Tuesday, March 9, 2010

ЭЭЖДЭЭ БИЧИХ ЗАХИДАЛ
“Өндрөөрөө гайхуулсан шувуу шиг
Өөдрөг сэтгэлтэй миний ээж
Өнгөөрөө гайхуулсан цэцэгс шиг
Дэлбээлж яваа миний хүүхдүүд
Тунгалагаараа гайхуулсан ус шиг
Ундарч яваа үрс чинь
Цацрагаараа гайхуулсан нар шиг
Мандаж яваа бидний амьдрал”
Миний ээж Ломбо овогтой Дуламсүрэн, Архангай аймгийн Цэнхэр суманд эгэл жирийн малчин айлд айлын том охин болж мэндэлсэн. Миний аав мөн Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, Аргил Цэнджав гэдэг нэрээрээ нутагтаа алдартай тээврийн жолооч хүн байлаа. 1980-аад оны эхээр манайх гэдэг айл Дархан хотод шилжин суурьшиж, бид эхээсээ 9-үүлээ өнөр өтгөн гэр бүл болсон юм.
1988 он, би тэгэхэд 6-хан настай жаахан охин, тэр нэгэн өдрийг үргэлж тодхон санадаг юм. “Зуны дэлгэр сайхан өдөр, нар шингэх гээд уулын цаагуур дөнгөж бууж шаргал туяа цацран , манай гудамж дүүрэн үхэр мал, малын баас, хүүхэд хөгшидгүй гадаа шуугилдан зарим нэг нь үнээгээ сааж, хоолоо хийн айл бүхний хашаанаас утаа суунаглан сүүгээ ч хөөрүүлж байгаа юмуу хоолоо ч хийж байгаа юмуу гэлтэй байлаа”....
Аав минь даалуу их тоглодог ёстойл нэг хорхойтой нэгэн байв. Энэ орой бас л тоглох санаатай явахад нь би явъя, намайг авч яваач гээд зүү нараасаа нуугдан аавынхаа том дээлийн хормойд зүүгдэн, тэр их өргөн гудмаар аавтайгаа хамт хөтлөлдөн дүү нараасаа нуугдан байж дагаж явсан юм.
Аавын найзууд тоглоод тоглоод л цай хураана... гээд даалуун дуу шүр шүр гэх нь одоог хүртэл миний сэтгэлд тодхон байдаг. Би гэдэг хүн яахав аавынхаа хажууд нойрмоглон гэртээ харих болоогүй юу ааваа гээд л шаналгана. Аав хэлэхдээ: миний охины нойр нь хүрээд байна уу? Энэ айлын ахаараа гэртээ хүргүүлчих гээд духан дээр минь зөөлөн үнсээд явуулсан юм.
Өглөө босоход ээж үнээгээ саасан, гадаа үүдэнд ил гал дээр цайгаа самран зогсохолд хашааны хаалга айхтар чанга нүдэн Цээеэ ах, Цээеэ ахын бие нь муудсан бараг л .... гэхэд ээж минь хамгийн бага 3 хүүхдээ дагуулан тэр айлынд очиход аль хэдийн аав минь энэ хорвоог орхисон байсан юм..... /Үүнээс хойш 22 жил өнгөрчээ/
Ээжээ! Энэ бүгдийг бичдэгийн учир нь Таны минь амьдралын хүнд хэцүү ачаа, тэсвэр тэвчээр шаардсан сэтглийн их хад, зориг тэнхээ, амьдралын нэгэн давааг ганцаараа үүрэх, хатуу бэрх үүрэг ноогдсон гэж би хувьдаа боддог юм. 0-18 насны 9 хүүхэд /5 залуу, 3 хүүхэн/ хамгийн том залуу нь өнөө маргаашгүй цэргээс халагдаж ирэх байсан, хамгийн бага нь дөнгөж төрөөд 6 сартай, бидний ихэнх нь 1-2 насны зөрөөтэй, ээж минь Дарханд таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд ер нь байхгүй, Дарханчуудын дээхэн үед орох дуртай, хоолыг нь амтархан иддэг байсан таван цулын гуанз буюу миний бидний амьдралын ганц том тулгуур багана “Цувдаан гуанз”-нд ээлжийн ахлах тогооч хийдэг байв. Хүн бүр л хөөрхий энэ хүү “хар залуугаараа олон хүүхэдтэй өнчин үлдээ, яаж энэ хэдэн хүүхдээ өсгөн хүмүүжүүлж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэнэ дээ” гэж дуу алдах нь олонтаа.
