Sunday, April 10, 2011

Шөнийн цагаар хотынхон ихэнхдээ унтаж байдаг. Амгалан тайван байдлыг саринуулан хаа нэг согтуу хүн хашиграх, машины сигналдах чимээ л орчны аниргүйг эвдэнэ. Гудамжны буланд өнгө өнгийн гэрлээр солонгорох нэгэн газар харагдах нь хотынхныг гүйцэд унтаагүй байгааг илтгэх мэт. Энд хэдий шөнө болсон ч хүн олонтой. Уушын газрын ширээ бүр хүнтэй байх бөгөөд цөөн хэдэн үйлчлэгч бүсгүйчүүд ийш тийш гүйж олон янзын зан авиртай үйлчлүүлэгчдийн ая тавыг олох гэж хирдээ л сандарна. Энэ үеээр гадаах хаалга хүчтэй савагдан хаалганы хажуугийн ширээнд сууж байсан залуу тэр зүг гүйхээрээ гараад явчихлаа. Зэрэглдээх ширээнд сууж байсан намхан туранхай залуу хажуудаа сууж байгаа хүний мөрөн дээгүүр өнгийн араас нь харсаар хоцорлоо. Хэсэг хугацааны дараа ширээ хүнгүй болсоныг мэдсэн үйлчлэгч бүсгүй сандран
- Энд байсан хүнийг харсан уу?
Хэн ч хариу хэлсэнгүй. Зэргэлдээх ширээний залуу босон хаалгаар гадагш гарч хэсэг удсанаа буцан орж ирээд....

- Тооцоогоо хийгээгүй байсан юм уу? Гэж асуулаа
Үйлчлэгч
- Хийгээгүй байсан
- Алга байнаа. Гарч явахыг нь харсан. Яваад өгчихөж.
- Одоо би өөрөө л цалингаасаа суутгуулах болж дээ гэж хэлээд санаа алдав.
Хотын шөнө ахиад л ажин түжин. Гэрлээ гялалзуулан булан тойрох машины сүүдэр. Түмэн энэ шөнө унтаж чадсангүй. Болоод өнгөрсөн бүхэн өөрт нь хэзээ ч тохиолдож байгаагүй доромжлол мэт санагдана. Улаан дарс хэт их ууснаас болоод толгой нь хагарах шахна. Шүүгээнээс эм хайж байх зуураа толинд өөрийгөө зэрвэс харвал цамцан дээр нь дарсны улаан толбонууд харагдана. Энгэрийн халаасаа тэмтэрч үзвэл цамных нь энгэрт түрүйвч нь баригдлаа. Таксинд мөнгө төлөхдөө яг энэ энгэрийн халаасандаа түрүйвчээ буцаан хийж байсан. Тэр уушын газрын мөнгийг төлөөгүйгээ гэнэт саналаа. Буцаж очих гэсэн болов цаг нэгэнт шөнө болж уушийн газар байтугай унтдаггүй айлын гэрэл ч аль хэдийн унтарчээ. Түмэн бодолд автан цонхоор харагдах шөнийн тэнгэрийг ширтэн зогсоно.


Үд дунд болжээ. Цонхоор үдийн нар тусан өрөөг тэр чигт нь гэрэлтүүлнэ. “Эхлээд уушийн газрын мөнгийг өгөх хэрэгтэй. Харин дараа нь Ангирмаатай учираа ольё, үгүй ээ эхлээд Ангирмаатай уулзаад дараа нь уушийн газарт очих хэрэгтэй” гэсэн бодлууд Түмэнгийн толгойд эргэлдэнэ. Тэр Ангирмаагийн гар утасруу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгснөөр эхлээд гэрээр нь, дараа нь ажлаар нь очсон боловч олж уулзаж чадсангүй.

