Friday, January 22, 2010

Дээл гэснээс нэгэн дурсамжийг сөхмөөр санагдлаа. Хүүхэд насны амьдрал маань яах аргагүй миний ардын үндэсний хувцас болох дээлтэй холбоотой. Арвайхээрийн цэнхэр салхинд дэрвэж өссөн хагас хөдөө, хагас төв суурин газрын охин надад энэ үг ээжийг минь, эрхгүй өнгөрсөн амьдралыг минь санагдуулдаг юм. Аав маань тээврийн жолооч, харин ээж маань аймгийн ахуйн үйлчилгээний газарт оёдолчин хийдэг Отгон гэж эмэгтэй байлаа. Уран гэж жигтэйхэн манай гэрийнхэн, ах дүү нар, тэр ч бүү хэл хажуу айлынхан, таньж мэдэх хүмүүс бүгд л ээжийн хийсэн дээлийг өмсөн гангардаг байсан юм. Тэр тусмаа цагаан сар болхоор манайх хөлтэй гэж жигтэйхэн, ээж маань завгүй гэж жигтэйхэн. Үргэлж л зүү утас шагайн нойргүй суудагсан. Хэн ч дээлийн өнгө дотор, хоргой торгоо бариад ирсэн ээж маань үгүй гэж хэлж байгаагүй юм даг. Хэмжээ дамжааг нь авч байгаад л ажлынхаа зав чөлөөгөөр хийгээд л өгдөг тийм л нэгэн монгол эмэгтэй байлаа. Тэр үед хүнд юм хийж өгөөд хариуд нь мөнгө төгрөг авна гэж байдаггүй тийм цаг үе байсан юм шүү. Ээж маань оёсон дээлнийхээ шан хөлсийг хүнээс авч байсан удаагүй. Харин сүүлд нэг удаа хүн дээл оёуулаад арван төгрөг өгөхөд их л гайхаж бас сандарч билээ. Надаар дээл хийлгээд мөнгө өгөх юм гэж ирээд хүмүүст ярьж байсныг нь санах юм. Нийгэм үнэхээр цэвэр байж дээ. Би хүртэл гайхаад л өнгөрч байсан. Харин одоо бол “Ав ав, авахгүй яах юм бэ” гэж ирээд л хэлж гарах байх даа. Ер нь бид хүн чанар, хүний сайхан сэтгэл гээд дээлнээс гадна олон зүйлийг гээж байна даа.
Хүүхэн насны минь алтан өдрүүд монгол дээлийн товч шилбэ, энгэр зах, өвөр түрүйд өнгөрч дээ. Дээлийн зах индүүдхээс эхлээд товч шилбийг нь дөхүүлж өгөх гээд балчир охин надад таарсан ажил оногдон манай гэр оёдолын цех шиг ажилтай байдагсан. Гэрийн хоймрыг тэр чигт нь эзлэх монгол дээлний эсгүүр, савангаар зурж байгаад л эсгэж гарна. Гурил устай найруулж буцалгаад “жонхуу” хийж, энэ нь нэгэн төрлийн цавуу болдог байлаа. Мөн ч олон дээлийн энгэр захыг жонхуудсан даа би. Ажилтай хүний хүүхэд залхуу байдаг гэдэг үнэн байх аа. Надад ээжийн уран гараас өвлөн үлдсэн зүйл үгүй. Эрхгүй л уранхай цоорхойгоо бөглөхтэйгөө л болж үлдэж дээ. Яагаад энэ түүхийг би өнгөрсөн цагт яриад байна вэ гэхээр нэгэнт хүүхэд насны он жилүүд надаас бүүр алс холдон одож, гоё хүүхэн гэж нэрлэгддэг байсан миний ээж ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 17 жилийн нүүрийг үзжээ. Тэр цагаас хойш миний амьдрал дээлтэй холбоотой байсаар ирсэн юм. Манай гэрт одоо ч ээжийн минь оёсон дээлнүүд тэр чигээрэй хадгалаастай байдаг юм. Би хааяахан гаргаж үнэрлээд ээжийнхээ үнэрийг санаад, нээг их санаа алдаад буцаагаад хураачихдаг. Сэтгэл дотроос хайр ундрах тэр агшныг юутай зүйрлэж, ямар үгээр илэрхийлхээ би харин мэдэхгүй юм. Үгээр илэрхийлж болдоггүй зүйл амьдралд байх юм аа. Яахав дээ хэн нэгэн шидтэн ирээд “-Ганцхан хүслийг чинь биелүүлж өгье. Өнгөрсөн амьдралынхаа хаана нь очоод ирмээр байна” хэмээн үлгэрт гардаг шиг надаас асуух юм бол би ээжтэйгээ хамгийн сүүлд уулзсан яг тэр газраа, яг тэр мөчид дөнгөж ч болов очоод ирэх юм сан гэж боддог. Ахин уулзахгүйгээ мэдэж ханатлаа эрхлээд, ханатлаа тэврээд хацрыг нь үнсэж үнэрлэж, хамгийн сайхан үгийг хэлж байгаад ирэх юм сан гэж хүсдэг. Үлгэр даанч үнэн биш хойно мөрөөдөл минь энэ амьдралд биелэхгүйг би мэднэ. Харин ээжтэй хүмүүс ээжийгээ хайрлаж яваарай. Дараа нь над шиг харамсахгүйн тулд шүү дээ. Эцэст нь ийм л хайр, ийм л дурсамж, ийм л амь амьдрал шингэсэн миний ээжийн дээлийг булаана гэж үү. Би тэгээд яах юм бэ. Миний хүүхэд нас юу болох болж байна. Дурсамж минь хятдаар дуулагдах уу? Монгол дээл бид хоёр салшгүй холбоотой байхад, монгол дээл монгол орон хоёр хагацашгүй холбоотой нь ойлгомжтой билээ.

