Saturday, October 24, 2009

Бүсгүй хүн цонхны дэргэд харуулдан зогсоо... хэн нэгэн зураачийн зурсан зураг одоо миний нүдний өмнө харагдаж байна. Түүний харцаа үл ялиг өргөн шөнийг ширтэж буй нь, өргөж шуусан үснийх нь завсраас үл ялиг гялалзан харагдах хавчаар нь, элгээ тэврэн яг ингэж зогсоо нь одоо надад тодхон харагдаж байна. Яагаад ч юм би тэр үед энэ бүхнийг анзаараагүй, магадгүй надад тэгтлээ сэтгэгдэл төрүүлээгүй, өөрт минь хамаагүй мэт санагдсан болоод л тэр байх. Тэр бол өөр эмэгтэйн амьдрал нэгэн агшин, хэзээ ч надад тохиолдохгүй тийм л амьдралын тухай зураг байсансан.

Харин одоо нүдний өмнө харагдах тэр бүсгүй надтай ямар адилхан юм бэ? Яг тэр зурган дээрх эмэгтэй шиг элгээ тэврэн шөнийн цонхоор алсыг харуулдах минь юусан билээ. Тэр хүлээлт, тэр ганцхан агшны зогсолт өнөөдөр өөрийн зүрхэн дундуур, миний сонгосон бас босгосон амьдрал дундуур урсах юм гэж даанч санасангүй. Ямар ч зүйлийг тэр бүү хэл хэцүү зүйлийг ч хүн өөрт тохиолдоогүй л болохоор тэгтлээ хүндээр тусгаж авдаггүй юм болов уу? Харин энэ бүхэн надад, миний амьдралд, миний энэ шөнийн ганцааардал дундуур урсаж байна. Тийм ээ би хэнийг хүлээж байгаагаа сайн мэднэ. Хүлээж байгаа хүн маань надад хамгаас үнэтэй хамгаас дотно, халуун амь амьдралаа холбосон тэр ч бүү хэл гэр орон гэсэн дундын амьдралтай, үр хүүхэд гэсэн дундын баяртай, ор хөнжил нь ч хамтдаа яагаад ч юугаар ч орлуулашгүй хань минь чи минь билээ.

Хаана явна даа... Халуун амьдралын бүлээн амь минь...Би цонхны дэргэд зогссоор... их хотыг шөнө дүл хэдийнэ нөмөрчээ. Оройн бүрэнхийтэй давхцан гэрлүүгээ яарсан хүмүүсийн хөл татарч байна. Үдэш болгон чи энэ хүмүүс шиг, энэ хүмүүсээс ч хурднаар гэрлүүгээ яаран ирдэгсэн....хаана явна. Бидний босгосон босгож ч байгаа аьдрал минь яагаад ийм хүлээлтээр урсах ёстой юм бэ?

Санаж байна уу хайрт минь... бидний аз жаргалын өдрүүдийг, өвөл хавар зун намар гээд ертөнцийн бүх улирлын, жаргал зовлон инээд хөөр гээд амьдралын бүхий л дурсамж бид хоёрт бий шүү дээ. Санаж байна уу хайрт минь, алган чинээ үрээ хорвоод ирэхэд чи яаж баярлаж байлаа. Анхны үнсэлт, анхны тэврэлт, анхны шөнө, чиний гар үл мэдэг чичирч байсныг тэгээд чи надад – Бид хоёрыг хэн ч юу ч салгахгүй гэж нүдийг минь хараад хэлж байснаа санаж байна уу? Одоо биднийг ямар олон зүйл салгана вэ. Өмнөх цонх цэв цэвэрхэн тунгалаг шил атлаа, түүгээр бүхийл зүйл нээлттэй харагддаг хирнээ, гараа явуулаад цаад талыг нь тэмтэрч болохгүй шиг чи бидэн энэ л цонх шиг бие өиенээ нэвт хардаг ч бидний харьцаа цонхны наана цаана үргэлжлэх шиг... тийм ээ биднийг ямар олон зүйл тусгаарлана вэ? Хаана явна даа хань минь...Олон шуугисан шөнийн хотоор очих байхаа мэдэхгүй гиеүрэн алхана уу? Эсвэл их ажлынхаа дунд толгой эргээд эхнэр хүүхдээ мартаа юу? Аль эсвэл сүүдийх гэрэлтэй буурчын газар, шөнийн зугаа цэнгэлийн хавиар дарсанд хөлчүүрч цэнгэлд согтов уу? Хаана явна даа хайрт минь.

Жаргалд чинь цуг байлаа унахад чинь тосож авья, адлаж явна уу чи минь.. Эр хүн алдахад эрэг нурахтай адил сэтгэн энэлэн зовох хань чинь хүлээж байна. Эмэгтэй л хүн болсон хойно ойр зуурын үгээр элдэвлэж зэмлээ юм болов уу...намайгаа уучил...Хаана явна даа чи минь... Харилцуурын үзүүр хэдийнэ тасарсан, гар утаснаас өөр чамайг олох зүйлгүй энэ шөнийг ганцараа туулна гэдэг аймаар байна. Гэртээ ирээч...Жаргалтай мөчөө бүгдийг нь тэврээд хүрээд ир наддаа. Зовлон байвал яах вэ хамтдаа үүрнэ... Ингэх л гэж тохирсон амьдралдаа эр нь эрэг шиг нурж болохгүй шүү дээ. Ухаантай хүн дээ чи..Уужуухан ч эр шүү дээ... Ужид цэнгэлд толгой эргэх хүн биш...Уг нь наддаа хань минь юм шүү...уучилнаа би чамайгаа.

Гэрлүүгээ яаран алхагсадын хөл татарсан. Аль хэдийнэ шөнө ирсэн.Ганцхан чи л гэртээ алга. Энэ олон айлын элэг бүтэн цонхноос аз жаргалын уур савсаж байна. Хараач...Надаас өөр нөхрөө харуулдах хүнгүй энэ шөнийн харанхүйг сөхөөд наддаа ирээч, гэртээ гэрэл авч ирээч.

Бүсгүй хүн цонхны дэргэд харуулдан зогсоо хэн ч билээ нэгэн зураачын зурсан зураг одоо нүдний минь өмнө харагдсаар. Энэ зураг энэ агшин нүдний минь өмнө хир удаан үргэлжлэх вэ итгэл хань минь хэлж өгөөч...

0 Comments:

Post a Comment