Saturday, October 24, 2009

Ижий гэдэг бурхад

Хүний амьдрал богинхон мэт авч хичнээн урт вэ. Өглөө бүрийн алтан нарыг тосоход хүнд хангалттай хичнээн урт хугацаа сар өдөр байна вэ. Гээд бодхоор амьдрал дэндүү урт мэт авч эргэх амьдралын олон олон хонгуудад бид эргэн тойрноо, дотно бүхнээ хайраар, сэтгэлээр, амар амгалангаар баярлуулж нэг л чаддаг болов уу?. .Энэ орчлон дээр хүн болж бүрэлдэн тогтох тэр л мөчөөс дандаа хамт байдаг ээжий гэдэг бурхний тухай ярьж байна. Бурхан энэ ертөнцөд амьдрал бэлгэлдэг шиг, ээжий үр наддаа амьдрал бэлэглэсэн ачтан билээ л....Ээжийгээ бид хайрлаж чаддаг болов уу?

Намайг жаахан байхад залуухан байсан ижий нэг л өдөр буурал сууж санчиганд нь хяруу унасан байх юм. Намайг жаахан байхад сайхан байсан ижий нэг өглөө харахад он жилүүдийн нугалаас магнайд нь сууж урт өдрүүдийн тоос харцанд нь буусан байх юм. Гэнэт ухаан орох шиг ээжээ би чинь таньдаа хайртай шүү гээд хэлчихмээр.... Гэлээ ч хайртай ганцхан ижийгээсээ үгээ харамлаад ажил төрөл амьдрал, өнөөдөр маргааш, үр хүүхэд гээд л хутгалдах амьдралын тоостой өдрүүдтэй хамт ижийгээ мартан, эргэж очихоо мартан алсад явсан байх.

Хорвоо дээр ач нэхдэггүй цөөхөн зүйл байдгийн нэг нь эхийн хайр элбэлрэл юм гэсээн. Ээжийгээ би баярлуулж чадаагүй ч ижий надаас энэрэл нэхэхгүй бурхан гэлтэй. Үйлийн үр дээр тогтдог хорвоо атал, өгөх авахын дэнсэн дээр тогтдог амьдрал атал, ижий яагаад хүүгээсээ хайр нэхэдэгггүй юм бэ, эх хүн яагаад үрээсээ ачлал нэхэхгүйгээр буурал хорвоогийн жаргах нарыг даган, будант үүлсийн сүүдрийг даган оддог юм бэ. Чамайг хайрласаных нь төлөө хайрлах, чамайг баярлуулсных нь төлөө баярлуулах өгөх авахын дэнс эх үрийн харицаанд үйлчилдэггүй нь . гайхалтай. Бурхан хүртэл өөрийг нь хайрласаных нь төлөө хайр бэлэглэдэг атал ижийн хайр ямар ч төлөөсгүй, амьдралаас илүү амьдрал, амьнаас илүү амь ай тэгээд илэрхийлж боломгүй хайр буюу. Хариу нэхэхгүй хайрыг л хайр гэж жинхэнэ утгаар хэлэх бол эхийн хайрыг энэ орчлонгийн жинхэнэ хайр гэж би хэлнээ.

Нартай өдрөөр сэтгэлдээ гунигтай бэдэрч явахаад минь миний төлөө уйлж суудаг ээжий, сартай шөнөөр ч зүрхэндээ баяртай миний төлөө дуулж суудаг ээж, уртаас урт өдрүүд шиг уртаас урт шаргалхан замыг ширтэн хүүгээ ирнээ гээд хүлээж суудаг байх даа. Энэ насны хайр, эгнүүлэн зүйрлүүлж боломгүй их ач ивээлээ эх хүн бидэнд өгчихөөд эргэж ирэхийг нь харин нууцхан хүлээдэгээ өөрөө ч мэддэггүй хүлээж л байдаг байх. Баавгайтай ганцхан чихэрэнд л баярлах, бүр юу ч үгүй очиход минь үнэсэхдээ хүртэл үр минь ирлээ гэж баярлах ижий бид хайрлаж чаддаг болов уу. За яахав хүү нь жаахан мөнгө олоодхоё, за яахав ижий дээрээ энэ жилдээ очихоо болиод ийм тийм ажилтай дараа болье гэх үр бидний сэтгэл дэндүү хүйтэн. Үнэндээ ижийгээ баярлуулах хүслээр ч хүн бүхэн дүүрэн байдаг ч нэг өдөр томоос том байшин, нэг сайхан машин тэрэг ахуйд л байдаг арчаагүй бүхнийг мөрөөдөн ижий дээрээ сайхан машинтай очихыг мөрөөдөн, ижийгээ сайхан байшинд дулаан байлгахыг мөрөөдөн явдаг эр хүн орчлон дээр олон. Даанч хүссэн бүхэн санаснаар болдоггүй энэ л хүний хорвоод хүсээд олох гэсэн зүйлээ олоогүй байхад байгаа ганцхан ижий чинь байхгүй болчихсон байх вий дээ. Эх хүнд унаа мал, дулаан байрнаас илүү үр нь ирж үнэрлүүлэх үнэндээ санасан сэтгэлийг нь дэвтээхээс сайхан зүйл үгүй шүү дээ. Ижийгээ бид хайрлаж чаддаг билэв үү.

