Tuesday, November 30, 2010

Орчуулсан Н. Ачиймаа

Хэн нэгэн нас барахад, чиний мэддэг байсан, хайрладаг байсан, хамт амьдардаг байсан, чиний амьдралын нэг хэсэг болсон байсан, хэн нэгэн нас барахад чиний дотор ч гэсэн ямар нэгэн юм нас бардаг. Мэдээж чи тэр хүнийгээ дурсан санах болно, ямар нэг оргүй хоосныг, вакуумыг дотроо мэдрэх болно. Мэдээжийн хэрэг. Гэвч нөгөө л тэр вакуумыг чинь хаалга болгож хувиргаж болно. Яагаад гэвэл, үхэл гэдэг нь Бурханд хүрэх хаалга юм.
Үхэл бол хүний эвдэж нурааж чадаагүй цорын ганц зүйл
юм. Хүн аль хэдийн хамаг юмыг эвдчихсэн, бузартуулчихсан. Ганцхан үхэл л хөндөгдөөгүй, бузарлагдаагүй үлдсэн. Хүний гараар бузарлагдаагүй. Хүн дуртаяа үхэлээр ч гэсэн занималдах байсан. Гэвч түүнийг байлдан дагуулж чадаагүй байгаа юм. Үхэл түүнд баригдахгүй байгаа юм. Үхэл баригдашгүй. Тэр оньсого хэвээр үлдсээр байна. Хүн бүр барьц алддаг. Тэр үхэлийг яахаа мэддэггүй.
Хүн үхлийг ойлгохгүй байгаа. Үхэл шинжлэх ухааны анализанд орохгүй байна. Тийм болохоор л, одоо хүртэл бузарлагдаагүй байгаа юм.
Үхэл цорын ганц дүрмээс гадуур зүйл юм. Энэ ертөнц дэх бусад бүх юмыг хүн эвдчихсэн.
Энэ агшинуудыг ашиглаж сур.
Үхэл чиний ухамсарт гэнэт нэвтрэх үед амьдрал бүхэлдээ утга учиргүй санаггддаг. Тэр үнэхээр утга учиргүй. Үхэл хамаг үнэнийг ил гаргаж ирж байгаа нь тэр.
Хүн гэнэт үхэлтэй тулгарахад хорвоо ертөнц хөмөрчихсөн юм шиг санагдаж, гишгэх газаргүй юм шиг болдог. Гэнэт, энэ хүний үхэл чиний ч гэсэн үхэлийг санагдуулаад байгаа юм шиг байдаг.
Үхэл бүр хүн бүрийн үхэл байдаг.
Випассана өөрийн үхлээ хүлээж авсан.
Ингэх маш хэцүү. Үүнийг зөвхөн гүн гүнзгий бясалгалын үед л хийж болно. Эс бөгөөс юу ч бүтэхгүй. Оюун ухаан, хүний оюун ухаан үхлийг эсэргүүцсээр байх болно.
Хэдэн зууны туршид бидэнд үхэл бол амьдралын эсрэг зүйл гэж зааж сургасан. Үхэл бол амьдралын төгсгөл гэж хэлсэн. Мэдээж бид айдаг, биеэ сулруулж чаддаггүй, аюулгүй байдлыг мэдэрдэггүй.
Хэрэв чи үхлийн дэргэд өөрийгөө аюулгүй байна аа гэж мэдэрч чадах юм бол амьдрал чинь ч гэсэн дарамт зовлонтой байхгүй болно. Яагаад гэвэл, үхэл амьдралаас салшгүй хамт оршиж байдаг.
Үхэл бол амьдралын төгсгөл биш. Харин ч эсрэгээр түүний оргил цэг, түүний дээд туйл. Хэрэв чи энэ дээд туйлаас айж байвал өөрийн амьдралдаа амар амгаланг оруулж ирж чадахгүй. яагаад гэвэл, чи амьдарч байхдаа хаа сайгүй чамайг отож байгаа үхэлийг мэдэрсээр байх болно. Чи айж эхэлнэ.
Үхэлээс айдаг хүн унтаж байхдаа ч гүйцэд тавирдаггүй. Яагаад гэвэл, нойр гэдэг өдөр бүр чам дээр хүрч ирдэг жижигхэн үхэл юм.
