Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Оросын алдарт нүдний мэс засалч, хожим Түвд, Гималайд судалгааны ажил өрнүүлж улмаар “Хүн мичнээс үүсээгүй буюу Бурхадын хотын эрэлд” хэмээх цуврал номуудыг бичиж дэлхийн олон орны уншигчдын хүртээл болгосон Эрнст Мулдашев өөрийн нэгэн номондоо “ Хүн төрлөхтөн соёл иргэншилд хүрэхдээ хэдэн мянган жилийн асар урт хугацааг туулдаг хэдий ч зэрлэгшилд хүрхэд маш бага хугацааг туулдаг” хэмээн бичсэн байлаа. Нээрээ л хүн төрлөхтөн хичнээн урт хугацааг хөгжиж дэвшихийн тулд туулж өнгөрүүлсэн бол. Түүний үр шимээр өнөөгийн бидний соёлт ертөнц бий болсон биз ээ. Бид одоо ч байгаль дэлхий, шинжлэх ухаан, хүний хөгжил, дэвшилтэт технологи гээд судалж шинжилсээр л байна. Бидний амьдарч байгаа соёл ирэншил ямархан урт хугацааны туршид хүн төрлөхтний хөрсөнд боловсорч өнөөгийн бидний амьдралд ирсэнийг өгүүлэх юун... Харин зэрлэгшил яагаад хүнд тийм хурдан ирдэг вэ? Хүмүүс гэрээсээ хол жишээ нь хөдөө хээр газар яваад сар болоод л ирэхэд өөрсдийгөө толинд хараад хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харж болно. Задгай галын дээр унд хоолоо бэлтгэж, усанд орохгүй байсаар түүндээ дасаж биеэ хиртсэн эсэхийг ч мэдрэхгүй болтлоо дасан зохицход цаад тал нь сарын хугацаа л хүнд хэрэгтэй. Энэ нь хүн зэрлэгшхэд маш амархан хэдий ч хөгжиж дэвшхэд маш урт удаан хугацааг туулж болохыг харуулж байгаа энгийн жишээ юм. Яг түүн шиг улс орны амьдрал ч гэсэн хөгжил дэвшлийн замыг хэдий урт хугацаанд тууллаа ч зэрлэгшил дэргэд ойрхон байдгийн жишээг эх орныхоо амьдралаас харж байна. Хэдий бид нар хамгийн сүүлийн үеийн техник технологийг амьдрал ахуйдаа хэрэглэн, цахим ертөнцөд хэнтэй ч холбогдож, дэлхийг хэрсэн мэдээллийн сангаар хүссэнээрээ ялан байгаа хэдий ч, өндөр нягтаршилтай орчин үеийн дэлгэцээр хүссэн зүйлээ үзэж байгаа хэдий ч, хоол хүнсийг нэрийг нь хэлээд л бэлэн болох нь халаг цахилгаан хэрэгсэл ахуй амьдралдаа хэрэглэн байгаа хэдий ч бид дотоод сэтгэл хийгээд биеээ авч явах, амьдралд хандах, хүн хүнээ хайрлах гээд олон зүйл дээр зэрлэгшин байгаараа харж болно.
1. Хамгийн энгийн зэрлэгшил
Үүнийг бид гэрээсээ гараад л харж болно. Дөнгөж хаалгаар цухайгаад л эх орныхоо нийслэлийг ямар болсныг, орц хонгилд унтаж байгаа тэнэмэл хүмүүсийг, тав арван төгрөг гуйж гувшиж байгаад ч болов авч, чихэр биш талх олж идэх хүсэлтэй бяцхан хүүхдийг, хүмүүсийн амиа бодсон өөдгүй занг, хараалаа шүлстэйгээ цуг урсгах бүдүүлэг нэгнийг хүссэнээрээ харж болно. Энэ нь бидний амьдралд дасал болсон энгийн зүйл бөгөөд хамгийн энгийн зэрлэгшил юм. Дээхнэ үерийн Улаан баатарт чухам ямар байсныг, хүмүүс нь биеэ авч явах ямархан соёлтой байсныг бүгд л санаж байгаа. Энэхүү энгийн зэрлэгшилийг олон янзаар тайлбарлаж болно. Эхлээд хотынхон хаачив. Үнэхээр хотынхон хайчсэн юм бэ хэмээн зарим нэг нь асуух. Ихэнх нь гадаадад гарсаан үлдсэн хэд нь байдалтай эвлэрсэн өөрөөр хэлбэл хөдөөнийхөнтэй холилдоод зэрлэгшсэн гэж зарим нь хариулах. Нээрээ л хөдөөнийхөн нөгөөх сайхан Улаанбаатрыг ирж түйвээгээд байна уу. Амьдрал хүнд хэцүүгийн улмаас хот суурин бараадсан олон дотор сайнаасаа саар хүмүүс олон л байгаа. Үүнийг хөдөөний соёл хотод нэвтэрсэн гэх үү. Удаах тайлбар нь нийгмийн шилжилт одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Чаддаг нь идэж уу, чадахгүй нь өлсөөд сууж бай... гэсэн ёс суртахуун газар савснаас...
