Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Тэсгим уйт хүнд өдрүүдийн ард
Тэр минь надад хайртай гэж хэллээ
Хүлээж байсан үг билээ энэ
Хөшжээ,хөшөө чулуун адил
Нэгэн цагт амьдарч дурлаж явсан нэгний
Нэр зүстэй,хөшөө чулуун адил хөшжээ би
Тэнгэрт хурдлах үүлэн чи
Дэргэд хоргоох салхин чи
Тэвдүү сандаруу хүслэн чи сонсов уу
Тэр минь надад хайртай гэж хэллээ
Мөрөөдлийн мөсөн зөрөг дээрээс
Магад урд нь диваажингын цэцэрлэг тэндээс
Нэг л сонин таатай атал гунигтай
Надад яасан их хүслэн байсан үг вэ
Урдаас ширтэх нэгний төлөө
Уушиг зүрхээ баржээ би
Хариу хүлээх түүний төлөө
Хүслэн түүнээ гээжээ би
Яасан яруу сонсогдоно вэ гэвч
Яг л диваажингийн цэцэрлэгт сая сэрэх мэт
Labels: Сансрын салхины шүлэгүүд