Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Ай хүсэл чи
Андыг минь булаах уу…
Аяны хүн хүрмээ тайлан тайвшрал эрэх шиг
Анд чинь байя гэсийм… тэр ердөө л сонсооч гэсийм
Хэцлэн нисэлдэх дурсамжууд нь дэргэд амилах цагаар
Хичнээн их яриа дэлгээ вэ…
Өөөдөөс минь урьдын адил эгцлэн хараад
Өөрийн минь тухай ярьж эхэлхэд нь л харин
Хачин сонин нэг л алмайран гэгэлзэм
Хашгарч нүүрээ дарам
Хүлээ…хүсэл чи сонс…
Хэрэн тэнэх газар бүрт нь
Хэн нь ч түүнийг над шиг сонсоогүй болхоор
Явах дургүй нэгэн аянчны түүх
Яг ингэж эхэлсэн юм аа…
Уйдах дургүй хүсэл чи сонс
Уйтгараас нүдээ нууж сураагүйг минь сана…
Уйлах тэр л нулимсаар зүрхийг минь бүү ундаал
Өөрийг нь сонсоход баярлах
Өвдөгөө дэрлүүлэхэд минь тайвшрах
Тодруулж хэлбэл зүрхнээс ангид
Толгой эргэм түүний тухай бүү бодуул
Магад хүсэл чи дэргэд ирж
Мартахын утасыг чангаах цагаар
Ай хүсэл чи…
Андыг минь авч одсон байнам …
Labels: Сансрын салхины шүлэгүүд