Tuesday, March 9, 2010

ИЖИЙДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ УРАЛДААНД:
Санжийн Пүрэв. МУСГЗ, зохиолч.
АРГАЛЫН ГАЛ ДУЛААН
Ээжээ,
Өнөөдөр хүү чинь Таныхаа надад үргэлж захиж явсан, тэр хэрээр миний оюун санаанд үүрд мөнх шингэсэн нэгэн энгийн атлаа эрхэм чухаг зүйлийн тухай дахин өгүүлмээр санагдлаа. Намрын намарт таны минь үг санаанд буудгаас тэр юм уу даа. Та минь надад араг даах балчираас ачаа өргөх насыг минь хүртэл захиж хэлсэн, айл гэрийн өнгө төрх арав таван малаасаа бус амьтан баярлаж, үйл бадрах гал голомт, аргал түлшнээсээ эхэлдэг юм гэсэн тун ч энгийн сургаал.
Манай Их гашуунд зүгээр л сайхан налгар намар ирж байна. Тэнгэр цэлмэр, салхи шуурга тогтуун, ногоонд цадсан мал бэлчээртээ налайж, тал хөндийд тэмээ мал торолзож бөртөлзөөд сайхан байна. Жилийн жилд хоргодон өвөлжих шахдах нутаг амьтай цэв цэнхэр тогорууд сүрэг сүргээрээ үүр цүүрээр эртлэн буцаж, Таны минь хэлдгээр энэ өвөл хатууухан болох янзтайдаг уу, их талын униар сэвшээ нь нозоорч нойрмоглон, хойт Хайрханы оройд өглөөний манан нар хөөртөл хөглөрөн, сүүдэр хүүшлэхийн түрүүчээр уул бэллэж, толгод тэгнээд хоньтой хамт хотлох шахан энэ жил нэг л өөр, эрт намарших янзтай.
Манайхан гурван гэрээрээ байна. Зүүн талын, манай Ажаа Буниагийн хүүгийнх уржигдар шинэ хүнээр бүл нэмлээ. Мантайсан ув улаан охин ээжийнхээ сүүг үнэртүүлээд л толгой өөд татахгүй унтаж байна даа. Их хөөрхөн охин болох бололтой, даахи нүд хоёроороо гайхуулсан хөгийн амьтан. Миний охин дүү Даваацэрэнг гарахад манайх нэг иймэрхүү л хүн хөл тасардаггүй байсан даа, хол ойрын ахан дүүс бууж мордоод л... Ямар ч сайхан байсан юм, тэр л санаанд бууж байна. Хожим та бид хэдийг магтаж “Хэдэн хүүхдийнхээ хүчинд овоо тэнхэрлээ. Миний хүүхдүүд чинь аргал түлшээ ойртуулахдаа хүний гар хархааргүй болж” гээд баярлаж сууж билээ.
Манай Хараатад сүүлийн хоёр жил арав гаран банди цувсан болохоор энэ улаан “Хүүхэн” эрх танхил, газар тавиулахгүй гар дамжсан амьтан байхаас ч яахав. Нялх хүүхдийн дуу сонсоод манай голынхон бүгд л хөгшин залуугүй ажил араа мартан гүйлдэж, ачлага уналагаа ч ойртуулахгүй налайж сууна. Улсуудын ярихаар энэ жил эрт намарших бололтой усны шувууд буцаж, өвсний толгой цайран, манайхан “Улаан хүүхнийхээ” эхийг тэнхрэхээр ачаалж Өвөршандын намаржаандаа буух санаатай банжиж л байна. Хүүхдүүд намаржаа бууцаа харахаар мордсон, ирээгүй л байна.
Хүү нь энэ хэдийгээ ахалж захлан нүүдэл суудал, буурь бэлчээрийг нь зааж зурав ч ээж тандаа эрхэлж томоогүйтэж явсан эрт багын дурсамжаа үе үехэн санах боллоо, нас ахин зүс бүгийж яваагийн шинж юм болов уу даа. “Манай энэ хэзээ нэг хүн шиг юм болно доо” гэж ирээд л та намайг өхөөрддөг байж билээ, тэр үг тань үргэлж санаанд байх юм. Хүү чинь өдий жил амин зуухдаа ухаан тэгширч сэтгэлийн бяд сууж гүйцээгүй л бололтой.
