Friday, January 22, 2010

Дээл гэснээс нэгэн дурсамжийг сөхмөөр санагдлаа. Хүүхэд насны амьдрал маань яах аргагүй миний ардын үндэсний хувцас болох дээлтэй холбоотой. Арвайхээрийн цэнхэр салхинд дэрвэж өссөн хагас хөдөө, хагас төв суурин газрын охин надад энэ үг ээжийг минь, эрхгүй өнгөрсөн амьдралыг минь санагдуулдаг юм. Аав маань тээврийн жолооч, харин ээж маань аймгийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчин хийдэг Отгон гэж эмэгтэй байлаа. Уран гэж жигтэйхэн манай гэрийнхэн, ах дүү нар, тэр ч бүү хэл хажуу айлынхан, таньж мэдэх хүмүүс бүгд л ээжийн хийсэн дээлийг өмсөн гангардаг байсан юм. Тэр тусмаа цагаан сар болхоор манайх хөлтэй гэж жигтэйхэн, ээж маань завгүй гэж жигтэйхэн. Үргэлж л зүү утас шагайн нойргүй суудагсан. Хэн ч дээлийн өнгө дотор, хоргой торгоо бариад ирсэн ээж маань үгүй гэж хэлж байгаагүй юм даг. Хэмжээ дамжааг нь авч байгаад л ажлынхаа зав чөлөөгөөр хийгээд л өгдөг тийм л нэгэн монгол эмэгтэй байлаа. Тэр үед хүнд юм хийж өгөөд хариуд нь мөнгө төгрөг авна гэж байдаггүй тийм цаг үе байсан юм шүү. Ээж маань оёсон дээлнийхээ шан хөлсийг хүнээс авч байсан удаагүй. Харин сүүлд нэг удаа хүн дээл оёуулаад арван төгрөг өгөхөд их л гайхаж бас сандарч билээ. Надаар дээл хийлгээд мөнгө өгөх юм гэж ирээд хүмүүст ярьж байсныг нь санах юм. Нийгэм үнэхээр цэвэр байж дээ. Би хүртэл гайхаад л өнгөрч байсан. Харин одоо бол “Ав ав, авахгүй яах юм бэ” гэж ирээд л хэлж гарах байх даа. Ер нь бид хүн чанар, хүний сайхан сэтгэл гээд дээлнээс гадна олон зүйлийг гээж байна даа.
Хүүхэн насны минь алтан өдрүүд монгол дээлийн товч шилбэ, энгэр зах, өвөр түрүйд өнгөрч дээ. Дээлийн зах индүүдхээс эхлээд товч шилбийг нь дөхүүлж өгөх гээд балчир охин надад таарсан ажил оногдон манай гэр оёдолын цех шиг ажилтай байдагсан. Гэрийн хоймрыг тэр чигт нь эзлэх монгол дээлний эсгүүр, савангаар зурж байгаад л эсгэж гарна. Гурил устай найруулж буцалгаад “жонхуу” хийж, энэ нь нэгэн төрлийн цавуу болдог байлаа. Мөн ч олон дээлийн энгэр захыг жонхуудсан даа би. Ажилтай хүний хүүхэд залхуу байдаг гэдэг үнэн байх аа. Надад ээжийн уран гараас өвлөн үлдсэн зүйл үгүй. Эрхгүй л уранхай цоорхойгоо бөглөхтэйгөө л болж үлдэж дээ. Яагаад энэ түүхийг би өнгөрсөн цагт яриад байна вэ гэхээр нэгэнт хүүхэд насны он жилүүд надаас бүүр алс холдон одож, гоё хүүхэн гэж нэрлэгддэг байсан миний ээж ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 17 жилийн нүүрийг үзжээ. Тэр цагаас хойш миний амьдрал дээлтэй холбоотой байсаар ирсэн юм. Манай гэрт одоо ч ээжийн минь оёсон дээлнүүд тэр чигээрэй хадгалаастай байдаг юм. Би хааяахан гаргаж үнэрлээд ээжийнхээ үнэрийг санаад, нээг их санаа алдаад буцаагаад хураачихдаг. Сэтгэл дотроос хайр ундрах тэр агшныг юутай зүйрлэж, ямар үгээр илэрхийлхээ би харин мэдэхгүй юм. Үгээр илэрхийлж болдоггүй зүйл амьдралд байх юм аа. Яахав дээ хэн нэгэн шидтэн ирээд “-Ганцхан хүслийг чинь биелүүлж өгье. Өнгөрсөн амьдралынхаа хаана нь очоод ирмээр байна” хэмээн үлгэрт гардаг шиг надаас асуух юм бол би ээжтэйгээ хамгийн сүүлд уулзсан яг тэр газраа, яг тэр мөчид дөнгөж ч болов очоод ирэх юм сан гэж боддог. Ахин уулзахгүйгээ мэдэж ханатлаа эрхлээд, ханатлаа тэврээд хацрыг нь үнсэж үнэрлэж, хамгийн сайхан үгийг хэлж байгаад ирэх юм сан гэж хүсдэг. Үлгэр даанч үнэн биш хойно мөрөөдөл минь энэ амьдралд биелэхгүйг би мэднэ. Харин ээжтэй хүмүүс ээжийгээ хайрлаж яваарай. Дараа нь над шиг харамсахгүйн тулд шүү дээ. Эцэст нь ийм л хайр, ийм л дурсамж, ийм л амь амьдрал шингэсэн миний ээжийн дээлийг булаана гэж үү. Би тэгээд яах юм бэ. Миний хүүхэд нас юу болох болж байна. Дурсамж минь хятдаар дуулагдах уу? Монгол дээл бид хоёр салшгүй холбоотой байхад, монгол дээл монгол орон хоёр хагацашгүй холбоотой нь ойлгомжтой билээ.