Хотыг үдэш нөмөрлөө. Хөл хөдөлгөөнтэй байсан гудамж талбай гэнэт л нам гүм болох мэт. Харин хүмүүсийн унтаагүйг харуулах гэсэн мэт гудамжны булангийн уушын газрын гэрэл алсаас ч тодхон харагдана. Энэ газрын хаалгаар өчигдөр гүйхээрээ гарч явахдаа юу ч бодолгүй гарсан бол харин одоо эргээд орохдоо нэг л эвгүй. Өвдөг нь үл ялиг чичрээд ч байх шиг. Ингээд орвол хэн нэгэн таниад учир начрыг нь асуухаас өмнө бөөн хэрүүл дэгдээж ахиад бүтэлгүйтвэл яана гэх айдас төрж байлаа. Оройн цагаар хүн ихтэй байдаг энэ газар нэг л эл хуль. Түмэн ширээнд сууж үйлчлэгчийг хүлээхээр шийдлээ. Өчигдөр үйлчилж байсан жижихэн цагаан хүүхэн түүнрүү ойртон ирээд их л уриалагханаар инээмсэглэн ширээн дээр меню орхиод явлаа. Бодвол Түмэнг танихгүй байгаа бололтой. Тэр хэсэг зуур эргэн тойрныг ажигласан боловч түүнийг өчигдөр энэ газраас мөнгөө төлөөгүй гарсан үйлчлүүлэгч гэж таниж анзаарсан хүн алга. Нөхцөл байдал ийм байхад заавал өөрийгөө “би өчигдөр мөнгөө төлөөгүй хүн байна. гэж зарлах хэрэг байна уу. Бас энд Ангирмаатай маргалдсан тухай нь ч бүгд санахгүй байгаа нь илт байна. Олон хөлийн газар болхоор хүн бүхнийг таних албагүй л байдаг биз дээ. Харин ингээд намайг танихгүй байгаа юм чинь мөнгөө төлөх үү болих уу гэсэн ёрын бодол Түмэнгийн толгойд үе үе орж ирнэ.
Барагцаалаад бодвол энд өчигдөр Ангирмаатай хамт захиалсан зүйлийн төлбөр нилээн өндөр гарсан байх ёстой. Түрүүлээд явсан найз хүүхнүүд нь гэхэд хамгийн үнэтэй бүхнийг захиалж тансаглаж байгаад явсан. Дараа нь Түмэн ч нэрээ хичээн эндхийн өнгөтэй өөдтэй үнэтэйгээр нь захиалсан. Төлбөр нилээн өндөр байх ёстой. Тэрээр халаасандаа байгаа түрүйвчийг тэмтэрлээ.
Ийм бодлууд Түмэнг булаалдан байх хооронд үйлчлэгч бүсгүй дэргэд нь ирчихсэн зогсож байлаа.
- Та юу захиалах вэ?
Инээмсэглэн асууж байгаа европжуу царайтай бүсгүйн нүдрүү хартал шууд л гүн цэнхэр далайруу сэлээд явчих шиг боллоо. Яг л сахиусан тэнгэрийнх шиг. Өчигдөр энд байхдаа анзаараагүйгээ гайхлаа. Яаж ч анзаарах билээ дээ. Ангирмаагийн найз хүүхнүүдтэй танилцаж, өөрийгөө овоо мундаг эр болохоо харуулах нэрээ хичээж байснаас өөр бодол байсангүй.
- Та юу захаилах вэ?
- Аан. Нэг пиво зууштай аваад ирэхгүй юу? Ногооны.
Үйлчлэгч цааш эргэн явна.
Энэ бүсгүйг хаа нэгтэй харсан ч юм шиг. Хэзээ нэгэн цагт уулзаж учирч байсан ч юм шиг. Сэтгэл догдлуулсан танил төрх. Зүрх нь баяраар гийн өөрийн эргүй хөөрч догдлоод байх шиг. Өчигдөр юу болсныг бодлоо.
Ангирмаа түүний улаан нүүрлүү ууж байсан дарсаа цацчихаад гараад явчихсан. Тэрнээс өмнө... Тэрнээс өмнө найз хүүхнүүддээ Түмэнг танилцуулан тэд нь ч Ангирмаагийн шинэ найз залууг сонжин сүүлдээ яриа нь халж аман дээрээ хэд хэд магтаад авсан. Учир нь Түмэн боловсрол өндөртэй. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг. Дээрээс нь учир битүүлэг мэт харагдах зан авираараа эмэгтэй хүнийг өөртөө татах төрөлхийн увидастай ч гэл хэлж болох. Тэр энэ зангаа өөрөө ч мэдэхгүй. Гэвч найз хүүхнүүд явсны дараа Ангирмаа Түмэн хоёр хоёуулхнаа үлдсэн. Тэдний хооронд хэсэгхэн яриа болж өрнөсөн ч Ангирмаа ууж байсан дарсаа Түмэнгийн нүүрлүү цацаад гарах хүртэл уурлах болсон шалтгаан нь юу байсан юм бол.
Ангирмаа
- Яасан. Яагаад дуугаа хураачихсан бэ. Манай найзууд чамд таалагдав уу.
- Надад таалагдах албагүй шүү дээ. Тэд нар чиний л найзууд
- Ер нь чамд миний эргэн тойрноос таалагдах зүйл байдаг уу?
- Тийм ч их биш
- Тэгээд бид яагаад уулзаад байгаа юм бэ
- Надад эмэгтэй хүн хэрэгтэй учраас
- Тэгээд би зүгээр л чиний хувьд хэрэгцээ болж байна уу
- Уучлаарай би худлаа ярихыг хүсэхгүй байна. гэхдээ бид хоёрын харицаа....уг нь би чамд...
Ангирмаа нүүр нь минчийтлээ улайн барьж байсан дарсаа Түмэнгийн улаан нүүрлүү цацчихаад гүйхээрээ гараад явчихсан. Араас нь гарсан боловч Таксинд суугаад алга болчихсон. Унаатай хүнийг явган хүн яаж гүйцэх билээ. Энэ бүхэн өчигдөрхөн энд болж өнгөрсөн гэхэд үнэмшмээргүй. Түмэн үнэнээ л хэлсэн. Ангимаа бол Түмэнгийн хувьд хэрэгцээ байсан нь үнэн. Хэзээ ч түүний сэгэлийг бүрэн эзэмдэж байгаагүй. Дураараа ааштай, хүссэн бүхнээ авах сонирхолтой, дэндүү дэгжин, дээрэлхүү зантай энэ эмэгтэй Түмэнтэй яавч нийцэхгүй гэдгийг тэр мэднэ. Гэхдээ хүн нэрээ тогос өдөө гэдэгчлэн Түмэн Ангирмаатай байхдаа хүнээс дор орохгүйг хичээн халаасан дахь мөнгөө багагүй үрсэн.
