Tuesday, March 9, 2010

Ээжээ, хүү нь энэ л өдрийг ямар ихээр гуниглан өнгөрөөж байна гээч. Тэртээ 1975 онд ээж минь та бурхадыг уяраан хүүгээ төрүүлэхдээ бүх л зовлонгоо умартан энэ л орчлонг гийгүүлэх амьдралын минь наран, удмыг минь залгах хүүтэй боллоо хэмээн баярын нулимсаар хацраа зүсэж байж ангир уургаараа амлуулж жаргалтайгаар инээмсэглэж байсан байх.
Тэнэгхэн үр нь нэхэл хатуу орчлонгийн жамыг ухаараагүй явсан балчир насандаа ижий таниасаа хагацаж харанхуй дунд бүдчин явахдаа Ижий гэдэг бурханыхаа нөмөр дулаахан агуу их хайр, түшгийг ухаараагүй гэнэн явжээ. Тэр л харанхуй өдрөөс хойш үр нь таныхаа хүсэл мөрөөдөл, итгэлийг хугалан төрийн хуулийн цээрлэл хүртэж тортой хашаанд цэнэгтэй бууны аман дор 16 жилийг өнгөрөөлөө. Энэ л өдөр хүү нь ээж таныхаа нэгэн хэвийн өдөр тутмын амьдралыг эргэн санаж гуниглан сууна.
Өвөл зун ялгалгүй өглөө бүр үүрийн гэгээнээс урьтан босож цайгаа чанан гэрээ цэвэрлээд өдрийн минь хоолыг бэлдчихээд хором мөчтэй уралдан хүнтэй газраар шогиж, хүнгүй газраар гүйсээр ажилдаа очоод хөх зүү шагайн ноормын хүнд ажилд нуруу амраах завгүй зүтгэхдээ өдрийнхөө цайнд оролгүй хоолныхоо талоноор үрдээ ганц ширхэг гөөхий барин ирж хүү намайгаа энгэртээ тэврэн эрхлүүлж үрээ үнсэн биеийн алжаал сэтгэлийн зовнилоо мартан өлсөж ядрахыг умартаад буцаад л ажилдаа яаран явдаг байсаныг санаж байна. Амттан бүрийг өөрөөсөө харамлаж үрдээ хадгалсаар орой гэртээ ирж, гэрийн нэргүй ажилд нухлагдан шөнө болгон аавын ирэхийг хүлээнгээ галаа манаж, цай хоолыг нь халуун байлгах гэж зуухны өмнө зүүрмэглэн суухад тэнэгхэн хүү нь тоглоомондоо ядраад унтчихдагсан. Аавынхаа согтуу дуунаар цочин сэрэхэд ижий минь та уйлсаар аавыг хэвтүүлэх гэж гуйн арай хийн аавыг унтуулаад маргаашынх нь өмсөх хувцасыг бэлдэж өдрийнх нь бохирдуулсан хувцасыг цэвэрлэж, дуслах нулимс бүрээ энгэртээ эгшээн байж хүү намайгаа үнсэхдээ зовлонгоо нуун инээмсэглээд “ Ээжийн хүү айсан юмуу” хэмээн хөхөөрөө хурайлаад бүүвэйлэн байж намайг унтуулдаг байсан тэр л төрх одоо ч сэтгэлд тод байна. Ижий минь та амьдралын хүндэд нухлагдан хором мөчтэй уралдан бөгтийж явахдаа буцааж нэхэхгүй хайраар гурван үрээ хайрлаж нэг удаа ч би ядарч байна гэж хэлэлгүй үр биднийгээ ааваараа бахархаж, хүндлэх хүмүүжилтэй өсгөж ганц удаа ч хань ижлээ муу хэлж яваагүй ёс жудаг, тэр их сэтгэлийн тэнхээ тэсвэр тэвчээрийг үр нь биширч сууна. Ээжээ таны минь үр бидэндээ хэлж байсан алтнаас ч үнэтэй сургааль үгс хүүг нь зоригжуулан зорих амьдралын минь гэрэл гэгээ болж