цонх”-ийнх гэдгээр нь олон түмэн мэддэг болсон сэтгүүлч Б.Сарантуяа роман бичиж, номонд дуртай монголчуудынхаа оюуныг мялааж байна. Номынх нь хурим болсонтой холбогдуулж түүнтэй ярилцсан юм. Тэрбээр өөрийгөө зохиогч хэмээн тодотгож буй нь даруу агаад дахиад хэд хэдэн роман бичихээрээ зохиолч болно хэмээн хэтийн зорилго өмнөө тавьсан мэт санагдсан. УБИС-ийн Утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн, яруу найргаар бол нэлээд хэдэн бүтээлтэй тэрбээр “Сорхугтани” анхны романаа хэрхэн бичсэн талаар нь сонирхлоо.

-Зохиолын гол үзэл санаа юу вэ?
-Баярлалаа эхлээд агуулгыг нь товч ярья. XIII зуунд Чингис хаан тал нутгийн монголчуудыг нэгтгэж, Их Монгол Улсыг байгуулан, Монголын бүх овог аймаг их хааны сүр хүчин дор нэгдэж байсан. Тэр цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийнхөө хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар роман эхэлнэ. Гоо үзэсгэлэн төгс хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг мөн Чингис хаан өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийнх нь урвалтыг уучилсан Чингис хаан Сорхугтаний аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилдэг.
Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас 100 жил, Монголын нууц товчоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбож харуулсан юм. Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн хатад, тэдний гаймшигт түүхийг өгүүлэхийг зорисон. Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг өгүүлсэн.
Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуу­лан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас IV Далай лам, анхдугаар Богд Занабазар нар төрсөн түүхтэй. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан. Одоогоос ердөө 300 жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм гэдэг шийдвэрийг гаргаж байсан бол, Сорхугтани хатан 800 жилийн өмнө Бухарад дэлхийн анхны сургуулийг бариулж, “Хатны сургууль” хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байгаа. “Сорхугтани” романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлэх болно. Тус романыг “New Мind” компанийн захирал, хатагтай Г.Идэрмаа ивээн тэтгэж хэвлүүлж өгсөнд би маш их талархаж байгаа.

-Романаа бичих санаагаа яаж олсон бэ. Чухам яагаад хатны тухай сэдэв сонгов?
-Би XXI зуунд амьдарч байгаа шинэ зууны иргэн. Өөрөөр хэлвэл миний хамгийн сайн мэдэх зүйл бол одоо цаг. Өнөөдөр монгол хүн сайхан амьдрахыг хүсч байна. Улс орон минь амгалан байж, айх аюулгүй, дутах зүйлгүй тайван амьдрахсан гэж хүсдэг. Ингэж хүсэх бүртээ эх зах нь олдохгүй байгаа энэ улс оронд ид шид амилах мэт Чингис хаанаа дахин гарч ирэхийг хүмүүс үгүйлж байна. Тэр дахин төрөөсэй. Үгүйдээ түүн шиг нэг хүн гарч ирээд энэ улс орныг залаасай. Болохоо болиод байгаа энэ нийгмийн амьдралыг өөрчлөөсэй гэж хүсч байна.

-Таныхаар Чингис хаан гэж хэн байсан бэ?
-Түүний тухай өгүүлэх гадна дотны олон эх сурвалж, ном зохиол бий. Тэдний дундаас шүүрдэн их хааны оюун санааг хэрхэн өнөөгийн хүмүүсийн өмнө ил гаргах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Түүний оюун санааг ил гаргаснаар их түүхээсээ суралцаж болно гэж бодсон. Би эмэгтэй хүн. Тиймээс эр хүний өмнөөс бодох, сэтгэхэд амаргүй. Мөн хүний эцэг болж үзээгүй учир энэ жаргал хийгээд зовлонг мэдэхгүй. Харин тэр цагт зэвсэг барин дайтаагүй ч, их хаадын амсхийх чөлөөнд засгийг удирдаж байсан, тухайн үеийн дэлхий ертөнцөд оюун санааны дайн явуулж байсан ухаант хатдыг сонирхон судалсан. “Монголын нууц товчоо” зохиолын үндсэн суурь болсон эвлэн нэгдэхийн тухай өгүүлэх таван сумны сургаалыг хайрласан Алунгуа эхээс эхлээд Өэлүн эх, Бөртэ, Хулан хатнаар үргэлжлэх олон сайхан эмэгтэйн түүхийг сөхсөн. Харин энэ хатдын дундаас надад Сорхугтани хатны түүх хамгийн их таалагдсан тул цааш судалж эхэлсэн юм. Судлах тусам сонирхолтой санагдаж, бүдэг бадаг мэдээллүүдийг цааш хөвөрдөх, ургуулан бодох, хоорондоо зөрүүтэй эх сурвалжуудыг тайлах гэж тэмүүлэх нь амттай болж эхэлсэн. Эндээс л энэ роман төрөх эхлэл тавигдсан даа.