Friday, January 15, 2010

10 -р байр.
Цагаан ордонг 1925 онд нэгэн зальжин эр жилийн 100 мянган доллараар 99 жилийн хугацаатай тvрээслэсэн хэрэг гарч байв. Техаст баян эдлэн газартай эр их хэмжээний vхэр наймаалсныхаа дараа сайн танихгvй нэгэн эрд америкийн ерєнхийлєгчдийн харшийг тvрээслэснийхээ тєлєєх эхний жилийн тvрээс болох 100 мянган доллараа тєлчихєєд, эрхийн бичгээ барьж ирээд бєєн хэрэг мандааж байжээ.

9-р байр.
Эйфелийн цамхаг. 1925 оны гуравдугаар сард Парисын нэгэн сонинд Эйфелийн цамхаг арчилгаа тордолгоогvй байсаар нурах дээрээ тулаад байгаа тул эрх баригчид нураахаар шийдсэн тухай мэдээ гарчээ. Vvнийг нь дэлхийд зартай нэгэн луйварчин олж уншаад ашиглахаар шийдэж. Ингээд єєрийгєє Эйфелийн цамхагийн арчилгаа хариуцсан албан тушаалтан гэж зарлаад тємрийн хаягдал авдаг хамгийн баян таван эрийг тансаг зочид буудалд урьжээ. Тэгээд зальт эр сонин дээр гарсан мэдээг зочдод уншуулан Парис хотын нэрийн хуудас болсон цамхгийг нурааж зарах эрхийг нууц дуудлага худалдаагаар зарлаа гэж «хошгируулж» байгаад хедєєнєєс ирсэн нэгэн баянд зарчихжээ. Цамхагийг авсан эр мэхлvvлсэн гэдгээ мэдээд олны доог тохуу болохоосоо айж хууль хяналтын байгууллагад мэдэгдэлгvй чимээгvй єнгєрсєн тул амташсан луйварчин таван удаа зарсан байдаг. Харин анхны залилуулагч олон жилийн дараа тэр талаараа ам алдсан байна.

8-р байр.
Английн луйварчин америкаас ирсэн баян эрд английн vндэсний баатар Адмирал Нельсоны дурсгалын хєшєє, баганыг алдарт Трафальгарын талбай дээрх бvх арслангийн хєшєє, усан оргилуурынх нь хамтаар 6500 фунтаар зарчихаад алга болоод єгсєн байдаг.

7-р байр.
Санкт петрбург хотноо байдаг євлийн ордон буюу Эрмитажийн музей дэлхийд алдартай. Гэтэл энэ нvсэр том байгууламжийг 4 ч удаа зарж, тvрээсэлж байсан байх юм. Жишээлэхэд нэг эр хєшиг оёдог компаний удирдлагатай уулзаад 19-р зууны уеийн асар vнэтэй урлагийн бvтээл болох зээгт наамлуудыг орчин vеийн хєшгєєр солих эрхийг єндєр vнээр худалдаад бултжээ.

6-р байр.
Английн хаадын хэдэн зуун жилийн турш амьдарсаар ирсэн Букингемийн ордныг луйварчин мєн л америкийн баян жуулчинд зарчихжээ. Гэхдээ баян америк эр ихээхэн хэмжээний мєнгє шууд тєлєхєд бэлэн байгааг хараад балмагдаж айсандаа урьдчилгаа 2000 фунтыг аваад тэр чигээрээ сураггvй алга болсон байна. Энэ явдал 1929 онд болжээ.

