Monday, December 14, 2009

Тэнэжээ явсан чинь тааралдаад таалагдахаар нь тавьчихлаа

1. Зөвхөн Монголд "Нараа дагавал даарахгүй, Намаа дагавал алзахгүй" теором төгс үйлчилдэг
2.Зөвхөн Монголд агрономич Хөрөнгийн биржийн захирал, багш Эрүүл мэндийн сайд ... гэх мэтчилэн төрийн албанд дадлага хийж, өөрийн мэдэхгүй салбартайгаа танилцдаг.
3.Зөвхөн Монголд (магадгүй Зимбабвед бас) төрийн дундаас дээш албан тушаалтнууд улсынхаа хамгийн баян хүмүүс нь байдаг.
4.Зөвхөн Монголд л "цалингаараа амьдар" гэж хүнийг харааж болно.
5.Зөвхөн Монголд л хүүхдээ төрүүлэх гэж байгаа эхчүүд эмч, эх баригчдаа царайчлан гүйж, мөнгө төгрөг, чихэр жимс атгуулан байж, хажуугаар нь тэдний ааш аягийг хөдөлгөхгүй гэж сэтгэлээ зовоож байдаг.
6.Зөвхөн Монголд л 1 кг боорцог 900 грамм жинтэй байдаг.
7.Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.
8.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.
9.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.
10.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй ...
11.Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!
12.Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.
13.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар... дайсангүй боловч бие биеээ талсаар...
14.Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л... зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л...
15.Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л...
16.Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л... доогуураа хүй нэгдлээр амьдраад л...
17.Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л...
18.Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л...
19.Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л...
20.Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ...

Ц. Нямка

Sunday, December 13, 2009


Оросын алдарт нүдний мэс засалч, хожим Түвд, Гималайд судалгааны ажил өрнүүлж улмаар “Хүн мичнээс үүсээгүй буюу Бурхадын хотын эрэлд” хэмээх цуврал номуудыг бичиж дэлхийн олон орны уншигчдын хүртээл болгосон Эрнст Мулдашев өөрийн нэгэн номондоо “ Хүн төрлөхтөн соёл иргэншилд хүрэхдээ хэдэн мянган жилийн асар урт хугацааг туулдаг хэдий ч зэрлэгшилд хүрхэд маш бага хугацааг туулдаг” хэмээн бичсэн байлаа. Нээрээ л хүн төрлөхтөн хичнээн урт хугацааг хөгжиж дэвшихийн тулд туулж өнгөрүүлсэн бол. Түүний үр шимээр өнөөгийн бидний соёлт ертөнц бий болсон биз ээ. Бид одоо ч байгаль дэлхий, шинжлэх ухаан, хүний хөгжил, дэвшилтэт технологи гээд судалж шинжилсээр л байна. Бидний амьдарч байгаа соёл ирэншил ямархан урт хугацааны туршид хүн төрлөхтний хөрсөнд боловсорч өнөөгийн бидний амьдралд ирсэнийг өгүүлэх юун... Харин зэрлэгшил яагаад хүнд тийм хурдан ирдэг вэ? Хүмүүс гэрээсээ хол жишээ нь хөдөө хээр газар яваад сар болоод л ирэхэд өөрсдийгөө толинд хараад хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харж болно. Задгай галын дээр унд хоолоо бэлтгэж, усанд орохгүй байсаар түүндээ дасаж биеэ хиртсэн эсэхийг ч мэдрэхгүй болтлоо дасан зохицход цаад тал нь сарын хугацаа л хүнд хэрэгтэй. Энэ нь хүн зэрлэгшхэд маш амархан хэдий ч хөгжиж дэвшхэд маш урт удаан хугацааг туулж болохыг харуулж байгаа энгийн жишээ юм. Яг түүн шиг улс орны амьдрал ч гэсэн хөгжил дэвшлийн замыг хэдий урт хугацаанд тууллаа ч зэрлэгшил дэргэд ойрхон байдгийн жишээг эх орныхоо амьдралаас харж байна. Хэдий бид нар хамгийн сүүлийн үеийн техник технологийг амьдрал ахуйдаа хэрэглэн, цахим ертөнцөд хэнтэй ч холбогдож, дэлхийг хэрсэн мэдээллийн сангаар хүссэнээрээ ялан байгаа хэдий ч, өндөр нягтаршилтай орчин үеийн дэлгэцээр хүссэн зүйлээ үзэж байгаа хэдий ч, хоол хүнсийг нэрийг нь хэлээд л бэлэн болох нь халаг цахилгаан хэрэгсэл ахуй амьдралдаа хэрэглэн байгаа хэдий ч бид дотоод сэтгэл хийгээд биеээ авч явах, амьдралд хандах, хүн хүнээ хайрлах гээд олон зүйл дээр зэрлэгшин байгаараа харж болно.