Үхэлээс айдаг хүн хайраас ч гэсэн айдаг. Яагад гэвэл, хайр бас үхэл юм.
Үхлээс айдаг айдаг хүн экстремал нөхцөл байдлуудаас ч гэсэн айдаг. Яагаад гэвэл, экстремал нөхцөл байдал бүрт эго үгүй болж байдаг.
Үхэлээс айдаг хүн энэ амьдрал дахь юм бүхнээс айдаг. Ийм хүн амьдралдаа бүхнийг алдах болно.
Өөрийн дотоодоосоо ямар нэг үхэлгүй мөнхийн юм мэдэрч байж л үхэж байхдаа тайван байж болно.
Үхэлийг хүлээж авах хүртлээ чи хагас хугас, өнгөц, нэгэн хэвийн амьтан байх болно. Үхэлийг хүлээж авснаар чи тэнцвэрийг олно. Чи бүхнийг хүлээж авч эхэлнэ: өдөр шөнийг, өвөл зуныг, гэрэл харанхуйг. Энэ хоёрын аль алиныг хүлээж авч байхад, амьдралын хоёр туйлыг хүлээж авч байхад тэнцвэрт байдал тогтдог юм. Чи амар амгалан болдог. Бүрэн гүйцэд болдог, зохиролт болдог.
Бүрэн гүйцэд чанрын тухай бодож байгаа бол үхэлийг ч гэсэн байх ёстой зүйл гэж хүлээж авах ёстой.
Амьдрал сайхан, гэвч үхэл ч гэсэн түүнээс ч дутахгүй сайхан.
Амьдрал ивээлтэй, гэвч үхэл ч гэсэн өөрийнхөөрөө бас ивээлтэй.
Амьдралд олон өөр өнгө байдаг, гэвч үхэлд ч гэсэн түүнээс бага биш.
Бурханы бидэнд өгч байгааг талархалтайгаар хүлээж авах ёстой. Үхэлийг хүртэл. Тэгэж байж л чи шашинлаг болдог. Талархалтайгаар, бэлтгэлтэйгээр бүхнийг хүлээж авангаа.
Үхэл бол ариунаас ариун зүйл. Түүнийг хүн эвдэж бузарлаагүй юм.
Хүн нас барахад түүний амьдралын нэг хэсэг л дуусч байдаг. Гэтэл хүмүүс тэр хэсгийг бүхэл бүтэн амьдрал нь тэр чигээрээ юм шиг буруу боддог. Энэ бол олон бүлгээс бүрдсэн номны ганцхан л бүлэг нь юм.
Тиймээ, энэ бүлэг дууссан. Гэхдээ энэ нь номонд бүхэлдээ хамааралтай биш шүү дээ. Зүгээр л дараагийн хуудсыг нь эргүүлчих. Тэгээд л шинэ бүлэг эхлэнэ.
Нас барж байгаа хүн дараагийнхаа амьдралыг нүднээ дүрсэлж эхэлдэг. Энэ бол баталгаатай баримт. Нэг бүлэг дуусахын өмнө ингэдэг. Заримдаа хүн тухайн бүлгийнхээ сүүлчийн цэгээс эргэн ирэх гэж байдаг.
Жишээ нь, хүн живж байлаа гэхэд түүнийг ямар нэг байдлаар авардаг. Тэр комд орчихсон байдаг, ус дүүрэн залгичихсан, хиймэл амьсгал хийх хэрэгтэй байдаг… тэгээд түүнийг яаж ийж байгаад авардаг. Тэр үхэлийн ирмэг дээр байсан. Бүлгийнхаа хамгийн төгсгөл дээр байсан.
Иймэрхүү хүмүүс их сонин юм үзсэн гэж ярьдаг.
Хамгийн сүүлчийн агшинд үхэл зутгаж зайлахын аргагүйгээр тэдэн дээр ирлээ гэж тэд мэдэх үед, бүх юм дуусчихлаа гэж мэдрэх үед нь бүхий л амьдрал нь төрснөөс авхуулаад үхэх хүртэл нь нүднийх нь өмнө жирэлзэн өнгөрдөг гэнэ.