5-р байр.
Колизей. Ромын эзэнт гvрний сvр хvчний гэрч болон vлдсэн домогт Колизейг нэг эр «засварлахаар» шийджээ. Тэрээр єєрийгєє засгийн газрын бие тєлєєлєгч гэж зарлан хоёр ч засварын компанитай уулзаж. Цаадуул нь тэр аварга байгууламжийг засварлах эрхийг авах гэж «албан тушаалтанд» ихээхэн хэмжээний хахууль єгчээ.

4-р байр.
Францын хаадын ордон байснаа дэлхийн хамгийн олон vзмэртэй музей болсон Луврыг хэтэвч зузаантай гэнэн хvмvvст 18 удаа бvхлээр нь болон хэсэгчлэн зарж байсныг францын цагдаа нар баримтаар тогтоосон байдаг.

3-р байр.
Эрх чєлєєний хєшєє. Америкийн бэлгэдэл болсон Эрх чєлєєний хєшєєг зарна гэдэг яаж ч бодсон байж боломгуй зvйл. Гэвч австралийн нэгэн бизнесмэнтэй нутгийн нэгэн луйварчин уулзаад засгийн газар эргэн тойрных нь боомтыг тэлэхийн тулд хєшєєг зарах гэж байгаа гэж маш нууц мэдээлэл єгсєн байна. Ийм мэдээ сонссон бизнесмен шууд л газар дээр нь мєнгє тоолон єгч хєшєєний эзэн болжээ. Хожим луйварчин эрийг барьж чадсан бєгєєд таван жилийн ялаар шийтгэсэн байдаг.

2-р байр.
Пизаны байшин. Унаж байгаа байшин нэрээр алдаршсан Пизаны байшинг мэдэхгvй хvн цєєхєн. Гэтэл Италийн нэгэн луйварчин баян америк эрд байшинг удахгvй жинхэнээсээ унах гээд байна. Тиймээс нураагаад оронд нь хазгай ч гэсэн хэзээ ч унахааргуй шинэ байшин барих болсон гэж хэлээд барих эрхийг нь зарчихсан байсан гэдэг.

1-р байр.
Английн нийслэл Лондон хотын нэрийн хуудас болсон алдарт Биг-Бен цамхгийг та зурагт, кинон дээрээс олонтаа харж байсан байх. Гэтэл нэг луйварчин мєн л баян америк эрд цамхгийн хамгийн дээд давхарт єндєр зэрэглэлийн зоогийн газар байгуулах эрхийг 1000 фунтээр зарчихжээ. Баян америк эр нєгєє эрхээ барьж ирээд беєн юм болж. Тийм эрхийг єгєх боломжгvй, мэхлvvлсэн байна гэж хэлтэл итгэхгvй байсан гэнэ. Тэгэхээр нь мань эрийг дагуулж Биг-Бений хамгийн дээд давхарт нь гаргаж vзvvлсэний дараа л мэхлvvлсэн гэдэгтээ итгэж байжээ. Биг-Бений хамгийн дээд давхрыг алдарт цагных нь механизм бvхэлдээ эзэлж байдаг.

Wednesday, January 13, 2010

Аав уул

Алс тэртээ уулсын оргилыг ширтэн зогсоно. Энэ уул хичнээн сүрлэг уудам бас агуу юм бэ. Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж байх агуу уулын энгэрт нар салхинаас, хүйтнээс, айдсаас гээд олон зүйлээс нуугдаж болох адил санагдана. Миний бага насанд аав гэдэг хүн түүний энгэр яг л талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам бас зайтай, ямарчиг зүйлээс хамгаалагдаж бас нуугдаж болох санагддагсан. Өнөөдөр аав минь өтөл сууж агуу өргөн цээжинд нь би хэдийнэ багтахаа больж. Магадгүй заримдаа аавтайгаа адил зэрэг өтөлж буй мэт сэтгэгдэл төрнө. Гэлээ ч миний хүүхэд насны аав бидэн хоёрын тэр л нандин холбоо насан туршын минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсийм. Аавд минь ч энэ холбоо насан туршынх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй үр хүүхдийг минь ч өсгөсөөр яваа намхан жаахан өвгөн болжээ.