1. Хамгийн энгийн зэрлэгшил

Үүнийг бид гэрээсээ гараад л харж болно. Дөнгөж хаалгаар цухайгаад л эх орныхоо нийслэлийг ямар болсныг, орц хонгилд унтаж байгаа тэнэмэл хүмүүсийг, тав арван төгрөг гуйж гувшиж байгаад ч болов авч, чихэр биш талх олж идэх хүсэлтэй бяцхан хүүхдийг, хүмүүсийн амиа бодсон өөдгүй занг, хараалаа шүлстэйгээ цуг урсгах бүдүүлэг нэгнийг хүссэнээрээ харж болно. Энэ нь бидний амьдралд дасал болсон энгийн зүйл бөгөөд хамгийн энгийн зэрлэгшил юм. Дээхнэ үерийн Улаан баатарт чухам ямар байсныг, хүмүүс нь биеэ авч явах ямархан соёлтой байсныг бүгд л санаж байгаа. Энэхүү энгийн зэрлэгшилийг олон янзаар тайлбарлаж болно. Эхлээд хотынхон хаачив. Үнэхээр хотынхон хайчсэн юм бэ хэмээн зарим нэг нь асуух. Ихэнх нь гадаадад гарсаан үлдсэн хэд нь байдалтай эвлэрсэн өөрөөр хэлбэл хөдөөнийхөнтэй холилдоод зэрлэгшсэн гэж зарим нь хариулах. Нээрээ л хөдөөнийхөн нөгөөх сайхан Улаанбаатрыг ирж түйвээгээд байна уу. Амьдрал хүнд хэцүүгийн улмаас хот суурин бараадсан олон дотор сайнаасаа саар хүмүүс олон л байгаа. Үүнийг хөдөөний соёл хотод нэвтэрсэн гэх үү. Удаах тайлбар нь нийгмийн шилжилт одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Чаддаг нь идэж уу, чадахгүй нь өлсөөд сууж бай... гэсэн ёс суртахуун газар савснаас...

2. Сэтгэхүйн зэрлэгшил

Идэж уухын хүсэл шунал энэ орныг бүхэлд нь залгиж байгааг балчир хүүхэд ч харж болох нийгэмд бид амьдарч байна. Чаддаг нь... гэсэн зэрлэг сэтгэхгүй хүмүүст ноёлсноор төр захиргааны байгууллага, төрийн албан хаагч ер нь л төрд ажиллаж байгаа хэн ч болов татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрж зарж, чадалтай нь булааж идэж, чадалгүй нь аз нь дутаж дээ гээд амаа бариад явж байх. Энэ сэтгэхгүй нийгмийн бүхий л салбарт ноёлоод байна. Дээр дооргүй өрсөлдөн идэж ууж байгаа энэ хүмүүсийн бирдийн сав дүүрч нүгэл нь хагарах болоогүй л бололтой. Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн туршид эр орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байлдыг хадагласаар ирсэн ч энэ цагийн тэнэгүүд идэх уухын төлөө эх орноо юугаар ч арилжихад бэлэн байна. Сонгууль болхоор худлаа амлан чалчиж чалчичхаад ичих ч үгүй хийсэн зүйлгүй дөрвөн жилийн дараа тойрогтоо очих, дахиад л улигт үлгэрээ ярин худлаа амлан байхад гэнэн цагаан хүмүүс итгэж ханахгүй дахин сонгоно. Дээрээсээ доош мунхагийн харанхуй, шуналын харанхуй нүүгэлтсэн өнөө цагийн Монгол жинхэнэ утгаар хөгжил дэвшилд хэзээ хүрэх вэ? Хэзээ бид чин сэтгэлээсээ бие биентэйгээ харицаж, хүний төлөө нийгэмд амьдарч, гэрээсээ гараад айх аюулгүй алхаж, шөнө орой бэмбэгнэн чичрэхгүйгээр гэртээ ирж, хаанаас юу олоод хэдэн төгрөг олчих вэ гэж гашлан суухгүйгээр авсан цалин нь амьдралд хүрч, хэзээ бид мунхаг сэтгэхүйгээр хүний хоол булааж идэх тухай бодох биш өөрийн аягатай хоолоо эзний ёсоор идэж суух вэ? Хөгжил дэвшил бидний хаана жинхэнэ утгаар байна вэ? Улс орны амьдрал ч тэр, хувь хүний амьдрал ч тэр өдрөөс өдөрт жилээс жилд өөдөлж дэвшин явдаг байхад бид улс оронтойгоо гэр бүлээрээ хаашаа яваад байнаа. Ийм мунхагийн харанхуй нүүгэлтсэн амьдрал дунд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ. Болох зүйл болохгүй зүйлийн тухай зааж өгч байхдаа хүртэл эргэлзэж байна. Монгол орон Их эзэн Чингис хаанаас эхлээд тоолоход л 800 гаруй жил хөгжил дэвшилийн төлөө зогсолтгүй тэмүүлж, эх орныхоо төлөө цохилж ирсэн байхад энэ бидний үед ердөө л хэдхэн жилийн дотор бид гүйцэд зэрлэгшихэд бэлэн болжээ. Удахгүй ийм сэтгэхгүй биднийг идсээр ундны усаа шавхаж дуусаад шалбааг уун, гэрэл цахилгаана төлж чадахгүй махыг түүхийгээр нь идэх тийм аймшигт цаг үе бидний хажууд ойрхон байна. Зэрлэгшил хэдхэн алхмын зайд байна.