Та бид хоёр Их гашууныхаа үхрийн хатсан хөх аргалыг мөн ч их түүсэн шүү. Тэр чинь надад амьдрал таних анхны хичээл байсан юм. Би таны алхааг гүйцэхгүй, араг шээзгийдээ түүртээд л... Та үргэлж надад “Манай Гашууны хөх аргал шиг илчтэй сайхан түлш хаа байна” гэдэгсэн. Би таныг баярлуулах гэж үхрийн нойтон аргалыг эргүүлж сэврээн хатаж гүйцэхийг нь зунжин намаржин хүлээдэгсэн. Арай хийн хатах аядаж байтал бороо ороод дахиад л норгочихно. Аргал хатаж өгөхгүй намайг их зовооно. Тэгж тэгж арай гэж шээзгий дүүрэн хөх аргал түүгээд ирэхээр “Миний хүү чинь ийм сайхан аргал хаанаас түүв, ойр хавиас аргал олдохоо байчихсан юм. Миний хүү чинь гэртээ гал залгуулах гэж мачийж яваа хүн” гэж хачин их баярлана. Тэр урмын үг насан туршид минь надад ухааны дэм болж явна. Би таны сайшаалд өдөрчин хөөрч айлуудаар ажилтай сайнаа магтуулах санаатай үүд хаалгыг нь онголзуулан урмын үг горьдож гүйнэ. Миний хүүхэд нас тийм л гэнэн, хөөрхөн байж дээ.
Ээжээ, манай говьд аргал түлш ийм ховорыг та эс мэдэх биш. Уржнан цаг жаахан эвгүйрч, үхэр ховордсоон. Үхэр ховордоно гэдэг түлшгүй болно гэсэн үг, тэр зовлонг мэдэх хүн ч одоо цөөрчээ. Залуусын ухаан түрүүлж гүйгээд, бутны толгой дээгүүр дэгдүүлэх нялх салхи шиг гүйцэгдэх юм биш. Маний ухаан хүрэхгүй араас нь дэмий л шогших. Аргал ховордсоноос манайхан жаахан тэсэг шавгаа өрдөх шахаад сандарцгааж байна. Түүнийгээ түүгээд түлчихвэл шороо тоос нь тэнгэрт хадаж улаан түйрэн болно биз. Биднийг бага байхад та “Ус түлшээ ч базаахгүй залхуу тархинууд” гэдэгсэн. Бид одоо ёстой л хүний өөрийнгүй тийм болчоод байна.
Ээж тандаа би дэмий үг зөөж санааг чинь зовоох гэж байгаа юм биш, угаасаа л бид жаахан залхуу болж байгаа. “Гар хөдөлгөж амаа тосдоно” гэдэг хуучны үг гээгдсэн. Энэ цагийнхаа аясыг дагаад манайхан ч хэн нэгнээс атга чимх юм хараад л сууж байна. Хөөрхий минь, монгол хүн л хойно нэгнийхээ алгыг дээш харуулахгүй хэн байхав, бид болж л байна. Түлээ түлшнээс бусдыг нь ер нь ойртуулна шүү. Харин залхуугийн гадаа түлшгүй гэгч л болчихгүй санаатай нэрээ бодох юм.
Их гашууны хөх аргал одоо ховордсон юм нэг болсон, ээж минь. Аргал олсон хүн эрдэнэ өвөртөлсөнөөс ялгалгүй баярлахыг яана. “Малын буян их юмаа хөөрхий. Адаглаад аргал түлшээр таслахгүй” гэж та минь ярьдагсан. Манайхан жилийн жилд намаржаанд буухынхаа өмнө Их гашуундаа хэд хонож үхрийн хөх аргалаа түүж уул овоо шиг базааж хураагаад гаднаас нь нойтон баасаар шавж өвөлжингийн түлшээ бэлддэгсэн.
Дүн өвлийн цасан далай дундуур жавар сөрөн аргал түлшиндээ ойртох тусам нүүрнээс халуу дүүгэх шиг болон малгайн цан арилаад мөн ч сайхан байх. Та хөх аргал галд хийж суухдаа “Малын буян, хүүхдийн тус гэж сайхан юмаа, хөөрхий” хэмээн улаа бутарч, гал дээр уураг улаан цай даргилж байдагсан. Таны аагтай шаргал цай хол ойрын адуу малын эрэлчин, айлчин гийчин мөн ч олон хүнд тамир тэнхээ хайрласан даа. Таны цайг ууж, таны минь гараас аяга тагш гал охь хүртэх гэсэн хүн манайхаар байнга л ирдэгсэн.
