Tuesday, March 9, 2010

Сайна байна уу Ээжээ
Юуны урьд ээж тандаа хайртай шүү гэж ижил найман үрийг чинь тэгштгэж төрсөн ихэр дөрвөн охиныг чинь тэнцүүлж төрсөн отгон охин Тэгшзаяа чинь мэндчилж байна. Ээж минь та надад нэр хайрлахдаа есөн ам бүлийг минь арав болгож, долоон хүүхдийг минь найм болгож, гурван охиныг минь дөрөв болгож тэгшитгэсэн учир ээж нь чамд Тэгшзаяа гэдэг нэр өгсөн гэж тайлбарладаг билээ. Миний ээж дөрвөн хүү, дөрвөн охинтой монголын хамгийн сайхан ээж бас монголын толгой баяны нэг ээ. Тэр гоёмсог хаусанд сууж, ганган машин унадаг хүмүүс баян биш ээ. Найман хүүхдээ төрүүлж суугаа миний ээж үгээр баян, надад бурхан сургаалиа хайрласан миний ээж сэтгэлээр баян. Тиймээс ч би ээжийгээ монголын тэргүүн баян хүний тоонд зүй ёсоор орно гэж боддог. Миний ээж улс нийгэмдээ хоёр эдийн засагч, хоёр инженер, хоёр багш төрүүлсэн. Одоо 11-р ангийн ах бид хоёр эмч болно гэж боддог. Мэргэжил нь хүртэл хос бид наймуулаа ихэр. Би улсын тэргүүний 14-р сургуулийн 3-б ангид онц сурдаг. Ээжийнхээ ачийг онц сурч хариулна. Би математикийн олимпиадад оролцож нийслэл дүүргээс алт, хүрэл медаль авч ээжийгээ баярлуулж байсан. Гэвч энэ маань нэг шөнө босож хөхүүлсэнд ч хүрэлцэхгүй биз ээ. Миний аав усны инженер. Усны байгууллагын тэргүүний ажилтан, монгол улсын зөвлөх инженер. Харин ээж минь нягтлан бодогч. Банк санхүүгийн тэргүүний ажилтан хүн. Гэвч би ээжийгээ маш олон мэргэжилтэй хүн гэж боддог.
Халуун хоол хийж тогооч болж чаддаг.
Халуурахад минь эмчилж эмч болж чаддаг.
Ханзархайг минь оёж оёдолчин болж чаддаг.
Харамгүй сургаалиа хайрлаж багш болж чаддаг миний ээж төгс хүн.
Ээжээ найман сайхан үр чинь таныг нарны цацраг мэт ивээж, навч цэцэг адил дэлгэрүүлж явах болно. Та зөвхөн биднийхээ л дунд үүрд хамт байж урт наслаарай.
Таньдаа МАРТЫН 8-ий мэнд хүргэж 8 хүүхэд минь сэтгэлийн бэлэг сая сая улаан сарнай бэлэглье. Охин: Р. Тэгшзаяа

0 Comments:

Post a Comment