Хүн гэдэг ертөнцийн элгэнд ургаж хагдрахдаа ихээ олон зүйлийг үзэж, ихээ олон зүйлийг хийж, ихээ олон зүйлтэй болж үр хүүхэд олныг оллоо ч эцэг эхийг л ахин олж чадддагүй юм гэнэ лээ. Эргээд хайгаад олддоггүй ганцхан зүйл нь ижий аав юм гэнэ лээ. Энэ хоёр хүн үрийнхээ төлөө амин холбоотой ч үйлдэл, үг нь тэс ондоо... Ээжийн тухай дурсамж эргэн санагдах бүрд бүхий л зүйл нь цагаахан ил тод, үглэж зэмлэх өөрөө тэгээд тайвшрах нь хүртэл нүдэнд үзэгдэхүйц байхад эцэг маань тийм байсангүй...Тэр бүрий үглэж загнахгүй, эрхлүүлж хөөргөхгүй, дандаа л нэг зангаар...Гэм хийгээд алагдуулах шахам бодоод ирэхэд угтахдаа үнсэж угтах уужуу сэтгэл аав хүнд л байдаг юм болов уу...

Аавын тухай бас нэгэн дурсамж.....Сарынхаа цалинг аваад гэртээ ирэхдээ аравхан настай намайг дуудаад тоолуулангаа – Энэ аавынх нь нэг сарын цалин. Энэ мөнгөөр нэг сар амьдарч болноо гэсэн үг. Одоо чи том боллоо... үүнийг ав. Манай гэрийн нэг сарын мөнгийг чи зарцуул.. гээд өөр олон юм ярилгүй өгч билээ... Гуравдугар ангийн жаахан хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж их л зүдэрч билээ. Амттан таарвал тэсэлгүй авчихна. Арван хэдхэн хоноод өнөөх цалин нь дуусч би аавд хэрхэн юу гэж хэлэхээ мэдэхгүй их л шаналж билээ... Тэр цагаас хойш аав надад цуалингаа лав өгөөгүй юм. Гэлээ ч тэр цагаас хойш би мөнгө гэдэг ямар үнэ цэнэтэй олддог. Буруу үрвэл амьдралгүй болдог гэдгийг хатуу ойлгосон юм. Мөнгөтэй харьцах анхны минь алхам тэр байлаа. Өнөөдөр ч мөнгө гэдэг миний хувьд үнэ цэнэтэй ажил хөдөлмөрийн үнэн шударга хөлс хэвээр оршсоор байгаа билээ.

Нас тогтож амьдралын ухааныг эрэгцүүлэн бодохуйц болсон хойноо миний насан насан туршын нөмөр нөөлөг, хажууд нь дэггүйтэхээс айдаг байсан тэр сүрлэг аав минь жижигхээн өвгөн болсныг хараад ачыг нь хариулахын хүслээр арай илүү шаналдаг болсон шиг...

Одоо ч амин зүрхээр холбоотой аав бидэн хоёрын дунд надад хэлээгүй миний төлөө хийсэн олон зүйл цээжин дотор нь байгааг мэдрэх бүрийд эр халуун цээжиндээ багтарч байлаа ч ингэлээ гэж хэлэхгүй уудам сэтгэлийг нь харах бүрийд урт наслахын буяныг ертөнцийн жамыг аргадан гуйх юм. Ухаантай амьдрахын үнэнийг хүүхэд насаа дурсан байж мэдэх юм. Хаа сайгүй эгшиглэх эхийн тухай сайхан дуунуудаас, хаа сайгүй сонсдох ээжийн ачлалын үгсээс илүүгээр хажуугаар өнгөрсөн жижигхэн өвөгчүүлийг өрөвдөх юм. Тэдэнд зориулж ямар нэгэн зүйл хийх юм сан гэж бодогдох юм. Бартаа нугачаатай амьдрал дундуур чимээгүйхэн туулан ирсэн ч эр сэтгэлээ гандтал энэ амьдарлыг босгосон эцгийн ачыг хариулмаар байх юм. Тооноор тусах наранд дөнгөж төрсөн үрээ өргөн үзүүлж цээжээ дүүргэн баярлаж явсан аав минь амьдралын эргүүлэгт өгсөж уруудаж явахад ч хажууд минь чимээгүйхэн л багтарч цээжээ дүүртэл шаналж явсан аав минь. Аав гэдэг ээжээс арай өөр, тиймээ ээжээс арай хол ч амьдралд минь ахин олдомгүй юугаар ч орлууламгүй амин эрдэнэ..... аавын тухай бодлууд нутгийн уулсыг ширтэн байхад хөвөрсөөр...

Амьдралын амь алтан багана эр хүн байна. Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна гэсэн дууны сайхан мөрүүд сэтгэлийн гүнээс эгшиглэн гарсаар...