7 Comments:

  1. Anonymous said...
    Наадам цагаан сараар л өмсдөг гангараа, хэдэн загвар өмсөгчдийн тайзан дээр хаяа өмсдөг хувцас болтлоо үнэ хүндгүй болсон дээлний маань заяа нь гомдоо юм болов уу. Нүүдэлчин монгол нь хятадын оодон тоодон хальсан курткээр гоёх болсон энэ сиймхийг тэд ашиглаж байна л даа. Бид өөрсдөө л буруутай.
    Сарантуяа said...
    Тийм ээ. бид үнэндээ дээлийг хятдууд unesco бүртгүүлэх гэж байна гэхээр л сэрж байгаа болхоос дээлийг хуучин хувцас шигээ тайлаад мартсан байсан шүү дээ юутай ч дахин сэрж байгаа нь сайн хэрэг
    Оюунаа said...
    Сайхан дурсамж байна аа. Уншиж байхад хоолой зангираад, найзынхаа ил гаргаж яриад байдаггүй нандин зүйлсийн нэгийг мэдэж авлаа. Нээрээ ядаж гангарааны ганц ганц ч гэсэн дээлтэй болугооё оо таминь ээ.
    Сарантуяа said...
    Дурсамжаа марттал хүн маргаашруу зүтгэх юм даа. хүүдэх насны энэ дурсамжыг минь хуваалцсанд баярлалаа найзуудаа
    khadaa said...
    Saikhan dursamj baina shyy.Egch mini...
    Bi haaya tanii blog ruu orj uran byteeluudiig ni garchigladag bulguu.Ilyy saikhan uran byteeleer bayajuulaarai.Etsest ni namaig tanidag byh humuustee handaj helehed ...

    eejiigee bayarluulj baigaarai
    naranaa said...
    setgel yarchixlaa saixan dyrsabj bn minii naiziin zurhnii ug mun shuu eejiigee hairlaj yab gej
    Сарантуяа said...
    Баярлалаа. Зүрхний хайртай андууддаа баярласан гэж жигтэйхэн. Ингээд нэг ганц нэг сээгий нисгээдбайвал урамшаад цаадах чинь явж өгнө шүү дээ. Нээрээ Хадаа чиний таньдаг бүх хүн энд орж үздэг байхаа хэхэ. За за сээгийгээ мартваа.

Post a Comment