Friday, November 27, 2009

Зүгээр л...

Энгийн, нэгэн хэмийн өдрүүд ар араасаа хөврөөд л... Хүн өөрийн байгаа энэ л ахуйд дасан зохицож эвлэрэн нэгдэнэ гэдэг юу вэ... Сэтгэл амгалангийн төгсгөл хаана аваачих вэ. Догдлон байж бичдэг инээд нулимстай шүлгүүд, санаа алдан гэнсрэх өнгөрөгч хавар намруудын явдал, гэрэл зургийн цомог, ард үлдсэн дурсамж бүхэн асч байсан гал шиг дүрэлзэн байхад юунд инэгтэл тайвшралыг олно вэ? Тайвшрал хүнийг хаана хөтлөн хүргэх вэ?..Өөр хүний дурсамжийн цомог мэт өнгөрөгч амьдралаа хуучин хувцас шигээ тайлж мартсанаа ухаарах шиг. Хаана түүнийгээ орхичихвоо...Дэндүү тайвшрал... дэндүү амгалан...тайвшрал толгойг минь илнэ.

-Өө яах вэ хүний зэрэгтэй л явна. Өмсөж зүүх идэх уухаа болгоод л амьдарч байна. Энгийн нэг эхнэр ээж байхыг хүссэндээ хүрчээ...Гэлээ ч тайвшралыг оруулж ирээд хаалгаа түгжсэн. Хаана түлхүүрээ тавьсанаа ч мэдэхгүй...Орцны шатаар алгуурхан өгсөж аяархан тогшиж эхэлсэн өөрийгөө л оруулж ирэхээ мартсан бололтой. Хаалгийг минь одоо тогшин, үгүй ээ балбан буй өөрийгөө оруулж ирэх түлхүүр хаана байлаа ......энд л тавьсан санагдана. Гоц гойд санаа гоё сайхан үгүй инээдээр дүүрэн хүмүүс энд тэндгүй хөлхөнө. Амгалан газар сайгүй нүүрлэжээ. Амьдрал ингэж л үргэлжилнэ. Жаргалтай байнаа. Гэвч нэг юм үгүйлэгдээд л... гэнсрэн санах, гиеүүрэн догдлох, зүв зүгээр байж байгаад тачигнатал инээх, тамхинаас гарна гэж тааралдсан хүндээ худал амлах, нөгөөх л өнгөрсөн цагийн би өөрийгөө олох гээд хаалганы гадаа.