2. Сэтгэхүйн зэрлэгшил
Идэж уухын хүсэл шунал энэ орныг бүхэлд нь залгиж байгааг балчир хүүхэд ч харж болох нийгэмд бид амьдарч байна. Чаддаг нь... гэсэн зэрлэг сэтгэхгүй хүмүүст ноёлсноор төр захиргааны байгууллага, төрийн албан хаагч ер нь л төрд ажиллаж байгаа хэн ч болов татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрж зарж, чадалтай нь булааж идэж, чадалгүй нь аз нь дутаж дээ гээд амаа бариад явж байх. Энэ сэтгэхгүй нийгмийн бүхий л салбарт ноёлоод байна. Дээр дооргүй өрсөлдөн идэж ууж байгаа энэ хүмүүсийн бирдийн сав дүүрч нүгэл нь хагарах болоогүй л бололтой. Бидний өвөг дээдэс хэдэн зуун жилийн туршид эр орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байлдыг хадагласаар ирсэн ч энэ цагийн тэнэгүүд идэх уухын төлөө эх орноо юугаар ч арилжихад бэлэн байна. Сонгууль болхоор худлаа амлан чалчиж чалчичхаад ичих ч үгүй хийсэн зүйлгүй дөрвөн жилийн дараа тойрогтоо очих, дахиад л улигт үлгэрээ ярин худлаа амлан байхад гэнэн цагаан хүмүүс итгэж ханахгүй дахин сонгоно. Дээрээсээ доош мунхагийн харанхуй, шуналын харанхуй нүүгэлтсэн өнөө цагийн Монгол жинхэнэ утгаар хөгжил дэвшилд хэзээ хүрэх вэ? Хэзээ бид чин сэтгэлээсээ бие биентэйгээ харицаж, хүний төлөө нийгэмд амьдарч, гэрээсээ гараад айх аюулгүй алхаж, шөнө орой бэмбэгнэн чичрэхгүйгээр гэртээ ирж, хаанаас юу олоод хэдэн төгрөг олчих вэ гэж гашлан суухгүйгээр авсан цалин нь амьдралд хүрч, хэзээ бид мунхаг сэтгэхүйгээр хүний хоол булааж идэх тухай бодох биш өөрийн аягатай хоолоо эзний ёсоор идэж суух вэ? Хөгжил дэвшил бидний хаана жинхэнэ утгаар байна вэ? Улс орны амьдрал ч тэр, хувь хүний амьдрал ч тэр өдрөөс өдөрт жилээс жилд өөдөлж дэвшин явдаг байхад бид улс оронтойгоо гэр бүлээрээ хаашаа яваад байнаа. Ийм мунхагийн харанхуй нүүгэлтсэн амьдрал дунд үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ. Болох зүйл болохгүй зүйлийн тухай зааж өгч байхдаа хүртэл эргэлзэж байна. Монгол орон Их эзэн Чингис хаанаас эхлээд тоолоход л 800 гаруй жил хөгжил дэвшилийн төлөө зогсолтгүй тэмүүлж, эх орныхоо төлөө цохилж ирсэн байхад энэ бидний үед ердөө л хэдхэн жилийн дотор бид гүйцэд зэрлэгшихэд бэлэн болжээ. Удахгүй ийм сэтгэхгүй биднийг идсээр ундны усаа шавхаж дуусаад шалбааг уун, гэрэл цахилгаана төлж чадахгүй махыг түүхийгээр нь идэх тийм аймшигт цаг үе бидний хажууд ойрхон байна. Зэрлэгшил хэдхэн алхмын зайд байна.
Labels: Нийтлэл