Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Нэгэн үе уналтанд орж байсан Монголын кино урлаг дахин сэргэж байнаа гэж энэ цаг үеийг дүгнэж болохоор. Олон олон шинэ кинонууд ар араасаа төрөн гарч уран бүтээлчид болон кино театрууд завгүй ажиллаж байна. Манайхны хошууран үздэг байсан телевизийн олон ангит солонгос кинонууд Монголын уран бүтээлчдийн хийсэн, хийх олон ангит кинонуудад байраа тавьж өгөх цаг нэгэнт болжээ. Саяхан бид МҮОНТ-ын дэлгэцээр “ Хэцүү анги” 60 ангит киног нүд салгалгүй үзэж дуусгасан бол удахгүй SBN телевизийн дэлгэцнээс “Сонголт” нэртэй 30 ангид киног үзэх нь ээ. Залуусны амьдрал хайр дурлал, өш хонзон, алхам тутамд өмнө ирэх амьдралын олон янзын сонголтууд дундах ээдрээт амьдралын тухай өгүүлсэн энэ кино 4 сард дэлгэцээр гарч эхлэх бөгөөд киноны найруулагчаар тус телевизийн ерөнхий найруулагч Д. Гансүх ажиллаж байгаа бол гол дүрүүдэд “Хэцүү анги” олон ангит киноны дууг дуулсан дуучин Одноо, жүжигчин Бямбацогт , “Зөрлөг” киногоор олны танил болсон жүжигчин Батзаяа нарын уран бүтээлчид ажиллаж байгаа юм байна. Киноны зураг авалт ид дундаа явж байгаа. Хамгийн сонирхолтой нь телевизийн цуврал энэ киноны 70 хувь нь бэлнээр буюу урьдчлан зураг авалт хийж эвлүүлэг дуу оруулалттай бэлэн болсон кино хэлбэрээр, үлдсэн 30 хувь нь шууд студээс дэлгэцэнд гарах юм байна. Дэлхийд бол чадварлаг уран бүтээлчдийн ур чадвар чанар чансааг харуулах болсоор удаж байгаа харин манайд бол анх удаа хийгдэж байгаа цуврал киноны энэ хэлбэрийг сонгосноо уран бүтээлчид тайлбарлахдаа “-Кино гарч байх тухай цаг үеийн нийгмийн амьдрал, үзэгчдийн санал асуулга дээр тулгуурлан зохиолын зарим хэсгийг шинэчлэн шууд хэлбэрээр хийж юм” гэж тайлбарлаж байна. Ямартаа ч монголын үзэгчид тун удахгүй монголд урд өмнө хийгдэж байгаагүй сонирхолтой хэлбэрээр хийгдэх цаг үеийнхээ тусгал болсон үйл явдлаар өрнөх “Сонголт” олон ангит киног үзэх боломжой болох нь ээ. Амьдралын өмнө үргэлж асуултын тэмдэгээр ирж байдаг олон сонголтонд залуус хэрхэн хандаж амьдралыг зохиож байгаа талаар сонирхолтойгоор харуулах “Сонголт” кино бидний ч бас сонголт болох нь ээ.
Labels: Мэдээ