Monday, November 28, 2011

Saturday, November 12, 2011

TASAM буюу Тархан суугаа Монголчууд ТББ-н тэргүүн Ц. Санчир 13-р зууны үеийн алтан ордны улс буюу одоогийн Казакстан улсад байх Чингис хааны ууган хүү Зүчи хааны алтан шарлын бунханыг олжээ. Олжээ гэдгийн учир нь аль 1946 онд тогтоосон энэ бунханыг манай Монголчуудаас хэн нь ч санан дурсаж, эргэж тойроогүйгээр мартагдсанд байгаа юм. Харин бид Чингис хааныг онголсон газрыг үхэн хатан хайж байгаа билээ. Гэвч түүний хүү Зүчи хааны шарил хэний ч мэдэхгүй алс бөглүүд алтан ордны улсын түүхийг хадгалсаар....Соёл судлаач Санчирын нийтлэлийг хүргэж байна.


Ц.Санчир, Соёл судлаач

Зүчи хааны бунханыг зорьсон аян замын тэмдэглэлээс



Дөчин нэгэн хэмийн халуунд Казакстаны тал нутгаар тоос татуулан давхих ЛАДА машины урд талын суудлаас Амараа “догдлож байна уу?” гэж асуугаад Цэрэн тэр хоёр над руу зэрэг харав. Манайхан шинэ газар, уулзаж байгаагүй хүмүүсийг зорихдоо тэр бүр ингэж асуудаггүй болохоор би


Их хаан Чингис ууган хүү Зүчидээ “монгол морьдын туурай хүрэх өрнөд нутгийг” эзлэн захирах үүрэг өгсөн нь алдарт арван гуравдугаар зууны хориод он билээ. Үүнээс хойш түүхэнд Зүчийн улс, Цагаан Орд улс, Алтан орд улс хэмээн нэрийдэх болсон бүс нутгийн анхны нийслэл өнөөгийн Казакстан Улсын Жезказган хотоос тавиад км зайд орших Хар Хэнгэрэгийн голын бэлчир нутаг бидний дуран авайд улам тодорсоор. Цагтаа ус бэлчээр тэгширсэн, ан амьтан жигдэрсэн газар байсан тухай сурвалжууд өгүүлдэг ч мөнөөх түүхэнд бишрэн тэмдэглэгдсэн сайхан зүйлс он цагийн эрхэнд гундан бүдгэрсэн мэт санагдана. Жин үдийн наран дор номин өнгөт гэр хэлбэрийн бөмбөгөр орой бүхий улаан тоосгон Бунхан нүдний өмнө бууж ирлээ. 1227 оны хавар Зүчи хаан энэ газар тэнгэрт хальсныг сурвалжууд өгүүлдэг. “Чингис хаан ууган хүүгийнхээ дурсгалыг хүндлэж, уй гашууг тэвчин энэхүү
бунханыг байгуулахыг зарлигджээ. Тухайн үедээ Монгол-Хипчакийн уран барилгын донж маягийг хослуулан барьсан гэдэг”. Ийн хол ойрын сураг чимээ, эх бичгийн шаргал хуудсыг эргэцүүлэх зуур их талын дундах багахан довцог руу өгсөх машины хурд сааран зорьсон газраа догдлон хөл тавилаа. гайхсан ч “догдлолгүй яах вэ, энд л ирэх гэж энэ урт замыг туулж байна” гэж хариулаа. Энэ бол ЗҮЧИ ХААНЫ БУНХАНЫГ зорин яваа TASAM-ынхан буюу зураглаач Л.Амартүвшин, орчуулагч судлаач Б.Цэрэн бид гурвын донсолгоот замын туршид хөөрөлдсөн богинохон яриа. Машины хаалга, цонх, суудал, гээд нүх сүв бүрээр нарийн шороо шигж байлаа. Зургийн аппарат маань дуран татах бүрт шажигнан дуугарах нь ёстой л гол зурах мэт. Таван жилийн өмнө Афганистаны Кабулаас Мазар И Шариф руу яг ийм нарийн шороотой замаар явж ирэхдээ хоёр камераа нэг зэрэг “их засварт” оруулж байсан санаанд бууж хамаг байдгаараа л халхлахыг хичээлээ. Жолооч залуу: “та нар жийпээр л явах байсан юм” хэмээн үе үе халаглах нь машинаа хайрласны шинж. Харин бидний хувьд зуу гаруй мянган хүн амтай Жезказган хотоос зам мэдэх ганц л жолооч олсон нь энэ билээ. Тиймдээ ч бид: “орос лада ч япон ландаас дутахгүй л дээ” гэж жолоочоо тайвшруулахыг хичээнэ.