Ямаар сахалтай том том өвгөд хоймроор ханхайн “Энэ Дарьсүрэн унд ус сайхан хүн” гэж таныг минь магтахыг сонсоод би өөрөө л сайлуулах мэт хамраа монхолзуулаад байдгаараа баярладагсан. Хүн амьтны хөл татрахаар манайх эзгүй оргиж, бидэнд та баривч цамцхан эсгэхээр даавуу хайчлан өөрийгөө сатааруулаад суучихна, аав яахав “Хэдэн малаа харна” гээд морио унаад хаашаа ч юм яваад өгнө. Аав минь үг дуу цөөтэй хачин зөөлөн хүнсэн. Аавыг малдаа явчихаар би хийх байхаа олж ядан орж гарч, гадаа гэрийн хаяандаа арган дээр сандайлж суугаад хурууны салаагаараа нарны туяа харан гайхширдагсан. Хурууны салаагаараа нэвчих нарны улаан ягаан туяаг удаан харахаар дотор ирвэгнээд бүр шээс хүрэн байж яддагсан. Би тийм л саваагүй хүүхэд байсан байгаа юм. Таныгаа мөн ч их дуу тавиулсан даа.
Та хүүгээ нутаг усныхаа сонин сайхнаас дуулгахгүй ам нээнгүүт л аргал түлшхэн яриад байхаар гайхаж байна уу, ээжээ? ... Манайхан дургүй юман дээрээ “Галд алдмар чамайг!” гэсэн үг унагадгыг та санаж байгаа биз дээ? Бодоод байхад тун базаахгүй хатуу үг санагдаж байгаа байх. Үг хатуу ч үнэтэй гэсэн үг ч байдаг даа. Ямар л олигтой амьтан галаа алдаж, гэрээ зутрааж суухав. Манайханы хатуу үг хүртэл цаанаа ухаантай.
Ээжээ, та хүүдээ айл гэр халуун дулаан, эзэн хүн нь амь зуулга, хийморь золбоо өөдрөг явахын учир утгыг сургадаг байсан. Хүн гэдсэндээ хийх хоолгүй байж болно, галдаа хийх ганц цучилгүй сууж болохгүй, орон гэр чинь зэвий дааж орох гарах хүнгүй болно гэж захидаг байсныг хүү чинь үргэлж санаж явдаг шүү. Тэгээд л би тандаа Гашууныхаа налгар намар, бэлчээр дүүрэн үхрийнхээ хэдэн жилээр хатсан арц хүж шиг хөх аргалын тухай богино хэдий ч халуу дүүгсэн яриа дэлгэсэн учиртай.
Үнэхээр ч аргал түлш, гал хөсгүй айл гэдэг харваас орсон хүн зутарч, суусан хүн ичмээр биз дээ. Бас эзэнгүй айл, галгүй гэр хоёр адил гэсэн хуучны үг байдгийг хүн нь санаж л байна. Айл гэрээс улс гүрний нь өнгө төрхийг хардаг юм гэж та минь сургадаг байсан, тэгэхлээр хэн л төрөө гомдоож нэрээ гутаахыг хүсэх билээ. Энэ бүхэнд ээж таны минь захиас сургамж үр хойч бидэндээ дээрхийн гэгээний ариун лүндэн адил санагдана. Үнэхээр л тийм юмдаа, улс гүрнээ нэгэн айл гэр гэвэл галыг нь алдуулахгүй гэж бид эрвийх дэрвийхээрээ амьдрах журамтай.
Одод орчих тэнгэрийн чанадаа ээж минь та өөрт тань зовлон тээж, жаргал тэврүүлэн төрсөн үр намайгаа харж, алдахад минь уулга алдаж, оноход минь магнай тэнийлгэж суугаа. Хүү чинь тандаа залбирнам. Яг одоо манай энд алдарт дуучин Долгор “Аргалд явсан ээжий минь, Арай ч дэндүү удав уу даа” хэмээн зүрхэнд шингэтэл аргадан аргадан дуулж байна. Санан хүлээсэн үнэн үгт энэ дуунд хүү чинь чих тавьж уярч, алсад одсон ээж таныгаа өрөвдөж л сууна даа. Яасан ч сайхан дуу, ямар ч урт алсын хугацаав дээ, ээж минь !
Энэ дуу таныг минь аргадаж, аргалд явсан таныг минь хүлээж гансарсан энэ л алаг хорвоогийн энэрэлийн дуу ч юм билүү. Хүү тань Таныхаа мөнхийн шүтээн гал голомтыг удам залгуулан авч явна аа, та минь намайг харж байгаа. Уулын шиг нөмөртэй ээжийгээ санаж хайрлахын учир туулайн чинээ үр чинь Их гашууныхаа намрын буурал тэнгэрийг нөмрөн, насны шүтээн хөх аргалын тань галд алгаа бүлээцүүлж сууна.
Аргалын гал дулаан, тэр гал Таны минь хайрын гал!
Гацуурт 2010.02.28
Харилцах утас: 99160331

0 Comments:

Post a Comment