Tuesday, March 16, 2010


Дэлхий цав цагаан өнгөнд сүлэгдэж цасан бүрхүүлээ нөмөрсөн байдаг өвөл цагийн цаанаа л жиндүүхэн хирнээ салхи шуургагүй тогтуун өдөр. Нэгэн кафен нэвт гэрэлтэх цонхоор доторх юм бүхэн тодхон харагдана. Цонхны харалдаа бага зэрэг өндөрлөж зассан тайзан дээр цав цагаан төгөлдөр хуурын дарвуул дороос гайхам аялгуу өндийн байх агаад энэ аялгууг тоглон буй эрхэм дөч гаран насны том хүнхэр нүдтэй, халзан духтай, их л царайлаг эр байжээ гэж дүгнэж болохоор нэгэн харагдана. Тэрээр энд үдэш бүр тоголдог чадварлаг нэгэн төгөлдөр хуурч билээ. Эрт цагийн дурсамж, бүтэлгүй дурлал, хайрын гурвалжин, өчигдөрхөн танилцсан романтик нэгний тухай гээд олон бодол хэсүүчлэн байдаг энэ газар төгөлдөр хуурын аялгуун дороос өндийн байх эгшиг бүхэн юутай танил юутай гайхалтай. Гэрээ мартан гэгэлзсэн хэнбгуай ч энд ирж намуун аялгуунд бүүвэйлэгдэн алс тэртэйрүү очих дуртай тийм л нэгэн газар энд байдаг юм. Яарсан, зорьсон, дайраад өнгөрсөн гээд олон зочдын хэсүүл яриагаар дүүрэх энэ газраар нэг орсон хүн ахин ормоор санагдахын гол учир нь тайзны голоос уянгалах хуурын эгшигэнд ч байдаг байж болох талтай. Төгөлдөр хуурч эргэн тойрныхоо хүмүүсийг ихэнхийг танина. Зарим нь байнга орж ирдэг байхад зарим нь хааяа л орж ирж байгаа нь харагддаг бол заримыг нь анх удаагаа орж ирээд ахин дахин орж ирсээр хэзээний танил хүн шиг толгой дохиод л өнгөрөхийг төд удалгүй харж болно. Тэдний байгаа байдлаас цаад амьдрал, гэр бүлтэй эсэх, тэр ч бүү хэл өнөөдөр ямархан сэтгэлийн баяр гунигтай явж байгааг нэвт шувт харж чадна. Гадаах орчин тэр аяараа нэвт харагдах цонхны хажууд үл ялиг өндөрлөж зассан ширээний ард суух хосыг тэр энд харах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Тэдний уулзалт их л романтик байдаг, гал халуун хайрын болзоот хосууд залуу насыг нь дурсган санаашруулдаг болоод ч тэр үү аль эсвэл хосууд хэн хэндээ таарсан үнэхээр сайхан харагддагаас ч тэр үү тэднийг орж ирэхээр танхим тэр аяараа гайхалтай уур амьсгалтай болчих шиг санагддагийг төгөлдөр хуурч мэднэ. Бүсгүй нь танхимыг тойруулан харж болохоор суудал олж суудаг байхад залуу зөвхөн бүсгүйг хархаар хана руу харан суудаг. Бүсгүйн харц цаанаа л эелдэг зөөлөн тийм гээд хэлэхийн аргагүй ч урсгал ус намуухан урсаж байгаа ч юм шиг нэг л аядуу зөөлөн. Төгөлдөр хуурчийн харц бүсгүйтэй мөргөлдөх тоолон бүсгүй дальдран залуугаа мэдэх вий гэхээс эмээх аятай үргэдэгийг эс тооцвол бүсгүй ихэнх тохиолдолд төгөлдөр хуурчийг л харан суудаг байлаа.

Хайрын романс гадаах цастай холилдон буусан өвлийн үдэш хосууд удаахан суусны эцэст маргалдсан шинжтэй тар түр гэж байгаа нь ажиглагдаж төд удалгүй залуу хувцсаа өмсөн гараад явчихлаа. Төгөлдөр хуурийн аялгуу танхимд сонсогдсоор...

Нэг л мэдэхэд бүсгүй төгөлдөр хуурчийн дэргэд ирчихсэн зогсож байлаа. Төргөлдөр хуурчийг тоглож дуусан дуустал тэр хундагтай дарсаа гартаа атгасаар зогсох агаад сая хөгжим дуусахад тэрээр

- Энэ хундгыг таны төлөө өргөе... хэмээгээд харцанд нь нөгөөх залуугаас үлдсэн гуниг огт байхгүйгээр төгөлдөр хуурчийг зүг харж байлаа

- Баярлалаа.

- Таныг би ширээндээ урьж болох уу?

- Би ширээнд суудаггүй юм аа

- Тэгвэл би урьж байна шүү дээ. Эмэгтэй хүн таныг урьж байна

- За тэгье дээ. Гэхдээ нэг их удаан сууж чадахгүй байх

Тэд ширээнд суулаа.

- Та энд удаан ажиллаж байна уу?

- Тийм ээ хоёр жил болж байна. Оройн цагаар ирдэг гэх үү дээ. Өдрөөр бол ажлаа хийнэ

- Ямар ажил хийдэг юм бэ

- Төгөлдөр хуурын сургууль ажиллуулдаг гэх үү дээ. Харин өөрөө?

- Би зураач. Зураг зурдаг юм аа. Таны хөгжим тоглож байгааг зурмаар санагдаад. Би таны тоглохыг байнга л хардаг. Яагаад ч юм таньдаг хүн шиг санагдаад эхэндээ нэр өгч оноож чаддаггүй байлаа. Харин дараа нь таньдаг хүн биш байна гэж мэдсэн л дээ. Их дотно санагдаад байдаг байсан юм.

- Тэгвэл зураарай л даа. Би бэлэн....Та чинь энд хоёулаа ирдэг байхаа

- Тийм ээ бид салчихлаа...

- Тийм үү....харамсалтай хэрэг

- Бидний зам энэ хүрээд төгсөх ёстой байсан юм байлгүй дээ. Гэхдээ чухам юунаас гэдгийг нь асуухгүй юм уу

- Би хүний хувийн амьдралд оролцож болохгүй шүү дээ

- Яагаад үгүй гэж...танаас болоод бид салчихлаа

- Юу... надаас уу

- Тийм ээ. Танаас ч гэж дээ таны аялгуунаас гэх үү дээ

- ?

- Таны хөгжмийг сонсох надад гайхалтай байдаг гэх үү дээ...тэндээс би өөрийгөө олж хардаг... харин тэр бол өөр. Хөгжим сонсдоггүй шигээ намайг ч сонсдоггүй зөвхөн өөрөө л ярьдаг. Би энэ шийдвэрийг гаргасан юм аа

- Харамсалтай хэрэг. Би та хоёрыг эндэхийн хамгийн сайхан хосууд гэж хардаг байлаа.

Тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжилж явуулын такси оройтсон нэгнийг гэрт нь хүргэх цагаар төгөлдөр хуурч бүсгүйг таксинд суулгаж өгөн гэрийн зүг буцсан юм.

Энэ уулзалтаас хойш хэд хэдэн өдөр өнгөрч бүсгүй цонхны хажуугийн нөгөө л суудалдаа сууж төгөлдөр хуурчийн тоглохыг харж тэндий харц мөргөлдөх агшинд бие биедээ инээд бэлэглэн, орой мөнөөх л зангаараа хамтдаа гаран оддог боллоо.

Нэг л мэдэхэд төгөлдөр хуурч бүсгүй хоёрын хооронд хайрын холбоо үүсч тэдний энэ холбоо улам бүр гүнзгийрэн байлаа. Хэлсэн үг, харсан харц, хүссэн бүхэн адилхан таарч тохирох хос хоёрын ганц л юм өөр байсан нь тэдний насны зөрүү. Төгөлдөр хуурч 40 гаран насны өмнө нь амьдрал үзсэн нэгэн хийгээд өнөө ганц биеээрээ амьдарч байгаа. Харин бүсгүй хорь дөнгөж гарч яваа үзэсгэлэн төгс эмэгтэй. Хажуугаар өнгөрсөн эрэгтэй битгий хэл эмэгтэй хүн ч эргэж харахаар энэ гоо үзэсгэлэнгийн хажууд дөч гаран насны халзарч яваа духтай, том хүнхэр нүдтэй төгөлдөр хуурч үнэхээрийн гологдом харагдах ч тэдний хамт байхын аз жаргалыг хэн ч үл тааварлана. Өнгөцхөн харвал аав охин хоёр хамтдаа явж байгаа мэт байх ч анзааран лавшруулж харвал хайртай хоёрын харц өөд өөдөөсөө байхыг харж болно.

Мөнөөх л кафед үдэш бүр хаан хөгжим эгшиглэсээр байх агаад бүсгүй урлан дахь ажлаа дуусч зурагнуудаа цэгцлээд энд ирж өөрийн суудалдаа суун хайртай хөгжимчнөө хүлээдэг байлаа. Нэгэн цагт зурахыг маш ихээр хүсч байсан өнөөх төгөлдөр хуурч өөрт нь дэндүү ойрхон байдаг болсноос ч тэр үү бүсгүй төгөлдөр хуурчийн зургийг зурна гэж өнөөдрийг хүртэл бийрээ шүүрч аваагүй л билээ. Тэд өдөр бүр л өөд өөдөөсөө харан яриа дэлгэх авч тэдний яриа шөнө дөл хүртэл үргэлжлэх нь ч бий. Яагаад ч ярих зүйл нь дуусахгүй ундарсаар байх нь гайхалтай. Бие биетэйгээ ярьж дотор байгаа буй бүхнээ уудлан байх авч дахиад л ундарсаар байх тэр үгсийг яалтай.