“Хэдэн жилийн өмнө ирж үзсэн” жолооч маань үе үе машинаа зогсоож, алсын бараа, газрын байдлыг харах нь төөрөхөөс болгоомжилж байгаа бололтой. Харин бидний луужин зөв чиг рүү явж байгааг тодорхой зааж байлаа.

Казакстан Улс

Зүчи хааны бунхан XIII зуун.

Улсын хамгаалалтад орсон соёлын дурсгал

гэж Казак, Орос хэл дээр бичсэн чулуун хөшөө биднийг угтав.

Их хаан Чингисийн ууган хүү, дэлхийн цэрэг дайны түүхэнд хоёр зуу гаруй хот сууринг эзлэж, хагас зуун томоохон тулалдаанд гарамгай гавъяа байгуулсан Зүчи хааны бунханы өмнө бид ийн ирлээ. Дундад азийн олон улс орны соёлын бахдам дурсгал болсон алтан ургийн Ил хаадын сүрлэг бунхан болон Монголын Барлус аймгаас гаралтай Төмөр хаан түүний залгамжлагчдын цогцолбор бунхан шиг харуул хамгаалалт бүү хэл хаалга үүд байсангүйд бид дор бүрнээ гайхав. Бунханы гадуур намхавтар төмөр хайс татжээ. Хожим энд алтан ургийн болон Зүчи хааны шадар хүмүүсийн шарилыг бунхалсан тухай

сурвалжуудад дурдсан байдаг ч он цагийн эрхэнд үү, шинжилгээний ангийн “үр дүнд” үү тэр гэх тэмдэг харагдсангүй.

Сэндийлсэн газар, овоолсон шороо, тэр ч бүү хэл сүүлийн үеийн оршуулгууд нэлээн хэд харагдана. Нэг нь бүр Зүчи хааны бунханы загварыг яг дууриаж өрсөлдөх мэт арай томоор барьсан “шинэ мянганы” “шавар нь хатаагүй” бунхан байсанд гайхах эгдүүцэх зэрэгцсэнийг нуух юун. (Заншил ёсоор бол дээдсийн нойрсох нутгийг “их хориг” хэмээдэг билээ. Энэ нэрэнд ямар ч тайлбар хэрэггүй санагдана. Харин найман зуун жилийн дараа хэн их хоригийг сөрж, алтан ургийн хаантай зэрэгцэн нойрсохыг хүссэн юм бол? Ямартаа ч орчин цагийн арга замаар “дэлхийг дайлж, алдраа дуурсгасан” энэ нутгийн бүү хэл ер хэний ч нэр санаанд буусангүй).


Бунхан руу шууд оролгүй, газрын байцыг ажиглан, гадна хана, бөмбөгөр орой, барилгын ерөнхий төрх, орчин тойрныг хараад өөрийн эрхгүй бодолд автан зогсож, хагас цагийн дараа дотогш орлоо. Бунханы дотоод байдал их л энгийн. Сэтгэлд харин зүйрлэшгүй сүрлэг. Хоймор талд улаан тоосгоор шалнаас дээш таван үе өрсөн их булш, түүний наана буюу үүдэн талд дөрвөн үеэр шатлуулж өрсөн багавтар булш байлаа. 1946 онд А.Х.Маргуланаар