Monday, October 26, 2009

Өдөр хоног нар сараа дагуулан биднээс алслан одож энэ өдрийн үйл явдлыг дурсамж болгон биднээс авч одно. Энэ өдрийн содон нэгэн зүйл хэзээ нэгэн өдөр дурсагдах тийм л зүйл болон үлдэнэ. Бид дурсамжийн төлөө амьдарч байгаа ч юм уу... Хүний амьдралд хэд хичнээн дурсамж хангалттайг мэдэхгүй ч, өнөөдөр маргааш, ажил төрөл, үр хүүхэд гээд амсхийх завгүй өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрдөг хэдий ч, бид үхтлээ ядраад гэртээ харьдаг ч, яг юуны төлөө амьдраад байгаа юм бол. Хүүхэд ахуй нас баяр баяслаар дүүрэн, идэр залуу нас итгэл зүтгэл хайраар дүүрэн өнгөрөх хэдий ч өтөл нас өмнө минь зогсож байх тийм л ирээдүйрүү яарсаар. Ингээд бодхоор яг юуны төлөө гэдэг нь сонин, үнэхээр л дурсамжийн төлөө амьдардаг бол тийм олон дурсамж хүнд хэрэгтэй бол өдөр бүхнийг гайхамшиг бүтээхийн төлөө өнгөрүүлэх хэрэгтэй ч юм уу. Зүгээр л гэртээ унтаад л , зурагт үзээд л өнгөрүүлсэн өдрийн дурсамжийг хаанаас эрэн санах вэ. Гээд бодхоор амсхийх завгүй энэ амьдралын хэмнэлийг ер ойлгохгүй юм. Хүмүүс юундаа яарч адгаж юуг бусдаас өрсах гэж ингэтэл зүтгэнэ вэ. Хорон муу санаа ч гэсэн дээ хэзээ нэгэн өдөр эргэн дурсахад алдаа айшигт гунигтай дурсамж болон үлдэнэ бус уу. Гэтэл хүмүүс яагаад атгаг санаа өвөрлөн бусдыг хохироохыг ородоно вэ. Энэ бүхний хариу: Хүмүүс өөр өөрийн амьдарлын замаа сонгож өөрийн хүрэх ирээдүйгээ тодорхойлон явдагт байгаа юм. Тэгэхээр хүний хүсэл тэмүүлэл хүрэх зорилгийг шүүмжилж болохгүй гэсэн бодол төрнө. Таны зорилго юу ч байж болно. Гэлээ ч хожмын өдөр дурсагдах дурсамж гэдэг энэ амьдралын явж ирсэн зам мөр байдаг болхоор гэрэлтэй замыг нь сонгох нь чухал юм шиг....Маргаашийн наран мандахад энэ бодлууд амьсгалах агаар, гишгэсэн газрын тоостой цуг замхран одож болох ч сүү татсан гэгээн зам бусдыг ямагт араасаа дагуулдагийг санаж гэрлийг л сонгоцгооё. Хувцасны хирнээс тлүүтэйгээр сэтгэлийн хир өмнө зогсож байгаа өтөл насыг зовоох тул нөгөөх л яруу найргийн гэгээн мөр лугаа амьддаа бие биенээ хайрлая. Эргэн дурсах он жилүүд өрөд хоногууд маргаашийн гэрэлт наранд итгэдэг шиг итгэлтийн гэгээн зам байг.

Гэгээн үүрээр шувууд нисэлдээд

Гэрт гадаагүй шулганан гүйлдээд

Өглөө яагаад ийм их баяр авч ирдэгийг

Өөрөөс нь асуухаар эртлэн бослоо

Аагтай халуун цай

Амтанд нь цадах дулаан яриа

Үнсэж сэрээсэн бүлээн уруул

Өөдөөс минь ширтэх дулаан харц

Өөрт минь яагаад ийм их хайртайг

Өөрөөс нь асуухаар эгцлэн ширтэнэ

Асууж яах юм бэ?

Амьдралын аль сайхан бүхэн

Асуултгүй үргэлжилсээр

Цаг хугацаа, нар сар

Цамц нь хирсэн эр нөхөр

Үдшээр тэр ядрал нөмрөн ирнэ

Үүдэн дээрээсээ би нөмрөг юуг нь тайлж

Тайвшрал юугаар тэврэн угтана

Үнэндээ аль сайхан бүхнийг

Үүдэн дээрээсээ угтахаа

Асууж яах юм бэ?

Амьдралын гэрэлт шувууд

Алган дээр минь ирж буусаар л байхад...

Хонгорхон Муза

Яг ингэж суух дуртайсан тэр бидэн

Ялдам инээмсэглэлийн түрлэг,улаан дарс

Ямархан хайр урууланд амтагдаж байсныг

Үгээрээ биш зүрхээрээ хэлэм...

Цэнхэрхэн зуны тухай

Цэцэгт хөндийн тухай

Ирэх аялалын тухай

Их л удаан ярьдагсан

Зун ирлээ хонгорхон Муза

Зургадугаар сарын гудамжыг модод бүрхлээ

Үзэмжит навчисынх нь ногоохон судлууд

Үзтэл түүний инээдийг зурж байна

Дурлал хайрын тэнгэрийг дуудсансан

Дэргэд минь гэвч бүтээгч Муза

Гээд яахав замд гарья хонгорхон Муза

Ганцхан навчисын судлыг ч биш

Энэхэн зуны тухай

Эхлэн буй аялалынхаа тухай

Гараараа зүрхээрээ буй бүхнээ дуулъя

Ганцхан түүнийг л хүлээхээ тэвчье...