Шувууд нь хүртэл залхууран хэцэн дээр зэллэн суугаад халуун наранд зүүдлэн ганц нэг нь газарт унан алдахдаа цочин нисэх налгар зуны халуун өдөр. Төгөлдөр хуурч хөгжмийн хичээлээ дуусгаад буцах замаараа бүсгүйн урлангаар дайран орсон юм. Том шилэн цонхтой урлангийн өрөөндөө бүсгүй цонхруу харан зураг зурдаг зуршилтай. Энэ үед тэрээр ид ажилтай байх агаад ямар нэгэн зүйлийг дүрслэн будаг шунхтай зууралдсан байдаг агаад түүнийг харсан хүнд үнэхээрийн өхөөрдөм нэгэн харагддаг гэж хэлж болно. Нээлттэй цонхоор салхи сэвэлзэн торон хөшигийг хөдөлгөн байх. Наахна талд нь цээж нүцгэн нэгэн залуу бүсгүйрүү харан хажуулдан суужээ. Бүсгүй мөнөөх залуугийн зургийг зурж байлаа. Яахав дээ зураачдын хувьд иймэрхүү ажил өдөр тутмын л ажил байдаг болхоор тэдэнтэй ойр байдаг хэн ч болов энэ бүхнийг сайн мэднэ. Төгөлдөр хуурч бүсгүйгээ дуудах гэснээ ажилд нь саад болох вий хэмээн эмээгээд түр хүлээх зуур өмнө нь суусан залууг анзааран сайн харвал нэг л харсан царай. Яах аргагүй таньдаг хүн болж таарлаа. Харин эцэст нь өөрийнх нь үдэш бүр тоглодог кафед бүсгүйтэй анх ирдэг байсан залуу мөн байлаа. Зураачийн амьдралыг ойлгож болох хэдий ч аль эрт салчихсан залуугийнхаа зургийг зураад баяр хөөртэй сууж байна гэдэг даанч санаанд оромгүй бас гомдолтой мэт. Төгөлдөр хуурч тэдэнд өөрийн ирснийг мэдэгдээгүйгээр барахгүй урлан орхин гарч явсан юм. Харин үдэш нь бүсгүй сурсан зангаараа ажлаа дуусгаж урлан дахь юмаа цэгцлээд төгөлдөр хуурчийг хүлээхээр кафед иртэл тэр алга байлаа. Түүний ирэхийг хүлээхээр шийдэж өөрийн суудалдаа суун халуу кофе захиалаад хүлээлээ. Нэг цаг, хоёр цаг, гурван цаг хүлээсэн авч тэр ирсэнгүй. Гадагш гарч байж болох бүхий л газраар нь хайсан боловч сураг ажиг байхгүй. Дахин кафед ирж хүлээхээр шийдлээ. Энэ л газар яарсан зорьсон, дайраад өнгөрсөн хэн хүнийг өөртөө татах шидтэй мөнөөх урьд өмнөх газар биш болсныг бүсгүй анзаарлаа. Нэг л эль хуль. Эль хуль ч гэж дээ суудал байхгүй шахам үйлчлүүлэгтэй байдгаараа л байх авч нэг л юм дутуу. Энэ бол байнга энд уулздаг хайртай хүн нь биш харин танхимын голоос уянгалах төгөлдөр хуурын гайхам аялгуу юм. Бүсгүй төгөлдөр хуурын дэргэд очлоо. Яагаад түүнийг хүлээж байхдаа энэ хөгжмийн хажууд ирсэнгүй вэ. Хайртай хүнийг нь орлон үлдсэн цорын ганц зүйл. Тайзны голд амар тайвныг, алс тэртээрүү одох гэсэн, за тэгээд энд ирдэг бүхий л хүнийг хүлээлтийг мэдрэх хирнээ өөрөө эгшиглэж чадахгүй бас л бүсгүйн адил хөгжимчнөө хүлээх мэт. Дарвуул нь таглаатай төгөлдөр хуурийн дээр нэгэн сарнай тавьсан байлаа. Бүсгүй сарнайг авч төгөлдөр хуурийн тагийг онгойлголоо. Хар цагаанаар ээлжлэх хөгжмийн даруул дээр дугтуйтай захидал байна. Задлан үзвэл “Өнөөдрийн зурганд чинь онц дүн тавьлаа” гэсэн хэдхэн үг бичээстэй байлаа. Бүсгүй төгөлдөр хуурчийг хайгаад олохгүйгээ мэднэ. Алга болж байгаагүй хүн алга болохоороо холд оддогийг тэр мэднэ. Энэ кафе, энэ хот, тэр ч бүү хэл улсыг ч орхиод тэр холд явчихсан байж мэднэ. Яах гэж, яах гэж...Зурах юм сан гэж анх харсан тэр л хүний зургийг өнөө хүртэл зураагүй яваагаа саналаа. Гэлээ ч төгөлдөр хуурчийн зургийг бүсгүй аль хэдийнэ зурчихсан юм. Бороонд норж, шороо тоосонд дарагдахгүйгээр, элэгдэж арилахгүйгээр, салхинд урагдаж наранд гандахгүйгээр сэтгэл дотрох тэр л урландаа анх харахдаа л зурчихсан байсан
юм.

Б. Сарантуяа

Sunday, March 14, 2010






Нэгэн үе уналтанд орж байсан Монголын кино урлаг дахин сэргэж байнаа гэж энэ цаг үеийг дүгнэж болохоор. Олон олон шинэ кинонууд ар араасаа төрөн гарч уран бүтээлчид болон кино театрууд завгүй ажиллаж байна. Манайхны хошууран үздэг байсан телевизийн олон ангит солонгос кинонууд Монголын уран бүтээлчдийн хийсэн, хийх олон ангит кинонуудад байраа тавьж өгөх цаг нэгэнт болжээ. Саяхан бид МҮОНТ-ын дэлгэцээр “ Хэцүү анги” 60 ангит киног нүд салгалгүй үзэж дуусгасан бол удахгүй SBN телевизийн дэлгэцнээс “Сонголт” нэртэй 30 ангид киног үзэх нь ээ. Залуусны амьдрал хайр дурлал, өш хонзон, алхам тутамд өмнө ирэх амьдралын олон янзын сонголтууд дундах ээдрээт амьдралын тухай өгүүлсэн энэ кино 4 сард дэлгэцээр гарч эхлэх бөгөөд киноны найруулагчаар тус телевизийн ерөнхий найруулагч Д. Гансүх ажиллаж байгаа бол гол дүрүүдэд “Хэцүү анги” олон ангит киноны дууг дуулсан дуучин Одноо, жүжигчин Бямбацогт , “Зөрлөг” киногоор олны танил болсон жүжигчин Батзаяа нарын уран бүтээлчид ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт ид дундаа явж байгаа. Хамгийн сонирхолтой нь телевизийн цуврал энэ киноны 70 хувь нь бэлнээр буюу урьдчлан зураг авалт хийж эвлүүлэг дуу оруулалттай бэлэн болсон кино хэлбэрээр, үлдсэн 30 хувь нь шууд студээс дэлгэцэнд гарах юм байна. Дэлхийд бол чадварлаг уран бүтээлчдийн ур чадвар чанар чансааг харуулах болсоор удаж байгаа харин манайд бол анх удаа хийгдэж байгаа цуврал киноны энэ хэлбэрийг сонгосноо уран бүтээлчид тайлбарлахдаа “-Кино гарч байх тухай цаг үеийн нийгмийн амьдрал, үзэгчдийн санал асуулга дээр тулгуурлан зохиолын зарим хэсгийг шинэчлэн шууд хэлбэрээр хийж юм” гэж тайлбарлаж байна. Ямартаа ч монголын үзэгчид тун удахгүй монголд урд өмнө хийгдэж байгаагүй сонирхолтой хэлбэрээр хийгдэх цаг үеийнхээ тусгал болсон үйл явдлаар өрнөх “Сонголт” олон ангит киног үзэх боломжой болох нь ээ. Амьдралын өмнө үргэлж асуултын тэмдэгээр ирж байдаг олон сонголтонд залуус хэрхэн хандаж амьдралыг зохиож байгаа талаар сонирхолтойгоор харуулах “Сонголт” кино бидний ч бас сонголт болох нь ээ.

Tuesday, March 9, 2010

2010.03.02
Өвгөнхүүгийн дуутай захидал
Ээжээ та сайн уу? Хүү нь сайн байнаа. Цагаан сарын шинийн нэгэнд таньдаа очиж золгож, үнсүүлсэнээс хойш овоо хэд хоног өнгөрчээ. Хайрт буурал ээж минь та үргэлж нүдэнд харагдаад таныгаа хүү нь их үгүйлэх юмаа. Нарт хорвоог харах мэлмий маань өдрөөс өдөрт суларч энхрий буурал ээжийгээ харж чадахгүй болох вий гэж бодох бүрийд сүнс минь зайлчих шахах юм. Хэрэв харах мэлмийгүй болох аваас та л их шаналах байх даа. Зүгээр, Бурхан надад тусална аа Ээжээ. Амьд явахад алтан аяганаас ус ууна гэж ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Хүү нь алтан аягагүй ч гэсэн алгандаа мөнхийн рашаан дүүргээд ээждээ баринаа. Ээж минь та бор хүүдээ ангир шар уургаа шимүүлж, халуун элгэндээ энхрийлж өсгөсөн агуу их ачтан сахиусан тэнгэр бурхан билээ. Ээжээ таньд хүү нь маш их хайртай гэж хэлэх юу ч биш байх аа. Яагаад гэвэл эхийн ачлал, хайр энэрэлийг юутай ч зүйрлэшгүй. Ээж минь та байгаа учраас энэ дэлхий оршин тогтож байгаа юм шүү дээ. Ээжий минь ангир шар уурганд агуу их авъяас суу билгийг шингээж бурхан надад өгсөн гэлтэй. Тэгвэл муу бор хүү тань таны эрдэнийн рашаан болсон ангир шар уургийг тань зүгээр нэг хоосон залгисангүй харин ч яруу тунгалаг чихнээ чимэгтэй дуу, хөгжим болгон залгиж байж шүү. Одоо л хүү тань ухаан сууж байх шиг байна даа.
Шүл. Ш.Шажинбат хөг.С.Баатархүү
(1968 онд ээждээ зориулав)
Нүдэн нуур
Холын сайхан Алтай нутагт минь
Холбоо нуур ууланд байдагсан
Холбоо нуураа харан суухлаар
Хайртай ээжийн минь нүд шиг санагддагсан
Уулын нуурын шуугих долгионд
Уяхан хөхөөн дуулал байдагсан
Уяхан хөхөөн дууллыг сонсохоор
Ухаант ээжий минь бүүвэй сонсогддогсон
Эргээ цохилон бидэрлэх усандаа
Эрдэнийн долгиог хаялан мяралздагсан
Эрдэнийн цагаан долгиог харахлаар
Эхийн цагаан сүүтэй адилхансан
Хормойн чинээ тэрхэн нууранд минь
Хунгийн сүрэг дандаа ирдэгсэн
Хунгийн сүрэгт нуураа харахлаар
Хайртай ээжий минь өвөр санагддагсан гэж муу хүү нь 1969 онд 19, 20хон насандаа дуулж хөгжимдөж явсаныг минь ээжээ та санаж байна уу? Энэ дуу минь 41 нас хүрчээ. Би 62 нас хүрчээ. Ээж минь та 81 нас хүрчээ. Дуу минь намайг дагаад хүү нь ээжийгээ дагаад өтлөх янз оржээ. Ээжийнхээ ачлал, хайр энхрийлэл дор өссөн шиг өтлөх сайхаан, сайхан.
Ээжээ! Муу бор хүү чинь “Цэнхэр залаа”, “Монголын нууц товчоо /7-р симфони/”, “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Халтан манан хөөрөг”, “Охин үр минь”, “Тооно өргөх хүү минь”, “Хүрээ байшин”, “Сансарын хүлэг”, “Долоон бурхан” зэрэг олон зуун дуу хөгжмийн бүтээлүүдээ буянт ээж таныхаа ангир шар уургаар амилуулж хийсэн юм шүү дээ. Амьд бурхан, буурал ээж минь та зуу наслаарай!
Ээжээ хүүгий чинь дотор нэг зангирсан бодол байгаад байх юм. Түүнийгээ таньдаа тайлъяа. Ээжээ. Муу бор хүү чинь мэдээ орж хөл, хэлд орсон цагаасаа хормойноос чинь зуурч ажлыг тань хийлгэхгүй дагаж уйлж ярдаглаж, сургууль хичээлээ муу хийж чихийг чинь халууцуулж, тэвэг өшиглөж, хөл бөмбөг тоглож гутал хувцасаа урж сахилгагүйтээд зогсохгүй, эрийн цээнд хүрсэн хойноо ч гэсэн түшиг тулга болох ёстой атлаа зөвхөн уран бүтээлийнхээ мөрийн хөөж бор дарсан зүгээр ч үгүй шүлэнгэтэж ачлал хайрыг тань даалгүй хөөрцөглөж явсан бол энхрий буурал ээж минь өвгөн бор хүүгээ өршөөгөөрэй. Өршөө! Ээж минь өршөө! Амьд бурхан буурал ээж минь та зуу наслаарай. Хүү нь ээжийнхээ насыг хүртвэл болох нь тэр ээ!