удирдуулсан анги энд ажиллаж их булшийг Зүчи хааны харин бага булшийг түүний их хатан Хэрэйд Бектумышын шарил болохыг тогтоосон тухай “Казакстаны түүхийн нэвтэрхий толь бичиг”-т тэмдэглэгдсэн байдаг. Харин “Модон авсанд хааны шарилтай хамт зэр зэвсэг, алт эрдэнэс, торго дурдан, ангийн яс зэрэг олдсон” тухай одоо ч энэ нутгийнхан ам дамжин ярьдаг юм байна. Энэ гадаргуугаас алд хүрэмгүй газар эрхэм хаан, их жанжин нойрсож байна гэж бодохоор ер бусын эрхэмсэг оршихуй төрж байлаа. “Их Монгол өнөөдөр...” гэж ирээд ховломоор ч юм шиг. Эсвэл “Бид сайн байгаа...” гээд аавынхаа газар очоод өмрөн эмтрэн байж хэлдэг тэр л үгсийг шивнэмээр ч юм шиг...

“Туурганд нь хамаг монголын ханлиг аймгуудын тамга, бэлгэдэлийг сийлсэн...” тухай уншиж байсан минь санаанд буусан ч тоосгоор өрсөн ханын тухайн үеийн өнгөлгөө бүрэн баларсныг хараад мөнөөх мөрүүд бодлоос хийсэн одлоо. “Хаалганы хээн чимэглэл нь ихэд уран тансаг” хэмээн тэмдэглэгдсэн байдаг ч цагийн саалтад цас бороо, нар салхинаас хамгаалах хаалтгүй болжээ. “Аргагүй дээ найман зуун улирсан шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулав. Шувууны сангас, хаа сайгүй харагдана.

Зүчи хааны шарилыг энэ газар бунхалсныг домогт хүүрнэж, дорно өрнийн түүх сануулж ирсэн хэдий ч өнөөдөр ийм дүр төрхтэйгээр хадгалагдаж байгааг харсан монгол хүн бүрийн зүрх шимшрэх нь лавтай. Алтан ургийн ариун тасархай болсон хааны дурсгалыг их гүрний голомтыг сахисан хойч үе бид дэлхийн дайтад мэдүүлэхийн тулд нэг байтугайг эргэцүүлж, нэлээн хэдэн бодит үйлс бүтээх үүрэгтэй мэт санагдана.

Бид зорьсон хэргээ бүтээгээд буцаж байна. Шингэх нарны эсрэг талд мөнөөх “шинэ мянганы” бунханы сүүдэр Зүчи хааны бунхан дээр тусжээ. Сэтгэл эмтэрч байна.

Friday, July 22, 2011

Эх нутаг


Яасан их санаа вэ эх нутгаа би
Яг л ээждээ тэврүүлэх гэж байгаа хүүхэд шиг
Ямар амар амгаланг мэдрэнэ вэ эх нутгаасаа би
Таны тухай бодоход
Зүүдэн тэртээгээс үлгэрийн морь давхин ирэх шиг
Таны тухай бодоход
Зүрх булгилан цээжин дотроо бөмбөрөх шиг
Яасан их санаа вэ эх нутгаа би
Салхи нь зэргэлээнд шургасан үлгэрийн орон
Сар нь өдрөөр зүүдэлсэн домгийн нутаг
Хүв хүрэн уулс нь ижийн минь цацалыг хадгалсан
Хүлээлт, амар амгалангийн орон эх нутаг минь
Шүрэн толгойдоо атираа сийлсэн өвгөдтэйгээ хамт
Шүлэг найргийн шөнүүд нь одоо ч үргэлжилдэг үү

Арвайн гудамжинд нөгөөх л бороо асгарч байгаа юу

Арван наймтай над шиг охиныг хайрын болзоонд зогсоож байгаа юу

Танд хорогдохдоо эргэж харсан би замын дундаас
Танаас холдохдоо энэлж сурсан би амьдрал дундаас