Хүүдээ

Гарыг минь дэрлэн бяцхан хүү нойрсоно
Гайхамшигт ертөнцийн бэлэг зүүдлэнэ
Хамран дээгүүр нь бурзайх жижигхэн хөлснүүд
Хамаагүй тоглоод ядарсан тэмдэгнүүд
Сайхан номын эхний хуудас шиг
Сар жилүүдийн анхны тоолол шиг
Амар тайвныг зүрхэнд минь авч ирэх шиг
Алтан хараацай энгэрт минь зүүдлэнэ
Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолон эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж байдаггүй
Ямарчиг үед хүчтэй яваарай миний хүү
Уул үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай миний хүү
Амьдрал дандаа ижийнх нь гар шиг зөөлөн дөр биш шүү
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүнтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн ижий нь биш шүү
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай

Агаар мандал хөх огторгуй

Аньсга чөлөөлөх нарны гэрэл

Ногооны үнэр салхины чимээ

Нойтон хөх хяруу

Зэлүүд тал, усны чимээ

Зэргэлээ…

Гэнэт би ангаснаа мэдрэх

Аяны уртад ядарлаа гэх бодол

Ай тэгээд хүсэл минь дэргэд байхыг харах…

Ухаангүй автах минь надад таалагддаг

Урин цагын шувууд далавчаа дэвсэн ирдэг

Хүрэх газараа би алсад нисгэдэг

Хөвөх үүлэн, нисэх жигүүртэнд дайдаг

Ай номин тал номин тал

Амьдралын минь хуудас номын үсэг шиг эгнэх тал

Энд л би жаргалын дууг шувуудтай дуулж

Энд л би эрх чөлөөг

Эхний хуудаснаас уншсанаа санана

Хамар цоргин ханхлах

Харц минь бүхэлдээ дүүрэх

Хайрлан догдлом

Халуухан хүслэн минь

Урин цагын шувуудтай минь нис…

Удахгүй би ….

