Tuesday, March 9, 2010

Сайн байна уу? Гэрэлтэй цонхын хүндэт ах эгч нараа, та бүхэндээ энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Хайрт ээждээ баярлаж явдаг багтаж ядсан сэтгэлээ энэхүү захидлаар уламжлан буйдаа таатай байна. Миний ээжийг Нарангэрэл гэдэг. Улаанбаатарын уугуул, доороо найман дүүтэй айлын том охин. Миний ээж асар их сэтгэлийн тэнхээ зориг тэвчээртэй хүн. Одоогоос 4 жилийн өмнө буюу би 19-н настай байхдаа хүнд өвчин туссан юм. Уушигны минь гялтан хальс идээлж 3 удаа хагалгаанд орсон боловч дорвитой, үр дүн үзүүлэлгүй цээжний хөндийг минь нээлттэй үлдээсэн юм. Ингээд өдөр болгон л маарилан чихээс хийлгэж байх шаардлагатай боллоо. Хайрт ээж минь миний боолтыг хийж өгдөг. Уг нь эмнэлэгт очиж боолгох ёстой ч ээж минь яг л эмч шиг цэвэрлэж, огт өвтгөлгүй боож өгдөг болохоор ээжээрээ боолгочихдог юм. Ээж минь намайг эдгэрэхгүй болохоор сайн гэсэн бүрийг авчирч, хаана ямар бөө, сайн лам, зурхайч байна бүгдэд нь л үзүүлнэ. Үзсэн хүн бүр л ээж чинь чиний амийг аварчээ ээждээ баярлаж яваарай гэнэ. Ээж минь миний амьд бурхан. Хэрвээ ээж минь байгаагүйсэн бол би та бүхэнд энэ захидлыг бичих нь бүү хэл энэ хорвоогийн тоос шороог хөдөлгөж явахгүй байсан байх. Хэн ч намайг гаднаас минь хараад цээжний хөндий нь нээлттэй байнгын идээ гарч байдаг өвчтэй охин гэж хэлэхийн аргагүй ээж минь намайг асарч халамжилдаг. Ээж минь намайг “Миний охин ээждээ амьд цэцэг” гэж хэлдэг юм. Нээрээ л ээж минь намайг цэцэг шиг л арчилж, торддог доо. Өвчнөөсөө болоод их сургуульдаа явж, ажил хийх чадваргүй байна гэж гутах зүйл бишгүй ч миний ирээдүйд хором бүр шаналж залбиран суудаг ээж минь намайг агуу их сэтгэлийн хатаар бадраан байна. Ийм сайхан ээжтэй би их азтай хүн.
Тиймээ хайрт ээж минь би таньдаа хязгааргүй хайртай шүү. Таньдаа хайртай гэж өдөр болгон хэлэхийг хичээдэг ч үнэхээр чамлалттай юм. Арван сар таныхаа хэвлийд бойжоод ангир уурагнаас тань харамгүй хооллочихоод алдрай алдрай балчир наснадаа өвчин гэж ороож зовоогоогүй хэрнээ асарч тэтгэх энэ л ансандаа санааг тань чилээж буй ачлалгүй охиноо өршөөгөөрэй ээж минь. Охин нь заавал эдгэж эрүүл болоод ачилж чадаагүй хором бүрийнхээ тоогоор танийгаа жаргаахын төлөө хичээнээ охин нь. Ядаж байхад сүүлийн үед ээжийн минь зүрх нь өвдөх болсон. Зүрхэнд нь хагалгаа хийлгэж болохгүй байгаа үе нь өнгөрчихсөн, хагалгаа дийлэхгүй эмээ л уухаас өөр аргагүй гэж эмч нь хэлсэн. Зүрх нь байнга хавагнаж эмнээс өөр эмчилгээгүй ээж минь дэрэээс нь өвчтэй намайг хараад ямар их шаналж байгаа бол доо гэж бодохоос аймшигтай. Гэхдээ хэзээ ч гомдоллож бухимддаггүй ээж минь үнэхээр агуу. Амьдрал гэдэг хатуу ч хайрт ээжийн минь сэтгэлийн тэнхээ юутай ч зүйрлэшгүй. Тэнгэрийн муухай арилж, шөнө өдрөөр солигддог шиг өвчнөөсөө салж жаргах цаг удахгүй ээ ээж минь. Бодол сэтгэлд минь амилсан “Амьд бурхан” ээж минь урт насалж хайрлаарай. Охин нь таньдаа маш их хайртай.
Хайртай охин Болор нь
2010.03.04

0 Comments:

Post a Comment