Таныг санахдаа тэвчиж сурсан би холын газраас

Намхан намхан буурлууд нь насаа үлдээгээд одсон ч

Надад дотно бүхэн минь цагийн аясаар бүдгэрсэн ч

Найзалж явсан нөхөд минь амьдрал хөөгөөд одсон ч

Надад таныг л зорих хүсэл цээжин дотор минь дандаа байдаг


Амьдралаас таашаал авах эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа маш олон зүйл дээр анзаарагдаж байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй цөөн зүйлээс таашаал аван амьдарч байдаг. Тэдэнд угаасаа олон зүйл хэрэггүй. Харин эмэгтэйчүүд бүхий л зүйлд санаа тавин амьдардгийнхаа хувьд маш олон зүйлээс хамааран тэндээсээ таашаал аван, түүнийхээ төлөө хүсч тэмүүлэн амьдарч байдаг. Энэ жишээг эрчүүд олноороо цугласан аль эсвэл эмэгтэйчүүд олноороо цугласан газруудаас харж болно. Эрчүүдийн яриа цомхон. Ан гөрөө, спорт, бизнес зэрэг сонирхдог зүйл, найз хүүхэн за тэгээд л хичнээн удаан уулзаагүй ч эрчүүдийн яриа ингэсгээд дуусчихна. Харин эмэгтэйчүүд бол өөр. Тэд хэдэн цагаар ч ярьсан уйдахгүй. Энэ хугацаандаа тэд маш их мэдээлэл солилцож байдаг. Учир нь эмэгтэйчүүд маш олон зүйлээс шалтгаалан амьдардгийнхаа хувьд тэр бүх мэдээлэл мэдлэгийг цуглуулсан байдаг. Өөрөөр хэлбэл өөрт байхгүй зүйлээ бусдаасаа олж авч мэдэхдээ гаргууд гэж хэлж болно. Тийм л учраас эмэгтэйчүүдийн яриа дуусашгүй. Тэдэнд санаа зовох олон зүйл бий. Гэр орон, үр хүүхэд, нүүр царай, хуруу хумс, үс зүс, хувцас гоёл, найз залуу эсвэл нөхөр, нийгмийн амьдрал, хажуу айлд гарсан гал түймэр, гарахдаа хаалганы хажууд мартаж орхисон тортой зүйл гээд дэлгүүр хоршоо, нөхрийн цалин, гэр бүлийн зардал, энэ сарын байрны мөнгө, хүүхдүүдийн тухай..... энэ жагсаалт дуусахгүй. Яаж амжуулдаг юм бол гэмээр их ажил тэдний турьхан нуруун дээр хээв нэг байраа эзэлсэн байдаг. Иймээс ч бяцхан охиноо төрөхөд эх хүн яаж уярч амьдралынх нь ирээдүйг эрэгцүүлэн бодож сайн сайхныг хүсэн залбирдаг билээ.