Tuesday, January 12, 2010






Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2009” наадам амжилттай болж өнгөрлөө.

Энэ жилээс хоёр ч төрөл шинээр оруулж, “Яруу найргийн томоохон бүтээл”, “Шог хошин зөгнөлт зохиол” гээд нийт 10 төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм. Ингээд нэр дэвшсэн бүтээлүүд болон шалгарсан бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байна.

Хүүхдийн зохиол

1.О.Сундуй-Хүүхэлдэйн чинээ ээж /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Бат.Лхагвасүрэн-Цагийн золиос буюу Ариуханцэцэгт тохиолдсон явдал
3.Д.Сүрэнжав-Зүггүй дамшиг
4.Д.Давааням-Бурантагтай уул
5.Д.Батжаргал-Хүүхэд багачуудын хөгжөөнтэй ном

Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл

1.Д.Жамъян-Чорос /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.С.Пүрэв-Хүн сүүдэр
3.Шаг.Цэнд-Аюуш-Дэлхийгээс урвагч
4.С.Лочин-Нүглийн далайд зугаацахаар одсон ч!!!
5.Бат.Лхагвасүрэн-Сэлүүн орчлонгийн сиймхийд

Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл

1.Х.Болор-Эрдэнэ-Би, Бид хоёр /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Ц.Мухар-Илжиг унасан гаваа
3.Г.Болормаа-Сэрүүн зүүдний амраг
4.Б.Баярсайхан-Өлөгчин
5.Д.Батбаяр-Чамд аз жаргал хүсье

Яруу найргийн томоохон хэмжээний бүтээл

1.Н.Батжаргал- Зүр хонгор аялгуу /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Т.Галсан- Амь сүнс хэмээх авсаархан Хосмолжин
2.Ш.Дулмаа- Бүтээлийн боть (1-3)

Яруу найргийн богино хэмжээний бүтээл

1.Ц.Отгонжаргал-Муруй дүрс /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.П.Нямлхагва-Алтан
3.Л.Дашням-Зуны цас
4.Л.Батцэнгэл-Өр зүрхний хавар
5.Д.Мөнхтөр-Хамаг залуу нас
6.Б.Хүрэлтогоо-Үл осолдохын хязгаар луу…
7.П.Майнбаяр-Бясалгагч мөчир
8.М.Уянсүх-Эргэлдэн унах навчис мэт сая жилийн хураангуй…

Орчуулга

1.О.Чинбаяр-Үлисс /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.А.Баасандорж-Согтуу хөлөг онгоц
3.О.Жаргалсайхан-Гэнжийн туульс (Япон)
4.Ж.Нэргүй-С.Есенин
5.Д.Ганболд- Энэ ингэж явсаар…

Жүжиг киноны зохиолд

1.Б.Батрэгзэдмаа-Тэнгэрийн ивээл-/кино/ /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Б.Галаарид- Шар тэнгисийн тарчлаан

Шүүмж судлал

1.Х.Сүглэгмаа-”Очирбатын Дашбалбар” /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Д.Өлзийбаяр-”Ч.Билигсайхан”
3.Д.Оюунбадрах-Монголын хүүхдийн уран зохиол-2
4.П.Батхуяг-Стандарт бус шалтгаан
5.Н.Энхтөр-Монголын зохиолчдын эвлэлийн ардчилал буюу утга зохиолын судлал шүүмжлэл, Нийгмийн гэгээрэл ба утга зохиолын шинжлэл

Дууны шүлэг

1.Д.Баяр- Хайрын орчлон /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
-Ханийн заяа
-Чамайгаа л дуулъя даа
-Алтан хөхий уул
2. Х.Болор-Эрдэнэ-Ээждээ би хайртай
-Охин минь битгий уйл
3.Д.Ган-Очир-Хайрлах хүсэл
4.Ц.Эрдэнэбаатар-Дэлхий зулай
-Би-Монгол
-Халуухан байна уу
-Шүтээн үр
5.А.Лхагваа-Нүүдэлчдийн нутаг
-Ижийтэй хорвоо

Шог хошин болон зөгнөлт зохиол

1.Ши.Цэнд-Аюуш-“Дэлхийгээс урвагч” /”Алтан өд-2009” наадмын эзнээр тодорлоо/
2.Д.Мянганзам-Алаг инээмсэглэл ба Баарайн паян
3.Н.Даваадаш-Нүгэл судлалын лекц
4.Ж.Пүрэв-Гэрэл сүүдэртэй хорвоо
5.М.Гүрсэд-Чулуун хүн

;;