Ширээн дээр сэрээ хутга тавих чимээнээр Түмэн хөвөрсөн бодлоосоо салж дээш харвал нөгөөх үйлчлэгч бүсгүй. Хөдөлж байгаа нь эвлэгхэн. Ажилдаа ч гавшгай. Эмэгтэй хүний намбалаг дүр төрх гэж энийг л хэлдэг байх даа. Түүнтэй ямар нэгэн яриа өрнүүлмээр санагдана. Гэвч юу гэж эхлэх вэ? “би өчигдөр тооцоогоо хийгээгүй гарсан хүн байна” гэж хэлэлтэй биш. Мэдээж энэ үгэнд бүсгүй цочирдоно. Тэгээд Түмэнг мөнгө төлөөгүй гарсан үйлчлүүлэгч, бас энд хамт сууж байсан эмэгтэйтэйгээ маргалдан улаан нүүрлүүгээ дарс цацуулж байсан залуу гэж мэдээд цааш яриа өрнөх болов уу. Энэ айдас Түмэнг дийлж байлаа. Гэвч бүсгүй мэдсэн шинж ер алга. Ангирмаа нүүр лүү нь дарс цацаж байх үед үйлчлэгч хараагүй байсан байж болно. Гэхдээ л сонссон байж таараа. Ерөөсөө мэдэгдэхгүй байх нь хамгийн шилдэг сонголт болж таарлаа.
Энэ өдрөөс хойш Түмэн уушын газраар эргэлддэг болов. Тэр ч бүү хэл бүсгүйтэй танилцан дотно болсоор ажлаа тарах үед нь гэрт нь хүргэж өгдөг болоод авлаа. Бүгүйг Аня гэнэ. Өдөр нь хичээлдээ сураад оройн цагаар уушийн газар зөөгчийн ажил хийдэг. Багаасаа өвөө эмээ дээрээ өссөн болхоор амьдралын наадана цааныг сайн мэднэ. Орос монголын эрлийз энэ бүсгүй ээжийнхээ намхавтар нурууг л дуурайснаас биш хөнхөрдүү цэнхэр нүдтэй харваас цэвэрхэн царай, үл ялиг өндөр хамартай.
Тэд хэдийнэ бие биендээ хайртай болжээ. Тэр нэгэн өдөр уушын газарт найз бүсгүйдээ ууж байсан виногоор нь будуулаад үлдсэн азгүй залуугийн тухай хэн ч дурссангүй. Аня их хөгжилтэй. Даруухан. Бас тэр хоёрын бодол яв цав давхцаж байгаад өөрсдөө ч гайхдаг байлаа. Аня найз залуутай байсан боловч тэр нь архичин байснаас залхан салсан тухайгаа Түмэнд ярьсан. Нэг удаа Аня зуны амралтаараа Улан-Үд явах гэж байгаагаа Түмэнд дуулган хамт явахыг хүснэ. Түмэн ч зөвшөөрч тэд хамтдаа явахаар шийдэн ойр зуурын ажлаа цэгцэлж байлаа.
Нэгэн үдэш Түмэн Аняг ажлаа тарахыг хүлээн уушын газрын хүнгүй сандал дээр сууж байтал гаднаас нэг залуу халамцуу орж ирлээ. Тэр үйлчлүүлэгчийн захиалгийг хүлээн текний хажууд зогсож байсан Аняруу явж очлоо. Тэд хэсэг ярьж байснаа маргалдаад байгаа бололтой харагдана. Анягийг нүүр улайж залуугийн гарыг түлхэн өөрөөсөө холдуулах гэсэн боловч залуу түүнийг өөртөө хүчтэй ойртуулан тэврэх гэлээ. Энэ үед Түмэн текрүү хүрч очлоо.
Аня
- Болич ээ. Хүн хэлээд байхад ойлгодоггүй юм уу?
- Би чамд хэлээд байна ш дээ. Чамд амлаж байна. Ахиж чамайг гомдоохгүй.
- Би ажлаа хийж байна....
Түмэн
- Чи яагаад байгаа юм бэ?
Залуу
- Чамд ямар хамаатай юм бэ? Би өөрийнхөө эмэгтэйтэй ярьж байна.
Аня
- Би чамд хэлж байсан ш дээ. Нэг залуу байсан гэж. Тэр чинь энэ.
Түмэн
- Энд олон хүн байна. Хоёулаа гараад уулзах уу?
Залуу
- Чамтай уулзаж яах юм бэ? Чи мөрөөрөө яв.
Түмэн
- Би наад эмэгтэйтэй чинь хамаатай болохоор чамд хэлж байна.
Залуу бүсгүйн гараас тавьж Түмэнрүү эргэж харж хэсэг ажиглаж байснаа
- Чи юу даа. Уусан архиныхаа мөнгийг төлж чадахгүй зургтаагаад гарсан чамшиг юманд миний эмэгтэй дэндүү ахдана. Түмэн хэсэг зогтуссанаа чимээгүй боллоо.
Залуу
- Чи яасан мөнгөгүй болхоороо энэ газрын шавхрууг үнэгүй долоох гэж миний найз хүүхэнтэй учраа юу. Аня чи ч өрөвдмөөр хүүхэн юм даа. Хэдэн сарын өмнө чиний ширээн дээр хүүхнүүдтэй маасагнаж байгаад мөнгөө төлөлгүй гараад гүйчихсэн залууд уураглуулчихсан ч байх гэж. би араас нь гараад олоогүй зургтаад явчихсан шаартай.
Энэ үед тэнд байсан уушийн газрын ажилчид бүгд цугласан байлаа. Ам амандаа жиг жуг гэсэн яриа сонсогдоно. Аняг хартал тэр хөшсөн мэт зогсоно. Тэгснээ алгуурхан царайгаа төв болгон
- Та нар яв. Надад та хоёрын хэн нь ч хэрэггүй. Би ажлаа хийж байна. Тэгээд ч ганцаараа үлдмээр байна.

