Thursday, November 25, 2010

Эх орон гэж юу вэ?


Эх орон гэж юу вэ
Энэ үгийг хар багаас минь л багш нар надаас асуудаг… харин өсч том болсон хойноо өөрөө өөрөөсөө асуудаг байлаа. Яагаад ч юм бэ тэр минь, энэ минь юм аа… түүнийг л үүнийг л хэлдэг юм аа… гээд хэлчихэж боломгүй мэт
Уг нь хоерхон үг атлаа дэндүү олон зүйлийг нэгэн дор агуулж байдаг болоод ч тэр юм уу
Харин би одоо энэ үгэнд багшдаа ч биш өөртөө ч биш эх орон минь таньдаа хариулах гэж байна
Их л удаан хугацааны туршид хариулж чадаагүй цугларсан эх орон минь таны тухай бодлуудаа энэ л өдөр таны өдрөөр таны ард түмэн, хүн зонд хүргэх гэж байна. Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр ижийгээ би эхлээд бичиж байна. Харах ндүдээ аниастай бяцхан охиныг таны алган дээр авч ирж, хайр энхрийлэл өхөөрдөл, цагаан сүүгээрээ ундаалсан ижийн минь анх надад харуулсан орчлонд бяцхан нүдэнд минь түмэн өнгөөр солонгорч байсан тэр өдрийн нараар эх орон минь та надад эхэлсэн билээ.
Хөдөө хээрийн замд хааяахан дуулдаг дуу минь эх орон таны уул толгодын, ус мөрний, хөс шорооны,эх орон минь таны л тухай дуу байдаг.
Хөг орон эгшинлэх энэ л аялгуу бүхэн эх орон таны… таны халуун элгэнээс унасан ,таны өнгөт нарыг харж нүдээ нээсэн бяцхан үрсийн чинь сэтгэлээс ургасан байдаг.Эх орон та ижий эгшиглэх аялгуу билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр эгэл амьдралыг би бичиж байна.Наран саран, цэцэг навч жилийн дөрвөн улирал тэгээд миий өсч торнисон Өврийн сайхан хангай, түүн шиг түшигтэй азай буурлууд эх орон таны бэлэглэсэн эгэл амьдралын минь хуудсан дахь алтан дурсамжууд минь ямарчиг олон бэ...
Эх орон та эгэл амьдрал минь билээ ижий аавын минь намайг хайрлах хайр нь билээ.Эх орон та цээжинд минь багтаж нүдэнд минь харагдаж тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л цаасан дээр таны зөрөг зам харгуйн тань тухай бичиж байна.Эх орон таны зөрөг замаар алхаж хөлд орсон тэр л замаар амьдралын минь учрал бүхэн ирж амьдралын минь гэрэлт өдрүүд үргэлжилж тэр л зам дээр хайр дурлалын минь модод цэцэглэж үр жимс нь урган соёолсоор…
Эх орон гэж томоос томоор бичсэн энэл хуудсан дээр би алдрай жаахан үрс амьдралын тань үргэлжлэлийг бичмээр байна.Уйлж ирэхдээ л жаргал авч ирсэн, унаж тусахдаа л хайр энхрийлэл төрүүлсэн, алдрай бяцхан тэдний тухай амь амьдралын минь алтан утас хүүхдийн тухай бичиж байна.
Зоргоор хөврөх энэ л амьдралын минь гэгээн аялгуу… Өө бид тэдний төлөө эх орон таны бяцхан үрсийн төлөө өнөөдөр ч үргэлжид ч амь амьдрал минь урсана бус уу...
Хүн гэдэг орчлонд ирж үргэлжлэлээ үлдээж үүрдийн аялгуунд уусдагийн адил бидний үргэлжлэл хүүхдийн тухай тэгээд эх орон таны нөмөрт, таны наран дор өсөн буй хүүхдийн тухай… Ай тэдний тухай… Зөөлөн аялгуу, гаргаж болохгүй чимээ, өлгийтэй бяцхан хүүгийн тухай, эх орон таньдаа өгүүлж байна. Илгээх салхи тань зөөлөн байг, орох бороо тань намуун бай,г будрах цасан тань, улих шуурган тань тэднийг битгий дааруулаарай.
Эх орон та ирээдүйн үүд, ирж яваа үрсийн минь энх торних орчил билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би андын журмийн тухай… Ай тэгээд хувирашгүй нөхөрлөлийн тухай бичиж байна.