Сайн байна уу? Гэрэлтэй цонхын хүндэт ах эгч нараа, та бүхэндээ энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Хайрт ээждээ баярлаж явдаг багтаж ядсан сэтгэлээ энэхүү захидлаар уламжлан буйдаа таатай байна. Миний ээжийг Нарангэрэл гэдэг. Улаанбаатарын уугуул, доороо найман дүүтэй айлын том охин. Миний ээж асар их сэтгэлийн тэнхээ зориг тэвчээртэй хүн. Одоогоос 4 жилийн өмнө буюу би 19-н настай байхдаа хүнд өвчин туссан юм. Уушигны минь гялтан хальс идээлж 3 удаа хагалгаанд орсон боловч дорвитой, үр дүн үзүүлэлгүй цээжний хөндийг минь нээлттэй үлдээсэн юм. Ингээд өдөр болгон л маарилан чихээс хийлгэж байх шаардлагатай боллоо. Хайрт ээж минь миний боолтыг хийж өгдөг. Уг нь эмнэлэгт очиж боолгох ёстой ч ээж минь яг л эмч шиг цэвэрлэж, огт өвтгөлгүй боож өгдөг болохоор ээжээрээ боолгочихдог юм. Ээж минь намайг эдгэрэхгүй болохоор сайн гэсэн бүрийг авчирч, хаана ямар бөө, сайн лам, зурхайч байна бүгдэд нь л үзүүлнэ. Үзсэн хүн бүр л ээж чинь чиний амийг аварчээ ээждээ баярлаж яваарай гэнэ. Ээж минь миний амьд бурхан. Хэрвээ ээж минь байгаагүйсэн бол би та бүхэнд энэ захидлыг бичих нь бүү хэл энэ хорвоогийн тоос шороог хөдөлгөж явахгүй байсан байх. Хэн ч намайг гаднаас минь хараад цээжний хөндий нь нээлттэй байнгын идээ гарч байдаг өвчтэй охин гэж хэлэхийн аргагүй ээж минь намайг асарч халамжилдаг. Ээж минь намайг “Миний охин ээждээ амьд цэцэг” гэж хэлдэг юм. Нээрээ л ээж минь намайг цэцэг шиг л арчилж, торддог доо. Өвчнөөсөө болоод их сургуульдаа явж, ажил хийх чадваргүй байна гэж гутах зүйл бишгүй ч миний ирээдүйд хором бүр шаналж залбиран суудаг ээж минь намайг агуу их сэтгэлийн хатаар бадраан байна. Ийм сайхан ээжтэй би их азтай хүн.
Тиймээ хайрт ээж минь би таньдаа хязгааргүй хайртай шүү. Таньдаа хайртай гэж өдөр болгон хэлэхийг хичээдэг ч үнэхээр чамлалттай юм. Арван сар таныхаа хэвлийд бойжоод ангир уурагнаас тань харамгүй хооллочихоод алдрай алдрай балчир наснадаа өвчин гэж ороож зовоогоогүй хэрнээ асарч тэтгэх энэ л ансандаа санааг тань чилээж буй ачлалгүй охиноо өршөөгөөрэй ээж минь. Охин нь заавал эдгэж эрүүл болоод ачилж чадаагүй хором бүрийнхээ тоогоор танийгаа жаргаахын төлөө хичээнээ охин нь. Ядаж байхад сүүлийн үед ээжийн минь зүрх нь өвдөх болсон. Зүрхэнд нь хагалгаа хийлгэж болохгүй байгаа үе нь өнгөрчихсөн, хагалгаа дийлэхгүй эмээ л уухаас өөр аргагүй гэж эмч нь хэлсэн. Зүрх нь байнга хавагнаж эмнээс өөр эмчилгээгүй ээж минь дэрэээс нь өвчтэй намайг хараад ямар их шаналж байгаа бол доо гэж бодохоос аймшигтай. Гэхдээ хэзээ ч гомдоллож бухимддаггүй ээж минь үнэхээр агуу. Амьдрал гэдэг хатуу ч хайрт ээжийн минь сэтгэлийн тэнхээ юутай ч зүйрлэшгүй. Тэнгэрийн муухай арилж, шөнө өдрөөр солигддог шиг өвчнөөсөө салж жаргах цаг удахгүй ээ ээж минь. Бодол сэтгэлд минь амилсан “Амьд бурхан” ээж минь урт насалж хайрлаарай. Охин нь таньдаа маш их хайртай.
Хайртай охин Болор нь
2010.03.04

Сайн байна уу? МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг ҮНА-ны хамт олондоо захиа очих өдрийн мэнд. “Ээждээ захидал бичээрэй” гэсэн уралдаан зарлаж байгааг сонсоод анхандаа ихэд айж бичих талаар ихэд бодон байж бичлээ. Би урьд өмнө нь ээжийнхээ тухай иймэрхүү уралдаанд оролцож байгаагүй. Намайг З.Алтанцэцэг гэдэг. Одоо 18 настай. МУИС-ын ОАСС-д нягтлан бодох бүртгэлийн ангид сурдаг. Миний ээжийг Ч.Оюун гэдэг. Намайг 1992 онд төрүүлчихээд 2 сарын дараа эмээ дээр орхиод явсан. Түүнээс хойш 5 удаа л ирсэн ч хамтдаа амьдраагүй юм. Багаасаа ээжээсээ холдсон болохоор амьдралд гомдмоор байдаг. Миний ээждээ илгээсэн захидал минь 3 хуудас ч гэсэн сэтгэлийн минь орон зайд дүүрэн байгаа. ОУЭмэгтэйчүдийн баяраар иймэрхүү уралдаан зарлаж байгаад баярлалаа. Тэмцээнийг үнэн бодитой шүүж явуулаарай. Танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Саруул уудамхан энэ орчлонд
Сайхан Монгол бүсгүй ээж минь
Арван сар тээж төрүүлсэн наддаа
Ангирхан уургаа амтлуулсан
Хатуу энэ орчлонг
Аашаараа та минь зөөлрүүлдэг
Худал хуурмаг ертөнцийг
Уран үгээрээ дардаг миний Монголын ээжүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд!
Миний ээжийг Ч.Оюун гэдэг. 2 хүүхдийн ээж, хүний сайхан хань. Ээжээ таны 2 сартай байхад нь орхиод явсан охин нь байна би. Би таны энхрийлэн дууддаг байсан “Зээхнээ” байна. Тиймээ, амьдрал хатуу, хүн гэдэг шантрамтгай юм хойно яая гэхэв. Миний ээжий та охин үр хүсэж байж гаргачихаад хүний дайтай болгож чадахгүй, амьдралд бууж өгсөн. Одоо тэхдээ охин нь таньдаа гомдохгүй. Учир нь та намайг энэ уудам хорвоотой танилцуулж өгсөн болохоор тэр шүү дээ. Охин үр тань ээжээ одоо орчлонд мэндлээд 18 нас хүрч байна. Таныгаа би чинь гаднаа зэвүүцэн уурлаж байгаа ч цээжиндээ цохилох бяцхан зүрхэндээ, гуниг харуусалгүй сэтгэлдээ үргэлж санан дурсаад бас хүлээгээд л сууна. Тиймээ, ээжээ та ирэх болоогүй юм уу? Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энэ мөч хүртэл туулсан он цагуудад таньтайгаа би нэг жил ч хамт байгаагүй. Ээжээ охин чинь балчир гурван насыг эс тооцвол 15 жилийн 15 гуравдугаар сарын 8, бас төрсөн өдөр, шинэ жил, 6-р сарын 1-ийг үдэж өнгөрөөсөн.
Энэ мөчүүдэд би хоёр жаахан нүдэндээ нулимс хуруулж эсвэл сэтгэлийн тэр цагаахан сэтгэлд ус хуруулж суудаг байсан. Учир нь баяр болгоноор миний эргэн тойрныхон гэр бүлээрээ хамт тэмдэглэсэн, ингэж бид нар гадуур явсан гэж ирээд л хоорондоо хэл амаа сугалах шахан ярьдаг. Эдгээр үгийг нь сонсох тоолонд өөрийн эрхгүй уйлж, бас амьдралаас залхдаг байсан. Таныг би их санадаг болохоороо эхийн тухай шүлэг, дуу, кино гээд олон зүйл тэр тусмаа ээжийнхээ хайранд жаргалтай гэгч нь эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэлээ барьж ядан мэгшдэг байсан. Гэхдээ энэ бол эхлэл нь...
Хамгийн аймаар санагддаг зүйл бол та зүүдэнд минь ирдэг шигээ бодит амьдралд ирдэггүй. Тийм болохоор би шөнө болохоор хааяа сэтгэлдээ түгшилттэй айдаг байсан. Учир нь та зүүдэнд минь ирчихээд л явчихдаг, харин би сормуус норгон уйлж хэвтдэг. Ээжээ охин нь хааяа эхийн хайрыг ихэд үгүйлсэн байдаг учраас өөрийн таньж мэддэг найзуудынхаа ээжийг “ээжээ” гэж дууддаг. Гэвч тэд өөрсдийн мах цусны тасархай үртэй болохоор намайг ямар ойшоох ч биш дээ. Тэгээд л би хүмүүсийн дунд хааяа эвгүй байдалд ордог. Учир нь та намайг орхиолд явсанд би ээжийн тухай сайхан сэтгэгдлийг мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч таньтайгаа хамт байхыг хүсдэг болохоор үзэн ядах сэтгэлээ жаргаж буй нартай хамт мөхөөж зүүдэндээ учрахыг хүсдэг. Учир нь та зүүдэнд минь ирэхдээ эмэгтэй хүний эрхэмсэг хэрнээ тэр даруухан харц, хайр гэрэлтсэн нүд дүүрэ инээмсэглэлтэй ирж намайгаа өхөөрдөн дуудан тэвэрч авдаг.
Та минь шөнө дундад ирэн үүр цайхын алдад тэнгэрт утаа замхарч буйн адил зүүдний ертөнцөөөс сарнин арилдаг. Тэгээд л эрх охин би өглөөний нарнаар сэрэхэд доголон нулимстай шинэ өдрийг угтдаг. Нэгэн өдөр би жаахан биенээсээ дэндээ том сэтгэл гарган ээж таныгаа хайн ирэхэд та намайг хараад нүдэндээ орсон шороо мэт үзэж, эзгүй цөлд хаяж байгаа юм шиг эргэж харалгүй яваад, үлдсэн охин нь түүнээс хойш 4 жилийг үдэж дээ. Ингээд л би таныг муухайгаар бодож дэмий л нэг өөрийгөө зовоосон. Одоо надад энэ бүх зовлон гуниг хангалттай. Яагаад гэвэл би даамай их хайраас тань гарсан болохоор даанч таныгаа мартаж чадахгүй юм. Та ч бас надтай адил хаа нэгэн газар намайгаа бас санаад л сууж байгаа байх. Ээжээ охин тань удахгүй охин насаа үдэж, хүний хань хүүхдийн ээж болно. Тиймээс багахан үлдсэн он жилүүдийг таныхаа хайраар өлгийдүүлж өнгөрөөмөөр байна. Ээжээ охин нь хэрвээ таныг ирлээ гэхэд “охин минь ээж нь ирлээ” гэдэг үгийг сонсож ч чадахгүй байх. Ээжээ та миний бичсэн үг болгоныг сонссон бол охин дээрээ хүрээд ирээч. Би таньд ч бас охин үртэйгээ хамт байхдаа ямар их жаргалтай байдгийг мэдрүүлмээр байна. Таныгаа би намайг орхиж явсаныг чинь, очиход минь үл ойшоосон гээд бүх зүйлийг тань уучилсан. Тийм л учраас та ганцхан удаа охин үр над дээрээ ирээд “миний охин ээж дээрээ хүрээд ир” гэж хэлээд чангаас чанга тэврээч....
Ээждээ зориулсан шүлгээс
Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа
Бурхан минь таниас нэг зүйл гуйя
Бүтэхгүй гэж битгий хэлээрэй гуйя
Буурал хорвоод ганцхан удаа би
Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна
Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан
Тэвэрч үлдсэн аавдаа би хоёрхон сартай байсан
Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч
Энэ бие минь түүнийг яаж мэдэх билээ
Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг
Эхийн адил уянгалаг аялдагсан бол
Энэ бие минь хүссэн дуугаа
Эцгээсээ сонсчих байсан даа хөөрхий
Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч
Би мэдсэн хирнээ гуймаар байна
Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа
Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна.