Харанхуй шөнийн айдас дунд
Хар сүүдэр мөшгин дагасан ч
Халуун энгэртээ хүүгээ тэврэхээр
Хайрт ээж минь жавар үргээсээ ирдэг юм
Аргагүй дээ Та минь дөнгөж 30 настай залуухан бүсгүй, одоо бодоход яг миний л нас шүү дээ. Та минь ааваас 18 хол давсан насаар дүү, тэгээд ч Та маш эрт хүнтэй гэрлэсэн байж дээ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр л ганц хоёр хүүхэдтэй болохыг хүсч, олон ам бүл тэжээж чадахгүй ээ гэж хээв нэг ярьж суудаг. Ээжээ! Хэрэв аав минь 1 удаа ч болов таньтай уулзвал энэ л мөрүүдийг уншиж өгөх байсан байхаа:
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайг олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балгал инээдэнд чинь би баясан
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан гэгээ татуулж
Чамтайгаа байхдаа би жаргасан.
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Үйрэн үйрэн тэмтэрч
Үнэний чулуу дэрлэхдээ
Үйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулсанаа
Үхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Таны минь байнга хэлдэг байсан үг бидэнд их зүйлийг ухааруулсан Ээжээ. Биднийг өсгөх гэж Та “гадаа гарч эр, гэрт орж эм” боох юм, өөринй өөргүй сайхан залуу халуун насаа гаргуунд нь орхиж “2 идүүлж хоосон хонуулахгүй”, “хүнээс дутааж хувцасгүй гүйлгэчихвий” гэсэндээ ааваас чинь хойш “өөр хүний гарын шүүс болгоод яахав” гэж хэн нэгэнтэй амьдралаа хуваалцахгүй ганц бие, гадаа гандаж дотор шарагдаж ирлээ гээд үнэн бөгөөд хатуу үгийг баярлаж гомдохын алинд нь ч бидэнд хандан хэлж, энэ утгаараа ч үр хүүхэд бид чинь хатуужин хүмүүжиж өөрсдийн өөрсдийн ухамсараараа хариуцлагатай, ажилч хичээнгүй, амьдралын төлөө тэмцэгч жинхэнэ бие хүн болон өсөн өндийж амьдралынхаа алтан жолоог мушгин эзэмшсэн мэргэжил, мэдлэг чадвараараа тус тусынхаа ажил амьдралыг залгуулж явна даа. Та нар сурсан эрдэм, мэргэшсэн мэргэжлээрээ л хоолоо олж иднэ шүү хүүхдүүд минь, тийм учраас ээж нь болохоос нь болохгүйг хүртэл нь гүйнэ, ээжид нь өгөөд байх эд хөрөнгө, мөнгө байхгүй тэр бүгдийг чинь ээж нь гүйцээхийн тулд сургуульд л сургаж өгье та нар цааш нь яаж амьдралаа зохиож явах нь зөвхөн миний хүүхдүүдээс өөрсдөөс нь шалтгаална гээд биднийг бүгдийг нь их сургуульд сургаж төгсгөсөн. Энэ бол бидний хувьд “Хамгийн том хөрөнгө оруулалт” байсан шүү, Ээжээ. Бидний хэнд ч өнөөдөр таныхаа ачийг хариулахсан, ээждээ ганц ч болов шинэ хувцас өмсүүлчих юмсан, өлгийтэй байхаас минь өдийх хүртэл цаг наргүй ээлжийн ажилд гүйж, халуун тогооны ард шарагдаж, багад минь хийж өгдөг байсан хярамцагтай хоол, цувдаа, хонь ямааны толгой шулаад цуйван, бууз хийж тогоотой хоолондоо цадахгүй айлын хоол буудах гээд гүйж явсан цаг саяхан мэт санагдана. Тэгээд хамгийн гоё нь бид таныг ажлаасаа ирэхийг л хүлээдэг байсан. Хэзээ ч Та минь автобусаар явдаггүй, үргэлж миний санадаг тэр л их өргөн гудамжаар алхаад ирдэгсэн. Одоо бодоход Та минь ямар их хол замыг туулж өдөр шөнөгүй, нохой шувуунаас айж ичин үр хүүхэддээ ирдэг байсан болоо. Гэвч бид нар таныг ёстой гоё ээж ирэхдээ дор хаяж л 5 хуушуур, эсвэл 1 цувдаа бариад ирж байгаа гэдгийг л харж хүлээдэг байсан шүү. Яахав хүүхдийн гэнэн сайхан цэвэр зан байж дээ.