Энэ явдлаас хойш Түмэн Анятай уулзах гэж ажлаар нь очоод ч, гэрээс нь сураглаад ч, утасруу нь залгаад ч тэр олдсонгүй. Уушын газар тэр хэвээрээ. Урьдын л адил хүмүүс хөлхөн гудамжны буланд шөнө дөлөөр гэрлээ асаан халамцсан, хашгирсан, цөхөрсөн, баяссан хэн бүхнийг өөртөө татсаар. Энд орой бүр байдаг хүмүүсээс хоёрхон хүн л байхгүй байсан нь Түмэн, Аня хоёр.
Аняг хайж олохоор Улан үд явъя гэсэн бодол Түмэнд төрж байсан ч тэнд очоод хаанаас олох билээ. Амьдрал туршаа хайж явсан хүнээ олсон гэж итгэж баярлаж явсан нь яалаа. Түүний цэнхэр нүд, гүн хөх далайн сувд адил далдаас далд нуугдаж, сахиусан тэнгэр дэргэд нь мөрийг нь түшийн сууж байгаад үүрд буцаад явчихсан мэт чимээ сураггүй. Амралтаа дуусгаад эргээд ирнэ биз дээ гэсэн бодол тээн хэсэг болсон боловч хэдийнэ намар болж анхны цас унажээ. Аня ажилдаа буцаж орсонгүй. Тэр монголд ирсэн ч юм уу бүү мэд.