Секундын хэдэн дольд тэд амьдралд нь тохиолдож байсан бүх юмсыг харж, санаж байсан, санаж байгаагүй, зүгээр л ердөөсөө анзаарч байгаагүй, эсвэл огтоос мэдэж байгаагүй, тэдний ой тоонд ч хадгалагдсныг нь мэдээгүй бүхнээ хардаг. Ой тогтоомжийх нь хальс агшин зуур тэр чигээрээ нүднийх нь өмнө зурсхийн өнгөрдөг. Хүн нас барж байгаа учир, тэр киног дуустал нь үзэх гурван цаг байхгүй.
Гэвч киног бүхэлд нь үзсэн ч тэр чи хүний амьдралыг өчүүхэн жижиж үйл явдлууд, нарийн ширийн деталиуудтай нь ярьж өгч чадахгүй. Нас барж байгаа хүний өмнө түүний амьдрал тэр чигээрээ жирэлзэн өнгөрдөг. Энэ их чухал үзэгдэл.
Амьдралынхаа нэг бүлгийг дуусгахын өмнө хүн өөрийн амьдарсан амьдралаа эргэн нэг санадаг. Тэр өөрийн бүх биелэгдээгүй хүсэл мөрөөдлүүд, гомдол гутралууд, жаргал зовлонгуудаа санадаг. Тэр бүгдийг санадаг.
Нас барж байгаа хүн цааш явахын тулд өөрийнхөө амьдралыг бүхэлд нь харах хэрэгтэй байдаг. Тэгэж байж тэр бүгдийг санана. Яагаад гэвэл, тэр өөрийн бие махбодтойгоо салах ёс хийж байдаг. Одоогийн оюун ухаан нь хэзээ ч дахиж түүнтэй цуг байхгүй. Энэ тархи одоо хэзээ ч түүнтэй хамт байхгүй. Гэвч оюун ухаанд нь хуримтлагдсан хүсэлүүд нь түүний сүнсэнд бэхлэгдэх болно. Тэгээд тэр хүсэлүүд нь түүний дараагийн амьдралыг тодорхойлох болно.
Дараагийн амьдралдаа тэр эцэс төгсгөлгүйгээр гүйцээж амжаагүй хүслүүдээ биелүүлэхийг оролдсоор байх болно.
Ингээд, чиний үхэхээс өмнөх үйлдлүүд чинь дараагийн амьдралыг чинь тодорхойлдог юм.
Ихэнх хүмүүс амьдралаас зүүгддэг. Тэд үхэхийг хүсдэггүй. Тэднийг ойлгож болно. Яагаад гэвэл үхэхээсээ өмнөхөн л нэг зүйлийг ухаардаг: тэд огт амьдраагүй байжээ гэдгийг. Амьдрал тэдний хажуугаар яг зүүд мэт урсан өнгөрснийг. Тэгээд дараа нь үхэл ирсэнийг. Бүх юм дуусаа. Амьдрах цаг одоо байхгүй. Үхэл хаалга тогшиж байна.
Чамд амьдрах цаг байх үед чи мянга мянган тэнэглэлийг хийж байсан. Чи үнэхээр амьдарч байсан гэхээс өдөр хоногийг өнгөрөөж байсан гэж хэлж болно.
Хүмүүс яаж үхдэгийг хар. Тэдний зовиур шаналал бол үхэл биш. Үхэл зовиур авчирдаггүй. Тэд ерөөсөө ч өвтгөдөггүй. Тэр үнэхээр таатай, гүн нойр шиг. Гүн нойр чамд ямар нэг зовиур шаналал өгч чадна гэж үү? Гэтэл хүмүүс гүн нойр таашаал хоёрын тухай боддоггүй. Тэдний мэддэг юм нь гараас нь мултарч байгааг хараад тэд айдаг.
Айдас гэдэг нь нэг л зүйлийг хэлж байгаа юм: мэддэгээ гээж үл мэддэг руу нэвтрэх. Эр зориг бол айдсын эсрэг зүйл. Үхэлээс айх айдас үнэхээр агуугаас агуу айдас мөн. Тэр айдас хүний эр зоригт үнэхээр том цохилт өгдөг.