Ай хүсэл чи

Ай хүсэл чи

Андыг минь булаах уу…

Аяны хүн хүрмээ тайлан тайвшрал эрэх шиг

Анд чинь байя гэсийм… тэр ердөө л сонсооч гэсийм

Хэцлэн нисэлдэх дурсамжууд нь дэргэд амилах цагаар

Хичнээн их яриа дэлгээ вэ…

Өөөдөөс минь урьдын адил эгцлэн хараад

Өөрийн минь тухай ярьж эхэлхэд нь л харин

Хачин сонин нэг л алмайран гэгэлзэм

Хашгарч нүүрээ дарам

Хүлээ…хүсэл чи сонс…

Хэрэн тэнэх газар бүрт нь

Хэн нь ч түүнийг над шиг сонсоогүй болхоор

Явах дургүй нэгэн аянчны түүх

Яг ингэж эхэлсэн юм аа…

Уйдах дургүй хүсэл чи сонс
Уйтгараас нүдээ нууж сураагүйг минь сана…

Уйлах тэр л нулимсаар зүрхийг минь бүү ундаал

Өөрийг нь сонсоход баярлах

Өвдөгөө дэрлүүлэхэд минь тайвшрах

Тодруулж хэлбэл зүрхнээс ангид
Толгой эргэм түүний тухай бүү бодуул

Магад хүсэл чи дэргэд ирж

Мартахын утасыг чангаах цагаар

Ай хүсэл чи…

Андыг минь авч одсон байнам …

Амьдралаасаа нэгнийг алдах нь

Ай юутай аймшигтай…

Анд минь байя гэж яаж чи хэлж зүрхэлнэв…

Урин дулаахан гэрт тухлах

Уртын урт замаас буцаад

Хааяахан хаалга тогшин ирэх

Халамцуу яваад шараа тайлуулах

анд минь байж чи чадлаа ч

Үглэж зэмлэж үүдээрээ угтах

Үнэндээ таньдаг хүн шигээ

Үгүй дээ дотно анд шигээ чамайг би харах уу…

Навч бүхэн нь хагдарч буй мод шиг

гуниг байна яг одоо

Намар өөрөө л өвлийг авч ирдэг шиг

шог байна яг одоо

Үндэс бүхнээрээ түрэн ургах

Өөрийн чинь төлөө түшин босох

Өө тэгээд хавраар дэлгэрэх

Өөрөө би чинийх л байя гэсийм…

Амлая чамайг би хайрлахаа болино

Аз жаргалын мөнгөн шувууд зүрхнээс минь

нисэхээ болино

Өөрийг чинь хайрласан олон олон өдрүүд

Өчигдөртэй минь хамт номын тавиур дээр үлдэнэ

Харцаа гудайлган дэмий зовох хэрэггүй

Халширч бас үгээ зөөх хэрэггүй

Болохгүй юм ирэхгүй л жамаар
Бодлоос чинь би саринаж байгаагаа мэдэрч байна

Өнгөт орчлонгийн түмэн өнгөн дундаас

Өөрийн минь өнгийг харахаа больж байгааг чинь

анзаарч байна

Юу дутсан гэгээн амьдрал вэ…

Ердөө л чиний нэрийг мартачхая

Амлая чамд би дурлахаа болино

Алтан мөнгөн гижигнүүд зүрхний минь ховдолоос

нисэхээ болино

Хамтдаа өнгөрүүлсэн тэр л дурсамжуудаа

шүлэг болгоод

Хааж орхиноо би номын тавиур дээрээ

Ичихгүй зовохгүй бүхэн хаа сайгүй

Энд ч тэнд ч нүүрлэж л байдаг хойно доо

Өнгөрсөн бүхэнд харамсал илэрхийлэн

Өөдөөс минь толгой гудайх хэрэггүй ээ

Бүтэхгүй юм болохгүй л жамаар

Би чиний л зүрхнээс нисч байгаагаа мэдэрч байна……

Нэг л бөгчим уйт шөнөөр

Нисмээр л байсан …нар луу…

Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж

Түүдгийн гал шиг ноцоон байсан

Түүнийг чи надаар дуудуулсан…

Омог хүслэн минь өөрийнх байж сурлаа

Одоо би салхины эзэн…

Саарал үдшээр цонхыг чинь тогших

Салхи байна… би байна

Танил гийчин байна, амраг бүсгүй байна

Тайлж мартсан хуримын гоёлоо өмсөхөөр ирлээ

Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий сандар

Оргүй хоосон харанхуйн дундаас ч

Олж харнаа чи миний нүдийг

Ийм итгэлтэй

Ийм гэрэлтэй

Ийм бардам

Ийм чамаас явчихсан нүдийг

Инээмсэглэсэн уруулаар үнсэж чи чадах уу

Энэрэл нэхсэн хоёр нүдийг минь тэгэхэд чи

Энэ чиний зовлон гэж хэлсэн

Ингээд л би нүдээ аньсан
Анисан нүд шиг харанхуй шөнө бол би юм

Алмай энэ шөнийн ганцаардал минийх юм

Тэнгэрийн дуу салхины эрч

Тэр бүхэн уур хилэн минь юм

Үгүй хоосон чамаас гэрэл гэгээ нэхсэн

Үргэлжийн гаслант нүд минь

Зүрхэлж чамруу эс харах

Зовлонт их далай болон урссан

Үгүйлэх минь тэгэхэд ганцхан үнсэлт л байсан

Үүнийхээ л төлөө гүн харанхуй шөнийг тэмтэрч

Гүн их далай болон урссан…

Тэр нэгэн

Гашуун үгтэй

Гайхам нууцлаг тэр нэгэн

Ургаж буй мод

Унаж буй навчны алийг нь хайрладаг бол
Зүү орох зайгүй тэр нэгэн

Зүгээр л гараа унжуулаад алхдаг болов уу

Таньдаг хирнээ танихгүй тэр нэгэн

Таньсан хирнээ таниагүй тэр нэгэн

Хаашаа харж явааг нь мжэдэхгүй тэр нэгэн

Цаашаа явна уу наашаа явна уу

Харц нь лав тэнгэрт байдаг

Хамар нь лав газарт байдаг

Хайр нь чухам хаанаа байдгийм бол…..

Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ.

Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана

Амрагийн дууг сэтгэлээрээ аялаж

Аз жаргалыг мөрөөдлөөрөө туулна

Шувуудын жиргээнээс үлгэр сонсоно

Шуугиан бүхэн танил дотно сонсогдоно

Ижийн минь үнсэлт тэртээ холоос салхи хөлөглөн ирнэ

Ирэх хаврын устай дорхноо замхарна

Цаг эргэж намар өвөл ирнэ

Царцаа мөндөрт цохиулан газар элэгдэнэ

Уйлья гэвч нулимс төөрнө

Уйтгар гуниг минь залуу нас шиг бодогдоно

Өдөр бүхэн өглөө шиг тунгалаг

Өөрөө би мөнхөд залуу

Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ

Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана

Агаар мандал хөх огторгуй
Аньсга чөлөөлөх нарны гэрэл
Ногооны үнэр салхины чимээ
Нойтон хөх хяруу
Зэлүүд тал, усны чимээ
Зэргэлээ…
Гэнэт би ангаснаа мэдрэх
Аяны уртад ядарлаа гэх бодол
Ай тэгээд хүсэл минь дэргэд байхыг харах…
Ухаангүй автах минь надад таалагддаг
Урин цагын шувууд далавчаа дэвсэн ирдэг
Хүрэх газараа би алсад нисгэдэг
Хөвөх үүлэн, нисэх жигүүртэнд дайдаг
Ай номин тал номин тал
Амьдралын минь хуудас номын үсэг шиг эгнэх тал
Энд л би жаргалын дууг шувуудтай дуулж
Энд л би эрх чөлөөг
Эхний хуудаснаас уншсанаа санана
Хамар цоргин ханхлах
Харц минь бүхэлдээ дүүрэх
Хайрлан догдлом
Халуухан хүслэн минь
Урин цагын шувуудтай минь нис…
Удахгүй би ….

