Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Төв азийн нутагт оршин байгаа Монголчуудын дотроос халх Монголчууд найман үе дараалан Богд Жавзандамбыг Монголын шашин болон төрийн тэргүүнийхээ сэнтийд залж байсанаараа бусад Монгол овогтнуудынхаа дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн байна. Ийм ч учраас 1911 онд бүх Монголчууд эзэн Чингис хаанаас хойш анх удаа нэгдэн нягтарч Богд хаант Монгол улсыг байгуулсан нь өнөөгийн Монгол улсыг байгуулах түүхэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдэг. Чингис хаанаас хойш Бүх Монголчуудыг нэгтгэх хүч ганцхан Богд Жавжандамбад байна гэдгийг Орос Хятад төдийгүй тухайн үеийн бүх дэлхий анзааран харж байсан юм. 1924 оны 5 сарын 20 нд наймдугаар Богд таалал төгссөн нь бүх Монголчуудын эв нягтралын хүчийг мэдэрч айж балмагдсан дотоод гадаадын улс төрийн хүчнүүдэд амьсгаа авах боломжыг нээж, дахин энэхүү аймшгийг Монголын нутагт буй болгох бүхий л нөхцөл боломжийг хааж боох 70 жилийн хатуу бодлого авч явуулснаар өдгөө энэ үетэй золгожээ. Энэ хугацаанд 9 –р дүрийн Богд
Жавзандамба хутагт тодрон алс холын Түвдийн Буйзан мужид 1932 онд язгууртан айлын хүү болон мэндэлжээ. Тэр үед Түвдийн дотоод байдал туйлын ээдрээтэй байсан тул саяхан мэндэлсэн хүүг сайтан асран халамжилж нууц байдалд өсгөн сайн цагийг хүлээсэн байна. Гэтэл тэр сайн цаг ирээгүй бөгөөд энэ цаг мөчийг бүтэн 59 жил хүлээсэн гэдэг. Хүсэн хүлээсэн сайн цаг 1991 онд ирж Энэтхэгийн Дармасала хотоос 9-р Богдоос 3 насаар дүү 14 –р далай лам түүнийг 9-р дүрийн Богд Жавзандамба хутагт мөн болохыг би нотлон баталж байна гэж дэлхий даяар зарлахад бидний Монголчууд ч бас сонсон баясан баярласан билээ.
Түвдийн хөдөө нутагт эрүүл чийрэг өсөж бойжсон 9-р Богд бага наснаасаа бурхны номонд шамдан суралцаж, сурлага ухаанаараа бусдаас ялгаран ихэс дээдсийн анхааралд өртөж тэднээс хайр халамж хүртэх болсон байна. Бидний сайн мэдэх Жод лүйжингийн номонд 19 наснаасаа эхлэн сэтгэл татагдан суралцаж, тэр үеийн гарамгай хоёр багшаас авшиг хүртэн, нямыг бүтээн, өдөр бүр өдөр бүр дадуулсаар өдгөө дэлхий дахинд Түвдийн буддизмын Чод мастер хэмээх нэр хүндийг олсон байна. Энэ үеээс Монголын энэлсэн шаналсан шавь нарын хүсэл биелэж 1999 онд 9-р дүрийн Богд Жавзандамба хутагт тэрээр Монгол газраа морилон эртний лүндэнгийн дагуу эрдэнэ зуу хийдэд цагийн хүрдны номлолыг айлдан соёрхожээ. Энэ үеээс Монголын сүм хийдийн тэргүүнүүд түүнийг Монголын бурхан шашны тэргүүнд өргөмжилсөн байна. Гэрч Богдын сайн санааны айлчлал гэнэт тасалдан 67 настай Богдыг Монголоос яаравчлан гаргасан юм. Энэ цаг үеээс хойш Богдод Монголд ирэх виз олдохгүй өнөөдрийг хүрчээ. Эдүгээ 76 настай 9-р богд цаст Гималайн дундах Дармасала хотноо энх тунх оршин, тал нутгаас ирэх Монгол шавь нараа сэтгэлээс гарамгүй сайхан инээмсэглэлээрээ угтан мэндчилсээр сууж байна. Хэзээ нэгэн цагт Монголчууд бид хэн нэгнээс шүтэх эс шүтэх эсэхээ асууж лавлах шаардлагагүй тийм сайн цаг ирэх бизээ хэмээн Бурхан шашны үнэнч шавь нар нь итгэсээр суудаг ажээ.
Labels: Нийтлэл