ИЖИЙДЭЭ ЗАХИДАЛ БИЧЭЭРЭЙ УРАЛДААНД:
Санжийн Пүрэв. МУСГЗ, зохиолч.
АРГАЛЫН ГАЛ ДУЛААН
Ээжээ,
Өнөөдөр хүү чинь Таныхаа надад үргэлж захиж явсан, тэр хэрээр миний оюун санаанд үүрд мөнх шингэсэн нэгэн энгийн атлаа эрхэм чухаг зүйлийн тухай дахин өгүүлмээр санагдлаа. Намрын намарт таны минь үг санаанд буудгаас тэр юм уу даа. Та минь надад араг даах балчираас ачаа өргөх насыг минь хүртэл захиж хэлсэн, айл гэрийн өнгө төрх арав таван малаасаа бус амьтан баярлаж, үйл бадрах гал голомт, аргал түлшнээсээ эхэлдэг юм гэсэн тун ч энгийн сургаал.
Манай Их гашуунд зүгээр л сайхан налгар намар ирж байна. Тэнгэр цэлмэр, салхи шуурга тогтуун, ногоонд цадсан мал бэлчээртээ налайж, тал хөндийд тэмээ мал торолзож бөртөлзөөд сайхан байна. Жилийн жилд хоргодон өвөлжих шахдах нутаг амьтай цэв цэнхэр тогорууд сүрэг сүргээрээ үүр цүүрээр эртлэн буцаж, Таны минь хэлдгээр энэ өвөл хатууухан болох янзтайдаг уу, их талын униар сэвшээ нь нозоорч нойрмоглон, хойт Хайрханы оройд өглөөний манан нар хөөртөл хөглөрөн, сүүдэр хүүшлэхийн түрүүчээр уул бэллэж, толгод тэгнээд хоньтой хамт хотлох шахан энэ жил нэг л өөр, эрт намарших янзтай.
Манайхан гурван гэрээрээ байна. Зүүн талын, манай Ажаа Буниагийн хүүгийнх уржигдар шинэ хүнээр бүл нэмлээ. Мантайсан ув улаан охин ээжийнхээ сүүг үнэртүүлээд л толгой өөд татахгүй унтаж байна даа. Их хөөрхөн охин болох бололтой, даахи нүд хоёроороо гайхуулсан хөгийн амьтан. Миний охин дүү Даваацэрэнг гарахад манайх нэг иймэрхүү л хүн хөл тасардаггүй байсан даа, хол ойрын ахан дүүс бууж мордоод л... Ямар ч сайхан байсан юм, тэр л санаанд бууж байна. Хожим та бид хэдийг магтаж “Хэдэн хүүхдийнхээ хүчинд овоо тэнхэрлээ. Миний хүүхдүүд чинь аргал түлшээ ойртуулахдаа хүний гар хархааргүй болж” гээд баярлаж сууж билээ.
Манай Хараатад сүүлийн хоёр жил арав гаран банди цувсан болохоор энэ улаан “Хүүхэн” эрх танхил, газар тавиулахгүй гар дамжсан амьтан байхаас ч яахав. Нялх хүүхдийн дуу сонсоод манай голынхон бүгд л хөгшин залуугүй ажил араа мартан гүйлдэж, ачлага уналагаа ч ойртуулахгүй налайж сууна. Улсуудын ярихаар энэ жил эрт намарших бололтой усны шувууд буцаж, өвсний толгой цайран, манайхан “Улаан хүүхнийхээ” эхийг тэнхрэхээр ачаалж Өвөршандын намаржаандаа буух санаатай банжиж л байна. Хүүхдүүд намаржаа бууцаа харахаар мордсон, ирээгүй л байна.
Хүү нь энэ хэдийгээ ахалж захлан нүүдэл суудал, буурь бэлчээрийг нь зааж зурав ч ээж тандаа эрхэлж томоогүйтэж явсан эрт багын дурсамжаа үе үехэн санах боллоо, нас ахин зүс бүгийж яваагийн шинж юм болов уу даа. “Манай энэ хэзээ нэг хүн шиг юм болно доо” гэж ирээд л та намайг өхөөрддөг байж билээ, тэр үг тань үргэлж санаанд байх юм. Хүү чинь өдий жил амин зуухдаа ухаан тэгширч сэтгэлийн бяд сууж гүйцээгүй л бололтой.
Та бид хоёр Их гашууныхаа үхрийн хатсан хөх аргалыг мөн ч их түүсэн шүү. Тэр чинь надад амьдрал таних анхны хичээл байсан юм. Би таны алхааг гүйцэхгүй, араг шээзгийдээ түүртээд л... Та үргэлж надад “Манай Гашууны хөх аргал шиг илчтэй сайхан түлш хаа байна” гэдэгсэн. Би таныг баярлуулах гэж үхрийн нойтон аргалыг эргүүлж сэврээн хатаж гүйцэхийг нь зунжин намаржин хүлээдэгсэн. Арай хийн хатах аядаж байтал бороо ороод дахиад л норгочихно. Аргал хатаж өгөхгүй намайг их зовооно. Тэгж тэгж арай гэж шээзгий дүүрэн хөх аргал түүгээд ирэхээр “Миний хүү чинь ийм сайхан аргал хаанаас түүв, ойр хавиас аргал олдохоо байчихсан юм. Миний хүү чинь гэртээ гал залгуулах гэж мачийж яваа хүн” гэж хачин их баярлана. Тэр урмын үг насан туршид минь надад ухааны дэм болж явна. Би таны сайшаалд өдөрчин хөөрч айлуудаар ажилтай сайнаа магтуулах санаатай үүд хаалгыг нь онголзуулан урмын үг горьдож гүйнэ. Миний хүүхэд нас тийм л гэнэн, хөөрхөн байж дээ.
Ээжээ, манай говьд аргал түлш ийм ховорыг та эс мэдэх биш. Уржнан цаг жаахан эвгүйрч, үхэр ховордсоон. Үхэр ховордоно гэдэг түлшгүй болно гэсэн үг, тэр зовлонг мэдэх хүн ч одоо цөөрчээ. Залуусын ухаан түрүүлж гүйгээд, бутны толгой дээгүүр дэгдүүлэх нялх салхи шиг гүйцэгдэх юм биш. Маний ухаан хүрэхгүй араас нь дэмий л шогших. Аргал ховордсоноос манайхан жаахан тэсэг шавгаа өрдөх шахаад сандарцгааж байна. Түүнийгээ түүгээд түлчихвэл шороо тоос нь тэнгэрт хадаж улаан түйрэн болно биз. Биднийг бага байхад та “Ус түлшээ ч базаахгүй залхуу тархинууд” гэдэгсэн. Бид одоо ёстой л хүний өөрийнгүй тийм болчоод байна.
Ээж тандаа би дэмий үг зөөж санааг чинь зовоох гэж байгаа юм биш, угаасаа л бид жаахан залхуу болж байгаа. “Гар хөдөлгөж амаа тосдоно” гэдэг хуучны үг гээгдсэн. Энэ цагийнхаа аясыг дагаад манайхан ч хэн нэгнээс атга чимх юм хараад л сууж байна. Хөөрхий минь, монгол хүн л хойно нэгнийхээ алгыг дээш харуулахгүй хэн байхав, бид болж л байна. Түлээ түлшнээс бусдыг нь ер нь ойртуулна шүү. Харин залхуугийн гадаа түлшгүй гэгч л болчихгүй санаатай нэрээ бодох юм.
Их гашууны хөх аргал одоо ховордсон юм нэг болсон, ээж минь. Аргал олсон хүн эрдэнэ өвөртөлсөнөөс ялгалгүй баярлахыг яана. “Малын буян их юмаа хөөрхий. Адаглаад аргал түлшээр таслахгүй” гэж та минь ярьдагсан. Манайхан жилийн жилд намаржаанд буухынхаа өмнө Их гашуундаа хэд хонож үхрийн хөх аргалаа түүж уул овоо шиг базааж хураагаад гаднаас нь нойтон баасаар шавж өвөлжингийн түлшээ бэлддэгсэн.
Дүн өвлийн цасан далай дундуур жавар сөрөн аргал түлшиндээ ойртох тусам нүүрнээс халуу дүүгэх шиг болон малгайн цан арилаад мөн ч сайхан байх. Та хөх аргал галд хийж суухдаа “Малын буян, хүүхдийн тус гэж сайхан юмаа, хөөрхий” хэмээн улаа бутарч, гал дээр уураг улаан цай даргилж байдагсан. Таны аагтай шаргал цай хол ойрын адуу малын эрэлчин, айлчин гийчин мөн ч олон хүнд тамир тэнхээ хайрласан даа. Таны цайг ууж, таны минь гараас аяга тагш гал охь хүртэх гэсэн хүн манайхаар байнга л ирдэгсэн.
Ямаар сахалтай том том өвгөд хоймроор ханхайн “Энэ Дарьсүрэн унд ус сайхан хүн” гэж таныг минь магтахыг сонсоод би өөрөө л сайлуулах мэт хамраа монхолзуулаад байдгаараа баярладагсан. Хүн амьтны хөл татрахаар манайх эзгүй оргиж, бидэнд та баривч цамцхан эсгэхээр даавуу хайчлан өөрийгөө сатааруулаад суучихна, аав яахав “Хэдэн малаа харна” гээд морио унаад хаашаа ч юм яваад өгнө. Аав минь үг дуу цөөтэй хачин зөөлөн хүнсэн. Аавыг малдаа явчихаар би хийх байхаа олж ядан орж гарч, гадаа гэрийн хаяандаа арган дээр сандайлж суугаад хурууны салаагаараа нарны туяа харан гайхширдагсан. Хурууны салаагаараа нэвчих нарны улаан ягаан туяаг удаан харахаар дотор ирвэгнээд бүр шээс хүрэн байж яддагсан. Би тийм л саваагүй хүүхэд байсан байгаа юм. Таныгаа мөн ч их дуу тавиулсан даа.
Та хүүгээ нутаг усныхаа сонин сайхнаас дуулгахгүй ам нээнгүүт л аргал түлшхэн яриад байхаар гайхаж байна уу, ээжээ? ... Манайхан дургүй юман дээрээ “Галд алдмар чамайг!” гэсэн үг унагадгыг та санаж байгаа биз дээ? Бодоод байхад тун базаахгүй хатуу үг санагдаж байгаа байх. Үг хатуу ч үнэтэй гэсэн үг ч байдаг даа. Ямар л олигтой амьтан галаа алдаж, гэрээ зутрааж суухав. Манайханы хатуу үг хүртэл цаанаа ухаантай.
Ээжээ, та хүүдээ айл гэр халуун дулаан, эзэн хүн нь амь зуулга, хийморь золбоо өөдрөг явахын учир утгыг сургадаг байсан. Хүн гэдсэндээ хийх хоолгүй байж болно, галдаа хийх ганц цучилгүй сууж болохгүй, орон гэр чинь зэвий дааж орох гарах хүнгүй болно гэж захидаг байсныг хүү чинь үргэлж санаж явдаг шүү. Тэгээд л би тандаа Гашууныхаа налгар намар, бэлчээр дүүрэн үхрийнхээ хэдэн жилээр хатсан арц хүж шиг хөх аргалын тухай богино хэдий ч халуу дүүгсэн яриа дэлгэсэн учиртай.
Үнэхээр ч аргал түлш, гал хөсгүй айл гэдэг харваас орсон хүн зутарч, суусан хүн ичмээр биз дээ. Бас эзэнгүй айл, галгүй гэр хоёр адил гэсэн хуучны үг байдгийг хүн нь санаж л байна. Айл гэрээс улс гүрний нь өнгө төрхийг хардаг юм гэж та минь сургадаг байсан, тэгэхлээр хэн л төрөө гомдоож нэрээ гутаахыг хүсэх билээ. Энэ бүхэнд ээж таны минь захиас сургамж үр хойч бидэндээ дээрхийн гэгээний ариун лүндэн адил санагдана. Үнэхээр л тийм юмдаа, улс гүрнээ нэгэн айл гэр гэвэл галыг нь алдуулахгүй гэж бид эрвийх дэрвийхээрээ амьдрах журамтай.
Одод орчих тэнгэрийн чанадаа ээж минь та өөрт тань зовлон тээж, жаргал тэврүүлэн төрсөн үр намайгаа харж, алдахад минь уулга алдаж, оноход минь магнай тэнийлгэж суугаа. Хүү чинь тандаа залбирнам. Яг одоо манай энд алдарт дуучин Долгор “Аргалд явсан ээжий минь, Арай ч дэндүү удав уу даа” хэмээн зүрхэнд шингэтэл аргадан аргадан дуулж байна. Санан хүлээсэн үнэн үгт энэ дуунд хүү чинь чих тавьж уярч, алсад одсон ээж таныгаа өрөвдөж л сууна даа. Яасан ч сайхан дуу, ямар ч урт алсын хугацаав дээ, ээж минь !
Энэ дуу таныг минь аргадаж, аргалд явсан таныг минь хүлээж гансарсан энэ л алаг хорвоогийн энэрэлийн дуу ч юм билүү. Хүү тань Таныхаа мөнхийн шүтээн гал голомтыг удам залгуулан авч явна аа, та минь намайг харж байгаа. Уулын шиг нөмөртэй ээжийгээ санаж хайрлахын учир туулайн чинээ үр чинь Их гашууныхаа намрын буурал тэнгэрийг нөмрөн, насны шүтээн хөх аргалын тань галд алгаа бүлээцүүлж сууна.
Аргалын гал дулаан, тэр гал Таны минь хайрын гал!
Гацуурт 2010.02.28
Харилцах утас: 99160331