Зүгээр л эмэгтэй хүн ширээн дээрээ байгаа номыг нээж хараад л хүссэн мэдээллээ олж авдаг. Яг л ээж шиг, эгч шиг, найз нөхөд шиг, дотно зөвлөгч шиг ном байдаг ч болоосой гэж олон жил бодож явлаа. Сайн сайхан, хүнд хэцүү гээд амьдралд минь тохиолдсон олон зүйл дээр ийм л ном үгүйлэгдэж байлаа. Тэр бүрийд нээж харах тийм л номыг хүсэн явсаар эцэст нь өөрөө бичиж гаргахаар зориглон уншигч эмэгтэй таны гар дээр хүргэж байна. Хайртай ээж минь хорвоогоос одож ганцаардлын мананг туулж явсан үед, анхны хайр минь бүтэлгүйтэж залуу насны гунигаа асгаж явсан үед, анхны үрээ тэврэн баярлаж, уйлж сандаргахад нь ээж минь байсан ч болоосой гэж цээжин дотроо хашгирч явсан үед, эх орноосоо хол хүний нутагт хэн ч юу ч хэлж туслахгүй харийн хүмүүсийн дунд явсан үед ийм л ном дэргэд минь байсан бол гэж бодно. Миний амьдрал хүний л амьдрал. Тэр тундаа эмэгтэй хүний л амьдрал. Мэдсэн нь мэдээгүйдээ хэлдэг, чаддаг нь чаддаггүйдээ тусладаг хүний хорвоод энэ амьдралаас эмэгтэй хүнийхээ хувьд олж авсан бүхнээ бусадтай хуваалцахыг хүссэн юм. Ирээдүй хойч бяцхан дүү нараа энэ бүхнийг мэдэж ойлгоход их замыг битгий туулаасай гэж бодсон юм. Тэр зам урт, бас төвөгтэй. Бие сэтгэлээрээ мэдэрч байж ойлгож авдаг зүйл. Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгодоггүй гэдэг шиг үзэж туулсан бүхнээ, ойлгож мэдсэн бүхнээ, цуглуулж эмхтгэсэн бүхнээ олон охид эмэгтэйчүүдтэй хуваалцахыг хүссэн юм. Ганц миний олж авсан мэдлэг мэдээж бүхий л талын зөвлөмжийг танд хүргэхэд багадна гэдгийг би мэднэ. Тиймээс олон жилийн туршид цуглуулан олж авсан мэдээллүүдээ нийлүүлэн эмхтгэж эмэгтэйчүүдийн ширээний номыг бичлээ. Та ямар ч үед асуух зүйлээ энэ номыг нээн асууж түүндээ хариулт олж чадаж баймааж нь миний ном хүрэх эзэндээ хүрчээ гэж бодно. Энэ ном бол эмэгтэйчүүдийн бүх төрлийн мэдээллийг багтаасан ном юм. Энгийн жишээ, бороотой өдөр шүхэр барин гараагүйгээсээ болоод сайхан хувцсаа норгож, будаг шунхаа урсгаж, үс гэзгээ унжуулан цаашлаад хамрын ханиад хүрч хатгаа тусах аюул гарахад хэзээд бэлэн байдаг. Аюултай заавал нүүр тулгаран байж мэднэ гэдэг юу билээ. Түүнийг аюултай гэдгийг л мэдсэн байвал болох биш үү. Тэгээд шүхэр бариад л гарахад хангалттай шүү дээ. Энэ ном танд бороотой өдрөөр шүхэр барин алхаж яваа мэт, цаашлаад амьдрал туршийн тань хамгаалалт болох учиртай. Гэхдээ энэ номыг ямар нэгэн нэвтэрхий тольтой андуурч ойлгож болохгүй юм. Амьдрал туршдаа эмэгтэй хүний олж мэдэх ёстой ерөнхий мэдээллийг л энэ номонд багтаахыг зорьсон юм. Дээр өгүүлсэнчлэн таны ээж, эгч, найз шиг танд туслах гэсэн юм.

Эртний Грекийн нэгэн домогт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүслийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Эрт цагт хүн хүйсгүй байсан тухай олон домог байдаг ч энэ домог миний сонирхолыг татсан юм. Эрт цагт бурхан хүнийг бүтээхдээ нэгэн цулаар бүтээжээ. Энэ нь хүн эр эм хүйсгүй байсан гэсэн үг. Энэ үед хүний зорилго тодорхой байжээ. Түүнд ямар ч асуудал байсангүй. Зөвхөн урагшаа тэмүүлэх хүсэл, зорилго, амжилт бүтээлээрээ тэр онцгойрч улам хүчирхэгжин магадгүй бурхнаас ч хүчтэй болох шинж ажиглагдсан гэдэг. Энэ л үед бурхан хүний хүчийг бууруулах зорилгоор түүнийг дундуур нь хоёр хуваажээ. Яагаад ч юм адил тэнцүү хувааж чадаагүйгээс нэгэнд нь илүү мах, нөгөөд нь дутуу мах үлдээсэн байна. Түүнээс хойш хүн эрэгтэй эмэгтэй гэсэн хүйстэй болж хоёр хуваагдан цаг үргэлж бүтэн болохын төлөө бие биеэ эрж хайсаар ирсэн гэдэг. Энэ хэдийгээр сонирхолтой домог ч гэсэн үүнд үнэн бий. Энэ л цагаас хойш хүмүүсийн хооронд ярвигтай харилцаа үүсч, эсрэг хүйснийхээ үнэн мөн чанар, сэтгэл зүрхнийх нь эмзэгхэн хөндүүрийг эрж хайсаар ирсэн биз ээ. Магадгүй хүн энэ орчлонд ирэхдээ бүтэн болохын төлөө ирдэг байж болох юм. Ганц мод гал болдоггүй гэж Монголчууд эртнээс ярьдаг. Үнэхээр ганцаар тууламгүй хорвоод өөрийн ижлээ олж, хайрлаж дурлаж, хамтын амьдралыг зохиож, нэгэн цул болон цааш явдаг. Хүний амьдрал нэгэн цул байхдаа хүчтэй байдаг ч тэр нь санаан зоргоор болох нь үгүй. Цаг ямагт ийм л байсан. Эхлээд нэгнээ эрж хайж олох их аян, дараа нь нэгдсэн хойноо ч бат бөх орших эв эе. Энэ бүхнийг давсан хэн бүхэн, ямар ч хосууд аз жаргалтай амьдардаг биз ээ.