Би чамд нэг л зүйлийг хэлж чадна. Яг одоо чи урьд нь өнгөрүүлсэн үхэлдээ буцаж очиж чадахгүй. Тиймээс ямагт мэддэг юмнаасаа үл мэдэхүй руу үсрэхэд бэлэн бай. Шинийг таниж мэдэж, өөр туршлагыг мэдрэхэд бэлэн бай. Зүгээр л үл мэдэхүй руу үсрэлт хий. Шинэ юм… шинэлэг байдал өөрөө, үл мэдэх юмны огт өөр чанар нь өөрөө сэтгэл татам байдаг.
Энэ үед л эр зориг ирдэг.
Үл мэдэхүй нь ямагт мэддэг юмнаас чинь дээр байдаг. Чи бүр ялагдсан юм шиг санагдаж байсан ч тэр. Хэргийн учир үүнд биш.
“All that is gold is not gold”/”Хуучин юм болгон алт биш”/ гэж ярьдаг. Харин би ингэж хэлье: Тэр чинь бүр хуучин тэгээд алтан байсан ч март түүнийгээ.
Шинийг сонго. Алтан байна уу, үгүй юу хамаагүй.
Нэгэн энгийн зүйлийг ухамсарлахаас эхэл. Ямагт санаж яваарай: шинэ хуучин хоёрын хооронд сонголт хийх шаардлага гарвал үл мэддэгээ сонгоорой. Аюултайг, эрсдэлтэйг, баталгаагүйг. Тэгвэл хэзээ ч хожигдохгүй.
Тэр цагт л үхэл гайхамшигтай ухаарлыг авчирдаг. Чи эр зоригтой болдог. Зүгээр л өөртөө нэгэн дүрмийг ягштал суулгачих: хэзээ ч үл мэдэх юмнаас бүү зугт. Үл мэдэж байгаагаа сонгоод зоригтой урагшаа алх. Чи бүр зовж шаналж байсан ч хамаагүй. Зүгээр, чамд л нэмэр болно. Хэзээ нэгэн цагт буцаж төлөгдөнө. Хэцүү хүнд нөхцөл байдлаас чи илүү өсч том болсон, илүү боловсорсон, илүү ухаалаг болж гарч ирнэ.
Чамаар дүүрэн урьдчилсан үзэл байдаг бөгөөд чи нөхцөлдсөн байдаг учир ганцхан л амьдардаг гэж боддог.
Хүн ганц л амьдардаг гэсэн христийн үзэл сургаал болоод иудей, лалын төсөөллүүд бүгд хүнд ганцхан л амьдрал өгөгддөг гэсэн иудейн үзэл дээр суурилдаг. Үүнээс болж Өрнө дахин, Барууны ертөнц хурдны хойноос хөөцөлдөх шуналд автсан. Эргэн тойрон дахь бүх юмыг үнэхээр их яарч хийдэг учир хүн хийсэн ажлаасаа таашаал авч амжихаа больсон. Хүн нэг ажилд өөрийгөө бүрэн гүйцэд өгөх чадваргүй болсон: нэг ажлыг хам хум дуусгачихаад яарч сандран дараагийх руу ордог.
Барууны хүн алдаатай үзэл ойлголтуудаар амьдардаг. Энэ нь хүмүүсийн оюун ухаанд агуу их тайван бус байдлыг бий болгосон. Хүмүүс ямагт хүчилж дарамтлагдсан байдалд байдаг. Тэд ямагт яарч байдаг. Тэд үхэл тэднийг хэзээ л бол хэзээ бариад авч болно гэж санаа зовдог. Бүгд л энэ амьдралдаа боломжтой бүхнийг бүрэн гүйцэд олж авахыг хүсдэг. Гэвч энэ нь эсрэг үр дүнд хүргэдэг: хүмүүс юуг ч чанартай, сайн, сайхан хийж чадахаа больсон. Тэд төгс төгөлдөрт хүрч чадахаа больсон.
Тэдний амьдрал үхлээс айх айдсаар дарамтлагдсан учир тэд амьдралаас таашаал авч чадахаа больсон. Таашаал өгч байдаг бүхнийг тэд зүгээр цагаа дэмий үрсэн хэрэг гэж үздэг.
