Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Одоогоос 20 оод жилийн өмнө Ичинхорлоо минь надад зориулан ийм шүлэг бичиж байсан юм. Харин өнөөдөр уншихнээ би өөрөө ч тэр, Ичин ч тэр ерөөсөө өөрчлөгдөөгүй яг хэвээрээ л юм шиг санагдах юм. Хэзээний л ийм хүүхдүүд байсан, хүүхнүүд болж, одоо ээжүүд эхнэрүүд болж дээ. Тун удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа Ичин чамдаа төрсөн өдрийн мэнд хүргээд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Чиний байхгүй Монгол оронд уйдаж үхлээ.
Сараад зориулав. \1995 оны хавар УБИС-н хонхны баяр дээр уншиж өгсөн билээ надад\
Эндэхийн цэцэрлэгт гургалдайн дуу цөөрсөн
Эргэж ирэхгүй хүүхэд зан минь холдсон
Хуучнаас үлдсэн юм юу вэ гэж
Хуруу даран бодлогшрох болсон
Ад үзэж тайруулаагүй шигүүн хар гэзэг
Алмай жаахан Сараа хоёр л үлдэж дээ
Цээжин дахь хайр хуучин гутал шиг халагдсан байтал
Цэцэрхэгч Сараагийн гэнэн муйхар нь яг л хэвээрээ
Арвайн гудамжинд бороон дор уншсан шүлэг мартагдсан
Атгасан гарын дулаан илчийг ч бас мартсан
Чиггүй орчлон хуурч гомдоож цөхрүүлэвч
Чиний инээд өнөөх л гуниггүй янзаараа
Дэвэрч хөөрч чамд дандаа загнуулдаг
Дэргэд чинь давитаргүйтээд чамаас жаахан айдаг
Он жил биднийг нэгэнт салгахгүй хойно
Одоо үхлийг хамтдаа хүлээхээс өөр аргагүй болж дээ
Арвантавтын гунигаа нуваалцаж суусан анд минь
Хөндүүр нимгэн зүрхэнд нулимс бүү цалгиа
Хүний газар яваа андыгаа битгий уйлуул
Сансрын салхины үзүүрээс сураг дуулсан анд чинь
Сарын сайныг хүлээлгүй дэгэж нисчих гээд байна
Орчлонгоор дүүрэн саналаа гэж зарлачихаад
Очсоны дараа чи үглээл эхлэнэ шүү дээ...
Зүгээр л хүрээд ир
Үүнээс хойш харин чи намайг загна
Зүгээр л хүрээд ир
Сарын сайныг хүлээгээрэй
Дэргэж нисэхэд хүйтэн байна
Саналаа гэж ахиж бичихгүй ээ
Дэврүүн занг чинь мартсан байна
Арвайн салхинд дахиад нэг алхмаар байна
Алмайрч манарч явахдаа олон зүйлийг мартсан байна