Ганцаараа ирээд олуулаа болон цуварч буцдаг хорвоод хүн хичнээн өөрийн гэсэн хүсэл зорилготой байлаа ч, түүнийхээ төлөө эцэж цуцалтгүй тэмүүлдэг байлаа ч өгсөж даваад байхад ургаж босоод байдаг амьдралын урт замыг зөвхөн цор ганцаараа туулж бардаггүй билээ. Эндээс л хамтын амьдрал үүдэлтэй. Тэр дундаа эмэгтэй хүний хувьд дээрхийн адил хичнээн их хүсэл зорилгыг өмнөө тавьсан байлаа ч нэг л өдөр... нэг л өдөр тэр бүхэн өөрчлөгдөж болдог. Энэ нь нэгэн цул болох хүнээ олсон тэр цагаас эхлэнэ. Харин хэрхэн нэгэн цул болох вэ, өөрийн амьдрал туршийн ижлээ олж түүнтэйгээ бат бөх урт удаан амьдрах эе эвээ олох вэ. Ерөөсөө эмэгтэй хүн болоход өөрийгөө хэрхэн бэлдэх вэ. Энэ бүхэн ямар ч эмэгтэйн хувьд асуултаар л эхэлдэг. Бидэнд тэр бүр нэгд нэгэнгүй хэлж өгдөг хүн цөөхөн.

Номын тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ӨСВӨР НАС

Эмэгтэй хүнийг өнгөрсөн одоо ирээдүй гурван цаг дээр авч үзвэл тэдний өнгөрсөн цаг нь ээжүүд юм. Ээжүүд бүгдийг туулаад үзчихсэн байдаг учир амьдрал тэдний алган дээр байгаа мэт тод томруун харагдаж байдаг. Тиймээс л охиноо өөр шигээ урт замыг туулж байж, заавал алдаж байж аливааг ойлгоосой гэж хүсээгүйдээ өдөр тутамд хэлж сургаж байдаг нь давтагдсаар “үглэх” гэдэг үнэ цэнэгүй сургааль хайрлагчид болсон байдаг. Харин одоо цаг буюу амьдралыг өөрийнхөөрөө туулж яваа залуу эмэгтэйчүүд, эгч нар. Тэд аливаа зүйлийн учир шалтгааныг төдийлөн сайн мэдэхгүй ч өөрийн чадлын хирээр дүү нартаа туслах сэтгэлээр дүүрэн байдаг. Харин ирээдүй цаг буюу найз нар. Тэд алс тэртээрүү татсан замыг харж байгаа мэт өөрийн ирээдүйг төсөөлөн байгаа. Тиймээс л хурдан том болохын мөрөөдөл болсон охид хоорондоо өөрийн бяцхан ухаанаараа олж мэдсэн зүйлээсээ хуваалцаж байдаг. Тэдгээрийн аль алины үүднээс тэдэнтэй яриад үзэх хүсэл төрлөө.