Хүмүүс зүгээр л тайван нэг цаг ч зүгээр сууж чадахаа больсон. Тэдний оюун ухаан санаа зовж эхэлдэг: “Яагаад зүгээр суугаад байгаа юм бэ? Энэ хугацаанд чи өчнөөн олон ажил амжуулж болох байсан шүү дээ”.
Хүн цорын ганц амьдралаар амьдардаг гэсэн энэ хөдлөшгүй үзлээс болж Өрнө дахин бясалгалын ач холбогдлыг хэзээ ч ойлгодоггүй байсан.
Бясалгал хийхэд их тайвширсан оюун ухаан хэрэгтэй: яарч сандраагүй, зовнил шаналалгүй, байж ядаагүй… Тухайн агшин ямар ч байсан түүнээс зүгээр л таашаал авч байх хэрэгтэй.
Бясалгал Дорно дахинд үүсэхээс өөр аргагүй байсан юм. Тэнд амьдрал мөнх гэсэн үзэл ноёрхдог. Тиймээс тайвширч болно. Айдсаа хаяж болно, лимбэ тоголж болно, бүжиглэж дуулж болно. Нар мандах, жаргахыг харж таашаал авч болно.
Өөрийнхөө амьдралаас бүхэлд нь таашаал ав. Амьдралаас ч төдийгүй үхлээс ч таашаал авч болно. Яагаад гэвэл, үхэл гэдэг нь гайхамшигтай үзэгдэл. Амьдрал дахь агуугаас агуу үзэгдэл. Энэ бол амьдралын дээд оргил.
Өрнө дахин үхэл бол амьдралын төгсгөл гэдэгт бүрэн итгэсэн.
Дорно дахинд үхэл зөвхөн мөнхийн амьдралын нэгэхэн хэсэг гэдэг. Хүнд олноос олон үхэл байдаг.
Үхэл болгон чиний амьдралын дээд туйл байдаг. Энэ бол шинэ амьдралын эхлэл. Шинэ хэлбэр, шинэ пайз, шинэ ухамсар. Чи үхдэггүй. Зүгээр л чи байшингаа сольж байдаг.
Бидэнд яарах газар байхгүй. Тийм болохоор амьдрал хурдан урсан өнгөрдөг гэсэн үзэл хамгийн том аюул учруулж байдаг юм. Тийм болохоор л, Дорно дахин хэдий ядуу ч цөхрөл гэж байдаггүй, шаналал гэж байдаггүй.
Баруун их баян. Гэхдээ энэ баялаг нь түүнд сүнслэг чанрыг өгөөгүй, өсөлт хөгжлийг өгөөгүй. Харин эсрэгээр тэнд хүчилсэн дарамтлагдсан байдал ноёрхож байдаг. Баруун тайвшрах хэрэгтэй. Түүнд аятай тухтай амьдрах бүх нөхцөл бололцоо бий.
Барууны хамгийн гол проблем юунд оршиж байна вэ гэвэл, гүн гүнзгий ухамсар дотроо амьдрал богинохон, бид бүгд очерт зогсож байгаа, агшин бүрт үхэлд ойртож байна гэдгийг мэдрэх явдал юм. Төрөхөөсөө авхуулаад л бид оршуулгын газар руу явах аялалд гардаг. Агшин бүрт амьдрал богиносож улам бүр богино, богино болдог.
Ийм үзэл төсөөлөл зовлон шаналал, дарамт, тайван бус байдлын шалтгаан болдог. Бүх тохь тухууд, тансаг амьдралын эд хогшлууд утга учираа алддаг. Тэднийг чинь өөртөөгөө цуг аваад үхэхгүй шүү дээ. Үхэл ганцхан чамайг л авч одно.
Дорно дахин тайвширсан байдалтай байдаг. Нэгдүгээрт, тэр үхэлд ямар ч ач холбогдол өгдөггүй. Үхэл бол зөвхөн хэлбэрийн өөрчлөлт гэдгийг мэдэж байдаг. Хоёрдугаарт, тавирсан байдалтай байжээж хүн өөртэй нь нас барсан ч мөнхөд хамт үлдэх дотоод үнэт зүйлсээ олж илрүүлж чадна. Үхэл хүний энэ нандин үнэт зүйлсийг үгүй хийж чаддаггүй.