Зүгээр л ижийдээ оч хэдийнэ нас чинь явсан ч та ижийдээ нялх үр нь билээ. Зүгээр л ээждээ оч аяга ч болов халуун цайг нь чанаад өг өө. Хөгширхөөрөө хүн илчгүй болчихдог юм аа хөл гарыг нь л дулаацуулаад өг, Дэндүү гэмээр зүйлийг мөрөөдөн ижийгээ баярлуулна гэж бүү бодоо. Дэргэд нь л байж санааг нь амраа, Нас нь явахаар хүн хүүхэд шиг болчихдог юм аа. Амандаа хийж бай гээд жаахан чихэр жимс аваачиж өг, өөрөө ч тэр амандаа хийлгүйгээр өрөөл бусдыгээх үгүг баярлан хүү минь өгсөн гэж дайлдаг юм аа. Хүний үр ийм байдаг гэж гайхуулдаг юм аа. Ижий л болсон хойно доо үр хүүхдээрээ гайхуулах хүсэл эмэгтэй хүн бүхэнд байдаг юм аа. Нэг л сайран нартай өдөр гэлтгүйгээр байгаа л бол ижийгээ баярлуулаарай, байхгүй болчихвол чи хаанаас олж баярлуулна гэж хайж очих билээ. Орчлонгийн мөнхийн усыг тэврээд ч олж чи ижийгээ олж очихгүйгээс хойш дэргэдээ байхад нь амжиж хайрлаарай. Дэрэн дээрээ нойргүй ээж хүн хүүүгээ хүлээдэг юм билээ.

Маргааш гэлтгүй одоо л амжиж ижийгээ хайрлаарай... ээжээ хүү нь таньдаа хайртай гэх үгийг магад одоо л хэлээрэй. Амжиж бүгдээрээ ижийгээ баярлуулья, үгээ хүртэл хүргэж чадахгүй бүрэг монгол зангаа хаяаад зүгээр л яваж духан дээр нь ганцхан удаа үнсээрэй. Ээжээ хүү нь таньдаа хайртай гэж хэлээрэй. Ээж нь баярланаа. Зуун өглөөнийн шүүдрийн усыг нийлүүлж цай чанаж өгсөн мэт баярлана, Зун намар өвөл хавар жилийн дөрвөн улирал чилтлээ хүүгээ хүлээгээгүй юм шиг баярлана. Ижий нэг баярлуулаарай. Ижий чинь чиний төлөө урган мангдах наранд цайныхаа дээжийг өргөдөг болохоор чи сайн яюаа юм. Ижий чинь чиний төлөө сэтгэл зүрхээ зомниулдаг болхоор чи зовохгүй яваа юм. Ижий чинь чиний төлөө өвлийн шөнийн уртад нойргүй хонон санаагаа зовоож байгаа учир чи бүтэн нойртой яваа юм. Ижий харин энэ орчлонд үгүй болохын цагт л энэ бүхнийг өөрийн бие сэтэглээр үзэх учир энэлэх шаналах гэдгийг элэг зүрхээрээ туулах учир ижийгээ амьддад нь л нэг баярлуулаарай. Амжиж үртэй хүн гэдгийг нь мэдрүүлээрэй үгээ стэгэлээ үнэнээ битгий нуугаарай. ......

0 Comments:

Post a Comment