Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Хилийн дээсний ширхэг чулуунаас Их жанжин сүхбаатарын талбай хүртэл эх орон үргэлжилдэг хэмээн яруу найрагч П Бадарч нэгэнтээ хэлсэн байдаг. Эх орон гэдэг энэ үг Монгол хүн бүрийн зүрхэн хийгээд цээжинд хамгийн нандин цэгт нь оршин байдаг болов уу. Эх орны салшгүй нэгэн баталгаа нь тусгаар тогтнол билээ. Түүгээр дамжин ирсэн эрх чөлөө эх орны газар шороо элгэн дээд нь хүн болсон заяа өнөөгийн хийгээд хожимын хүмүүсийн амь амьдралын баталгаа юугаар ч солишгүй өмч хөрөнгө гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй бизээ.
Түүхийг хэн хэрхэн бүтээдэг. Тийн бүхээхэд ямархан их хөлс цус, халуун амь үрэгддэгийг өнөөгийн хүмүүс зөвхөн баримтат болон уран сайхны киноноос харж байдаг ч ойлгон хүндэтгэх нь ховор... Өвөг дээдсийн халуун амь бүлээн цус үр хойч бидний төлөө байж эх орон газар шороогоо гэсэн цустай цөстэй хожмын үрсийн хээ төлөө их үйлсийг бүтээж их амийг гарзадаж явна гэж бодож тэмцэж явсан биз ээ. Өнөөдөр баярын өдөр. Монгол хүн бүхний магнай тэнийн баярлах эх оронтойгийн бахархал болсон өдөр. Бидний дунд сараас сард баяр үргэлжилсээр байдгийн адилаар энэ өдөр өнгөрдөг ч ядаж ганцхан энэ өдөр л ганцхан эх орноо гэсэн сэтгэлээр жигүүрлэгддэг гэвэл худлаа. Энэ өдөр ч бид эх орон эргэх дөрвөн цагт хөрс нь солигдох эх монголынхоо эцэг өвгийнхөө бидэнд авч ирсэн халуун амь бүлээн цусны үнэрийг чинхүү сэтгэлээсээ мэдэрч чаддаггүй билээ. Тэгэхээр эх орон минь таны тухай их түүхийн буурал жимээр эцэг өвгийн ур ухаанаар хүлэг баатар эрсийн халуун амиар эх орон бидэнд ирж элгэн дээр нь эрхэлж байгаа бид хэзээ хэдийд эх орноо чин зүрхнээсээ хайрлах бодох билээ гэж бодогдоно.
.Газрын хаана ч явсан би монгол хүн гэж цээж дэлдэн омогших эх оронч үрс нь эцэг өвгөдийнхөө олгож өгсөн энэ эрх чөлөө, эх орон ямар үнэ цэнээр бидэнд ирж, ямархан энэрэл хайрыг биднээс хүсэн байгааг мэддэг болов уу.
Яг өнөөдөр. Эх орны өдөр халаглан бас шүүмжлэн суух нь утгагүй мэт авч өнөөдөр л биш бол хэзээ гэж....
Эргэн тойрноо зүгээр л нэг харья. харийн хүн даган эмс охид нь одож Гудамжаар эрлийз хүүхдүүд тоглож, Монголд амьдрах утгагүй байна. Хэрхэн гадаадад гарч амьрах вэ гэсэн яриа улаанбаатрын гудамжаар тэнүүчилж байна. Хаана л аятайхан дэлгүүр хоршоо үзвэр үйлчилгээ хоол унд байна. тэр бүхний ард ямар нэгэн гадны хүн эзэн болоод Монгол хүний биднийгээ зарцлан сууж байна. Тэд баяжиж байхад бид гадаадад хэрхэн гарч сайхан амьдрах талаар эрэгцүүлэн лааз өшиглөж явна. Эх орны үрс нь анхиагаа алдаж эндээ ч гадаадад ч боолын хөдөлмөр эрхэлж байна. энд хэн буруутай вэ.тэд л лав биш. Эх орныхоо газар шороог хаяанаас нь биш зүрхнээс нь гадныханд алдчихаад эрхтэн дархтууд юугаан хийгээд цээжээ дэлдэж явна...энэ үгэнд эмзэглэн суугаа эрхэм та эрх мэдэлтэн нэгэн бол эрэгцүүлэн нэг бодоод үзээрэй. Энэ үгэнд талархан суугаа эрхэм та эрх мэдэлтэй бол эрхгүй танд баяр хүргэе.
Уух ус мааны барагдаж байна. Амьсгалах агаар маань бохирдож байна. Идэх хоол маань хордож байна. Эрүүл нийгэм дутагдаж байна. Түрийвчээ зузаалах хүсэлтэй эрх мэтэлтэнүүд эх орны хоймроор заларч байна. Энэ залмуулин дээрээс хүн өөрийн гэх бүхнээ өрөөл бусдаас авсан бүхнээ ч аваад буцаж болдоггүй юм гэнэ лээ. Үр ачдаа үлдээнэ гэнэ. Хэрэггүй болсон мөнгө хөрөнгө өнөөгийн бидний үнэтэй гэж бодож сэтгэж байгаа бүхэн уух усыг орлож, амьсгалах агаарыг бэлэглэж, гишгэх газрыг хүний эрх, эрх чөлөөг бидэнд авч ирэх үү.
Эх орон гомдож байна. Эрхис тэнгэр хилэгнэж байна. Өвөл цаг хэдийнэ ирсэн ч бид цасны өнгө харсангүй, эргэх дөрвөн цаг ээлжлэх монгол оронд улирал нь хүртэл солигдож утгаа алдаж байна. Энэ өдөр л хагас ч болов нойрноосоо сэрэхгүй бол гүн нойронд автан ирээдүйтэйгээ хамт хордох гээд байна. Эх орон гомдож байна. Харин бид өнөөдөр баярлаж байна.
Labels: Нийтлэл