Үхэл чиний гадна талд байгаа, чамаас ангид байгаа бүхнийг авч одно. Тэгээд хэрэв чи сүнслэг чанрыг олоогүй бол юу ч үгүй үлдэх вий гэсэн айдас чамайг дагалдах болно. Яагаад гэвэл, үхэл чамд байгаа бүх юмыг авч одно.
Гэвч хэрэв чи сүнслэг чанрыг олсон бол, сэтгэл санааны амар амгалан, жаргал таашаал, аниргүй байдал, баяр баясгаланг олсон бол, эдгээр чинь гадаад ертөнцөөс огт шалтгаалдаггүй. Хэрэв чи цэцэрлэг тарьж өөрийнхөө ухамсрын цэцгүүдийг үзсэн бол, үхэлээс айх айдас өөрөө л алга болно.
Дахин нэг давтчихъя. Харин чи тогтоогоод аваарай: хүн үхэлгүй мөнхийн хутагтай юм шүү. Магадгүй энэ нь өөр хэн нэгний туршлага болог, үүнийг зүгээр л таамаглал гэж хүлээж ав. Итгэл биш, туршилт хийхэд хэрэглэгдэх таамаглал мэт.
Миний үгнүүдийг шууд итгэж хүлээж авахыг би дандаа эсэргүүцдэг байсан. Саяны үзэл ч гэсэн чиний хувьд зөвхөн таамаглал болог. Би үнэнийг мэднэ. Гэхдээ чамд өөрийнхөө үзлийг тулгах хэрэг надад байхгүй.
Үнэнийг мэдэнгээ би чамд: “Миний үгсийг зөвхөн туршилт хийх таамаглал мэт хүлээж ав. Шалгах хэрэгтэй таамаглал мэт,”- гэж хэлж чадна.
Хэрэв чи туршилт хийх юм бол нөгөө таамаглал чинь чиний өөрийн мэдлэг болж хувирна. Итгэл биш, найдвар биш. Итгэлт байдал болж хувирна. Чамайг ганцхан итгэлт байдал л аварч чадна. Найдвар гэдэг нь цаасан онгоц л гэсэн үг.
Амьдрал хэмээх далай тэнгисийг цаасан онгоцоор туулна гэж бүү найд. Үүний тулд найдвар биш итгэлт чанар хэрэгтэй. Чиний өөрийн үнэн хэрэгтэй. Хэн нэгний үнэн биш, чиний өөрийн үнэн. Тэр цагт үл мэдэх, газрын зурган дээр тэмдэглэгдээгүй далай тэнгисийг даван туулах явдал хязгааргүй их баяр баясгалан, жаргал таашаал болж хувирна.

Thursday, November 25, 2010

Эх орон гэж юу вэ?


Эх орон гэж юу вэ
Энэ үгийг хар багаас минь л багш нар надаас асуудаг… харин өсч том болсон хойноо өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм бэ тэр минь, энэ минь юм аа… түүнийг л үүнийг л хэлдэг юм аа… гээд хэлчихэж боломгүй мэт
Уг нь хоерхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэгэн дор агуулж байдаг болоод ч тэр юм уу
Харин би одоо энэ үгэнд багшдаа ч биш өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна
Их л удаан хугацааны туршид хариулж чадаагүй цугларсан эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр таны өдрөөр таны ард түмэн, хүн зонд хүргэх гэж байна. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах ндүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж, хайр энхрийлэл өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.
Хөдөө хээрийн замд хааяахан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөс шорооны,эх орон минь таны л тухай дуу байдаг.
Хөг орон эгшинлэх энэ л аялгуу бүхэн эх орон таны… таны халуун элгэнээс унасан ,таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг.Эх орон та ижий эгшиглэх аялгуу билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна.Наран саран, цэцэг навч жилийн дөрвөн улирал тэгээд миий өсч торнисон Өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямарчиг олон бэ...
