Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Цээжиндээ би чамайг урласан
Цэнгэлт үдшээр түүнийг минь тэмтэрч
чи эхэлсэн
Хэрхэн мартахын тухай бодлууд
Хичнээн ойроос төөнөн байхад
Төөрмөөр л байсан, төгөл ой
Түймэрт саяхан шатсан балгасруу
Бодолдоо би чамайг урласан
Бороо байгаагүй цасан ганц хоёрхон
Цавцайх шөнийн гудамжаар алхсан
Алхмаар л байсан
Аниргүйд бид бие биенээ сонсож байсан
Зурах тусам ахуйгаас холдох
Зураачын нүд надад ирсэн
Урлан минь уран сэтгэмж минь
Угтаа чамаас өөр байсан
Харах тусам улам хүсэх
Хайртаны нүд надад ирсэн
Хүсэх тусам чамаас тасрах
Хүрэхгүй… хүрэхгүй гэхгүй ….
Солиотон гэж миний тухай бод
Сонссон чинь үнэн чихэндээ итгэж сур
Яг л хүсэл цээжинд амилах цагаар
Яаран чи түүнийг нээсэн бол
Яахав дээ
Намтарын хуудасыг нэгээр нэмэх
Навч үгүй,цэцэг үгүй
Намрын ой шиг найгах л байсан…
Labels: Сансрын салхины шүлэгүүд