Ай хүсэл чи

Ай хүсэл чи
Андыг минь булаах уу…
Аяны хүн хүрмээ тайлан тайвшрал эрэх шиг
Анд чинь байя гэсийм… тэр ердөө л сонсооч гэсийм
Хэцлэн нисэлдэх дурсамжууд нь дэргэд амилах цагаар
Хичнээн их яриа дэлгээ вэ…
Өөөдөөс минь урьдын адил эгцлэн хараад
Өөрийн минь тухай ярьж эхэлхэд нь л харин
Хачин сонин нэг л алмайран гэгэлзэм
Хашгарч нүүрээ дарам
Хүлээ…хүсэл чи сонс…
Хэрэн тэнэх газар бүрт нь
Хэн нь ч түүнийг над шиг сонсоогүй болхоор
Явах дургүй нэгэн аянчны түүх
Яг ингэж эхэлсэн юм аа…
Уйдах дургүй хүсэл чи сонс
Уйтгараас нүдээ нууж сураагүйг минь сана…
Уйлах тэр л нулимсаар зүрхийг минь бүү ундаал
Өөрийг нь сонсоход баярлах
Өвдөгөө дэрлүүлэхэд минь тайвшрах
Тодруулж хэлбэл зүрхнээс ангид
Толгой эргэм түүний тухай бүү бодуул
Магад хүсэл чи дэргэд ирж
Мартахын утасыг чангаах цагаар
Ай хүсэл чи…
Андыг минь авч одсон байнам …

Амьдралаасаа нэгнийг алдах нь
Ай юутай аймшигтай…
Анд минь байя гэж яаж чи хэлж зүрхэлнэв…
Урин дулаахан гэрт тухлах
Уртын урт замаас буцаад
Хааяахан хаалга тогшин ирэх
Халамцуу яваад шараа тайлуулах
анд минь байж чи чадлаа ч
Үглэж зэмлэж үүдээрээ угтах
Үнэндээ таньдаг хүн шигээ
Үгүй дээ дотно анд шигээ чамайг би харах уу…
Навч бүхэн нь хагдарч буй мод шиг
гуниг байна яг одоо
Намар өөрөө л өвлийг авч ирдэг шиг
шог байна яг одоо
Үндэс бүхнээрээ түрэн ургах
Өөрийн чинь төлөө түшин босох
Өө тэгээд хавраар дэлгэрэх
Өөрөө л би чинийх байя гэсийм

Анд минь

Анд минь
Арилж буй дурсамж минь
Аз жаргал нь надад нээлттэй байсан хаалга минь
Баярлан догдлох бачууран гунихын завсар минь
Илчгүй өдөр итгэлт наран мандах шиг хөөр хөгжим минь
Инээд зурсан хацрыг нулимс мэт зүсэгч чинжаал минь
Чиний ирэнд хэрчигдэх хүслийнхээ төлөө
Чи эргэж харахгүйн төлөө
Би хүсэхгүйн төлөө
Тэгээд яасан их хүсч байгаагынхаа төлөө
Омог бардам зангийнхаа төлөө
Одоохон гүйгээд очмоор сэтгэлийнхээ төлөө
Өнөөдөр би зүрхээ цээжинд нь буцаалаа
Өөөрт чинь дахиад үзүүлэхгүй
Өө яасан их өвддөг юм бэ

Аяншин хөврах их замтай хамт
Тэртээд чи үлдсэн
Аль эртний танил мэт
Тэнд чиний явж одсон мөр
Энд чиний хоосон зай
Амжиж үнссэн уруул шиг чинь
Халуун байхдаа….
Тэр миний хэлсэн үг
Энэ чиний дуугүй үнссэн уруул
Тэндээс би халууцан
Тэсгэл адлан шатаж ирсэн
Дээвэр цонх нэвт төөнөх нь
Нар ч юм уу … гал ч юм уу
Дэндүү халуун байна
Сэрүү унахыг хүлээж тэсэхгүй нь
Хоймрын шүтээний өмнө
Залбиран сууна би
Хонгор түүнийн минь
Надад хайртай гэж хэлүүлээч…

