Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Чамд би үнэн дурлаж
үзэн ядаж
үгүйлэн хайнам
Чамд би итгэн биширч
илчилж нууж
инээд нулимс адилхан
урснам
Чамд би гол мөрөн шиг захидал
илгээж
Гоо бүсгүйн бардам харцаар
Голын тэртээг ширтэн
зогсном
Чамд би сул асгарсан гэзэг шигээ
сул хархан гуниг илгээнэм
Чамд би үнсэлт шиг үнэтэй инээмсэглэл
үзэн ядалт шиг харц илгээнэм
Чамд би зуу зуун жилийн хүлээлт
зуун зууны гоо охидын харц илгээнэм
Чамайг би зуу зуун жилээр хүлээе
Үнэн гэвч залуу насан адил
Үзэгдэхгүй хаашаа ч юм бэ одоход
Чамд би …Харамсан гуниж
Хагацан уйлж
Холдон тайтгарнам
Labels: Сансрын салхины шүлэгүүд