ЭЭЖДЭЭ БИЧИХ ЗАХИДАЛ
“Өндрөөрөө гайхуулсан шувуу шиг
Өөдрөг сэтгэлтэй миний ээж
Өнгөөрөө гайхуулсан цэцэгс шиг
Дэлбээлж яваа миний хүүхдүүд
Тунгалагаараа гайхуулсан ус шиг
Ундарч яваа үрс чинь
Цацрагаараа гайхуулсан нар шиг
Мандаж яваа бидний амьдрал”
Миний ээж Ломбо овогтой Дуламсүрэн, Архангай аймгийн Цэнхэр суманд эгэл жирийн малчин айлд айлын том охин болж мэндэлсэн. Миний аав мөн Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, Аргил Цэнджав гэдэг нэрээрээ нутагтаа алдартай тээврийн жолооч хүн байлаа. 1980-аад оны эхээр манайх гэдэг айл Дархан хотод шилжин суурьшиж, бид эхээсээ 9-үүлээ өнөр өтгөн гэр бүл болсон юм.
1988 он, би тэгэхэд 6-хан настай жаахан охин, тэр нэгэн өдрийг үргэлж тодхон санадаг юм. “Зуны дэлгэр сайхан өдөр, нар шингэх гээд уулын цаагуур дөнгөж бууж шаргал туяа цацран , манай гудамж дүүрэн үхэр мал, малын баас, хүүхэд хөгшидгүй гадаа шуугилдан зарим нэг нь үнээгээ сааж, хоолоо хийн айл бүхний хашаанаас утаа суунаглан сүүгээ ч хөөрүүлж байгаа юмуу хоолоо ч хийж байгаа юмуу гэлтэй байлаа”....
Аав минь даалуу их тоглодог ёстойл нэг хорхойтой нэгэн байв. Энэ орой бас л тоглох санаатай явахад нь би явъя, намайг авч яваач гээд зүү нараасаа нуугдан аавынхаа том дээлийн хормойд зүүгдэн, тэр их өргөн гудмаар аавтайгаа хамт хөтлөлдөн дүү нараасаа нуугдан байж дагаж явсан юм.
Аавын найзууд тоглоод тоглоод л цай хураана... гээд даалуун дуу шүр шүр гэх нь одоог хүртэл миний сэтгэлд тодхон байдаг. Би гэдэг хүн яахав аавынхаа хажууд нойрмоглон гэртээ харих болоогүй юу ааваа гээд л шаналгана. Аав хэлэхдээ: миний охины нойр нь хүрээд байна уу? Энэ айлын ахаараа гэртээ хүргүүлчих гээд духан дээр минь зөөлөн үнсээд явуулсан юм.
Өглөө босоход ээж үнээгээ саасан, гадаа үүдэнд ил гал дээр цайгаа самран зогсохолд хашааны хаалга айхтар чанга нүдэн Цээеэ ах, Цээеэ ахын бие нь муудсан бараг л .... гэхэд ээж минь хамгийн бага 3 хүүхдээ дагуулан тэр айлынд очиход аль хэдийн аав минь энэ хорвоог орхисон байсан юм..... /Үүнээс хойш 22 жил өнгөрчээ/
Ээжээ! Энэ бүгдийг бичдэгийн учир нь Таны минь амьдралын хүнд хэцүү ачаа, тэсвэр тэвчээр шаардсан сэтглийн их хад, зориг тэнхээ, амьдралын нэгэн давааг ганцаараа үүрэх, хатуу бэрх үүрэг ноогдсон гэж би хувьдаа боддог юм. 0-18 насны 9 хүүхэд /5 залуу, 3 хүүхэн/ хамгийн том залуу нь өнөө маргаашгүй цэргээс халагдаж ирэх байсан, хамгийн бага нь дөнгөж төрөөд 6 сартай, бидний ихэнх нь 1-2 насны зөрөөтэй, ээж минь Дарханд таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд ер нь байхгүй, Дарханчуудын дээхэн үед орох дуртай, хоолыг нь амтархан иддэг байсан таван цулын гуанз буюу миний бидний амьдралын ганц том тулгуур багана “Цувдаан гуанз”-нд ээлжийн ахлах тогооч хийдэг байв. Хүн бүр л хөөрхий энэ хүү “хар залуугаараа олон хүүхэдтэй өнчин үлдээ, яаж энэ хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэнэ дээ” гэж дуу алдах нь олонтаа.
Харанхуй шөнийн айдас дунд
Хар сүүдэр мөшгин дагасан ч
Халуун энгэртээ хүүгээ тэврэхээр
Хайрт ээж минь жавар үргээсээ ирдэг юм
Аргагүй дээ Та минь дөнгөж 30 настай залуухан бүсгүй, одоо бодоход яг миний л нас шүү дээ. Та минь ааваас 18 хол давсан насаар дүү, тэгээд ч Та маш эрт хүнтэй гэрлэсэн байж дээ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр л ганц хоёр хүүхэдтэй болохыг хүсч, олон ам бүл тэжээж чадахгүй ээ гэж хээв нэг ярьж суудаг. Ээжээ! Хэрэв аав минь 1 удаа ч болов таньтай уулзвал энэ л мөрүүдийг уншиж өгөх байсан байхаа:
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайг олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балгал инээдэнд чинь би баясан
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамтайгаа байхдаа би жаргасан.
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Үйрэн үйрэн тэмтэрч
Үнэний чулуу дэрлэхдээ
Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа
Үхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Таны минь байнга хэлдэг байсан үг бидэнд их зүйлийг ухааруулсан Ээжээ. Биднийг өсгөх гэж Та “гадаа гарч эр, гэрт орж эм” боох юм, өөринй өөргүй сайхан залуу халуун насаа гаргуунд нь орхиж “2 идүүлж хоосон хонуулахгүй”, “хүнээс дутааж хувцасгүй гүйлгэчихвий” гэсэндээ ааваас чинь хойш “өөр хүний гарын шүүс болгоод яахав” гэж хэн нэгэнтэй амьдралаа хуваалцахгүй ганц бие, гадаа гандаж дотор шарагдаж ирлээ гээд үнэн бөгөөд хатуу үгийг баярлаж гомдохын алинд нь ч бидэнд хандан хэлж, энэ утгаараа ч үр хүүхэд бид чинь хатуужин хүмүүжиж өөрсдийн өөрсдийн ухамсараараа хариуцлагатай, ажилч хичээнгүй, амьдралын төлөө тэмцэгч жинхэнэ бие хүн болон өсөн өндийж амьдралынхаа алтан жолоог мушгин эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвараараа тус тусынхаа ажил амьдралыг залгуулж явна даа. Та нар сурсан эрдэм, мэргэшсэн мэргэжлээрээ л хоолоо олж иднэ шүү хүүхдүүд минь, тийм учраас ээж нь болохоос нь болохгүйг хүртэл нь гүйнэ, ээжид нь өгөөд байх эд хөрөнгө, мөнгө байхгүй тэр бүгдийг чинь ээж нь гүйцээхийн тулд сургуульд л сургаж өгье та нар цааш нь яаж амьдралаа зохиож явах нь зөвхөн миний хүүхдүүдээс өөрсдөөс нь шалтгаална гээд биднийг бүгдийг нь их сургуульд сургаж төгсгөсөн. Энэ бол бидний хувьд “Хамгийн том хөрөнгө оруулалт” байсан шүү, Ээжээ. Бидний хэнд ч өнөөдөр таныхаа ачийг хариулахсан, ээждээ ганц ч болов шинэ хувцас өмсүүлчих юмсан, өлгийтэй байхаас минь өдийх хүртэл цаг наргүй ээлжийн ажилд гүйж, халуун тогооны ард шарагдаж, багад минь хийж өгдөг байсан хярамцагтай хоол, цувдаа, хонь ямааны толгой шулаад цуйван, бууз хийж тогоотой хоолондоо цадахгүй айлын хоол буудах гээд гүйж явсан цаг саяхан мэт санагдана. Тэгээд хамгийн гоё нь бид таныг ажлаасаа ирэхийг л хүлээдэг байсан. Хэзээ ч Та минь автобусаар явдаггүй, үргэлж миний санадаг тэр л их өргөн гудамжаар алхаад ирдэгсэн. Одоо бодоход Та минь ямар их хол замыг туулж өдөр шөнөгүй, нохой шувуунаас айж ичин үр хүүхэддээ ирдэг байсан болоо. Гэвч бид нар таныг ёстой гоё ээж ирэхдээ дор хаяж л 5 хуушуур, эсвэл 1 цувдаа бариад ирж байгаа гэдгийг л харж хүлээдэг байсан шүү. Яахав хүүхдийн гэнэн сайхан цэвэр зан байж дээ.
Ингэж явахдаа Та нэг удаа ч болов би өвдлөө, би амьдарч чадахгүй нь, би та нарыг тэжээж тэтгэж чадахгүй нь гэж өвдөг сөхөрч шантраагүй, хүн царайчилж амьдраагүйд бид ТАНЬДАА ДЭНДҮҮ ХАЙРТАЙ, ДЭНДҮҮ ӨРТЭЙ.
Сурч дадсан зангаараа
Сургаалийн үг дандаа хэлж
Мэдэж сурсан зүйлээ
Мэдэж авдаа хүү минь гэж
Мэдлэгт минь үргэлж дусал нэмж
Мэргэн үг дандаа хайрлаж
Мөнх тэнгэр шиг шүтээн минь болсон
Ээж таныгаа бид,
Үүр шөнийн заагаар
Эртлэн босож цайгаа сүлээд
Өрөм таргаа аягалж зэхээд
Мандах нарны туяа төөнөж
Маргаангүй халуун шатаж эхлэх нь
Маргаашынхаа ажлыг марталгүй хийе
Малынхаа өтгийг малтаж цэвэрлэе
Одоо босдоо миний хүү
Зүүд нойрноосоо сэрдээ гэж
Зөвлөж хэлдэг таныгаа
Зүрхэндээ бид үргэлж хайрлана.
Анх удаа ээж Таньдаа сэтгэлээ нээж энэхүү захидлыг бичлээ. Нэг удаа Та надад ингэж өгүүлрүүн. Та санадаг уу? “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг хөтөлдөг Ш.Гүрбазар гуайд захиа бичих юмсан, энэ хүн л миний зүрхний үгийг сонсох байх, сэтгэл зүрхээ онгойтол сайхан захиа бичиж явуулах юмсан гэж энгүй ярианаас тань охин нь Таньд хэзээ нэгэн өдөр захидал бичнээ, Таныхаа энэ сэтгэлийн бөглөөг охин нь гаргахаа амлая гэж дотроо бодож байлаа. “Зүүд биш байгаасай” нэвтрүүлэгт орж энэ муу амбаараа засуулах юмсан, энэ байшин чамтай нас чацуу биеэр том байлаа, одоо нас ахиж чамаас намхан болж хэзээ мөдгүй нуруу нь нурж орж ирэх нь хөөрхий гэж халаглах үед охин нь ах дүү амраг садан, төрөл сдаан байгаа цагт хүчээ илбэн нэг л өдөр таныгаа шинэ байшинд суулгана даа гэж би боддог. Удахгүй Ээжээ, удахгүй үр хүүхдүүд бид чинь боддоггүй биш бодож, санадаггүй биш санаж, зорихгүй биш зорьж, тэмүүлэхгүй биш тэмүүлж таныхаа хэлсэнээр ажлынхаа хөлсөөр хөрөнгө бий болгох гэж үрс бидэн чинь хичээх болноо гээд энэхүү захиагаа өндөрлөе дээ.
Хайрт ээждээ
Таньд зовлонг давсан их ЖАРГАЛ байна
Нар халхлан инээх
Хар уулс шиг ХҮҮ, ОХИДУУД чинь байнаа
Хайртай ээж Таньдаа
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн
БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Дархан Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 7-16 тоотод оршин суугч ээж Ломбо овогтой Дуламхандад
Дархан-Уул аймгаас охин Чулуунцэцэгээс нь