Эх орон та эгэл амьдрал минь билээ ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ.Эх орон та цээжинд минь багтаж нүдэнд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна.Эх орон таны зөрөг замаар алхаж хөлд орсон тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор…
Эх орон гэж томоос томоор бичсэн энэл хуудсан дээр би алдрай жаахан үрс амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна.Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа л хайр энхрийлэл төрүүлсэн, алдрай бяцхан тэдний тухай амь амьдралын минь алтан утас хүүхдийн тухай бичиж байна.
Зоргоор хөврөх энэ л амьдралын минь гэгээн аялгуу… Өө бид тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч үргэлжид ч амь амьдрал минь урсана бус уу...
Хүн гэдэг орчлонд ирж үргэлжлэлээ үлдээж үүрдийн аялгуунд уусдагийн адил бидний үргэлжлэл хүүхдийн тухай тэгээд эх орон таны нөмөрт, таны наран дор өсөн буй хүүхдийн тухай… Ай тэдний тухай… Зөөлөн аялгуу, гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай, эх орон таньдаа өгүүлж байна. Илгээх салхи тань зөөлөн байг, орох бороо тань намуун бай,г будрах цасан тань, улих шуурган тань тэднийг битгий дааруулаарай.
Эх орон та ирээдүйн үүд, ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмийн тухай… Ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичиж байна.
Энэ амьдралдаа олсон цаг хугацаа түүний мөнхий эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногын орчилд надад үлдсэн найзууд минь, намайг гэж тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон та надад энэ л амьдралын минь жаргал зовлонг адилхан үүрэх нөхдийн яазасан билээ.
Эх орон та андын журам үнэнч нөхөрлөл амьдралын уртад үлдэх монгол зан минь билээ.
Эх орон гэж томоос том бичсэн энэ л хуулсан дээр би таны төрлөх хэл таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлээ бичмээр байна.Ээж аав мин,ь энхрий хайрт минь, эх орны алаг үр минь, амьдрал мөнхийн диваажин минь… Эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм
Энэ л хэлээр би орчлонг таньж энэ л хэлээр би хүн зоныг угтаж хүн зоныг үдэж энэ л хэлээр би гунигаа баяраа хайраа гомдолоо…
Асгарч байгаа хур шиг түүнээс ч хурданаар… аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэрхийлж даанч нэг сурсан даа.Эх орон таны хэл эх сайхан монгол хэл минь ямарч дундрашгүй яагаад ч бусдын хэлээр орлуулашгүй билээ.Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын минь эгшиглэх дуу энэхэн дэлхийг харах цонх минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна.
Амьдрал туршдаа бусдын өмнө гайхуулах нэгэн зүйл бол эх орон та таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ.Эх орон та энгүй уудам, элэг зүрхэнд минь багтахгүй том бодлоороо ч туулашгүй агуу билээ
Энэ л газар шороо элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий, амь амьдралаас минь саламгүй, амьсгалах агаар минь эх орон минь та билээ. Шинэ зууныхны аясыг дагаад эх орноо бусдтай хуваая гэвэл би өгөхгүй.Шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй,Шинэ эрины эмэгтэй адилаар амьдрах ганцхан ханиа хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй…
Эх орон минь та энэ л амьдралын минь цохилох зүрх, зүрхны минь лугшилт билээ.Эх орон таны зам жимээр эх орон таны хавар намараар,эх орон таны идэр эрсээр,эх орон таны бяцхан үрсээр эх орон таны энэ л монгол хэлээр эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амь амьдралын минь аргамжаа үл үзэгдэх алтан утас үүрд наддаа өлгий минь байх үүрд таньдаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм.Худалаж сольж алгаа урвуулах шиг алга болгож болхгүй амьдрал минь амьсгадах агаар минь та билээ .Эх орон гэж юу вэ
Энэ асуултыг одоо надаас асуу.Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу уртын дууны аялгуунд эх сайхан Монгол хэлээрээ би хариулья.
Эх орон та хариулж дуусамгүй асуултын хариу билээ.Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ.Эх орон та хайртай аав минь билээ.Намрын борооноор гэзгийг минь илсэн үеийн хөвгүүн минь билээ.Эх орон та унаад босохдоо уйлахгүй нж өндийсөн зориг минь билэээЭх орон та энгэрт минь асах үрс минь билээ.Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ.Эх орон та өр зүрхэнд минь урсах гал минь билээ.



Б. Сарантуяа.

;;