Tuesday, March 9, 2010

Сайн байна уу? МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг ҮНА-ны хамт олондоо захиа очих өдрийн мэнд. “Ээждээ захидал бичээрэй” гэсэн уралдаан зарлаж байгааг сонсоод анхандаа ихэд айж бичих талаар ихэд бодон байж бичлээ. Би урьд өмнө нь ээжийнхээ тухай иймэрхүү уралдаанд оролцож байгаагүй. Намайг З.Алтанцэцэг гэдэг. Одоо 18 настай. МУИС-ын ОАСС-д нягтлан бодох бүртгэлийн ангид сурдаг. Миний ээжийг Ч.Оюун гэдэг. Намайг 1992 онд төрүүлчихээд 2 сарын дараа эмээ дээр орхиод явсан. Түүнээс хойш 5 удаа л ирсэн ч хамтдаа амьдраагүй юм. Багаасаа ээжээсээ холдсон болохоор амьдралд гомдмоор байдаг. Миний ээждээ илгээсэн захидал минь 3 хуудас ч гэсэн сэтгэлийн минь орон зайд дүүрэн байгаа. ОУЭмэгтэйчүдийн баяраар иймэрхүү уралдаан зарлаж байгаад баярлалаа. Тэмцээнийг үнэн бодитой шүүж явуулаарай. Танай телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
Саруул уудамхан энэ орчлонд
Сайхан Монгол бүсгүй ээж минь
Арван сар тээж төрүүлсэн наддаа
Ангирхан уургаа амтлуулсан
Хатуу энэ орчлонг
Аашаараа та минь зөөлрүүлдэг
Худал хуурмаг ертөнцийг
Уран үгээрээ дардаг миний Монголын ээжүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярын Мэнд!
Миний ээжийг Ч.Оюун гэдэг. 2 хүүхдийн ээж, хүний сайхан хань. Ээжээ таны 2 сартай байхад нь орхиод явсан охин нь байна би. Би таны энхрийлэн дууддаг байсан “Зээхнээ” байна. Тиймээ, амьдрал хатуу, хүн гэдэг шантрамтгай юм хойно яая гэхэв. Миний ээжий та охин үр хүсэж байж гаргачихаад хүний дайтай болгож чадахгүй, амьдралд бууж өгсөн. Одоо тэхдээ охин нь таньдаа гомдохгүй. Учир нь та намайг энэ уудам хорвоотой танилцуулж өгсөн болохоор тэр шүү дээ. Охин үр тань ээжээ одоо орчлонд мэндлээд 18 нас хүрч байна. Таныгаа би чинь гаднаа зэвүүцэн уурлаж байгаа ч цээжиндээ цохилох бяцхан зүрхэндээ, гуниг харуусалгүй сэтгэлдээ үргэлж санан дурсаад бас хүлээгээд л сууна. Тиймээ, ээжээ та ирэх болоогүй юм уу? Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энэ мөч хүртэл туулсан он цагуудад таньтайгаа би нэг жил ч хамт байгаагүй. Ээжээ охин чинь балчир гурван насыг эс тооцвол 15 жилийн 15 гуравдугаар сарын 8, бас төрсөн өдөр, шинэ жил, 6-р сарын 1-ийг үдэж өнгөрөөсөн.
Энэ мөчүүдэд би хоёр жаахан нүдэндээ нулимс хуруулж эсвэл сэтгэлийн тэр цагаахан сэтгэлд ус хуруулж суудаг байсан. Учир нь баяр болгоноор миний эргэн тойрныхон гэр бүлээрээ хамт тэмдэглэсэн, ингэж бид нар гадуур явсан гэж ирээд л хоорондоо хэл амаа сугалах шахан ярьдаг. Эдгээр үгийг нь сонсох тоолонд өөрийн эрхгүй уйлж, бас амьдралаас залхдаг байсан. Таныг би их санадаг болохоороо эхийн тухай шүлэг, дуу, кино гээд олон зүйл тэр тусмаа ээжийнхээ хайранд жаргалтай гэгч нь эрхэлж байгаа хүүхдүүдийг хараад сэтгэлээ барьж ядан мэгшдэг байсан. Гэхдээ энэ бол эхлэл нь...