Ээжээ, хүү нь энэ л өдрийг ямар ихээр гуниглан өнгөрөөж байна гээч. Тэртээ 1975 онд ээж минь та бурхадыг уяраан хүүгээ төрүүлэхдээ бүх л зовлонгоо умартан энэ л орчлонг гийгүүлэх амьдралын минь наран, удмыг минь залгах хүүтэй боллоо хэмээн баярын нулимсаар хацраа зүсэж байж ангир уургаараа амлуулж жаргалтайгаар инээмсэглэж байсан байх.
Тэнэгхэн үр нь нэхэл хатуу орчлонгийн жамыг ухаараагүй явсан балчир насандаа ижий таниасаа хагацаж харанхуй дунд бүдчин явахдаа Ижий гэдэг бурханыхаа нөмөр дулаахан агуу их хайр, түшгийг ухаараагүй гэнэн явжээ. Тэр л харанхуй өдрөөс хойш үр нь таныхаа хүсэл мөрөөдөл, итгэлийг хугалан төрийн хуулийн цээрлэл хүртэж тортой хашаанд цэнэгтэй бууны аман дор 16 жилийг өнгөрөөлөө. Энэ л өдөр хүү нь ээж таныхаа нэгэн хэвийн өдөр тутмын амьдралыг эргэн санаж гуниглан сууна.
Өвөл зун ялгалгүй өглөө бүр үүрийн гэгээнээс урьтан босож цайгаа чанан гэрээ цэвэрлээд өдрийн минь хоолыг бэлдчихээд хором мөчтэй уралдан хүнтэй газраар шогиж, хүнгүй газраар гүйсээр ажилдаа очоод хөх зүү шагайн ноормын хүнд ажилд нуруу амраах завгүй зүтгэхдээ өдрийнхөө цайнд оролгүй хоолныхоо талоноор үрдээ ганц ширхэг гөөхий барин ирж хүү намайгаа энгэртээ тэврэн эрхлүүлж үрээ үнсэн биеийн алжаал сэтгэлийн зовнилоо мартан өлсөж ядрахыг умартаад буцаад л ажилдаа яаран явдаг байсаныг санаж байна. Амттан бүрийг өөрөөсөө харамлаж үрдээ хадгалсаар орой гэртээ ирж, гэрийн нэргүй ажилд нухлагдан шөнө болгон аавын ирэхийг хүлээнгээ галаа манаж, цай хоолыг нь халуун байлгах гэж зуухны өмнө зүүрмэглэн суухад тэнэгхэн хүү нь тоглоомондоо ядраад унтчихдагсан. Аавынхаа согтуу дуунаар цочин сэрэхэд ижий минь та уйлсаар аавыг хэвтүүлэх гэж гуйн арай хийн аавыг унтуулаад маргаашынх нь өмсөх хувцасыг бэлдэж өдрийнх нь бохирдуулсан хувцасыг цэвэрлэж, дуслах нулимс бүрээ энгэртээ эгшээн байж хүү намайгаа үнсэхдээ зовлонгоо нуун инээмсэглээд “ Ээжийн хүү айсан юмуу” хэмээн хөхөөрөө хурайлаад бүүвэйлэн байж намайг унтуулдаг байсан тэр л төрх одоо ч сэтгэлд тод байна. Ижий минь та амьдралын хүндэд нухлагдан хором мөчтэй уралдан бөгтийж явахдаа буцааж нэхэхгүй хайраар гурван үрээ хайрлаж нэг удаа ч би ядарч байна гэж хэлэлгүй үр биднийгээ ааваараа бахархаж, хүндлэх хүмүүжилтэй өсгөж ганц удаа ч хань ижлээ муу хэлж яваагүй ёс жудаг, тэр их сэтгэлийн тэнхээ тэсвэр тэвчээрийг үр нь биширч сууна. Ээжээ таны минь үр бидэндээ хэлж байсан алтнаас ч үнэтэй сургааль үгс хүүг нь зоригжуулан зорих амьдралын минь гэрэл гэгээ болж явна. Бүхнийг хайрлаж ундаалсан сэтгэлийн цагаан сүү нь санчигандаа буусан ижий минь тэнэгхэн хүү нь таныхаа агуу их хайранд хүн болчихоод сэтгэлийг тань хугалж явааг минь уучлаарай. Үнэндээ ижий таниасаа мянгантаа уучлал эрж өлмийд тань сөгдөөд ч сэтгэлийн тайтгарлыг эс олох юм. Ээжээ, хүү нь таньдаа хайртай шүү гэж ганц удаа ч болтугай хэлж яваагүй, тэнэг хүүгээ уучлаарай. Хүү нь таньдаа хайртай. Энэ л амьдралын хатууг гашуун нулимсаараа зөөллөж зовлонгоо нуун инээмсэглэж, маргаашийн амьдралаа итгэлтэйгээр харж байсан таныхаа сэтгэлийн тэнхээгээр хүү нь амьдрах болно. Цэцгийн шүүдэр ч настай байдгийг ухаарсан тэнэг хүү нь хожимдсон ч гэлээ сэтгэлдээ Цагаан суварга босгоё.
Цагаан цаасан дээр хар бэхээр “Ээжээ таньдаа хайртай шүү” гэж бичиж суугаа хүүгийнх нь хожимдсон ухаарал таны минь итгэлийг ахин хугалахгүй ээ. Хажууд минь байсан нар минь, дээрээс харах бурхан минь хүү нь энэ л амьдралд ирсэн шигээ нэг л өдөр таныхаа хойноос буцна. Буцах болтлоо хором бүрт сайн үйлс бүтээж таньдаа барьяа. Бүтээсэн сайн үйлс бүрийн тоогоор үрийнх нь хожимдсон ухаарлын тэмдэг болж таньд минь цагаан суварга сүндэрлэг бүтээгүй үйлс бүрт босгосон суварга минь үгүйсгэгдэнэ. Энэ л орчлонгоос одож таньдаа очих тэр агшинд үрийнх нь босгосон Цагаан суварга тоолж барагдахгүй болно. Таньдаа хүү нь амалж байна.
Ээжээ, аав архи уухаа больсон. Тэтгэвэрийн хэдхэн төгрөгөө гартаа атгасаар хорих ангийн үүдэнд ирэх 80 гарсан аавыгаа хархаар хүүд нь ямар их хүнд байдаг гээч. Хожимдсон харууслын нулимс зүрх зүсэн доошилж элгэнд шингэхдээ ямар их гашуун байлаа ч ээжээ таны минь амьдралын хүндэд сөхөрч үзээгүй сэтгэлийн тэнхээ л хүүг нь тайтгаруулдаг юм шүү. Эгч дүү хоёр минь сайн яваа. Ээжээ хүү нь ахиж алдахгүй ээ.
Таны минь дахиж хэлсэн “Энэ л амьдралын эх болсон эмэгтэй хүнийг хайрлаж яваарай. Эгч дүү хоёроо харж яваарай. Тэдний түшиг нь миний хүү шүү” гэж хамгийн сүүлд хэлсэн таны минь захиас хүүгийнх нь амьдралын зорилго байх болно.
Ээжээ хүүгээ уучлаарай
Хүү нь таньдаа хайртай.
Найз минь, Анд минь чи, Миний энэхүү сэтгэлийн бичээсийг уншиж байвал бусдадаа ээжийн минь энэ л захиасыг хэлж байгаарай. Ээж гэдэг бурхадаа амьдад нь амжиж хайрлахгүй бол хожимдсон ухаарал гэмшил, харууслаас хэтэрдэггүй юм байна. Эх хүн эмэгтэй хүн гэдэг ил уйлж үглэдэг ч гсэн бидний л төлөө зовниж буцааж нэхэхгүй хайраар та биднийг хайрласаар нэг л өдөр яваад өгдөг юм шүү.
Амжиж тэднийгээ хайрлаарай.

