Saturday, October 24, 2009

Эх орон

-Эх орон гэж юу вэ?

Энэ үгийгбага байхаас минь л багш нар надаас асуудаг тэгээд өсөж том болсон хойноо ч өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм тэр минь энэ минь юм аа, түүнийг л үүнийг л “Эх орон” гэдэг юм аа гээд хариулчихаж боломгүй мэт. Уг нь хоёрхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэг дор агуулж байдаг болоод ч тэр юм уу?

Харин би одоо энэ үгэнд багшдаа биш бас өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна. Их л удаан хугацаанд хариулж чадаагүй цугларсан, эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр, таны баярын өдрөөр таны ард түмэнд хүн зонд хүргэж байна.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах нүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж хайр, энхрийлэл, өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.

Хөдөө хээрийн замд хааяахан явахдаа аялан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөх тэнгэр, хөрс шорооны, эх орон минь таны тухай дуу байлаа. Хөг орон эгшиглэх энэ л аялгуу бүхэн эх орон таны халуун элгэнээс унасан, таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг.

Эх орон та ижий, эгшиглэх аялгуу билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна. Наран, саран, цэцэг, навч, жилийн дөрвөн улирал тэгээд миний өсч торнисон өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд, эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямар олон юм бэ? Эх орон та эгэл амьдрал минь билээ. Ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ. Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна. Эх орон таны зөрөг замаар алхан хөлд орсон. Тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж, амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж, тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор...

Би олон зүйлийг эх орон таны эх орон таны элбэрэл гэж боддог. Өөрийг минь хайрлаж буй сэтгэл бүхэн танаас ундарч бусдаар дамждаг. Өрөөлийг хайрлах хайр минь хүртэл танаас л ургаж бусдад хүрдэг. Өргөстэй буттай харгуй чинь дардан сайхан байдаггүй ч өвдөлт нь хурууны үзүүр хорсгодог ч үүнийг би эх орон таны надад илгээсэн хамгийн хатуу шийтгэл, үүнээс өөрөөр өвтгөж намайг зүрхлэгхгүй гэдэгт итгэдэг. Зам бүхэн чинь шулуун байсангүй ээ эх орон минь. Гэвч би таны илчит наранд төөрсөнгүй. Мөрөөдөл бүхэн мин биелэж байсангүй ээ эх орон минь гэвчиг би таны халуун элгэнд ядарсангүй. Эх орон та энх амьдралын минь өмнө тольдох харгуй, энэ л амьдралдаа бичиж дуусгах замын тэмдэглэлийн минь хөтөч билээ. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би хайр дурлалыг хавар намартай нь бичмээр байна. Гандмал намрын талд шаргалхан навчис унаж байсан шиг ганцхан тэр л навч гунигийн найрал хөгжимөөс илүүтэй сэтгэл гэгэлзүүлж байсан шиг тэр навч урган цэцэглэж байсан тэгээд намрын эрхээр хагдарсана. Эх орон таны шаргалхан навчис энэ л амьдралын минь хуудсан завсар ч бий.

Эх орон минь та уншиж дуусаагүй уншиж дуусгах ном минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны хүдэр эрс, хайрт хөвгүүдийн чинь тухай бичиж байна. Үе зуун минь соёл эргэншилдээ бялхаж, үзэж харах минь дэндүү олон болсон ч өнөөгийн эр хүний мөс алга босон ч мөрөн дээр нь амьдрал гээч нь тогтохоо больсон ч гэлээ таны эр зоригийн илрэл, эгэл бүсгүй миний энэ амьдралын бахархал билээ. Таны элгэн дахь хөвгүүд үеийн үед өсөн торниж ижий аавдаа элбэрэл ачийг нь хариулдаг шиг эх орон таныгаа мөнх тэнгэр газар шороо хилийн дээстэй нь хайрлан харамлан зогсдог билээ тэд. Эр хүн гэдэг таны элгэнд асаж ургасан энх тогтнохын үндэс үр нь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би алдрай жаахан үрс амь амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна.

Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа ч хайр энхрийлэл төрүүлсэн алдрай бяцхан тэдний тухай, амь амьдралын алтан утас хүүхдийн тухай бичиж байна. Зоргоор хөврөх энэ л амьдралын гэгээн аялгуу....Өө би тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч өнө мөнхөд ч амь амьдрал минь урсана биш үү?

Хүн гэдэг орчлонд ирж... үргэлжлэлээ үлдээж,үүрдийн аялгуунд уусдгийн адилаар бидний үргэлжлэл хүүхдийн тухай, тэгээд эх орон таны нөмөрт таны наран дор өсөн байгаа алдай тэдний тухай, ай зөөлөн аялгуу, гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай эх орон таньдаа өгүүлж байна. Илгээх салхи тань намуун байг, орох бороо таны зөөлөн байг, будрах цасан тань, улих шуурган тань тэднийг битгий дааруулаасай.

Эх орон та ирээдүйн үүд ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмын тухай ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичмээр байна. Энэ амьдралдаа олсон урт ч бай богино ч бай миний цаг хугацаа, түүний хаана дуусах нь мэдэгдэхгүй мөнхийн эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногийн орчилд надад тунаж үлдсэн найзууд минь намайг гэх тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон минь та надад энэ амьдралын минь жаргал зовлонг аилхан үүрэх нөхдийг минь заяасан билээ.

Эх орон та андын журам үнэнч нөхөрлөл, амьдралын уртад үлдэх Монгол зан минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би таны төрлөх хэл, таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлийг тань бичмээр байна.

Ээж аав минь, эх орон минь, энхрий хайрт минь, алаг үр минь, амьдрал туршийн диваажин Монгол минь...эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм.

Энэ л хэлээр би орчлонг таньж, энэ л хэлээр би хүн зоныг угтаж, хүн зоныг үдэж, энэ л хэлээр би гунигаа, баяраа, хайраа, гомдолоо, асгарч байгаа хур шиг түүнээс ч хурднаар, аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэхрийлж даанч нэг сурсан даа. Эх орон таны хэл, эх сайхан Монгол хэл минь ямар ч дундрашгүй, яагаад ч бусдын хэлээр орлуулашгүй билээ.

Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын эгшиглэх дуу эх дэлхийг харах цонх минь билээ.

Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий, Монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна. Надад... миний амьдралд бусдын өмнө гайхуулах ганцхан зүйл бол эх орон та, таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ. Эх орон та энгүй уудам, энэ л зүрхнээсээ эгшиглээд ч хүрэмгүй, бодлоороо ч тууламгүй агуу билээ. Энэ газар шороо, элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий амь амьдралаас минь саламгүй амьсгалах агааар минь эх орон минь.

Шинэ зууны аясыг дагаад эх орноо бусадтай хуваая гэвэл би өгөхгүй, Шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй, шинэ эриний эмэгтэйн адил амьдрал туршийнхаа ханийг хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй. Эх орон та энэ амьдралын минь цохилох зүрхний лугшилт билээ.

Эх орон таны зам жимээр, эх орон таны хавар зунаар, эх орон таны идэр эрсээр, эх орон таны бяцхан үрсээр, эх орон таны энэ л Монгол хэлээр, эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амьдралын минь аргамжаа, үл үзэгдэх алтан утас, үүрд наддаа өлгий минь байх, үүрд тандаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм, худалдаж сольж, алгаа урвуулах шиг алга болгож болохгүй амьдрал минь амьсгалах агаар минь та юм.

Эх орон гэж юу вэ? Энэ асуултыг одоо надаас асуу. Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу, уртын дууны хөгөнд эх Монгол хэлээрээ би хариулъя. Эх орон та хариаулж дуусамгүй асуултын үргэлжлэл билээ. Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ. Эх орон та хайртай аав минь билээ. Эх орон та халуун энгэртээ намайг дулаацуулдаг хань минь билээ, Эх орон та унаад босохдоо уйлахгүй гэж өндийсөн зориг минь билээ.Эх орон та энгэрт минь асах үрс минь билээ, Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ. Эх орон та үргэлжид зүрхэнд минь асах гал минь билээ.

0 Comments:

Post a Comment