Хамгийн аймаар санагддаг зүйл бол та зүүдэнд минь ирдэг шигээ бодит амьдралд ирдэггүй. Тийм болохоор би шөнө болохоор хааяа сэтгэлдээ түгшилттэй айдаг байсан. Учир нь та зүүдэнд минь ирчихээд л явчихдаг, харин би сормуус норгон уйлж хэвтдэг. Ээжээ охин нь хааяа эхийн хайрыг ихэд үгүйлсэн байдаг учраас өөрийн таньж мэддэг найзуудынхаа ээжийг “ээжээ” гэж дууддаг. Гэвч тэд өөрсдийн мах цусны тасархай үртэй болохоор намайг ямар ойшоох ч биш дээ. Тэгээд л би хүмүүсийн дунд хааяа эвгүй байдалд ордог. Учир нь та намайг орхиолд явсанд би ээжийн тухай сайхан сэтгэгдлийг мэдэхгүй байна. Гэсэн хэдий ч таньтайгаа хамт байхыг хүсдэг болохоор үзэн ядах сэтгэлээ жаргаж буй нартай хамт мөхөөж зүүдэндээ учрахыг хүсдэг. Учир нь та зүүдэнд минь ирэхдээ эмэгтэй хүний эрхэмсэг хэрнээ тэр даруухан харц, хайр гэрэлтсэн нүд дүүрэ инээмсэглэлтэй ирж намайгаа өхөөрдөн дуудан тэвэрч авдаг.
Та минь шөнө дундад ирэн үүр цайхын алдад тэнгэрт утаа замхарч буйн адил зүүдний ертөнцөөөс сарнин арилдаг. Тэгээд л эрх охин би өглөөний нарнаар сэрэхэд доголон нулимстай шинэ өдрийг угтдаг. Нэгэн өдөр би жаахан биенээсээ дэндээ том сэтгэл гарган ээж таныгаа хайн ирэхэд та намайг хараад нүдэндээ орсон шороо мэт үзэж, эзгүй цөлд хаяж байгаа юм шиг эргэж харалгүй яваад, үлдсэн охин нь түүнээс хойш 4 жилийг үдэж дээ. Ингээд л би таныг муухайгаар бодож дэмий л нэг өөрийгөө зовоосон. Одоо надад энэ бүх зовлон гуниг хангалттай. Яагаад гэвэл би даамай их хайраас тань гарсан болохоор даанч таныгаа мартаж чадахгүй юм. Та ч бас надтай адил хаа нэгэн газар намайгаа бас санаад л сууж байгаа байх. Ээжээ охин тань удахгүй охин насаа үдэж, хүний хань хүүхдийн ээж болно. Тиймээс багахан үлдсэн он жилүүдийг таныхаа хайраар өлгийдүүлж өнгөрөөмөөр байна. Ээжээ охин нь хэрвээ таныг ирлээ гэхэд “охин минь ээж нь ирлээ” гэдэг үгийг сонсож ч чадахгүй байх. Ээжээ та миний бичсэн үг болгоныг сонссон бол охин дээрээ хүрээд ирээч. Би таньд ч бас охин үртэйгээ хамт байхдаа ямар их жаргалтай байдгийг мэдрүүлмээр байна. Таныгаа би намайг орхиж явсаныг чинь, очиход минь үл ойшоосон гээд бүх зүйлийг тань уучилсан. Тийм л учраас та ганцхан удаа охин үр над дээрээ ирээд “миний охин ээж дээрээ хүрээд ир” гэж хэлээд чангаас чанга тэврээч....
Ээждээ зориулсан шүлгээс
Бүүвэйн дууг сонсмоор байна ээж таниасаа
Бурхан минь таниас нэг зүйл гуйя
Бүтэхгүй гэж битгий хэлээрэй гуйя
Буурал хорвоод ганцхан удаа би
Бүүвэйн дууг зүүдэндээ ч болов сонсмоор байна
Төрүүлсэн эх минь намайг орхиж явсан
Тэвэрч үлдсэн аавдаа би хоёрхон сартай байсан
Ээж минь энэ үед бүүвэйн дуу аялсан ч
Энэ бие минь түүнийг яаж мэдэх билээ
Эцэг хүн хэрвээ бүүвэйн дууг
Эхийн адил уянгалаг аялдагсан бол
Энэ бие минь хүссэн дуугаа
Эцгээсээ сонсчих байсан даа хөөрхий
Бурхан үүнийг биелүүлж чадахгүй ч
Би мэдсэн хирнээ гуймаар байна
Буцаад яв гэж түлхсэн ээж таниасаа
Бүүвэйн дууг нэг л сонсмоор байна.

0 Comments:

Post a Comment