Эмэгтэй хүний амьдралтай танилцаж эхэлж байдаг өсвөр насныханд зориулсан бүх талын мэдээлэл зөвлөмжийг номын энэ хэсэгт багтаасан. Эдгээр зөвлөмжийг зөвхөн өсвөр насны охид төдийгүй өсвөр насны охинтой ээжүүдэд зориулсан юм. Энд өсвөр нас гэж юу болох, сарын тэмдэг, сэтгэл зовоосон асуудлууд, өсвөр насны охидын гоо сайхан, эрүүл ахуй болон зан төрх, бие бялдрын өөрчлөлтүүд, эцэг эх найз нөхөд, орчин тойронтойгоо болон мөнгөтэй харьцах тухай ойлголтууд, үерхэл нөхөрлөл, хайр дурлал зэрэг энэ насанд заавал сурч мэдэх ёстой мэдлэг мэдээллийг багтаалаа. Өсвөр насны охид тэр бүр аав ээжтэйгээ илэн далангүй ярьж, амьдралын тухай хангалттай мэдлэг авч чаддаггүй манайх шиг нийгэмд охид маань зарим нэг зүйлийг өөрийн биеэр туулан үзэж байж ойлгож авдаг. Мэдэхгүй байна гэдэг алдаа гаргахын эх үндэс болдог. Харин ядаж уншиж сонссон байж гэмээ нь алдааг тойрон гарах ухаан хүнд бий болдог биз ээ. Бяцхан охид ч ирээдүйн эмэгтэй хүн, эхнэр ээжүүд болно. Тэд ч эмэгтэй хүний амьдралын тухай мэдэж байх хэрэгтэй. Өсвөр насны охидод шаардлагатай зөвлөмжүүдийг номын хуудсаар дамжуулан өгөхийг зорьсон билээ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮД

Амьдралын хамгийн сайхан нас бол юугаар ч орлууламгүй залуу нас гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Будаггүй ч хөөрхөн, хувцас муутай ч гоо үзэсгэлэнтэй, мөнгөгүй ч ирээдүйн баялаг өмнө нь хүлээж байдаг. Гэхдээ залуу нас бол их олон зүйлийг шийдвэрлэх цаг хугацаа юм. Өөрөөс шалтгаалах бүгдийг хийж төлөвлөж, түүнийхээ төлөө явж болдог ч шалтгаалахгүй олон зүйлүүд өмнө нь хүлээж байдаг эмэгтэй хүний амьдралын алтан үе. Гагцхүү энэ л насандаа залуу эмэгтэйчүүд өөрийн өмнө хүлээж буй амьдрал, хувь заяа, ирээдүйгээ тодорхойлдог. Энэ бүлэгт залуу эмэгтэйчүүдэд зориулсан бүх талын зөвлөгөөг багтаасан. Ажил мэргэжил, ирээдүйгээ сонгох, төрсөн өдрийн төөргөөр хувь заяагаа мэдэх, анхны болзоо, хайр дурлал, эрчүүд гэж хэн болох, тэд ямар эмэгтэйд дуртай байдаг, гэрлэлт, гэрлэлтээр дамжин ирэх үүрэг хариуцлага, эрт гэрлэлтийн хор уршиг, энэ насанд анхаарах зүйлүүдийн тухай өгүүлсэн.

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ГЭРЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД

Эмэгтэй хүний амьдралын бас нэгэн хуудас, огт мэдэхгүй, нээж үзээгүй номын хуудас шиг өмнө хүлээж байдаг гэр бүлийн амьдрал. Өөрөө л уншиж үзэхээс нааш мэдэхгүй энэ хуудас олон эмэгтэйчүүдийн амьдралын зорилго, утга учрыг өөрчилж өгсөн байдаг. Эмэгтэй хүний амьдрал гэр бүлтэй болсон тэр цагаас л ... тэр л цагаас тэнхлэгээрээ өөрчлөгддөг жамтай. Харин энэ үед олон зүйлийг сонсож мэдээгүйгээсээ болж амьдралдаа нөхөж болохгүй алдаа гаргах нь бий. Номын энэ бүлэгт гэрлэлт, гэрлэлтээр дамжин ирэх үүрэг хариуцлага, жирэмслэлт, хүүхэд тээх явц, төрөлт, анхны хүүхдийг угтан авах тухай болон нөхрөө хэрхэн сайн нөхөр болгон өөртөө зориулан өөрчлөх тухай цаашлаад гэр бүлийн амьдралд үүсэх асуудлууд гэр бүлийн төсвийг хэрхэн зарцуулах, хадмуудтайгаа хэрхэн харилцах, гэр бүлийн маргааныг хэрхэн шийдвэрлэх зэргийн талаар өгүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НАС АХИСАН ЭМЭГТЭЙЧҮҮД

