Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Бүхий л юм хэмжээтэй байдаг
Бүсгүйн гоо сайхан ч цаг зуурынх байдаг
Миний инээмсэглэл чинийхээс ондоо
Маргаашийн гэрэлээр зурагдсан байдаг
Чимээгүйхэн бүдгэрлээ ч ингэж л инээнэ
Чи намайг энэ л дүрээр минь дандаа харах уу
Ажсаар байтал өнгөрөх энэ л бүхэн
Амрагийн дуунд л мөнхөрдөг гэнэ
Хайрлах л ёстой өдрүүд харцнаас урсаж
Хамаг л юм цаг хугацаатай одож
Хүлээх л ёстой өдрүүд зүрхэнд ирж
Хүсэл бүхэн нь цоо шинэхэн ханхална… хайр
Алганы минь хонхорт тогтохгүй байгаа нь
Аз жаргал гэнэ, чинийх гэнэ
Амжиж чи тосохгүй уу эсвэл…
Ирэх үүрийн гэгээ ирээдүй бүхнээс хайх уу…
Өөрийг чинь хүлээхэд хичнээн хугацаа хэрэгтэй юм бэ
Өнгөрсөн бүх амьдрал өнөөдөр хангалтгүй гэв үү…
Labels: Сансрын салхины шүлэгүүд