Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Тэнэжээ явсан чинь тааралдаад таалагдахаар нь тавьчихлаа
1. Зөвхөн Монголд "Нараа дагавал даарахгүй, Намаа дагавал алзахгүй" теором төгс үйлчилдэг
2.Зөвхөн Монголд агрономич Хөрөнгийн биржийн захирал, багш Эрүүл мэндийн сайд ... гэх мэтчилэн төрийн албанд дадлага хийж, өөрийн мэдэхгүй салбартайгаа танилцдаг.
3.Зөвхөн Монголд (магадгүй Зимбабвед бас) төрийн дундаас дээш албан тушаалтнууд улсынхаа хамгийн баян хүмүүс нь байдаг.
4.Зөвхөн Монголд л "цалингаараа амьдар" гэж хүнийг харааж болно.
5.Зөвхөн Монголд л хүүхдээ төрүүлэх гэж байгаа эхчүүд эмч, эх баригчдаа царайчлан гүйж, мөнгө төгрөг, чихэр жимс атгуулан байж, хажуугаар нь тэдний ааш аягийг хөдөлгөхгүй гэж сэтгэлээ зовоож байдаг.
6.Зөвхөн Монголд л 1 кг боорцог 900 грамм жинтэй байдаг.
7.Хамгийн бага хүн амтай хамгийн том газар нутагтай гэдэг боловч 4-хөн уулын дунд шамбааралдан суух.
8.Хамгийн баян орон гэгдэх боловч хоолны тосыг дуслаар авч, хонины цувдайг хорь хувааж идэх.
9.Хаадын үрс гэж цээжээ дэлдэх боловч харийн газарт боол нь болсоор.
10.Цаг тооны ухааныг зохиосон гэх боловч цагаан сараа хэзээ тэмдэглэхээ мэдэхгүй ...
11.Эрүүгийн хуулиа гишгэлдэг байж ёс зүйн дүрмээр яадаг байна даа, цаас цаг хоёрын л гарз биз дээ, эрхэм гишүүд ээ!
12.Эрүүл агаар эм гэдэг үг зохиочихоод хамгийн бохир орчинд амьдрагчид.
13.Эрүүл мэндийн төлөө хэмээн хор уудаг. Дайнгүй боловч бие биенээ алсаар... дайсангүй боловч бие биеээ талсаар...
14.Жаргалтай болсон юм болов уу даа, орондоо дуулаад л... зовлонг зөгнөж байгаа юм ш дээ, ордондоо хэрэлдээд л...
15.Монгол хүнд гэрийн буйр олдохгүй байхад гадны хүнд байшингийн суурь хуваарилаад л...
16.Дээгүүрээ 21 дүгээр зуун гэж хашгираад л... доогуураа хүй нэгдлээр амьдраад л...
17.Саарал ордны өнгө нь цайрах тусам мөнгө нь багасаад л...
18.Төрийнх нь төгрөг багасаж түшээдийнх нь доллар ихсээд л...
19.Дээдсүүд нь инээх гэхээр идсэн өөх нь гарчих гээд, доодсууд нь уурлах гэхээр хоосон цувдай нь цоорчих гээд л...
20.Хонгилийн үзүүрийн гэрлийг харах гэсээр байтал хараа муудаж, уулын оргилд гарах гэсээр байтал хөл муудах нь дээ...
Ц. Нямка
Labels: Үзэхэд илүүдэхгүй шүү