Эмэгтэй хүний амьдралыг дөрвөн хэсэгт хуваан үзмээр санагддаг. Нэгд өсвөр нас, хоёрт залуу нас, гуравт гэр бүл амьдралаа зохиох үе, дөрөвт ахимаг буюу цэвэршилтийн дараах үе гэж. Энэ дөрвөн үе дөрвүүлээ юу ч бичээгүй цагаан цаас шиг эмэгтэй хүнийг хүлээж байдаг. Эмэгтэй хүн тэр бүхнийг огт нээж үзээгүй номын хуудас шиг нээж, юуг яаж бичихээ мэдэхгүй цагаан цаасан дээр үзэг барин суугаа юм шигээр эхэлдэг. Номын энэ хэсэгт ахимаг насны эмэгтэйчүүдэд зориулсан зөвлөмжүүд багтсан байгаа. Энэ нас бол амьдралын бас нэгэн шинэ үе байдаг. Орчин үеийнхэн энэ л үеийг амьдралын алтан үе гэж нэрлэх нь ч бий. Зүгээр л хөгшрөхөө хүлээн түүнтэйгээ эвлэрэн суух эмэгтэй дэндүү өрөвдөлтэй биш гэж үү. Хорвоо ертөнц өмнө тань нээгдэж, бүхлээрээ харагдаж эхэлж байгаа энэ үе бол чухал үе. Харин энэ л үед юуг мэдэх ёстой вэ гэдгийг өөрийн болоод бусдын жишээн дээр чадан ядан бичиглэлээ.

ТАВДУГААР БҮЛЭГ. ГОО САЙХАН

Эмэгтэй хүн бүхэн сайхан харагдах хувьтай төрдөг. Бурхан хүнд өөрийн гоо сайхныг заяасан ч түүнийг багахан арчилж тордох төдийд л гайхалтай өөрчлөлт нүдэнд илэрдэг. Энэ бүлэгт гоо сайхны тухай өгүүлнэ. Хүний биеийн арьс хийгээд нүүр гар, нүд, шүд, үс, хумс зэргийн арчилгаа гээд эмэгтэй хүнийг сайхан харагдуулах бүхий л талын зөвлөгөөнүүдийг багтаасан. Орчин үед гоо сайхны олон төрлийн зөвлөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа ч хүний унаган байгальтайгаа холбогдсон гоо үзэмж гэдэг хамгийн эрүүл, хамгийн зөв шийдэл байдаг гэдгийг энэ хэсгээс уншаарай. Ямар нэгэн химийн элементүүдийн нөлөөгөөр биш, цэвэр байгалийн нөлөөгөөр хэрхэн гоо үзэмжээ удаан хадгалж болох талаар номын энэ хэсэгт дэлгэрэнгүй өгүүлэхийг зорилоо.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. ХООЛ ХҮНС

Бид төрөл бүрийн хоол хүнсийг өдөр тутам хэрэглэж байдаг. Хоол хүнс бүхэн өөрийн найрлага, бүтэц, үйлчилгээтэй байдаг. Орчин үеийн хүмүүст нүүрлээд байгаа гамшиг таргалалттай тэмцэх талаар хүн бүхэн ярьж өгүүлж байгаа ч таргалалтын шалтгааны ихэнх хувь хоол хүнсээр дамжин ирж байгааг, тэр дундаа юу идэж байгаагаа төдийлөн сайн мэддэггүйгээс үүдэлтэй. Дэмий л турах тухай бодохдоо хоолоо хасч хэдэн хоног сараар өөрийгөө зовоон байдаг. Тэгвэл хүн идэх хоолоо хасалгүйгээр хүссэн жиндээ хүрч болох сайхан боломжууд бидний эргэн тойронд дүүрэн байдаг. Номын энэ хэсэгт хялбар аргаар турах 100 хоолны бүтээгдэхүүний тухай өгүүлнэ. Эдгээр нь бүгд бидний эргэн тойронд гарын дор байдаг. Эрүүл хүнсийг идэж хэрэглэж, ашиг тусыг нь жинхэнэ утгаар нь мэдэж авснаар бид өөрсдөө төдийгүй зөвхөн бидний сонголтоос шалтгаалан эрүүл мэнд нь баталгаажиж байдаг гэр бүлээ ч эрүүл байлгаж чадна.

;;