Энэ амьдралдаа олсон цаг хугацаа түүний мөнхий эргүүлэгт сүүдэртэй нартай олон хоногын орчилд надад үлдсэн найзууд минь, намайг гэж тэд минь дандаа л таны хүүхдүүд байж эх орон та надад энэ л амьдралын минь жаргал зовлонг адилхан үүрэх нөхдийн яазасан билээ.
Эх орон та андын журам үнэнч нөхөрлөл амьдралын уртад үлдэх монгол зан минь билээ.
Эх орон гэж томоос том бичсэн энэ л хуулсан дээр би таны төрлөх хэл таны элгэнд урган хагдрах үе үеийн хүмүүсийн хайр энэрэл, хамаг бүхнээ илэрхийлж байсан аялгуут сайхан монгол хэлээ бичмээр байна.Ээж аав мин,ь энхрий хайрт минь, эх орны алаг үр минь, амьдрал мөнхийн диваажин минь… Эх хэл минь ийм яруу эгшиг бүхэн нь зүрхэнд ирнэм
Энэ л хэлээр би орчлонг таньж энэ л хэлээр би хүн зоныг угтаж хүн зоныг үдэж энэ л хэлээр би гунигаа баяраа хайраа гомдолоо…
Асгарч байгаа хур шиг түүнээс ч хурданаар… аялаж байгаа дуу шиг түүнээс ч яруугаар илэрхийлж даанч нэг сурсан даа.Эх орон таны хэл эх сайхан монгол хэл минь ямарч дундрашгүй яагаад ч бусдын хэлээр орлуулашгүй билээ.Эх орон та эх хэл минь, энэ л амьдралын минь эгшиглэх дуу энэхэн дэлхийг харах цонх минь билээ.
Эх орон гэж томоос томоор бичсэн энэ л хуудсан дээр би эх орон таны халуун элгэн нутаг, хагацаж уйдамгүй газар шороо, уудам цэлгэр тал хөндий монгол хүн миний зүрхний бахархалыг бичмээр байна.
Амьдрал туршдаа бусдын өмнө гайхуулах нэгэн зүйл бол эх орон та таны төөлж баршгүй, туулж баршгүй газар шороо билээ.Эх орон та энгүй уудам, элэг зүрхэнд минь багтахгүй том бодлоороо ч туулашгүй агуу билээ
Энэ л газар шороо элгэн дээр нь хүн болсон заяа, эх орон таны ирэхэд минь өлгийдөж авсан дулаан хөндий, амь амьдралаас минь саламгүй, амьсгалах агаар минь эх орон минь та билээ. Шинэ зууныхны аясыг дагаад эх орноо бусдтай хуваая гэвэл би өгөхгүй.Шинэ амьдралын аясыг дагаад эх орноо соль гэвэл би очихгүй,Шинэ эрины эмэгтэй адилаар амьдрах ганцхан ханиа хариас сонго гэвэл би зөвшөөрөхгүй…
Эх орон минь та энэ л амьдралын минь цохилох зүрх, зүрхны минь лугшилт билээ.Эх орон таны зам жимээр эх орон таны хавар намараар,эх орон таны идэр эрсээр,эх орон таны бяцхан үрсээр эх орон таны энэ л монгол хэлээр эх орон таны хөрс шороо газар нутгаар энэ л амьдрал минь дутах билээ. Амь амьдралын минь аргамжаа үл үзэгдэх алтан утас үүрд наддаа өлгий минь байх үүрд таньдаа балчир үр нь байх хувь тавилан надад байдгийм.Худалаж сольж алгаа урвуулах шиг алга болгож болхгүй амьдрал минь амьсгадах агаар минь та билээ .Эх орон гэж юу вэ
Энэ асуултыг одоо надаас асуу.Эгшиглэх сайхан аялгуу ардын дуу уртын дууны аялгуунд эх сайхан Монгол хэлээрээ би хариулья.
Эх орон та хариулж дуусамгүй асуултын хариу билээ.Эх орон та хагацаж одомгүй хайран амьдралын минь амь билээ.Эх орон та хайртай аав минь билээ.Намрын борооноор гэзгийг минь илсэн үеийн хөвгүүн минь билээ.Эх орон та унаад босохдоо уйлахгүй нж өндийсөн зориг минь билэээЭх орон та энгэрт минь асах үрс минь билээ.Эх орон та өчигдөрхөн таарсан танил минь билээ.Эх орон та өр зүрхэнд минь урсах гал минь билээ.



Б. Сарантуяа.

4 Comments:

  1. Сарантуяа said...
    За би эх орноо ингэж боддог билээ л. Та юу гэж бодном бэ?
    tunga said...
    saihaan
    tunga said...
    saihan
    sainaa said...

Post a Comment