Шарласан модны навчис нэг нэгээр тасран унаж, тэнгэрээс цас хаялсан намрын нэгэн өдөр Түмэн такси авахаар зам дээр зогсож байтал хажууд нь нэгэн такси ирж зогслоо. Хойд хаалгийг онгойлгон суух гэтэл дотор нь нэг эмэгтэй суучихсан мөнгөө төлж байна. Түмэн хэсэг хүлээж байтал хаалга онгойн бүсгүй гарч ирлээ. Гүн цэнхэр далайд сэлээд л орчихмоор нөгөөх нүд. Тэд хажууханд байх нэгэн зоогийн газарлуу орлоо. Эндхийн бүх зүйл уушийн газраас тэс ондоо. Хүүхдүүд шуугилдаж төрсөн өдөр тэмдэглэж байгаа бололтой. Энд тэндгүй гүйлдэнэ. Тэд ширээнд сууж кофе захиаллаа.
Аня
- Амьдрал сайн уу?
- Давгүй ээ. Чамайг яаж ч хайгаад олсонгүй. Надаас мөн сайн нуугдав аа
- Чамаас нуугдсан юм биш ээ. Өөрөөсөө нуугдсан юм. Чамтай уулзахгүй гэж яаж ч хичээгээд нэмэргүй бололтой.
Түмэн Аняг гайхан харна.
Аня
- За яахав. Чи намайг хүргэж өгөх үү. Би завтай байгаа. Ажлаа хийхээ больсон. Одоо сурч байгаа. Хаашаа ч явж болно. Харин тэр уушын газартаа л хамт очихгүй байя. Одоо харин өнөөдрийн тооцоог чи хийгээрэй.
Тэд инээлдэнэ. Хотын гудамжинд цас нэвсийтэл дарж бүхий л зүйлийг цав цагаанаар будсан харагдана. Ганц нэгээрээ тасран байсан навчис цасан дор дарагдан бүхий л зүйл шив шинэхэн болсон мэт. Магадгүй энд навч хэзээ ч унаж байгаагүй мэт цэв цэвэрхэн. Үйлчлэгч тооцоог авч ирж өгтөл Түмэн түрүйвчээ гарган ирэхийг хараад эхлээд Аня дараа нь Түмэн инээнэ. Тэд инээлдсээр хаалгаар гарч одлоо. Гадаа цав цагаан. Яг л юу ч бичээгүй цаас шиг шинэхэн өдөр байлаа.

3 Comments:

  1. Anonymous said...
    Үнэхээр сайхан болжээ...
    Гүн цэнхэр нүдэнд баяр тодрох агшин
    Зүрний хэмнэлтэй хамт цохилон
    Цэнцэг агаар үнэртэж байна.
    Хүмүүний сэтгэлийг хөдөлгөв...
    Улаан фен чинь
    Anonymous said...
    Gun tsenher dalairuu selj orj uzeh yum san uneer lag bichih yum aa. Hotiin huuhnuud kinoniihoo 2-r angiig hezee tavih yum be huleegeed bna shuu haaya orj ireed uzheer taviagui l baih yum
    Anonymous said...
    nice boljee gehdee anyag olohgui bsan bol buur goy bh baij

Post a Comment