явна. Бүхнийг хайрлаж ундаалсан сэтгэлийн цагаан сүү нь санчигандаа буусан ижий минь тэнэгхэн хүү нь таныхаа агуу их хайранд хүн болчихоод сэтгэлийг тань хугалж явааг минь уучлаарай. Үнэндээ ижий таниасаа мянгантаа уучлал эрж өлмийд тань сөгдөөд ч сэтгэлийн тайтгарлыг эс олох юм. Ээжээ, хүү нь таньдаа хайртай шүү гэж ганц удаа ч болтугай хэлж яваагүй, тэнэг хүүгээ уучлаарай. Хүү нь таньдаа хайртай. Энэ л амьдралын хатууг гашуун нулимсаараа зөөллөж зовлонгоо нуун инээмсэглэж, маргаашийн амьдралаа итгэлтэйгээр харж байсан таныхаа сэтгэлийн тэнхээгээр хүү нь амьдрах болно. Цэцгийн шүүдэр ч настай байдгийг ухаарсан тэнэг хүү нь хожимдсон ч гэлээ сэтгэлдээ Цагаан суварга босгоё.
Цагаан цаасан дээр хар бэхээр “Ээжээ таньдаа хайртай шүү” гэж бичиж суугаа хүүгийнх нь хожимдсон ухаарал таны минь итгэлийг ахин хугалахгүй ээ. Хажууд минь байсан нар минь, дээрээс харах бурхан минь хүү нь энэ л амьдралд ирсэн шигээ нэг л өдөр таныхаа хойноос буцна. Буцах болтлоо хором бүрт сайн үйлс бүтээж таньдаа барьяа. Бүтээсэн сайн үйлс бүрийн тоогоор үрийнх нь хожимдсон ухаарлын тэмдэг болж таньд минь цагаан суварга сүндэрлэг бүтээгүй үйлс бүрт босгосон суварга минь үгүйсгэгдэнэ. Энэ л орчлонгоос одож таньдаа очих тэр агшинд үрийнх нь босгосон Цагаан суварга тоолж барагдахгүй болно. Таньдаа хүү нь амалж байна.
Ээжээ, аав архи уухаа больсон. Тэтгэвэрийн хэдхэн төгрөгөө гартаа атгасаар хорих ангийн үүдэнд ирэх 80 гарсан аавыгаа хархаар хүүд нь ямар их хүнд байдаг гээч. Хожимдсон харууслын нулимс зүрх зүсэн доошилж элгэнд шингэхдээ ямар их гашуун байлаа ч ээжээ таны минь амьдралын хүндэд сөхөрч үзээгүй сэтгэлийн тэнхээ л хүүг нь тайтгаруулдаг юм шүү. Эгч дүү хоёр минь сайн яваа. Ээжээ хүү нь ахиж алдахгүй ээ.
Таны минь дахиж хэлсэн “Энэ л амьдралын эх болсон эмэгтэй хүнийг хайрлаж яваарай. Эгч дүү хоёроо харж яваарай. Тэдний түшиг нь миний хүү шүү” гэж хамгийн сүүлд хэлсэн таны минь захиас хүүгийнх нь амьдралын зорилго байх болно.
Ээжээ хүүгээ уучлаарай
Хүү нь таньдаа хайртай.
Найз минь, Анд минь чи, Миний энэхүү сэтгэлийн бичээсийг уншиж байвал бусдадаа ээжийн минь энэ л захиасыг хэлж байгаарай. Ээж гэдэг бурхадаа амьдад нь амжиж хайрлахгүй бол хожимдсон ухаарал гэмшил, харууслаас хэтэрдэггүй юм байна. Эх хүн эмэгтэй хүн гэдэг ил уйлж үглэдэг ч гсэн бидний л төлөө зовниж буцааж нэхэхгүй хайраар та биднийг хайрласаар нэг л өдөр яваад өгдөг юм шүү.
Амжиж тэднийгээ хайрлаарай.

429-р хорих ангид хүмүүжигч Чойндонгаваа

0 Comments:

Post a Comment