Ингэж явахдаа Та нэг удаа ч болов би өвдлөө, би амьдарч чадахгүй нь, би та нарыг тэжээж тэтгэж чадахгүй нь гэж өвдөг сөхөрч шантраагүй, хүн царайчилж амьдраагүйд бид ТАНЬДАА ДЭНДҮҮ ХАЙРТАЙ, ДЭНДҮҮ ӨРТЭЙ.
Сурч дадсан зангаараа
Сургаалийн үг дандаа хэлж
Мэдэж сурсан зүйлээ
Мэдэж авдаа хүү минь гэж
Мэдлэгт минь үргэлж дусал нэмж
Мэргэн үг дандаа хайрлаж
Мөнх тэнгэр шиг шүтээн минь болсон
Ээж таныгаа бид,
Үүр шөнийн заагаар
Эртлэн босож цайгаа сүлээд
Өрөм таргаа аягалж зэхээд
Мандах нарны туяа төөнөж
Маргаангүй халуун шатаж эхлэх нь
Маргаашынхаа ажлыг марталгүй хийе
Малынхаа өтгийг малтаж цэвэрлэе
Одоо босдоо миний хүү
Зүүд нойрноосоо сэрдээ гэж
Зөвлөж хэлдэг таныгаа
Зүрхэндээ бид үргэлж хайрлана.
Анх удаа ээж Таньдаа сэтгэлээ нээж энэхүү захидлыг бичлээ. Нэг удаа Та надад ингэж өгүүлрүүн. Та санадаг уу? “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг хөтөлдөг Ш.Гүрбазар гуайд захиа бичих юмсан, энэ хүн л миний зүрхний үгийг сонсох байх, сэтгэл зүрхээ онгойтол сайхан захиа бичиж явуулах юмсан гэж энгүй ярианаас тань охин нь Таньд хэзээ нэгэн өдөр захидал бичнээ, Таныхаа энэ сэтгэлийн бөглөөг охин нь гаргахаа амлая гэж дотроо бодож байлаа. “Зүүд биш байгаасай” нэвтрүүлэгт орж энэ муу амбаараа засуулах юмсан, энэ байшин чамтай нас чацуу биеэр том байлаа, одоо нас ахиж чамаас намхан болж хэзээ мөдгүй нуруу нь нурж орж ирэх нь хөөрхий гэж халаглах үед охин нь ах дүү амраг садан, төрөл сдаан байгаа цагт хүчээ илбэн нэг л өдөр таныгаа шинэ байшинд суулгана даа гэж би боддог. Удахгүй Ээжээ, удахгүй үр хүүхдүүд бид чинь боддоггүй биш бодож, санадаггүй биш санаж, зорихгүй биш зорьж, тэмүүлэхгүй биш тэмүүлж таныхаа хэлсэнээр ажлынхаа хөлсөөр хөрөнгө бий болгох гэж үрс бидэн чинь хичээх болноо гээд энэхүү захиагаа өндөрлөе дээ.
Хайрт ээждээ
Таньд зовлонг давсан их ЖАРГАЛ байна
Нар халхлан инээх
Хар уулс шиг ХҮҮ, ОХИДУУД чинь байнаа
Хайртай ээж Таньдаа
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн
БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Дархан Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрийн 7-16 тоотод оршин суугч ээж Ломбо овогтой Дуламхандад
Дархан-Уул аймгаас охин Чулуунцэцэгээс нь

0 Comments:

Post a Comment