Friday, July 22, 2011

Эх нутаг


Яасан их санаа вэ эх нутгаа би
Яг л ээждээ тэврүүлэх гэж байгаа хүүхэд шиг
Ямар амар амгаланг мэдрэнэ вэ эх нутгаасаа би
Таны тухай бодоход
Зүүдэн тэртээгээс үлгэрийн морь давхин ирэх шиг
Таны тухай бодоход
Зүрх булгилан цээжин дотроо бөмбөрөх шиг
Яасан их санаа вэ эх нутгаа би
Салхи нь зэргэлээнд шургасан үлгэрийн орон
Сар нь өдрөөр зүүдэлсэн домгийн нутаг
Хүв хүрэн уулс нь ижийн минь цацалыг хадгалсан
Хүлээлт, амар амгалангийн орон эх нутаг минь
Шүрэн толгойдоо атираа сийлсэн өвгөдтэйгээ хамт
Шүлэг найргийн шөнүүд нь одоо ч үргэлжилдэг үү

Арвайн гудамжинд нөгөөх л бороо асгарч байгаа юу

Арван наймтай над шиг охиныг хайрын болзоонд зогсоож байгаа юу

Танд хорогдохдоо эргэж харсан би замын дундаас
Танаас холдохдоо энэлж сурсан би амьдрал дундаас

Таныг санахдаа тэвчиж сурсан би холын газраас

Намхан намхан буурлууд нь насаа үлдээгээд одсон ч

Надад дотно бүхэн минь цагийн аясаар бүдгэрсэн ч

Найзалж явсан нөхөд минь амьдрал хөөгөөд одсон ч

Надад таныг л зорих хүсэл цээжин дотор минь дандаа байдаг

3 Comments:

  1. санчир said...
    Их сайхан шүлэг байна.
    Сарантуяа said...
    угаасаа эх нутаг минь шүлэг шиг сайхан шүү дээ
    jinchin said...
    sain bna uu , saihan shvleg, saihan eh nutag min sanagdchlaa, Arvain shargal odrvvd vrgelj setgeld min todhon baidag daa

Post a Comment