-Хэдий хэр хугацаанд судалж, ямар хугацаанд бичив дээ?
-Судлахад нэг их хугацаа зарцуулаагүй ээ. Гэхдээ бага хугацаанд асар олон ном уншсан. Нимгэн, зузаан хорь гаруй ном уншсан. Заримыг нь бүтнээр нь заримыг нь өөрт хэрэгтэй гэсэн хэсгээ түүвэрлэж уншсан. Эндээс хатныхаа тухай ерөнхий ойлголтыг гаргаж аваад түүхэн цаг хугацаануудад тулгуурлан үйл явдлыг зохиомжилсон. Цаг хугацааны хувьд Сорхугтани хатан Чингис хааны бэр болж байгаагаас эхлээд түүний насан эцэс болж байгаа хүртэлх 50 гаруй жилийн хугацаа багтаж байсан тул эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын хагас 100 жилийг өгүүлэх хэрэгтэй болсон. Шинэ шинэ баатрууд нэмэгдэн гарч ирэх бүрийд тухайн хүний түүхийг дахин судлах гээд их ажил байсан. Бичихэд дөрөв, засахад хоёр сар зарцуулсан даа. Мөн холын хүнээс үг сонс гэдгийг санаж “Тасам” буюу “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын тэргүүн Санчирыг зөвлөхөөр авсан.

-“Сорхугтани” бусад романаас онцлог болж чадсан уу. Сонирхолтой санагдаад байна?
-Өнөөдөр бид цаг хугацаа хэмээх хэнийг ч хүлээхгүй асар их хурдтай уралдаж явна. Хүмүүс ном унших дуртай байгаа хэдий ч хэт урт, нуршсан, үйл явдал, хэрхэх нь тодорхойгүй, сунжирсан ном зохиол уншихаас цааргалах болж. Уншигчдын шаардлага зохиолчдоос товч, тодорхой, ойлгомжтой, үйл явдал нь сонирхол татахуйц, цаашлаад дараа нь яах бол гэсэн хүлээлт үүсгэх, уншихад амар хялбар байх гэх зэрэг шаардлагыг хүсдэг болжээ. Би энэ зохиолоо уншигчдад зориулж байгаа учраас тэдний шаардла­гыг харгалзан үзэх учиртай. Тиймээс энэ бүхнийг бодолцсон. Миний номыг нэг барьсан хүн хэрхэн дараа уншина гэж хойш тавихгүйгээр үргэлжлүүлэн уншиж дуусгах вэ. Хэрхвэл тэднийг эцсийн мөч хүртэл дагуулж чадах вэ, хэрхэн нуршихгүй хэр нь 400 гаруй хуудас роман болгох вэ гэдгийг бодож бичсэн. Мэдээж утга зохиолын онолоос гажихгүйгээр шүү дээ. Харин ном гарсны дараа миний эргэн тойрны хүмүүс дээд тал нь хоёр өдрийн дотор уншаад дуусгачихлаа гэж хэлж байгааг сонслоо. Ямартаа ч тэдний шаардлагад нийцсэн бололтой.

-Та телевизийн сэтгүүлч. Роман бичнэ гэдэг цаг зав барсан ажил байдаг. Ажлаа зохицуулах гээд асуудал их байсан байх даа…
-Телевизэд цаг нартай уралдаж ажилладаг. Миний хувьд энэ урлагт олон жил зүтгэж явна. Харин үндсэн мэргэжил минь зохиолч, утга зохиол судлаач. Өнөөдөр телевизүүд борооны дараах мөөг шиг олноор бий болж үзэгчдэд олон талын мэдээлэл хүргэж, энэ урлагт олон хүн хүчин зүтгэж байна. Харин цөөн хэдэн хүний нуруун дээр яваа утга зохиолын ертөнц, уншигч олон сайн зохиол, сайн зохиолчийг хүлээж байна. Унших хүн дэндүү олон, харин унших ном ховор байна. Цөөн хэдэн зохиолч хүрэлцэхгүй байна. Тиймээс өөрийн үүргийг ухамсарлаж үндсэн мэргэжлийн ажлаа хийхээр шийдсэн хэрэг. Хөтөлгөө морьтой явах нь буруу юу байх билээ. Телевиз бол залуу насны ажил гэж би боддог. Зүс царай минь гундаж, залуу нас минь барагдаж эфирийн шаардлага хангахгүй болох хүртлээ энэ ажлаа хийх болно. Харин зохиолчийн мэргэжил хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Толгой сэтгэж, гар хөдөлж байсан цагт хийсээр л байх болно. Энэ бол бахархалтай хөдөлмөр.

Өнөөдөр сонин

Sunday, March 25, 2012


Сорхугтани хатны түүхэн амьдралаас сэдэвлэн Сорхугтани романыг чадан ядан бичиглэж дууслаа. Бидний алхан буй газрын хөрсөн дээр биднээс өмнө ямархан түүх өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэн бахдам гавьяа байгуулж явсныг өнөөгийн хүмүүс бид үргэлжлүүлж эс чадлаа ч, мартах учиргүйн тул энэхүү романыг бичиглэж, их түүхийнхээ өлмийд өргөн барив. Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбоотой эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүд болох, Их Эзэн Чингис хааны үеэс хойш Мөнх хаан хүртэлх хагас зуун жилийн үйл явдлыг дэлгэн харуулаа. Монголын нууц товчооноос хойших түүхийн балархай эх сурвалжууд хэрхэн эвлэж, уран зохиолын хэлнээ буусныг уншигч авхай та сонирхоорой.

;;