429-р хорих ангид хүмүүжигч Чойндонгаваа

Ижийдээ бичих захидал
Сайн байна уу? Хайрт ээжээ, та хичээлдээ явж байна уу? Та онц авч байна уу? Хүү нь хичээлдээ явж байаа. Би дандаа онц авч байгаа шүү, ээжээ. Би тооны, биеийн тамирын, зургийн хичээлдээ илүү сонирхолтой байдаг. Манай ангийн багш хичээлээ гоё заадаг, хүүхдүүдийг загнадаггүй, одоо 100-1000 хүртэл нэмэх хасахыг үзэж байгаа. Манай сургуульд өргөтгөл хийж байгаа удахгүй шатрын дугуйлан хичээллэнэ гэсэн, би дугуйланд орноо ээжээ. Би өдөр болгон гэрийн даалгавараа өөрөө хийж чаддаг болсон. Дараа нь кардон хайрцагаар гоё машин, онгоц, усан онгоц, байшин хийдэг. Өвөө надад тусалдаг. Одоо би өөрөө машин хийж чаддаг болсон. Ээжээ би 5 машин, 1 усан онгоц, 2 онгоц, 4 байшин хийчихсэн байгаа, таныг ирэхээр үзүүлнээ. Ээжээ та миний хичээл тарахаар эмээ бид хоёрыг Солонгос улсад урина гэсэн биз дээ? Та намайг очиход гоё гоё хайрцаг олныг бэлдээрэй. Хүү нь очоод ээждээ гоё машин хийж үзүүлнээ. Ээжээ манай улс бүх хүүхдүүдэд 70 мянган төгрөг өгч, бид нарыг баярлуулж байгаа. Би эмээ өвөө хоёртойгоо ХААН банкнаас авсан, би Солонгос явахаараа мөнгөө аваад явна, ээждээ өгч тусална. Ээжээ та онц сураарай, хүү нь онц сурна. Ээжээ, хүү нь ээжийгээ их санаж байна. Том цагаан онгоцонд суугаад ээждээ хүү нь удахгүй очно. Ээжээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Та сайхан баярлаарай.
Миний ээжийг Алтансувд гэдэг. Солонгост сурдаг.
Миний ээж гоё. Миний ээж хөөрхөн.
Би ээждээ хайртай.
Ээжээ баяртай.
Хүү Базарсад

Сайна байна уу?
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе
Намайг М. Гэрэлмаа гэдэг. Монгол улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн 4дүгээр курст суралцдаг. Би ээждээ энэ захидалаа аль хэдийнэ явуулсан болохоор та бүхэн явуулах талаар санаа зовох хэрэггүй болов уу гэж бодож байна. Цаг хугацаа хэмнэх үүднээс захидлаа компьютер дээр биччихлээ .Хэрвээ гараар бичих ёстой байсан бол уучилаарай. Та бүхэнд ийм сайхан арга хэмжээг явуулж, олон ээжүүдийг бөярлуулж, олон үрсийг ээжийнхээ талаар, сайхан дурсамжуудынхаа талаар эргэн санах боломжийг олгож байгаа Та бүхэнд баярлалаа. Хүмүүс завгүй нийгэмд цаг хугацаатай өрсөн амьдарч, хэн нь их зүйлийг хийж байна тэр хүн нь амьдардаг болсон цагт их зүйлийг мартаж байдаг. Та бүхний арга хэмжээ хүмүүст ээждээ сэтгэлийнхээ үгийг илэрхийлэх боломжийг хайрлаж байгаа гэдэгт итгэл төгс байна.
Та бүхний ажилд өндөрөөс өндөр асжилт хүсэе.
Хүндэтгэсэн:
М. Гэрэлмаа





