Sunday, February 20, 2011

Монголын кино урлагт сүүлийн хэдэн жилд хийгдээгүй нэгэн төрөл бол Баримтат уран сайхны кино юм. Өргөн хүрээтэй, урт удаан хугацааны судалгаа, баримт дээр тулгуурлан хийгддэг, дээрээс нь уран сайхны аргаар үйл явдлыг амьдруулдаг гээд энэ төрөл нилээд хүч хөдөлмөр, цаг шаардсан ажил байдаг нь ойлгомжтой. Тун удахгүй нэгэн шинэ баримтат уран сайхны кино дэлгэцэнд шилжих гэж байна. Энэ бол Найруулагч Баярын Барон Унгерны тухай өгүүлсэн “Зөвхөн намайг үхсэний дараа” нэртэй кино юм.

Польшийн эрдэмтэн Оссендовскийн бичсэн ”Хүн араатан бурхад” номоос сэдэвлэн хийсэн энэ кинонд нэрт эрдэмтэн Оссендовский Хүрээнд Баронтой хамт өнгөрүүлсэн 9 хоногийн тухай өгүүлдэг. Энэ үйл явдлаар дамжуулан Барон Роман Федорович Унгерн Фон Штернберг гэж чухам хэн байсан, ялсан талын бичсэн түүхэнд өгүүлсэнчлэн алуучин, тонуулчин, хүчирхийлэгч байсан уу аль эсвэл дэлхийн нэртэй эрдэмтэдийн судалгаан дээр нотлон өгүүлсэнчлэн Чингис хааны дараах хүчирхэг Монгол улсыг байгуулна хэмээн дорно зүгрүү сэтгэлийн дуудлагаар ирсэн язгуурын угсаатан байв уу гэдгийг харуулахыг зорисон байна. Киноны зураг авалт Швецари, Герман, финлянд, Оху, Польш, Монголын газар нутагт явагдсан бөгөөд гол дүрүүдэд ОХУ-ын Иркутск хотын драмын театрын жүжигчид оролцон тоглосон юм. Кинонд Барон Унгерны үр хойчис болох өнөө хир Швецарь Финляндад амьдарч байгаа Унгерн Фон Штербергийнхэн болон, ОХУ, Польш, Финляндын түүхч эрдэмтэд оролцсон байна. Түүх гэдэг ямагт үнэн мөнөөрөө бичигддэггүй гэдгийг бид ардчлал хөгжсөн сүүлийн хорин жилийн хугацаанд сайн мэдэх болсон. Дөнгөж зуун жилийн өмнө болж өнгөрсөн Барон Унгерны тухай битгий хэл Их эзэн чингис богд хаанаа хүртэл эзэрхийлэн түрэмгийлэгч харгис хаан гэж ойлгож явсан гунигтай түүх бидэнд бий.


Thursday, February 17, 2011

Залуу нас

Залуу нас гоо үзэсгэлэн минь чамтай
Зөндөөн удаан хамт байх юм шиг санасан
Толинд харах бүрээ энэ л хэвээр үлдэхсэн гэж
Тодруулж будсан урууландаа шивнэж байсан
Өнөөдрөөс маргаашруу довтлох амьдралын галт тэрэгний
Өртөө бүхэн дээр чамайг гээсээр байснаа мэдсэнгүй
Танихгүй эмэгтэйн дүрээр өөдөөс харах өнөөдрийг
Тааралдсан нэгэнд нь өгчихөөд зугтмаар байвч
Хайрлах зүйл зөндөө олон цуглуусан тээш минь
Хаашаа ч явуулахгүй чангаасаар байнам

;;