Би таны хайр энхрийллээр дутна
Бие минь хөшиж гар хөл минь даагдахгүй нь
Ухаан зарах юм энд огтхон ч алга
Удахгүй хөлдөнө мөс болно ингээд л болоо
Таны ярьж өгсөн үлгэрт итгэн
Таавар мэт аз жаргалыг
Тэр хотын тэндээс хайхаар
Тэр шөнө хуримынхаа шөнө би оргосон
Сэтгэл догдлох юм энд огтхон ч алга
Сэрүү унасан өвөл ирсэн ингээд л болоо
Өнөөдөр түүнийг би хуримынхаа гоёлтой угтлаа
Үлгэр яригч тэр эрхэм тэнгисийн тэртээд
бодлогшрон сууж
Үелзэх давалгааг нь ширтэн
Өөр нэгэн бүсгүйд хүүрнэх нь
-Таавар мэт сонин аз жаргал
Тэр хотын тэнд бий
Таныг би хуримын чинь шөнөөр хүлээе гэнэ

Би яруу найрагч

‘’Надад хуудас цагаан цаас
өгөөч үзэгний минь үзүүр түүн
дээр хайрын вальс эргэг’’


…Би яруу найрагч
Би дурласан бүсгүй
Хонгор чиний анхны үнсэлт шиг гэгээн
агшны төлөө
Хундага өргөх энэ л гараараа би шүлэг бичдэг
Би яруу найрагч
Би дурласан бүсгүй
Харцыг чинь отож үргэлжид ээрэн
Харц минь гуниглах агшин
Хатаж омголтсон уруул минь үнсэлт
нэхэн өмөлзөх агшин
Халуу дүүгсэн гарын чинь алганд
мөр минь аяаархан чичрэх агшин
Энэ миний үзэсгэлэн
Ихэмсэг бас гунигт төрх минь
Инээмсэглэл уруулаасаа бүү илгээ
Итгэл найдварын оч энэ уруул дээр бөхөх ёсгүй
Би гал халуун цогцос
Би шатаж буй гал
Ноцох л гэж чамруу ирсэн
Намар оройн ойн түймэр
Би яруу найрагч
Би дурласан бүсгүй

Гүүр

Бидний дунд гол мөрөн урсана
Бидэртэх мандалаар нь солонго хөвнө
Яаж чам шиг байх вэ солонго атгаж
Яг л надад ирсэн шиг хүрэх вэ
Мөрөнд минь далавч ургаасай
Мөрөөдөлд чинь буухсан сахиусан
тэнгэр шиг
Бидний дунд гол мөрөн урсана
Бүдэгхэн хэлцэх үг яриа нь гүүр болно
Ангасан хүнд айл таарах шиг
Амжиж гүйхсэн тэр гүүрээр аяны хүн шиг
Цэлэлзэх усанд,цэнхэрхэн мандалд бидний дунд
Цээжин доторх хүслийн ангир ганцаараа хөвж явна
Элээх амьдралын эхний зогсоол мэт
Энэ л гүүрэн дээрээс чамайг хүлээнэ
Рашаан байгаасай их усан цэлэлзэнэ
Рашаан болоосой их хүслэн амтагдана
Ээх нарны шаргалхан туяа юм чи
Энэ л нарны алтанхан хүү юм чи
Надаас тасарсан цээжний минь хэсэг юм чи
Надтай нийлэх цэнхэрхэн голын эрэг юм чи

Бүхий л юм хэмжээтэй байдаг
Бүсгүйн гоо сайхан ч цаг зуурынх байдаг
Миний инээмсэглэл чинийхээс ондоо
Маргаашийн гэрэлээр зурагдсан байдаг
Чимээгүйхэн бүдгэрлээ ч ингэж л инээнэ
Чи намайг энэ л дүрээр минь дандаа харах уу
Ажсаар байтал өнгөрөх энэ л бүхэн
Амрагийн дуунд л мөнхөрдөг гэнэ
Хайрлах л ёстой өдрүүд харцнаас урсаж
Хамаг л юм цаг хугацаатай одож
Хүлээх л ёстой өдрүүд зүрхэнд ирж
Хүсэл бүхэн нь цоо шинэхэн ханхална… хайр
Алганы минь хонхорт тогтохгүй байгаа нь
Аз жаргал гэнэ, чинийх гэнэ
Амжиж чи тосохгүй уу эсвэл…
Ирэх үүрийн гэгээ ирээдүй бүхнээс хайх уу…
Өөрийг чинь хүлээхэд хичнээн хугацаа хэрэгтэй юм бэ
Өнгөрсөн бүх амьдрал өнөөдөр хангалтгүй гэв үү…

;;