Ижий Тандаа илгээх сэтгэлийн илгээмж
Энэрэлт ижий минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе. Охин нь таныхаа өврөөс гарч таниасаа хол амьдрах болсноор 5н жилийн нүүрийг үзжээ. Ороо бусгаа нийгэм, цаг хугацаатай өрсөж амьдардаг цаг үед таныхаа мэндийг мэдэхгүй, дуу хоолойг тань сонсохгүй удах нь олонтоо тохиолдох болсон гэдгийг өөрөө ч анзааралгүй явсан бололтой. Ижий таны минь таван хүүхдийнхээ төлөө хийсэн аугаа ихийг бид мартахгүй. Та намайг 4р ангид байхад хар шубыг дэлгүүрт суудаг найзаасаа зээлээр авч өгч байсан сан. Тэр бол миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байсан Бага сургуулийн бяцхан охин би хичээлдээ явна, ээждээ бууз хуушуур хийж зарахад нь туслана. Дугуйлан секцэндээ явна, гэрийн даалгавараа хийнэ гээд их л зав муутай байдаг
Сан. Өвлийн сүүлч хаврын эхэн сарын нэгэн өдөр заншсан ёсоороо 8цагт босч буузаа хийх, цайгаа чанах, аарцаа буцалгах, авч явах халуун сав аяга халбагануудаа цэвэрлэхэд тань туслалцаад 10цаг 30 минутын үед халуун савтай зүйлсээ барин дэлгүүрүүдээр явж ихэнхийг нь заралцчихаад хичээлдээ явахын өмнө та энд нэг дэлгүүрээр ороод гарая хэмээн дагуулж орон дэлгүүрийн худалдагч найз эмэгтэйдээ хандан: Хөгшөөн тэр шуба чинь хэд бэ? Хэмээн нэлээн дээр өлгөөгэй байгаа бяцхан шүбэ рүү зааж билээ. Миний бие гайхан зогсох зуур худалдагч эгчээр шубыг авахуулан “ миний охин үүнийг өмсөөд үз дээ” гэж билээ. Баярласан сэтгэлээ барьж ядсан би шубыг өмсөн тойрох үед өөрийн эрхгүй баярлаж нүүр дүүрэн инээмсэглэж байснаа хэзээ ч мартдаггүй юм.
Ийхүү үеийн хүүхдүүдийн гангараа хар шубээ өмссөн бяцхан охин энэ хорвоогийн хамгийн баяр баясгалантайгаар инээмсэглэн, үсэрч дэгдэн, шубныхээ бүчээр эргэлдүүлэн тоглосоор сургууийн зүг жолоо залж билээ.
Хүүхэд болсон юм хойно бууз хуушуур хийж дэлгүүрүүдээр явж зардаг ээжтэй гэдгээ ангийхандаа мэдэгдэх дургүй,хоол зардаг ээжтэйгээ ангийхнаасаа ихэд нуун ээжээсээ битүүхэндээ ичдэг сэн. Гэтэл та минь охин минь өлсөж байгаа хэмээн тал ч хамаагүй бүэнч хамаагүй гөөхий цүнхнийхээ ёроолд хийчихсэн зараад үлдсэн аац цайныхаа үлдэгдэлийг бариад охин минь өлсөж байгаа гээд сургууль дээр ирчихсэн байх Хэдийн багш чамайг ээж чинь уулзая гэж байх гараад очиход та коридорт халуун савныхаа том таганд ч хамаагүй цай хийчихсэн “ май миний охин үүнийг идчих, хэдэн цагаас тарах юм, ээж нь түүгээр тэгж гүйгээд тэр дэлгүүрээр орсон олон хүн байж таараад цай, аарц, буузаа дуустал нь зарчихлаа гэхчихсэн ядрах гэдгийг үл мартсан царайтай инээмсэглэн зогсож байдаг сан. Таны минь үүрч явдаг байсан олон халуун сав хичнээн хүнд байсан бол. Та минь яаж даадаг байсныг одоо гайхаад олохгүй юм. Энэ бүхэн таны минь охиныхоо, бидийхээ төлөө хийж байсан аугаа их зүйлсийн өчүүхэн хэсэг нь байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс их зүйлийг мартдаг боловч шүба өмсөж байсан тэр мөч, бууз заралцаад гүйж байсан цаг хугацаа миний амьдралын хамгийн мартагдашгүй дурсамжтай, жаргалтай мөч байж билээ. Учир нь тантайгаа хамт байсан болохоор тэр биз.Үеийн сургачидын хүсч мөрөөддөг их сургуулийн ганцхан хуваарийг 400 гаруй сурагчидаас шалгаран авахдаэа ч Дэлийн 100 гаруй орны 4300 гаруй оюутнуудаас авъяас чадвар эрдэм мэдлэгээрээ шалгаран олон улсын оюутны фестивальд өөрийн орныг төлөөлөн оролцох урилгыг авахдаа ч шубыг өмсөж үзэж байсан үе шиг баярлаж байнсаа санагдггүй юм. Таныгаа хөтлөн монгол болон дэлхийн бусад орнуудаар аялах аялалын гараагаа эхлэх мөч холгүй гэдэгт охин нь итгэл төгс байна. Ижий минь та бидэндээ амьд л байж хайрла.

Таны минь чинь хүсэл болсон хүүхдүүдээ боловсролтой, шудрага, улс орондоо хувь нэмэртэй хүн болгох тэр дундаа гадаад хэлний чадвартай хүн болгох мөрөөдөлийг тань мартаагүй яваа. Өтөл насандаа монгол болоод дэлхийн буман дорнуудаар аялах хүслийг тань охин нь мартаагүй явсаар өдийг хүрсэн билээ. Таныхаа хүслийг биелүүлэхийн төлөө мөрөөдсөөр явна. Охин нь сүүлийн 1 жил дэлхийн олон орноор аялахдаа англи хэлнийхээ түвшингээ хэзээ ч хүний доор орохооргүй болсон гэдгээ олж мэдсэн бөгөөд одоо хятад хэлийг сурч эхлээд 3н сарын нүүрийг үзэж байна. Ангил хэлтэй харьцуулахад үл ялиг хэцүү, цаг их авдаг боловч маш их сонирхолтой учраас тохиолдох бяцхан бэрхшээлүүдийг даваад гарна гэдэгтээ итгэлтэй байна. Хятадаас эхлэвэл ямар бэ?
Эцэст нь 8н жилийн өмнө 15 настай бяцхан охин байхад ахад минь тохиолдож байсан явдал надад аугаа хүчийг хайрласан гэр бүлээ хамгаалах, гэр бүлийн гишүүдээ хуурай гүтгэлэг автахад юуг ч хийж чадахгүй үлбэгэр, сул дорой нэгэн болохгүй, сурч байгаа салбартаа нэр хэндтэй эзэмшсэн мэргэжилдээ сайн нэгэн болох зорилго дотроо агуулсаар явна. Ах шиг ээ ядуу айлд төрсөн, гүтгэлэгт өртсөн, төрийн хүнд аппаратын дарамтанд орсон хүмүүст тусладаг нөлөө бүхий хүн болж олон аавын хүүхдүүдэд туслана гэдэгтээ итгэл төгс байна. Бие галбир, зүс царай, ухаарал, сайхан хүмүүжил, төлөвшил, эрдэм мэдлэг, хүч тэнхээ, энэрэнгүй сэтгэл зүйл бүхий дээж Хайр бэлгэглэсэн тандаа маш их баярлалаа.
Хүмүүст өтлөх насандаа хөгширөхөөс айж, өтлөх тусам хэн нэгний туслажм хэрэг болж, өтлөөд хүний гар харах цагт хэн надад туслах бол гэж олон зүйлийн талаар санаа нь зовиндог юм шиг санагддаг. Та минь энэ талаар санаа зовох хэрэггүй ээ би таныгаа эмээгээ амьдралынх нь сүүлийн жилүүдэд яаж тойлж асарч тойдлж байсан шиг асрах болно. Та минь биеэ бодож эрүүл энх байгаарай. Хамгаас хайртай охин Гэрэлээгээс нь....

Сайна байна уу Ээжээ
Юуны урьд ээж тандаа хайртай шүү гэж ижил найман үрийг чинь тэгштгэж төрсөн ихэр дөрвөн охиныг чинь тэнцүүлж төрсөн отгон охин Тэгшзаяа чинь мэндчилж байна. Ээж минь та надад нэр хайрлахдаа есөн ам бүлийг минь арав болгож, долоон хүүхдийг минь найм болгож, гурван охиныг минь дөрөв болгож тэгшитгэсэн учир ээж нь чамд Тэгшзаяа гэдэг нэр өгсөн гэж тайлбарладаг билээ. Миний ээж дөрвөн хүү, дөрвөн охинтой монголын хамгийн сайхан ээж бас монголын толгой баяны нэг ээ. Тэр гоёмсог хаусанд сууж, ганган машин унадаг хүмүүс баян биш ээ. Найман хүүхдээ төрүүлж суугаа миний ээж үгээр баян, надад бурхан сургаалиа хайрласан миний ээж сэтгэлээр баян. Тиймээс ч би ээжийгээ монголын тэргүүн баян хүний тоонд зүй ёсоор орно гэж боддог. Миний ээж улс нийгэмдээ хоёр эдийн засагч, хоёр инженер, хоёр багш төрүүлсэн. Одоо 11-р ангийн ах бид хоёр эмч болно гэж боддог. Мэргэжил нь хүртэл хос бид наймуулаа ихэр. Би улсын тэргүүний 14-р сургуулийн 3-б ангид онц сурдаг. Ээжийнхээ ачийг онц сурч хариулна. Би математикийн олимпиадад оролцож нийслэл дүүргээс алт, хүрэл медаль авч ээжийгээ баярлуулж байсан. Гэвч энэ маань нэг шөнө босож хөхүүлсэнд ч хүрэлцэхгүй биз ээ. Миний аав усны инженер. Усны байгууллагын тэргүүний ажилтан, монгол улсын зөвлөх инженер. Харин ээж минь нягтлан бодогч. Банк санхүүгийн тэргүүний ажилтан хүн. Гэвч би ээжийгээ маш олон мэргэжилтэй хүн гэж боддог.
Халуун хоол хийж тогооч болж чаддаг.
Халуурахад минь эмчилж эмч болж чаддаг.
Ханзархайг минь оёж оёдолчин болж чаддаг.
Харамгүй сургаалиа хайрлаж багш болж чаддаг миний ээж төгс хүн.
Ээжээ найман сайхан үр чинь таныг нарны цацраг мэт ивээж, навч цэцэг адил дэлгэрүүлж явах болно. Та зөвхөн биднийхээ л дунд үүрд хамт байж урт наслаарай.
Таньдаа МАРТЫН 8-ий мэнд хүргэж 8 хүүхэд минь сэтгэлийн бэлэг сая сая улаан сарнай бэлэглье. Охин: Р. Тэгшзаяа

Friday, March 5, 2010


Гэрэлтэй цонх хөтөлбөр Ижийдээ захидал бичээрэй улсын уралдааныг орон даяар зарлаж 3 сарын 6 ныы өдөр шагнал гардуулах ёслол, хүнтэтгэлийн гала концертыг зохион байгуулах гэж байна. 3 сарын 6 өдөр 17 цагт Үндэсний циркд болох тоглолтонд эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Билет 2500 төгрөг. Тоглолтонд МУГЖ зууны манлай эстрадын дуучин Сарантуяа, МУГЖ Жавхлан, Хурд хамтлаг шинэ үе продакшн, СТА дуучин Уянга, Улсын циркийн шилдэг үзүүлбэр зэрэг багтсан байгаа. Орон даяар зарласан уралдааны шилдэг арван захиа уншигдах болно.

;;